Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 112/ШШ2021/0044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “А т” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын *******д  холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаартай албан бичгээр “А т” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг сумын *******д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “А т” ХХК-ийн захирал Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаартай албан бичиг /шийдвэр/-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ******* сумын *******д даалгах тухай.

           Нэхэмжлэлийн агуулга: “А т” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын Их баян нэртэй газарт орших 15996,56 гектор талбайд Ашигт малтмалын хайгуулын ХV-017945 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу эзэмшсэн. Манай компани нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу 2021 оны хайгуулын ажпын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газрын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХГ-ын улсын ахлах байцаагч нар хянан шалгаж баталж, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнээр хянуулж батлуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сумын *******д хүргүүлж батлуулна гэсний дагуу хандсан боловч 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаартай албан бичгээр 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариуг өгсөн нь манай компанид эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн татгалзсан шийдвэр байх тул энэхүү захиргааны акттай маргах эрхтэй гэж үзэж байна.

          Сумын ******* нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлий- 12.1-д тусгайлан заасан бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэх бөгөөд 12.1.1-д ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох бүрэн эрхтэй гэж хуульчилсан байдаг тул сумын ******* нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах нь түүний хуулиар хүлээсэн үүрэг гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаартай албан бичгээр “А т” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ******* сумын *******д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан.

              Нэхэмжлэгч “А т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* сумын Их баян нэртэй газар оршин 15996.56 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайх ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эзэмшдэг. Манай компани байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг ашигт малтмал газрын тосны газрын гелогийн хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нараар шалгуулаад батлуулсан. Ингээд 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Говь-Алтай аймгийн мэргэжилтнээр мөн хянуулж батлуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байгаа сумын *******д хүргүүлж батлуулна гэж заасны дагуу *******д хандсан. Ингэж хандсан боловч 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлах боломжгүй гэсэн албан бичиг өгсөн. Манай компанид энэ байдал нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэж байгаа учир энэ захиргааны акттай маргах эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сумын Засаг даргын хувьд ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тусгайлан заасан бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэх хуультай. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах гэж заасан мөн хуулийн 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох бүрэн эрхтэй гэж хуульчилж өгсөн. Ийм учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах нь хариуцагч буюу Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг байна. Ашигт малтмалын газраас баримт ирүүлсэн байгаа. Энэ нотлох баримттай танилцаж үзэх юм бол 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/145 дугаартай албан бичигт ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн ******* сумын *******д хариу өгсөн байна. Энэ албан бичигт 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн танай бичигтэй танилцлаа. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 06 дугаар тогтоолоор ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах Баянцагаан нэртэй газар, 07 дугаар тогтоолоор Хайрхан нэртэй газрыг бүртгэж авлаа гэсэн байна. Манай компаны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар бол хамгийн сүүлийн дугаартай 17945 тоот өргөдлүүдийн талбайтай давхцалтай байгааг анхаарна уу? гэсэн байна. Өөрөөр бол орон нутгаас явуулсан албан бичиг нь манай талбайтай давхцалтай, манайх түрүүлээд энэ газрыг авсан байсан гэдэг нь энэ албан бичгээс харагдаж байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 8/5233 дугаартай албан бичигт Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар нутгийг орон нутгийн тусгай зориулалтад авсан тогтоолд 5 жилийн хугацаатай гэж ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар бүртгэсэн байна. Тус тогтоолуудаар тусгай хамгаалалтад авсан газруудын хугацаа дууссаныг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гелоги, уул, уурхайн, кдастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна гэсэн албан бичиг ирсэн. Өөрөөр бол тусгай хамгаалалтад авсан 5 жилийн хугацаа нь дуусаад 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэлд бүртгэгдсэн гэсэн албан бичиг ирсэн. Хариуцагчийн татгалзлаа үндэслэж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж байгаа нь энэ албан бичгээр үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа. Тийм учир манай нэхэмжлэлийн шаардлагыг хангах бас нэг үндэслэл энэ баримтаар харагдаж байна. Холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа гэжээ.

          Хариуцагч М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж заасан Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1 6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага Газрын тухай хуульд нийцүүлэн газрыг тусгай хэрэгцээнд авч болох эрхийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоол, 07 дугаар тогтоол, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг гаргаж тус тогтоол нь хүчин төгөлдөр байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дах хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчин төгөлдөр буй тогтоолыг үгүйсгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна. “А т” ХХК-ны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан. 7 хоногийн дараа батлах боломжгүй гэдэг албан бичгийг өгсөн. Энэ хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаан болсон. Энэ хуралдаанаар 2014 онд Их Баян нэртэй газрын зарим талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр гаргасан байсан. Мөн 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2 тогтоолыг үндэслээд батлах боломжгүй байна гэсэн тайлбарыг “А т” ХХК-д хүргүүлсэн байгаа. Дараа нь “А т” ХХК-ны гаргасан тодруулагатай холбоотой нэмэлт тайлбарыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Мягмарсүрэнгээр гаргуулж хүргүүлсэн. Уг нь миний албан бичиг биш тэргүүлэгчдийн тогтоолтой маргах ёстой байсан байх гэж бодож байгаа. Гэхдээ батлах эрх бүхий хүн нь би учраас надтай маргасан нь буруу биш байх. Шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана гэж бодож байна.

         Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч “А т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

“А т” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 21/08 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн ******* сумын *******д “...******* сумын Их баян нэртэй газарт орших 15996.56 гектор талбайд Ашиглалт малтмалын хайгуулын ******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу эзэмшсэн. Манай компани нь Байгаль орчны хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын, газрын тосны газрын геологи, хайгуулын хэлтсийн мэргэжилтэн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХГ-ын улсын ахлах байцаагч нар хянан шалгаж баталж, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэнээр хянуулж батлуулсан болно. Иймд манай компаний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн *******д хүргүүлж батлуулах гэж заасны дагуу баталж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* сумын ******* М.Н “сумын ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоол, 07 дугаар тогтоол, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул “А т” ХХК-ийн хайгуулын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх чиглэл хүргүүлж байна” гэсэн 18 дугаар албан бичгийн дагуу ******* сумын *******ас “А т” ХХК-нд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дүгээр албан бичгээр “сумын ИТХ-ын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн талаар авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021.07.01-ний өдрийн 18 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу танай компанийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 к “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “аймаг, нийслэл, сум дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно”, 28 дугаар зүйлийн 3-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, гэж зааснаар Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 06 дугаар тогтоолоор ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах “Баянцагаан” нэртэй газрыг байгалийн унаган төрх, ховор ан амьтан, ургамал тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, 07 дугаар тогтоолоор “Хайрхан” нэртэй газрыг байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах зорилгоор тус тус 5 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн нэр, талбайн хэмжээ, эргэлтийн цэгүүдийг хавсралтаар баталсан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан “Баянцагаан” нэртэй газар, 07 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамаалалтанд авсан “Хайрхан” нэртэй газрууд нь “А т” ХХК-ний эзэмшлийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах “Их баян” нэртэй газарт орших 15996.56 гектар талбай бүхий  ашиглалт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцаж байгаа талаар аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад “Их баян” нэртэй газар нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06, 07 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон “Баянцагаан” нэртэй газартай 14358.4356 га талбай, “Хайрхан” нэртэй газартай 18.6347 га талбайгаар давхцаж байгаа талаар дүгнэлт ирүүлсэн.

           Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна”, 14.3-т “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар  Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “...Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ...тогтоолд заасны дагуу 5 жилийн хугацаатай Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-ын дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна. Тус тогтоолуудад заасан газрын тусгай хэрэгцээнд авсан хугацаа дууссаныг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна” гэсэн 8/5213 дугаар албан бичиг шүүхэд ирүүлсэн, цаг хугацааны тухайд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны 06 дугаар тогтоолоор “Баянцагаан” нэртэй газар, 07 дугаар тогтоолоор “Хайрхан” нэртэй газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан 5 жилийн хугацаа 2020 онд дуусгавар болсон байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06, 07 дугаар хүчин төгөлдөр тогтоолыг үгүйсгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаар албан бичгээр “А т” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн *******тай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, хуулийн 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн *******д хүргүүлж батлуулах” 38.2-т “Сум, дүүргийн ******* энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаар “А т” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Говь-Алтай аймгийн ******* сумын *******д даалгаж шийдвэрлэлээ.

Мөн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн ******* сумын *******д “...Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05, 06, 07 дугаар тогтоолуудын дагуу “Алтан соёмо”, “Баянцагаан”, “Хайрхан” нэртэй газруудыг Кадастрын бүртгэлийн системд бүртгэж авлаа ...”Баянцагаан” нэртэй газар нь ХА-17945 тоот өргөдлийн талбай, “Хайрхан” нэртэй газар нь ХА-18568, ...17956, 17945 тоот өргөдлүүдийн талбайтай давхцалтай байгааг анхаарна уу” гэсэн 6/3881 дүгээр албан бичгийг хүргүүлж байсаныг дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.4, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан “А т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын *******ас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаар албан бичгээр “А т” ХХК-ийн  2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Говь-Алтай аймгийн ******* сумын *******д даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ