Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2019/00099

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ж.Б,

Хариуцагч: Д.Э-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б миний бие Д.Э 2014 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2015 оны 06 дугаар сарын 10-нд хүү Э.Ч төрсөн. Сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж гар хүрч эхэлсэн. 2018 оны 07 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч эхэлсэн. Хоорондоо таарч тохирохгүй, байнгын хэрүүл маргаан тасрахгүй байдаг болсон тул цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд би амьдралаа авч үлдэх гэж их хичээсэн. Энэ хүн өөрийнхөө ухамсараар архи уухаа болиогүй. Эмчилгээнд ороод уухаа больсон. Бүх зүйлийг эцэст нь хүргэж, ийм байдалд хүрсэн учраас эргээд нийлэх ямар ч итгэл, хайр, боломж байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Ч өөрийн асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э нь 2014 онд Ж.Б гэр бүл болсон. 2015 онд Э.Ч нэртэй хүүгээ төрүүлсэн. Бүх зүйл надаас болж бид хоёр салах болсон.Гэхдээ хүн өөрчлөгдөж болно. Тийм болохоор надад дахиад нэг боломж олгооч гэж хүсэж байна. Би архины эмчилгээ хийлгээд, архи уугаагүй 3 сар болж байна. Одоо би ажилтай болсон учраас үр хүүхдээ өнчрүүлэлгүйгээр цаашдаа хамтдаа амьдрахыг хүсэж байна. Учир нь би гэр бүл болохоосоо өмнө ч уудаг байсан. Хүүхэдтэй болоогүй байхдаа салъя гэж шийдсэн боловч Ж.Б өөрөө миний араас Шивээговь рүү ирж байсан. Иймд үр хүүхдээ бодоод заавал салах шаардлагагүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би дахиж алдаа гаргахгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Э холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

    Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Д.Э нар нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Ч төрсөн болох нь түүний эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Э.Ч №4201000147 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Д.Э, Ж.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан  гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан зэрэг нөхцөл байдал тэдний гэр бүлийн харилцаанд үүссэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас 134/ШЗ2019/00257 дугаар шүүгчийн захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

 

Гэвч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа явагдсан боловч 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргасан, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтыг 2 дахь удаагаа явуулах гэсэн боловч хариуцагч Д.Э нь товлосон хугацаандаа ирээгүйгээс хуулийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Д.Э нь гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж, цаашид эвлэрч хамт амьдрахыг хүссэн боловч нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, одоо хамтдаа амьдрах итгэл, хайр байхгүй болсон, бүх юм эцэстээ хүрсэн учраас эргээд нийлэх ямар ч боломжгүй хэмээн тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэсэн үндэслэлээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

          Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэрлэлт гэдэг нь хуулиар тогтоосон насанд хүрсэн, эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлдэг.

Үүнээс үзэхэд гэрлэлт гэдэг нь хоёр талын хүсэл сонирхол бөгөөд хэргийн оролцогч талуудын хувьд шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авсан боловч талууд эвлэрч хамт амьдрах талаар хэн аль нь идэвхи санаачлага гаргаагүй шүүгчийн захирамжинд заасан хугацаа дууссан учраас шүүх хэн нэг нь хүсээгүй байхад хүчээр хамтад нь амьдруулах боломжгүй юм.    

Түүнчлэн шүүх гэрлэлт цуцлах үед насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч Ж.Баярмаа нь хүү Э.Ч өөрийнхөө асрамжинд авахаар шаардлага гаргасныг хариуцагч маргаагүй тул хангаж шийдвэрлэлээ.

Учир нь бага насны хүүхдийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүддээ ээнэгшин дассан байдал, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан, одоо хамт амьдарч байгаа орчныг нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулахгүйгээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2019 онд тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 187 100 төгрөг/ эцэг Д.Э-р хүү Э.Ч- сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ. 

 

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 348 төгрөгнөөс илүү төлсөн 1 656 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, үлдсэнийг нь хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 101 692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Д.Э, Ж.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Ч эх Ж.Б-н асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Ч-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Э-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 348 төгрөгний 1 656 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, үлдсэнийг нь хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с улсын тэмдэгтийн хураамжинд 101 692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.НАРАНЧИМЭГ