Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

      2023        02        09                                          2023/ШЦТ/182  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03421 0052 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн баруун талын тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт *** улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад эгнээ солих үед хажуу эгнээнд явсан автобусны жолооч Л.Птэй “тээврийн хэрэгсэлтэйгээ хажуугаас шахаж автомашины бензин хэсгийн тагийг мөргөсөн” гэх шалтгаанаар маргалдан, түүнийг нүүр тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхи, хүзүү, 2 мөрөнд цус хуралт гэмтэл“ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Ш.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн баруун талын тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт *** улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад “тээврийн хэрэгсэлтэйгээ хажуугаас шахаж автомашины бензин хэсгийн тагийг мөргөсөн” гэх шалтгаанаар автобусны жолооч Л.Птэй маргалдан түүний куртикнийхэн захаас заамдаж, нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Л.Пгийн “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны орой 20 цаг 30 минутын үед Драгон өнгөрөөд хойшоо уулзвараар эргэсэн. Гэтэл **** улсын дугаартай хар өнгийн Тоёота ланд-300 маркийн автомашин урдуур гэнэт дараад ороод ирсэн. Ингээд тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд миний жолоодож явсан автобусны цонхон дээр ирээд цонхоо онгойлго гэхээр нь би цонхоо нээхэд цонхоор гараа оруулж ирээд нэг гараараа намайг заамдаж бариад нөгөө гараараа миний нүүр рүү үгийн зөрүүгүй 2-3 удаа цохихоор нь би хаалгаар ороод ир гэж хэлэхэд автобусны хаалгаар орж ирээд дахин миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Энэ үед зам дээр байсан замын цагдаа ирээд намайг зодсон залууг надаас холдуулаад замын хэмжилт хийгээд бид хоёрын зам тээврийн ослын асуудал Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн Золбоо гээд ахмад байцаагч дээр шалгагдаж шийдэгдсэн. Намайг зодсон залуу бид хоёр замын цагдаа дээр очоод биеийнхээ нэрийг мэдэж авсан ба уг залууг Н.Ш гэдэг юм байна лээ. Би Ш гэх залууд зодуулсны дараагаар би "Med trauma hospital' нэртэй хувийн эмнэлэгт 140.000 төгрөгөөр толгойн томографын зураг авхуулж, дараа нь шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Миний биед учирсан гэмтлийн хувьд хамар хугарсан байсан. Одоо хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа. Мөн Ш намайг заамдаад би холдох гэж хойшоо ухрах үед миний ажлын хантааз урагдсан. Оёдлоороо биш олон газар урагдсан болохоор шинэ хантааз авахаас өөр аргагүй болсон. Уг хантаазыг ажлаас жилд 1 ширхгийг өгдөг бөгөөд үнэ нь 70.000 төгрөг байдаг. Мөнгийг нь цалингаас суутгаад авчихдаг юм. Бас зодуулах үед хүзүүнд зүүлттэй байсан "moxom" брэндийн чихэвчийг Ш гэгч залуу намайг заамдах үедээ утсыг нь санамсаргүй тасалж эвдсэн. Би уг чихэвчийг 2022 оны 7 дугаар сард 65.000 төгрөгөөр худалдан авч байсан..." гэсэн мэдүүлэг /хх19-20/,

гэрч Э.Аын “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би 24 цагаар ажил үүрэг гүйцэтгэх ёстой байсан юм. Тухайн өдөр Бүргэд-114 чиглэлийн автомашин дээр жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Цогтоогийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгоны баруун талын Лабораторийн автобусны буудал дээр 20 цагийн үед ***лсын дугаартай автомашины жолооч намайг зодсон" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Ингээд би дуудлага мэдээллийг шалгахаар очиход Ланд крузер 300 маркийн автомашинтай нийтийн тээврийн автобус осол гаргасан байсан. Тухайн үед зодуулсан гэх хүн дээр очиход зодуулсан байдалтай байсан ба би юу болсон талаар асуухад Ланд крузер 300 маркийн автомашинтай жолооч намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би тэр хүмүүсийг аваад цагдаагийн хэлтэс дээр ирж жижүүрийн бүрэлдэхүүнд өгсөн. Энэ асуудлаас өмнө нь замын цагдаа журмын хашаа руу машинуудаа байрлуулж тавьсан. Зам тээврийн ослыг Замын цагдаа шийдвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

шүүгдэгч Н.Шын “...би тэр жолоочийг заамдаж аваад нэг удаа нүүр лүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 99-100/, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх9/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13427 дугаартай дүгнэлтэд "...Л.Пгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхи, хүзүү, 2 мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй..." гэжээ. /хх33-34/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч Л.П нь хохиролд 1.800.000 төгрөг хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт гаргажээ. Иймд шүүгдэгч Н.Ш энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тайлбар хэлээгүй болно.  

8. Шүүгдэгч Н.Ш нь урьдаас төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

10. Иймд шүүгдэгч Н.Шын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР