| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0318/З |
| Дугаар | 221/МА2024/0796 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0796
“ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/349 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0803 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0318/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ГМ” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/349 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0803 дугаар шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ГМ” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, мөн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/349 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч “ГМ” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/255 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Ж-н ам нэртэй газарт 0.53 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/349 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар олгосон. Уг тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тус тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчид олгосон 0.53 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээг тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан байдаг. Үүний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн албан ёсны цахим хуудаст сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан боловч тогтоосон хугацаанд нэхэмжлэгч хариу тайлбар болон холбогдох баримтаа ирүүлээгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/349 дугаар “Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.
3.2. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “ГМ” ХХК нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлийг хангасан. Мөн Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг гаргахын өмнө сонсох ажиллагааг яар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, сонсох ажиллагаанд оролцогч нь бүрэн дүүрэн тайлбараа гаргах боломж олдоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс тооны этгээдийг сонсохоор бол ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг хүргүүлэх гэж заасны хорин нэгээс дээш тооны этгээд бүрдээгүй байхад хуулийн уг заалтын дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь манай байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан байхад дутуу хэрэгжүүлсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0803 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү”гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч холбогдох хуулийг тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
`2. Нэхэмжлэгч “ГМ” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/349 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Уг газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө зохих журмын дагуу материал бүрдүүлэн хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/545 дугаар тушаалаар тус газрыг 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашиглахаар хугацааг сунгуулж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0105 дугаар газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан, ... А/349 дүгээр тушаалаар хугацаа сунгуулах хүсэлтээ цаг хугацаандаа ирүүлээгүй гэх үндэслэлээр хууль бус тушаал гарган газар ашиглах эрхийг цуцалсан, ... сонсох ажиллагааг явуулалгүйгээр бидний газар ашиглах эрхэд ноцтой халдсан илт хууль бус акт гаргасан ...” гэж тайлбарлан маргажээ.
2.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 40.1.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заасан.
Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нь газар эзэмших гэрээний хугацаа дуусахад хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болгохоор хуульчлан зохицуулжээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/255 дугаар тушаалаар[1] Богдхан уулын дархан цаазат газрын Ж-н ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 0.53 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна.
2.3. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар албан бичгээр “... газар ашиглах хугацаа энэ оны буюу 2022 оны 09 дүгээр сард дуусахаар байгаа тул газар ашиглах хугацааг сунгаж өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү ...” гэх хүсэлтийг[2] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 461 дүгээр албан бичиг[3], 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 820200249 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[4], 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01122-2017/0728 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[5] зэрэг баримтуудын хамт гаргасан байна.
2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/4400 дугаар албан бичгээр[6] хэрэгт хамааралтай холбогдох баримтуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас шаардсаны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08/3027 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн[7] баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, хугацаа сунгах тухай” А/545 дугаар тушаалын хавсралтаар[8] нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгаж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0222431 дүгээр гэрчилгээ[9], 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах 0105 дугаар гэрээг[10] тус тус байгуулсан байна.
2.5. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа нь 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болохоор байна.
2.6. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 678 дугаар албан бичгээр[11] газар ашиглагчдын газар ашиглах эрхийг цуцлуулахтай холбогдуулан сонсох ажиллагааны мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас (met.gov.mn)-аар дамжуулан хүргүүлсэн гэх тайлбарыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/1159 дүгээр албан бичгээр[12] шүүхэд ирүүлсэн байна.
2.7. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр[13] иргэн хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичгийн хавсралтад нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийг “хариу тайлбар өгөөгүй” гэж тэмдэглэсэн байна.
2.8. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/349 дүгээр тушаалаар[14] “... “ГМ” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу ...” гэсэн үндэслэлээр тус компанийн 0.53 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
2.9. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоохоор холбогдох баримтуудыг цуглуулах үүрэгтэй.
2.10. Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагчаас холбогдох тодруулах ажиллагааг хийлгүйгээр, нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусахаар байхад хариуцагчаас “газрыг ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай шийдвэр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... манай байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан байхад дутуу хэрэгжүүлсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.11. Харин анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан, ... сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, сонсох ажиллагаанд оролцогч нь бүрэн дүүрэн тайлбараа гаргах боломж олдоогүй ... маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна ...” гэж маргаан бүхий актыг хууль бус болохыг тодорхойлсон агуулгатай дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/349 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж маргасан байхад маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны бүхий захиргааны акт илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байхад хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0803 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ГМ” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, мөн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/349 дүгээр дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 23 дахь тал
[2] Хэргийн 111 дэх тал
[3] Хэргийн 117 дахь тал
[4] Хэргийн 112 дахь тал
[5] Хэргийн 113 дахь тал
[6] Хэргийн 39 дэх тал
[7] Хэргийн 40 дэх тал
[8] Хэргийн 45 дахь тал
[9] Хэргийн 5 дахь тал
[10] Хэргийн 7 дахь тал
[11] Хэргийн 79-81 дэх талууд
[12] Хэргийн 78-83 дахь талууд
[13] Хэргийн 25-26 дахь талууд
[14] Хэргийн 21 дэх тал