| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/181 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/181
2023 02 09 2023/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0012 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1953 оны 02 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их бууны артлерийн инженер мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ш нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, *** тоот гэртээ эхнэр Б.Чтай шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар гар, хөлөөрөө цохиж, зодон биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Ш.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Ш нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** тоот гэртээ эхнэр Б.Чтай шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар гар, хөлөөрөө цохиж, зодон биед нь “зүүн зулайд шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, хоёр бугалга, баруун мөр, цээж, хоёр сарвуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Чын “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо *** тоотод нөхөр Шгийн хамтаар амьдардаг. Бид хоёр гэр бүл болоод 32 жил болж байгаа. ..Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирэхэд...гаднаас нөхөр орж ирсэн бөгөөд орж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгтэл хоол цайгаа хийх гээд байж байтал...мөлжсөн ясаа миний араас шидээд нуруу хэсэгт оносон бөгөөд би яаж байгаа юм гэхэд нөхөр би хогийн сав гэж бодлоо гэж хэлээд аягтай хоолоо шалан дээр асгаад байхаар би асгасан хоолыг арчихад “чи ингэж л юм хийх ёстой, заавал чи хийх ёстой” гэж хэлээд надтай маргалдсан бөгөөд удалгүй над руу архины шил шидэхэд нуруу хэсэгт оносон. Тэгтэл босож ирээд нүүр лүү гараараа хоёр удаа цохихоор нь би “ёо ёо авраарай” гэж хашхирахад дахиад намайг толгой, бие хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд чи хүн аллаа гэж хэлэхэд чамайг ална гэж хэлээд гал тогооны өрөөний ширээ рүү шахахад би шалан дээр унахад гэдэс, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би хавирга хугарчихлаа гэж хэлэхэд чи битгий жүжиглээд бай гэж хэлээд дахиад хэд хэдэн удаа хавирга руу өшиглөсөн. Тэгээд би гал тогооны ширээний доор ороход төмөр алх, заазуур хоёр авч ирээд чамайг алчихъя гэж хэлээд орилоод байсан. Тэгээд өрөөнд орж ирээд миний нүүр толгой хэсэг рүү өшиглөхөд миний хамар болон толгойноос цус маш их гарсан. Би тухайн үед ойр байсан алчуураар толгойгоо боогоод гэрээсээ гараад, хажуу айлаар түргэн дуудуулсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...манай нөхөр дандаа архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл хийдэг...одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Хааяа хавирга, толгой, өвчүү хэсэгт өвдөж байгаа. Нийт надад 221.274 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Ш миний данс руу 100.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх13-15, 18-19/,
- гэрч Н.Зийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, *** тоотод амьдардаг. Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал орой 21 цаг өнгөрч байх үед манай хаалгыг тогшихоор нь хаалгаа онгойлгоход манай хөрш эмээ ноосон ороолтоор толгойгоо дарчихсан толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд гэртээ оруулаад юу болсон талаар асуухад өвгөн зодсон гэж хэлсэн. Ингээд би 103 дуудаж үзүүлэхэд тухайн эмээгийн толгой хэсэгт нь оёдол тавьсан. Би тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч тухайн эмээ цагдаа дуудаад хэрэггүй гээд дуудуулахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх26/,
- 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн түргэн тусламжийн хуудас /хх89/, шүүгдэгч Д.Шгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ орсон. Тухайн үед манай эхнэр Ч ганцаараа гэртээ байсан. Ингээд бид хоёр мөнгөний асуудлаас болж маргалдаад, би эхнэрийнхээ нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би эхнэрийг нөгөө өрөөнд орохоор нь араас нь очиж маргалдаад би нэг удаа түлхэхэд эхнэр газарт юм мөргөөд унасан. Тэгтэл эхнэр цус гарч байна гэхэд сандраад хартал эхнэрийн хэвтэж байсан шал хэсэгт цус болсон байсан бөгөөд эхнэр гэрээс гараад явсны дараа би цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлэхэд орсон. Би эхнэртэйгээ мөнгөний асуудлаас болж маргалдаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохиод түлхэж унгаасан...Би эхнэртээ өөрийнхөө хүүгээр 100.000 төгрөгийг өгүүлсэн. Би эхнэрээсээ уучлалт гуйн эвлэрсэн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх46/ зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 16219 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Чын биед зүүн зулайд шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, хоёр бугалга, баруун мөр, цээж, хоёр сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх34/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа болон хөлөөрөө цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...асрамж, хамгаалалтад байгаа этгээд...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.
6. Шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлийн эхнэр, нөхрийн харилцаатай нь хэрэгт авагдсан баримтууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар /хх61/ тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, өөрийн эрхшээлд байлгах гэсэн нэг талын давамгайлсан харилцаа гэж үзэхээр байна. Тиймээс шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч баримтаар нийт 91.474 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс 100.000 төгрөгийг хохиролд авсан талаар мэдүүлсэн /хх19/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Харин хохирогч Б.Ч нь баримтгүйгээр нэхэмжилсэн 121.274 төгрөгийг хэлэлцэхгүй орхин, эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой бусад зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.
10. Шүүгдэгч Д.Шгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ хохирогчийн биед халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага /хх86-87/, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.
12. Шүүгдэгч нь 69 настай тул түүнд нийтэд тустай ажил нийлгэх ялыг оногдуулах боломжгүй, мөн түүний тэтгэврийн /хх63-70/ хэмжээ, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн, гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, шүүгдэгч Д.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР