| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
2023 01 25 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0014 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн *** тоот гэртээ “хүүхдүүдээ айл руу битгий ороорой гэж хэллээ” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр эхнэр М.Нтай маргалдан, улмаар түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 52 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.А.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.А нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн *** тоот гэртээ “хүүхдүүдээ айл руу битгий ороорой гэж хэллээ” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр эхнэр М.Ныг зодож, түүний эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт, баруун тохойд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.Нын “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А ээж минь хүүхдүүдийг маань үнэгүй харж өгч байхад баярлалаа гэсэнгүй гэж хэрүүл хийгээд над руу хүүхдийн тоглоом авч шидсэн ба тухайн тоглоом нь миний толгойг оносон. Тэгээд босож ирээд миний хоолойг багалзуурдаж буйдан руу түлхээд баруун гуя руу маань өшиглөөд гэдэс, толгой руу маань бас гараараа цохиод байсан... Тэгээд цохиж байгаад миний үс, хувцасны захаас чирч гаргаад унагаагаад гар хөлөөрөө намайг цохиод амбаар луу багалзуурдаж түлхээд чамайг одоо ажилд чинь явуулахгүй, гэртээ ор гээд чирч оруулаад намайг хэл амаар доромжилж байгаад охиноо ээжийнхээ гэр лүү оруулах гээд гарах хооронд нь би зугтчихсан. А бид хоёр 2015 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. А түргэн ууртай ба уурлахаараа хүүхдүүдээ болон намайг цохиод гартаа таарсан эд зүйлээ шидээд байдаг, хэзээ яаж цохисныг тодорхой санахгүй байна, цагдаад хандаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх8-9/,
- гэрч Б.Аын “...Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо **** тоотод гэртээ байсан. Тэгсэн гадаа хүмүүс орилоод муудалцаад байсан. Тэгээд би гараад харахад ээжийн гэрийн төмөр амбаарт А, Н хоёр хэрэлдээд байж байсан. Ээж М бас хамт зогсож байсан. Бэр Н ээж рүү уурлаад орилоод манай хүүхдийг зайл гэж хэллээ гээд муудалцаад байж байсан. А Ныг гараас нь татаад гэр лүүгээ оръё гээд орсон...” гэсэн мэдүүлэг /хх65/,
- гэрч Ш.Мийн “...Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо *** тоот гэртээ өөрийн хүү Аын хүүхдүүд болох ***, *** хоёрыг хараад байж байсан. Тэгсэн **** шалдан гарч гүйх гээд байсан. Би гаргахгүй гээд хаалгаа түгжээд загнаад хувцсаа өмсөөд гарч зайл гээд хэлчихсэн. Гаднаас бэр охин Н хаалга нүдээд ****очиж хаалга онгойлгоод Н хоёр хүүхдээ аваад уурлаад гараад явсан. Орой А ажлаасаа ирчихсэн байсан ба гадаа үүдний төмөр амбаар тачигнаад дугараад байсан. Тэгээд би юу болов гээд гэрээсээ гарсан. Тэгсэн Н, А хоёр үүдний төмөр амбаарын хажууд зогсож байсан. А Нд хандаж одоо ээжийн нүүрэн дээр хэлээч гэсэн. Тэгсэн Н надад хандаж орилоод чи манай хүүхдүүдийг зайл гэж хэлээ биз дээ гээд байсан. Тэгэхээр нь би Нд хүн болгон л зайл гэж хэлдэг гэж хэлсэн. А гараас нь татаад гэр рүүгээ оръё гээд явсан... Н намайг хүүхэд зайл гэж хэлснээс болж маргалдсан юм шиг байна лээ, яг юунаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй байна... Хоорондоо муудалцаад эвлэрээд байж л байдаг. Би сайн мэдэхгүй, цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх67/,
шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...ажилдаа явах гээд хувцсаа өмсөж байтал манай эхнэр Н том хүү ***дүүгээ хараарай, айл руу орохгүй шүү гэхээр нь би уурлаад юун айл яриад байгаа юм, яаж хүүхдүүд гэртээ хоёулаа байх юм. Хойшоо ээж Мийнд оруул гэж хэлсэн чинь эхнэр Н танайхан угаасаа ийм шүү дээ, танай ээж миний охиныг зайл гэсэн, чи ягаасаа явдалтай биз дээ, ***, аавыгаа хар, чиний аав ийм гэхээр нь би хэлсэн үгэнд нь уур хүрээд баруун гар луу нь хоёр удаа цохисон. Тэгсэн эхнэр Н гараад явсан. Араас нь дагаж гараад оръё гэсэн хашаан дотор орилоод байсан. Тэгэхээр нь би дахин зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгээд эхнэр Нын цамцных нь захнаас бариад оръё гээд татаад оруулсан... Би Нын нүүрэн хэсэгт алгадаж, гар луу нь 2 удаа цохиж гэмтэл учруулсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх78/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 16202 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “М.Нын биед хамрын таславчийн мурийлт, баруун тохойд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх13-14/, дүгнэлттэй холбоотой шинжээч Ш.Цэцэгмааг мэдүүлэхдээ “...Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эмчийн үзлэгт онош Тархи доргилт гэсэн байсан ба дээрх онош нь үзлэг хийх үед батлагдаагүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хоногт сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс хамрын таславчийн мурийлт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх63/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн /хх85/, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйгүй гэжээ.
6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
9. Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.А нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР