Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2019/00089

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.А нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Р.Н холбогдох

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Р.Н, нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж нар оролцов.

 

                                                 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Н холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Р.Н нар нь 1998 оноос хамтран амьдарч байгаад 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Н.А, 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Н.А, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Л нарыг төрүүлсэн болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 712 дугаартай Д.А нь ам бүл 4, ... оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт, өрхийн эмч Г.А 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Н.Л 8 настай, эрүүл бойжиж байгаа, Н.А нь 15 настай, эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолтууд, Д.А, Р.Н нарын №07 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Н.А-н №05/12 дугаартай, Н.А-н №07 дугаартай, Н.Л-н №0000539361/11 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл-ээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.

 

Иймд хариуцагч Р.Н нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж, гэрлэгчид харилцан тохиролцсон зэрэг байдлыг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

  

Түүнчлэн нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаангүй, талууд хоорондоо охин Н.А, хүү Н.Л нарыг эх Д.А-н асрамжинд үлдээхээр тохиролцсон, мөн хүүхдүүд ч цаашид ээжтэйгээ хамт байх хүсэлтээ илэрхийлсэн байх тул тэднийг эх Д.А-н асрамжинд үлдээв.

 

Хэдийгээр нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй байсан ч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид эд хөрөнгөө хуваарилах замаар хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн гэж тайлбарласан тул шүүхээс хүүхдийн тэтгэлэг тогтоогоогүй болно.

 

Мөн шүүхээс хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Нэхэмжлэгч Д.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Д.А, Боржигин овогт Р.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Н.А, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Л нарыг эх Д.А-н асрамжинд үлдээсүгэй.

 

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,                      ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ