| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
2023 01 30 2023/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03784 0039 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэд рок” караокед үйлчлүүлж, тооцооны асуудлаас марган ажилтан З.Гт “картаас мөнгө уншуулбал ална шүү” гээд улмаар нүүр рүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана хугарал, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Э.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэд рок” караокед үйлчлүүлж, тооцооны асуудлаас марган, улмаар караокены ажилтан З.Гт “картаас мөнгө уншуулбал ална шүү” гээд улмаар нүүр рүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана хугарал, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч З.Гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ред рок” караокед бармены ажил эрхэлдэг. Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө ажил дээрээ байж байтал орой 17 цаг өнгөрч байхад манай караокед 35-40 орчим насны тарган өндөр, нам хоёр хүн орж ирээд манай нийтийн караокены зааланд сууж үйлчлүүлж 100 граммаар тус бүр 3 удаа архи захиалж уусан. Тухайн үед манай караокед орж ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ингээд манай караокегоор 22 цаг хүртэл үйлчлүүлж байгаад манайх хаах цаг дөхөөд би ширээн дээр нь очоод тооцоогоо хийгээрэй, 41.000 төгрөг болсон байна гэж хэлэхэд тухайн хоёр залуу нэг нэгнийгээ “чи өг” гээд маргалдсан. Тэгтэл намхан махлаг залуу нь “мөнгөгүй" гээд байсан. Тэгтэл намхан залуу нь өндөр залуугийнхаа халааснаас картыг нь аваад тооцоо хийх гээд картыг нь ширээн дээр тавьсан. Би картыг нь уншуулах юм байх гэж бодоод картыг нь авах гэтэл “картаас мөнгө уншуулбал ална шүү” гэж хэлээд тухайн үед тонгойход миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед би хойшоогоо савж тухайн хүнээс холдсон бөгөөд тэр хүн буйдангаас босож ирээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөөд толгойны шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд нөгөө залуу нь бид хоёрын голоор орж ирээд салгасан. ...би цагдаа дуудсан. Одоогоор миний эмчилгээний зардалд томогарфийн зураг авхуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, 4500 төгрөгөөр эм авч, 30.000 төгрөгөөр нүдний эмнэлэгт үзүүлсэн. Болор мэлмий эмнэлэгт 35.000 төгрөгөөр үзлэгт хамрагдсан. Ингээд одоогийн байдлаар 197.000 төгрөг зарцуулсан байна. Миний бие цаашид нүдний ухархайн хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд 3.000.000-4.000.000 төгрөг болох талаар эмнэлгээс хэлсэн. Хагалгааны зардлыг нарийн тогтоох боломжгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 29-31, 34-35/,
- 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх14-18/, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх22-24/, шүүгдэгч Д.Эийн “...Тухайн эмэгтэй миний картыг уншуулах гээд ширээн дээр ирэхэд нь би зөвшөөрөлгүй карт уншуулахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд карт ширээн дээрээс авах гээд тонгойход нь би нүүр лүү нь өшиглөхөд миний толгой руу гараараа цохиж, үснээс татахаар нь би босож ирээд тухайн эмэгтэйн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх66/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 15995 дугаар шинжилгээний дүгнэлтэд “З.Гийн биед зүүн ухархайн дотор хана хугарал, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх51-52/, Уг дүгнэлттэй холбоотой шинжээч Б.Ариунзул мэдүүлэхдээ “...дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд зүүн ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гараараа цохих, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой” гэжээ. /хх54-55/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хөл, гараараа цохиж, зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч баримтаар 197.500 төгрөг /хх86-87/ нэхэмжилснээс 500.000 төгрөгийн хохирол төлсөн /хх135/, цаашид хохирол төлөхөөр харилцан тохиролцсон /хх133-134/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
7. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
10. Шүүгдэгч Д.Э нь хохирол төлсөн /хх135/, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
12. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Э нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР