Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1105

 

2019 оны 05 сарын 08 өдөр

     Дугаар 183/ШШ2019/01105

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, 00 дүгээр баг, Рашаант 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ж  овогт М. А  /рд:000000/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр ХД 00 байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б. овогт Д.Г  /рд:*******/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 83 880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б , хариуцагчийн өмгөөлөгч Г.Б  /ШТЭҮД-0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч М.А  нь хариуцагч Д.Г-тай 0000 онд гэр бүл болж хамтран амьдарсан ба 0000 оны 5 дугаар сард салсан. М.А  би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол /00000/, 00-00 тоот хаягт байрлах, 46.6м.кв Ү-00000 гэрчилгээтэй 00 өрөө орон сууцаа 0000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан нийт 83 880 000 төгрөгөөр Д.Г-д зарсан. Төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу төлөх байсан боловч Д.Г нь 7 хоногийн хугацаанд төлнө, би хөрөнгө оруулалт хийж байгаа удахгүй их хэмжээний мөнгө орж ирнэ, нэгэнт гэрээ хийсэн юм чинь зүгээрээ гэж хэлсэн. Ингээд төлөхгүй байхаар нь олон удаа шаардсан боловч хэл амаар доромжлон, уулзахаар очтол миний биед хүрч зодсон тохиолдол гарч байсан. Би энэ хүний 2 хүүхдийг гаргаж өгсөн, гэтэл яагаад намайг 2 хүүхдээ ингээд хуурч амьдрах оронгүй болгочихсон юм. Миний бие маш их гомдож байна. Тухайн байрыг М.А-д бэлэглэсэн мэтээр тайлбарлаж байна. Гэтэл шинээр гаргаж өгсөн нотлох баримтын лавлагаанд М.А  худалдаж аваад, дараа нь Д.Г-ын нэр дээр шилжүүлсэн нь харагдаж байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ хийгдсэн, гэрээний дагуу худалдсан хүн нь төлбөрөө авч, худалдан авсан хүн төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч М.А-тэй хийсэн худалдах, худалдах авах гэрээний дагуу хариуцагч тал төлбөр тооцоо хийгээгүй. Хавтаст хэрэгт баримт ч байхгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол /0000/, 00-00 тоот хаягт байрлах, 46.6м.кв Ү-000000 гэрчилгээтэй 00 өрөө байр орон сууцны үнэ болох нийт 83 880 000 төгрөгийг Д.Г-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч М.А  би хариуцагч Д.Г-тай 0000 онд гэр бүл болж хамтран амьдрах болсон ба 0000 оны   сард салсан” гэжээ. Миний бие Д.Г  нь М.А-тэй албан ёсны гэр бүлийн баталгаагүй бөгөөд гэр бүл биш юм. Бид хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан нь үнэн. М.А  “би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол /0000/, 00-00 тоот хаягт байрлах, 46.4м.кв Ү-000000 гэрчилгээтэй 1 өрөө өөрийн орон сууцыг 0000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан нийт 83 880 000 төгрөгөөр Д.Г-д зарсан” гэжээ. Миний бие өгсөн хөрөнгөө л буцаагаад авсан. Энэ нэхэмжлээд байгаа Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол /0000/, 00-00 тоот хаягт байрлах, 46.4 м.кв Ү-000000 гэрчилгээтэй 00 өрөө өөрийн орон сууцыг миний бие О ХХК-тай хамтран 0000 онд барьж ашиглалтанд оруулсан. Би тухайн барилгад хөрөнгө оруулалт хийсний ашигт барилгаас 4 байрыг Д.Г  авч, нэг байрыг нь М.А-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ М.А-д өгсөн шалтгаан нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний ойлгосноор нэхэмжлэгч М.А “миний нэр дээр шилжүүлчих, зараад өгье” гэсний дагуу шилжүүлсэн. Тухайн үед бэлэн өгсөн, авсан эсэхийг би хараагүй, гэхдээ тийм үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ байр анхнаасаа Д.Г-х байсан учраас хариуцагч байраа буцааж авсан. Урьд нь бусдад шилжүүлсэн, худалдан авсан зэрэг асуудал байгаа боловч хариуцагчийн зүгээс өгсөн зүйлээ буцааж авч байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ агуулгын хувьд өгсөн зүйлээ буцааж авч байгаа хэлбэр. Худалдах, худалдан авах гэрээгээр тухайн үед нотариатын үнэ зэргээс ингэж байгуулсан. М.А-ийн хувьд хариуцагчтай хамт амьдарч байсан нь үнэн боловч албан ёсны гэр бүлийн баталгаа байгаагүй. Хоёр хүүхэд нь шүүхийн шийдвэрээр Д.Г  нь эцэг мөн гэдэг нь тогтоогдсон. Тэжээн тэтгэх үүргээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас үүргээ гүйцэтгэж байгаа. Одоо энэ байрыг хариуцагч тал бусадтай худалдах, худалдан авах гэрээ хийгээд зарчихсан. Иймд М.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 83 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 0000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр М.Ань өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол /0000/, 00-00 тоот хаягт байршилтай, 46,6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г-д 30 000 000 төгрөгөөр худалдахаар, Д.Г  нь төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Д.Г  уг орон сууцыг хүлээн авснаар, нэхэмжлэгч М.А  нь гэрээний үүргээ биелүүлсэн байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлээд байгаа орон сууцыг хариуцагч нь О  ХХК-тай хамтран 0000 онд барьж ашиглалтанд оруулсан. Хөрөнгө оруулалт хийсний ашигт барилгаас 4 байрыг Д.Г  авч, нэг байрыг нь М.А-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ М.А-д өгсөн шалтгаан нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний ойлгосноор нэхэмжлэгч М.А “миний нэр дээр шилжүүлчих, зараад өгье” гэсний дагуу шилжүүлсэн. Энэ байр анхнаасаа Д.Г-х байсан учраас хариуцагч байраа буцааж авсан. Урьд нь бусдад шилжүүлсэн, худалдан авсан” гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, мөн тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

Түүнчлэн зохигчид хамтын амьдралтай байсан, тэдний дундаас охин Г.Б , хүү Г.С  нар төрсөн болох нь тус шүүхийн 0000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр тогтоогдож байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хариуцагч хүүхдүүддээ энэ байраа өгье гэж байсан” гэх тайлбараараа уг орон сууцыг хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч М.А-д шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй байна.         

 

Иймд худалдсан орон сууцны үнийг тохиролцсоны дагуу төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас орон сууцны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй боловч дээрх орон сууцыг 83 880 000 төгрөгөөр худалдсан болохоо нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул 0000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлд талуудын тохиролцсон 30 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 53 880 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-с худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53 880 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ