| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
2023 01 24 2023/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшинээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00648 1949 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , урьд:
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 161 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,
2. Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 6 сар 12 хоногоор тогтоосон.
2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 5 жил 7 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дүгээр зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай захирамжаар 2 жил 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаартай захирамжаар 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
5. Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нийт 13 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 388 дугаартай захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж эдлэх ялыг 1 жил 21 хоногийн хугацаагаар тогтоосон, 2018 оны 4 дүгээр сарын 26-нд ялын хугацаа дуусаж суллагдсан,
6. Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 7 дугаар сарын 02-нд ялын хугацаа дуусаж суллагдсан,
7. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоо хорих ялаа эдэлж байгаа,
/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны “Нинж наваг” гэх эмийн санд үйлчлүүлж байсан Л.Оийн “Самсунг А-7” загварын гар утсыг хүч хэрлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 440.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1485 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Т.С:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.С нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны “Нинж наваг” гэх эмийн санд үйлчлүүлж байсан хохирогч Л.Оийн “Самсунг А-7” загварын гар утсыг хүч хэрлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 440.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Л.Оийн “..Би 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны “Нинж наваг” гэх эмийн санд үйлчлүүлж байгаад өөрийн халааснаас “Самсунг А-7” загварын гар утсаа алдсан. Тэгээд тухайн газрын камерын бичлэгийг үзэхэд миний гар утсыг үл таних залуу авсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх 33/,
- гэрч Т.Сын “..Тухайн бичлэгт гарч буй улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн нь миний төрсөн дүү болох Түвшинжаргалын С мөн байна. Би хараад шууд таньж байна. Би Т.Стай эцэг, эх нэгтэй төрсөн ах дүү хүмүүс байгаа юм. Би хамгийн том ах нь..” гэсэн мэдүүлэг /хх41/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлд “2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 16 минут 57 секундээс 13 цаг 17 минут 10 секунд хүртэлх хугацаанд үзэхэд тухайн цагаан өнгийн текний хажууд зогсож байсан хар өнгийн гадуур хувцастай эмэгтэйн зүүн талын халааснаас хар өмдтэй 25-30 орчим насны эрэгтэй хүн эд зүйл аваад 13 цаг 17 минут 10 секундэд гараад явж байна” гэжээ. /хх27/, мөн шүүгдэгч Т.Сын яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2021 онд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмийн сангаар үйлчлүүлж байсан хүний гар утсыг авснаа санаж байна. Гэхдээ ямар загварын гар утас болон ямар хүнээс авсан талаар санахгүй байна. Надад хяналтын камерын бичлэгийг харуулсан бөгөөд тухайн хүний халааснаас гар утсыг авч байгаа хүн би мөн байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн /хх57/ мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна гэснээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
3. “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ц/263 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг А-7” загварын гар утсыг 440.000 төгрөгөөр үнийн дүнг тогтоосон /хх43-44/ байх ба оролцогч нараас үнэлгээтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй тул хохирлын үнийн дүнг тус үнэлгээгээр тогтоох нь зөв байна.
4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 440.000 төгрөгийн хохирол учирсан байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Шүүгдэгч нь хохирогч Л.От учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн болно. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Саас 440.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.От олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгүүлэх санал, дүгнэлт гаргасан.
8. Шүүгдэгч Т.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлж, ажил хийж хохирлоо төлөх боломж олгон, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлүүлсэн хүсэлт гаргасан.
9. Шүүгдэгч нь урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж байсан ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгч Т.С нь хулгайн хэргээр ял эдэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял сонгон оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.
12. Шүүгдэгч Т.С нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 15 хоногийн хорих ял байгаа болох нь ялын тооцоогоор /хх68/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Т.Ст оногдуулсан 8 сарын хорих ял дээр, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жил, 2 сар, 15 хоногоор тогтоов.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас ял эдэлсэн хугацаа, түүний хохирлоо ажил хийж төлөх хүсэлтийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
14. Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх боловч шүүгдэгч нь Т.С нь 2006, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас чөлөөлөгдөж байсан байжээ. Тиймээс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өршөөлд хамаарахгүй болохыг дурдав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
16. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 297 дугаар захирамжаар шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 435 дугаар хаалттай хорих ангиас ирүүлсэн ялын тооцоог 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр гаргасан тул цагдан хоригдсон хугацааг мөн өдрөөр тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын 2022.12.16-2023.01.24 хүртэл шүүхийн шатанд цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг хугацааг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Саас 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.От олгуулсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР