Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1037

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор И.Ариунсанаа,

          хохирогч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Баярням,

          хохирогч Рич Альфа Майнинг ХХК-ийн захирал Э.Дөлгөөн,

          нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/1232 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Батбаяр, Э.Дөлгөөн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Л.Уд холбогдох .........................дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.У, 1972 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................... ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

 

Л. Л.У нь дуучин Л.Байзадагийн урлагийн тоглолтыг ивээн тэтгэж, 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зарлаж, “Уран зүлгүүр” нэртэй барилгын хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэж итгүүлэн Жуковт барилга барих тендэрт ялаад газар шорооныхоо ажлыг эхэлж байгаа гэж ойлгуулан урьдчилгаа аваад жилийн дараа барьж буй барилгаасаа орон сууц өгнө гэж амлан иргэн Б.Батбаяраас 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч “мөнгөө буцааж авъя” гэхэд нь “Сувдан сондор хотхоны борлуулалтын албаны ажилтантай хамаатан садан тул тэднийхээс чамд бэлэн байр авч өгье” гэж дагуулан очиж байрны сонголт хийлгэхээр үзүүлж, уг хотхоны 71а байрны 79 тоотод “түр амьдарч бай, байрны тооцоог эгч нь хийчихсэн, 10 давхрыг ашиглалтанд орохоор чиний нэр дээр 2 өрөө байрны ордер, гэрээг гаргуулж өгнө” гэж хэлж оруулаад 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг залилж авсан,

Мөн “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Сувдан сондор хотхонд байршилтай 71а байрны 35,91 м2 үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959 570 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчлэн тус компаний Сувдан сондор хотхонд байршилтай 71а байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд “дүү нараа түр суулгана” гэж хуурч, түрээсийн гэрээгүйгээр Б.Батбаярыг оруулж, Рич Альфа ХХК-д 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 17.678.210 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Лхагвын Л.Уыг бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Уаас 17.678.210 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 520-66 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Батбаяр /РД:ЛЮ89121277/-т 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг, хохирогч “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батууд овогт Эрдэмбилэгтийн Дөлгөөн /РД:УК88092422/-д 5.678.210 /таван сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун арав/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Уд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Л.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Уд оногдуулсан 400/дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Л.У нь мөрдөн байцаалтын явцад удаа, дараа оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд энэ хэргээс болж Амиа хорлоно гэж над руу байнга ярьж мессеж илгээдэг байсан. Миний бие шүүгдэгчийн энэхүү үйлдэлд цагдан хорих хангалттай үндэслэлтэй гэж үзэн цагдан хорих арга хэмжээ авах хүсэлт гаргаж байсан ч арга хэмжээ аваагүй талаар хавтаст хэрэгт тусгаагүй байна.

Шүүгдэгч Л.У нь 2018 оны 06 сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд хохирлыг барагдуулаагүй, анхан шатны шүүхэд худлаа ярьж, жүжиглэж байхад шүүх ял хөнгөрүүлж шийдвэрлэснийг эсэргүүцэж байна.

Л.У нь маш их зальтай эрхэлсэн тодорхой ажилгүй, иргэдийг залилж мөнгө олдог, олон иргэдийг залилж амьдралын эх үүсвэрээ болгосон талаар байцаагч болон прокурор, шүүхэд мэдүүлсэн боловч хэргийг нягталж шалгаагүй, шүүгдэгч Л.Уыг нийгмээс тусгаарлаж хорих ял оноох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хүнд залилуулснаар өнөөдөр би унах унаа, орох оронгүй болж хохирч байгааг анхааран үзэж шүүгдэгчид хорих ял оноож өгнө үү... гэв.

 

Хохирогч Э.Дөлгөөн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие “Рич альфа майнинг” ХХК төлөөлж Л. Л.Уд холбогдох эрүүгийн хэргийн хэрэгт хохирогчоор оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Л.У нь санаатайгаар “Рич Альфа майнинг” ХХК-ийн өмчийг бидний нэрийн өмнөөс худалдан борлуулж, урьдчилгаа төлбөрийг залилан гуравдагч этгээдээс авсан. Бидэнд үнэмшилтэй харагдуулахын тулд худал хэлж, бидний түрээсэлдэг оффисын талбайг түрээсэлнэ гэж шаардлагагүй засвар хийлгэн зардал учруулсан. Түрээсийн төлбөр болон гарсан зардлыг удаа, дараа нэхэмжлэхэд Танай түрээсийн байранд дүүгээ байрлуулчихаад эгч нь хаашаа ч явахгүй, одоохон хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдлээ хэмээн худал ярьсан. Л.У нь залилангийн хэргийг удаа дараа үйлдсэн гэх бөгөөд ямар ч үед, худал ярьж, жүжиглэх авьяастай. Гэрээслэл хэлж амиа хорлож байгаагаар жүжиглэж дарамт учруулж байсан. Нийгэмд аюултай, дахин олон хүн хохироох чадвартай этгээд юм.

2. Миний бие 2018 оны дугаар сард цагдаагийн байгууллагад анх өргөдөл өгсөн. Түүнээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрөхөд Л.У нь хохирлыг барагдуулах ямар ч арга хэмжээ аваагүй, байнга утасны дугаараа сольж, сураггүй алга болсон. Мөрдөн байцаалтын явцад 2 удаа оргон зайлсан эсвэл худал эрүүл мэндийн шалтаг хэлж шүүхийн үйл ажиллагааг санаатайгаар саатуулсан. Тиймээс дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийгээд засарна гэдэгт итгэлгүй байгаа тул давж заалдах гомдлыг минь хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү... гэв.

 

Хохирогч Б.Батбаярын өмгөөлөгч Б.Баярням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хор уршгийн шинж чанарыг, харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна гэж заасан. Хавтас хэргийн 59 ,61, 64 дүгээр талд авагдсан баримтаар шүүгдэгч нь оргон зайлсан, эрэн сурвалжлагдсан байсан хувийн байдлын хувьд ямар хүн бэ гэдэг нь нотлогддог. Мөрдөн байцаалтын шатанд нийт 3 удаа оргож, зугтаасан бөгөөд жил гаруй хугацаанд хохиролд нэг ч төгрөг төлөөгүй байхад шүүх хувийн байдлыг харгалзан, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна... гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 1232 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.Уыг бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохироогүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх... эрүүгийн хариуцлагын зорилго, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...” шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх... эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл зэрэгт тус тус нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Л.У нь бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Батбаяраас 12.000.000 төгрөг, Альфа Рич ХХК-аас 5.678.210 төгрөгийг тус тус залилж, нийт 17.678.210 төгрөгийн хохирлыг учруулсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч нарт учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй, хор уршиг арилаагүй байхад анхан шатны шүүх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан ...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал... гэж заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хохирогч Б.Батбаяр, Э.Дөлгөөн нарын гаргасан “...Л.Уд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэм буруу, хувийн байдалд нь тохироогүй, хохирлоо төлж барагдуулаагүй, хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэж өгнө үү..” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Уд холбогдох хэргийн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/1232 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Уд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлтэл Л.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ