| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
2023 02 09 2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
хохирогч: Б.Н, Д.Ч,
шүүгдэгч Т.О, Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшинээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О, Г.Л нарт холбогдох эрүүгийн 2208 02887 2047 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дугуйт гинжин мэргэжилтэй, “
2. Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “***” ХХК-д барилгын инженер, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Л Т.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 20-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүлэглэн хохирогч Б.Н, Д.Ч нарыг нүүр тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1488 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Т.О, Г.Л нар.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн байр суурьтай оролцсон бол, шүүгдэгч Т.О нь хохирогч нарыг хоорондоо зодолдоод байхад нь салгасан, тэдний эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж мэтгэлцэж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Л, Т.О, хохирогч Б.Н, Д.Ч, гэрч О.Г нар нь 2022 оны 8 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Г.Лгийн гэрт нь хамтдаа архи, согтууруулах ундааны хэрэглэсэн. Улмаар шөнийн 03-04 цагийн үед караоке орохоор гарч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт явах үедээ Д.Чийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар Б.Н нь Г.Лтэй маргалдан ноцолдон зодолдсон, уг маргаанд Т.О нь хажуугаас нь оролцон Б.Нийг нүүр тус газарт нь гараараа цохисон, мөн Г.Л, Т.О нар нь нөхрөө өмөөрч тэдний дундуур орсон Д.Чийн нүүр тус газарт гараараа тус тус цохисон. Уг маргаанаас Б.Н, Д.Ч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Чийн “...Лгийн гэрт...очиход Л түүний эхнэр, дүү /Т.О/ болон манай нөхөр /Б.Н/ нар пиво уугаад сууж байсан. Тэгээд би нөхрийгөө “явъя” гэж хэлэхэд манай нөхөр “явахгүй” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд нөгөө хүмүүс битгий маргалд гэхээр нь маргалдахаа болиод суусан. Тэгтэл 0.75 граммын архийг Л, түүний дүү /Т.О/, манай нөхөр /Б.Н/ нар хувааж уугаад би Лгийн эхнэрийн /Д.Ч/ хамт пиво уусан. Тэгээд караоке орохоор болж 02 цаг өнгөрч байхад тэдний гэрээс такси бариад бид нар суугаад явах гэж байхад би нөхрийгөө гэр рүүгээ “явъя” гэхэд манай нөхөр явахгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд бид нар тухайн гудамжинд машинаас буугаад доошоо алхаж байтал Л намайг шулам гээд маргалдаад байж байтал дүү /Т.О/ нь намайг бас элдвээр хэлээд байхаар нь манай нөхөр намайг өмөөрөөд тэр хоёртой маргалдсан. Тэгтэл Л дүүгийнхээ хамтаар манай нөхрийн нүүр ам руу нь гараараа цохиж зодсон. Тэгэхээр нь би Лг татаж авах гэтэл миний нүүр рүү гараараа юу эсхүл өөр зүйлээр үү мэдэхгүй бөгжтэй гараараа ч юм уу хатуу зүйлээр цохисон. Тэгтэл миний хамраас цус гарсан. Тэгээд би газарт унаад босож ирээд Лгийн дүүг /Т.О/ нөхрөөсөө салгах гэтэл миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхрийн хамар амнаас цус гарсан байхаар нь цагдаа дуудсан. Л болон түүний дүү /Т.О/ нар нь миний нүүр рүү гараараа тус бүр нэг удаа цохисон. Би томографийн зураг 120.000 төгрөгөөр, хамрын зураг 40.000 төгрөгөөр авхуулж, эм тариа 115.000 төгрөгөөр эм тариа авсан. .." гэсэн мэдүүлэг /хх14-16, 19-20/,
Хохирогч Б.Нийн “..2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр... Лхагваагийн гэрт очиход Лхагваа болон түүний найз эмэгтэй, дүү /Т.О/ гэх залуу байсан ба..би гэрт орохдоо 0.75 граммын архи 2 лааз пиво авч орсон. Тэгээд тухайн архи пивыг бид нар хувааж уусан. Тэгтэл манай эхнэр Ч Лхагваагийн гэрт орж ирсэн. Тэгээд намайг архи уулаа гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдахаа болиод бид хэд караоке орохоор болоод Лхагваагийн гэрээс бөөнөөрөө гараад такси барьсан. Тэгээд би эхнэрийг чи харьж бай гэж хэлэхэд цуг явна гээд бид хоёр таксинд маргалдсан. Тэгтэл тэр такси та хэд буучих би явлаа гэж хэлэхээр нь буугаад доошоо уруудаад алхаад явж байтал Лхагваагийн дүү /Т.О/ гэх залуутай манай эхнэр маргалдсан. Маргалдсан шалтгаан нь Лхагваа болон түүний дүү /Т.О/ нь манай эхнэрийг шулам гээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би Лхагваагийн дүүг /Т.О/ боль гэж хэлээд бариад автал Лхагваа бас над руу дайраад Лхагва дүүтэйгээ нийлээд миний нүүр, уруул руу гараараа цохиод бид нар тухайн газарт зодолдсон. Тэр үед манай эхнэр салгах гээд Лхагваагийн дүүг татах үед манай эхнэрийн нүүр руу цохиж байгаа нь харагдсан. Тэр үед Лхагваа мөн манай эхнэрийг цохисон. Миний нүүр рүү Лхагва болон түүний дүү хоёрын аль нь цохисныг мэдэхгүй байна. Тэр хоёр хоёулаа над руу дайраад миний нүүр рүү гараараа ээлжлээд цохиод байсан. Миний бие эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Томогарфийн зураг 140.000 төгрөгөөр авхуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 25-27, 30/,
Гэрч О.Гийн “..Тухайн үед О гараараа Чийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл Чийн хамраас цус гарсан бөгөөд Ч цус гарчихлаа гээд орилоод байсан. Харин сүүлд Л Чийн нүүр хэсэг рүү гараараа цохиж байгаа харагдсан. Тэр үед Нтэй манай нөхөр Л, О нар маргалдаж зодолдсон. Тухайн үед Чийн нөхөр нь түүний нүүр хэсэг рүү гараараа мангасдаад байсан бөгөөд тэр үед Чийн биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй байсан. Тэгээд таксинаас буусны дараа О, Л нар Чийг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх54-55/,
Хохирогч Д.Ч, гэрч О.Г нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахад “...хохирогч: “..Лхагваа түүний дүү манай нөхөр рүү дайраад зодож эхлэхээр нь би салгах гэтэл Лхагваагийн дүү хамар хэсэг рүү гараараа цохисон, Л дахиад миний толгой, нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд тэр хоёр манай нөхрийг зодоод байхаар нь би замын нөгөө талд гараад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирсэн..” гэсэн бол гэрч: “...Нямка эхнэртэйгээ маргалдаад Нямкагийн гараас эхнэр нь барихаар Нямка гараараа савчаад эхнэрийнхээ гарыг тавиулаад байсан. Нямка миний гэдэс рүү цохиход манай нөхөр болон дүү нь ирээд Нямкатай зодолдсон бөгөөд тухайн үед Нямкагийн эхнэр салгах гэхэд О Чийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Л бас дайраад толгой болон нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн..”, хохирогч: “...тухайн үед манай нөхрийг Лхагва, түүний дүү хоёр аль аль нь зодож цохисон..” гэсэн бол гэрч: “...миний харснаар Нямка, О, Л нар хоорондоо зодолдоод байсан..” гэсэн мэдүүлэг /хх56-58/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг талаарх шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, Д.Чийн 102 дугаар шуурхай дуудлагын дугаарт гомдол, мэдээлэл гаргасан /хх2-3/ тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11632 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Чийн биед зүүн нүдний ухархайн хана, хамар ясны далд хугарал, мурийлт, тархи доргилт, баруун нүдний алимын салст, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, зүүн хөмсөг, баруун, зүүн сарвуу, баруун зүүн шилбэ, зүүн шагайн үед зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 61-62/, дүгнэлттэй холбоотойгоор шинжээч Т.Сэлэнгийн “Д.Чийн биед учирсан баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтлээс бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх69/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11718 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Нийн биед баруун дээд зовхины цус хуралт, дээд уруулын зулгаралт, дотор салстад язарсан шарх, зүүн хөхний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт /хх76/, хэрэгт авагджээ.
4. Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт “миний хувьд архи уудаггүй, пиво уусан согтолт гайгүй байсан, Г.Л ах бид хоёр хохирогч Б.Н, Д.Ч нарын биед халдаж зодоогүй, харин Б.Н эхнэртэйгээ маргалдаад, эхнэрээ унагаад, үсдээд цохиод байхаар нь ах бид хоёр салгасан, гэрч О.Г ашиг сонирхлын зөрчилтэй учраас сүүлдээ худал мэдүүлсэн, цагдааг О.Г дуудсан” зэргээр мэдүүлсэн.
Гэвч хохирогч нар үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гарган мэдүүлэг өгсөн, мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй, тогтвортой, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн, мөн гэрч О.Г тэдгээрийн мэдүүлгийн батлан мэдүүлсэн, нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаанд мөн мэдүүлгээ бататган мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн хохирогч нар нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэх эргэлзээ бүхий шалтгаан нөхцөл тогтоогдоогүй ба шүүгдэгч Г.Л хохирогч Б.Нтэй ноцолдож, зодолдсон, нэлээн согтолттой байсан тухайгаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. Тиймээс шүүгдэгч Т.Оын хохирогч нар хоорондоо зодолдож нэгийгээ гэмтээсэн гэх утга бүхий мэдүүлэг нь бусад нөхцөл байдлаар нотлогдоогүй гэж дүгнэлээ.
Улмаар хохирогч нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.О, Г.Л нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр гараараа цохиж, зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн гэж дүгнэлээ.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан. Шүүгдэгч нарын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Б.Н, Д.Ч нарын бүлэглэн цохиж, зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.О, Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Хохирогч Д.Ч нь толгойн томограф зураг авхуулсан, эм авсан 275.800 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулж, хагалгааны зардалд 3.200.000 /хх114-115/ төгрөгийг нэхэмжилнэ гэсэн бол хохирогч Б.Н нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
9. Иймд Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас нийт 275.800 төгрөгийг гаргуулан хувь тэнцүүлэн тооцож шүүгдэгч Т.Оаас 137.900 төгрөг, Г.Лгээс 137.900 төгрөг тус тус гаргуулан хохирогч Д.Чт олгуулах нь зөв байна.
Хохирогч Д.Ч, Д.Н нар нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас дутуу авсан цалин хөлс, бусад зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
10. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Лд 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
11. Шүүгдэгч нар нь торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Т.О, Г.Л нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
14. Иймд шүүгдэгч Т.О, Г.Л нарын эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, хэргийн үйлдэл оролцооны хувьд адилхан гэж дүгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Г.Л нарт тус тус 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л, О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж, 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, Т.О нарт тус бүр 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар 275.800 /хоёр зуун далан таван мянга, найман зуу/ төгрөгийг шүүгдэгч Г.Л, Т.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Чт олгуулсугай.
5. Хохирогч нар нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой гэм хорын зардлыг гэм буруутай этгээдээс иргэний хэргийн хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР