Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Өмгөөлөгч И.Оюунгэрэл, Д.Гомбо,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч З.Уянга,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                        

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн З-ын Б-д холбогдох 2228003120190 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Биеийн байцаалт:   

Х овгийн З-ын Б .....                           

Холбогдсон гэмт хэрэг:

Шүүгдэгч Э.Б нь Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 73 дугаар зүйл “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нь ангийн удирдлага, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн алба, сахилга, харуул хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт, зэвсэглэл, галт хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалтыг хариуцах бөгөөд захирагчийн эзгүйд түүнийг орлож, чиг үүргийн хүрээнд тушаал, захирамж гаргаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдана”, 73 дугаар зүйлийн 73.14 дэх хэсэгт “Бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын Даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хугацаат цэргийн алба хаагч М.Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангиас зөвшөөрөлгүй гарган, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Г..” ХХК-ийн хармагны талбайд услагаа, үрсэлгээний ажилд “Цэрэг ажиллуулах тухай гэрээ” байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гаргасан алдаа дутагдал гэм буруугаа ойлгож байгаа. Болсон үйл явдлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтэйгээ адил байгаа. Анхнаасаа болсон үйл явдлын талаар ярьж хэлсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ня мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай ээж залгаад дүү нь Өмнөговь аймагт алга болсон байна, хүүг гадуур авч ажиллуулж байсан хүн нь залгаж байна гэж хэлхээр нь би ээжээс тэр Б гэдэг хүний дугаарыг аваад залгаж би Н-гийн эгч нь байна юу болсон юм бэ гэж асуухад танай дүү чинь өчигдөр орой буюу 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 22 цаг 30 минутын орчимд гэрээс гараад явсан одоо болтол эргэж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай гэрт хүн байсан юм уу гэсэн чинь манайд 9 дүгээр ангийн ганц хүү байсан гэж хэлсэн бөгөөд Н-г гэрээс гарах үед нь манай хүү таараад ахаа та хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад ах нь ажилтай байна гэж хэлээд гэрээс гарсан байна лээ. Тэгээд бид нар шөнө эргээд ирэх байх гэж хүлээж байгаад ирэхгүй болохоор нь өглөө нар гарахтай зэрэгцээд аймгийн төвөөр хайсан гэж хэлсэн...” /2 дугаар хавтаст хэргийн 122-124 дэх тал/   

Гэрч Т.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач байлдагч болон бусад цэргүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ангийн Захирагчийн тушаалаар “Го..” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт гэрээгээр гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 хугацаат цэргийн алба хаагчдыг 3 сарын хугацаатай ажилд гаргаж ажиллуулсан байлдагч нарын ажлын хөлс 60,100,000 төгрөгийг “Го..” ХХК-ийн захирал Бат бэлнээр авчирч өгсөн, зарим мөнгийг нь дансаар хийсэн. Бэлнээр авч ирж өгсөн мөнгийг нь кассад тушаасан. Энэ мөнгөний 9,333,000 төгрөгийг ажил хийсэн байлдагч нарын дансанд шилжүүлсэн 50,767,000 төгрөгийг ангийн тохижилтын ажилд зарцуулсан. Талийгаачийг гэрээгүйгээр ажилласан гэдгийг би мэдэхгүй. Манай ангийн дансанд талийгаач Н ажил хийсэн гэсэн мөнгө орж ирээгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би штабын даргын албан тушаалын тодорхойлолттой танилцаж байгаагүй учраас мэдэхгүй байна. Ер нь хугацаат цэргийн алба хаагч ангиас гарсан тохиолдолд Штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авч гарна. Ямар учраас ямар зорилгоор гарч байгааг нь штабын дарга мэддэг. Миний хувьд цэрэг гарч байгаа асуудалд оролцдоггүй учраас мэдэхгүй байна. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар хуулийн офицероор томилогдсон учраас нарийн мэдэхгүй байна. Ангийн захирагчаас гадна ЗХЖШ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг үндэслэл болгон ангийн захирагч тушаал гаргаж 15 цэрэг сарын хугацаатай тоосгоны үйлдвэрт ажиллуулахаар гэрээ байгуулсан. Хаанаас татагдсан болон ямар зүс царайтай байлдагч нарыг авч явсныг миний бие бол мэдээгүй. Ангийн захирагч тушаалаар гаргаж гэрээ байгуулж хугацаат цэргийн алба хаагч нарыг ажиллуулах эрх мэдэл бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна. “Го..” ХХК-ийн тоосгоны үйлдвэр нь улсын бүтээн байгуулалтад хамаарахгүй ч байлдагч нарын хөдөлмөрлөж олсон мөнгөөр ангийн бүтээн байгуулалтын ажил хийдэг. Манайх ХХАБ-ийн офицертой тэгэхээр тухайн алба хаагч зааварчилга өгдөг байсан байх гэж бодож байна. Тухайн албан тушаалтныг ахмад Э.Эрболд гэдэг хүн байдаг. Тухайн байлдагч нар нь хэдэн төгрөгийн орлого ангид оруулсан талаар миний бие мэдэхгүй байна. Харин тэр мөнгөөр ангид бүтээн байгуулалт хийсэн зүйл их байгаа. Миний бие Захирагчийн өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан.” /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “Г..” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд манай байгууллага барилга барих, барилгын материал хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага Зэвсэгт хүчний ... дугаар цэргийн ангитай гэрээ хийж хамтран ажилладаг ба цэргийн ангиас хугацаат цэргийн алба хаагч гэрээгээр авч тоосго хураах, зөөх, ургамал ногооны хэсэгт усалгаа хийх зэрлэг түүх, үр суулгах зэрэг ажлуудыг хийлгэж хөлсийг нь ангид нь тушаадаг. Талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын сүүлээр манай эхнэр Б.Б цэргийн ангиас ганцааранг нь авчирч үр суулгах, усалгаа хийлгэх ажил хийлгэж байсан бөгөөд талийгаачийг манайх гэртээ буюу нөгөө өрөөндөө байлгадаг байсан. 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цаг 40 минутын үед талийгаачийн байдаг өрөөний 00-ийн ус нь дугараад байсан. Тэгэхээр нь би талийгаачийн байдаг өрөөний 00-ийн үүдийг нээхэд дотор нь хүн байхгүй байсан учраас усыг нь тогтоочихоод талийгаачийг өрөөндөө байгаа эсэхийг үзэхэд талийгаач өрөөндөө байхгүй байсан. Тэгээд ирэх байлгүй дээ гэж 20 орчим минут хүлээж байгаад би ганцаараа гараад гадуур явж хайсан. Би хэсэг хайж байгаад ажилладаг газраар нь очсон боловч байхгүй байсан. Тэгээд засмал зам дагаж хэсэг явж байгаад ирэх байлгүй гэж бодоод гэртээ харьж амарсан...” /2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/

Гэрч Ж.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач М.Н нь Зэвсэгт хүчний ... дугаар ангид 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэргийн албанд татагдаж хугацаат цэргийн алба хаахаар ирсэн. Миний бие байлдагч М.Н-г ангийн байрлалд байхгүй байгааг мэдсэн. Тухайн байлдагчийг хаана байгааг тодруулахад штабын дарга дэд хурандаа Б-гийн мэдэлд байгаа гэж хэлсэн. Би тэр дор нь штабын дарга дэд хурандаа Б-тай холбогдоход би тухайн цэргийг өөрөө мэдэж байгаа орой наад байлдагчийг ангид хүргүүлье гэж хэлсэн. Тэгээд 15 цагт цагдаагийн алба хаагчдаас манай анги дээр очиж талийгаачийн зургийг таниулах ажиллагааг хийхэд миний бие танихгүй байсан учраас ахлах ахлагч Д.Б-оор харуулахад манайд ийм байлдагч байхгүй гэж хэлсэн. Тэгээд би штабын дарга, дэд хурандаа Б-тай дахин холбогдож цагдаагийн байгууллагаас цогцос олдсон гээд явж байна, таны авч явсан цэрэг байгаа юм уу, байхгүй юм уу гэж хэлсэн. Штабын дарга удалгүй эргэж залгаад миний авч явсан цэрэг 2022 оны 07 дугаар сарын 10-ны орой гарсан гэнэ одоо олдохгүй байна гэхээр нь би тухайн цагдаагийн алба хаагч руу салбарын захирагч дэслэгч У.М-ыг явуулж дахин таниулах ажиллагааг хийлгэхэд тухайн байлдагч мөн болохыг тогтоосон.” /2 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал/

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манайд талийгаач 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тэр өдрөөс эхлэн таньдаг болсон. Талийгаач манай хажуу талын зэрэгцээ байх эмээгийн гэрт амьдардаг байсан бөгөөд эмээ гэртээ байхгүй байгаа учраас тэнд амьдардаг байсан. Би талийгаачтай орой бүр таардаг байсан, гэр орноор гарч ордог байсан. Анх 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай ээж над руу залгаад намайг хүрээд ир гэж хэлсэн би ээжийн ажил дээр очиход цэргийн ангиас нэг цэрэг авч ажиллуулах гэж байна чи энэ хүүг дагуулж яваад хувцаслаадах гэж хэлсний дагуу би тэр залууг дагуулж яваад “Гандирс” худалдааны төв орж 2 ширхэг бэлтгэлийн өмд 1 цамц, нэг футволка, 2 ширхэг оймс, түрсик 2 ширхэг, 1 ширхэг пүүз зэргийг авч өгч байсан... Би 07 дугаар сарын 11-ний өдөр эмээгийнд хоол хийчихээд ээжид аваачиж өгсөн. Тэгчихээд найзтайгаа уулзаад уул явахаар болоод би найзтайгаа хамт хүнсээ цуглуулаад ууланд яваад 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Намайг гэрт ирэхэд манай дүү талийгаачийг өчигдөр орой гараад явсан ирээгүй байна гэж хэлхээр нь би ээж рүү залгаж тодруулахад ээж талийгаачийг гараад явсан ирэхгүй байна. Миний хүү гэрийн ойр орчмоор хайж бай гэсний дагуу хашаанд баригдаж байгаа барилга дотор болон Төгөл гэр хороолол дундуур хайсан боловч олдоогүй...” /2 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цэргийн ангийн удирдлагуудтай уулзаж цэрэг авахаар очсон. Цэргийн анги дээр очоод байж байхад ангийн захирагч байхгүй байгаа талаар тэнд байсан цэргийн алба хаагчид ярилцаж байхад Штабын дарга цэргийн ангиас гараад ирсэн. Тэгээд штабын даргад нэг цэрэг өгөөч гэсэн чинь болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хийлгэх ажил хөнгөхөн ажиллах цаг бага услагаа, үрсэлгээ хийлгэх л хялбархан хөнгөн ажил байгаа гэж гуйгаад талийгаач Н-г цэргийн ангиас авсан. Талийгаачийг аваад гэрийнхээ хажууд байх ээжийнхээ гэрт байлгаад өглөө 09 цагийн үед талийгаачийг ажилд манай нөхөр хүргэж өгөөд 4 цаг талбайд услагаа хийгээд өдөр амарч байгаад үдээс хойш дахин усалгаа хийгээд орой гэртээ харьдаг байсан. Энэ байдлаар 20 хоног ажиллаад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр талийгаачид наадмаар чи амарна би ажиллана гэдгээ хэлээд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 30 минутын үед талийгаачийн байдаг өрөөнд ороход унтаж байсан. Намайг орж ирэх дуунаар сэрсэн. Тэгэхээр нь өнөөдөр наадмын өдөр чи эр хүн юм чинь бөх, морио үзээд мах чанаж идээд сайхан амраарай гэж хэлчихээд би өөрөө ажилдаа явсан. Би ажил дээрээ байж байгаад орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирээд талийгаачийн байдаг өрөөг шалгахад талийгаач явган ширээн дээр нөүтбүүк дэлгэсэн сууж байсан. Би гэртээ кино үзэж байгаад 00 цаг өнгөрөөгөөд 00-ийн өрөө орсон. Тэгсэн талийгаачийн байдаг өрөөний 00-ийн өрөөний ус гоожиж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь би 00-ийн өрөөнөөс гарч ирээд нөхөртөө Норвоогийн өрөөний 00-ийн ус дарагдсан гоожоод байна тэрийг Норвоод зааж өгөөд ус гоожихыг нь болиулаад ир гэж хэлсэн. Тэгсэн манай хүн нөгөө өрөөнд буюу Норвоогийн өрөөнд орж ирээд ус гоожихыг нь болиулчихлаа харин Норвоо алга байна гэж хэлж орж ирсэн. Тэгээд манай нөхөр хайна гээд гэрээс гарсан 1 цаг гаруй хугацаанд явж байгаад олдохгүй байна гээд ороод ирсэн. Бид нар ирэх байх гэж хэсэг хүлээж байгаад өглөө ирсэн байх байлгүй гээд унтсан. Өглөө босоод буюу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө би талийгаачийн байдаг өрөөнд орсон чинь гэрт ирээгүй байсан...” /2 дугаар хавтаст хэргийн ...-170 дахь тал/

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач бид хоёр тоосгоны үйлдвэрт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд хамт 15 давхар барилга дээр ажиллаж байсан бөгөөд талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний 12 цагийн үед ангиас дуудаад аваад явсан түүнээс хойш талийгаачтай уулзаагүй. Харин 06 дугаар сарын 27-ний өдөр би фейсбүүк чатаар видео калл хийж ярьсан. Тэгж ярихад талийгаач хармагны үйлдвэр дээр байсан бөгөөд чи яаж байна дажгүй байна уу гэсэн чинь дажгүй энд сайхан байна гэж хэлсэн түүнээс хойш дахин яриагүй. Штабын дарга, дэд хурандаа З.Б гэдэг хүн дуудсан гээд барилга дээр ажиллуулж байсан нэг ах дагуулаад явсан.” /2 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаачтай хамт 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд хамт шинэ баригдаж байгаа 2 ширхэг 15 давхар барилга дээр 1 өдөр бүтэн 1 өдрийн тал ажилласан. 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед барилга дээр очоод орой 18 цаг өнгөрч байхад бууж анги дээрээ ирж байсан. Тухайн барилга дээр очоод 6 давхар хүртэл нь шатаар паркетан шал зөөж байсан мөн плита зөөж хогийг нь цэвэрлэж байсан. 06 дугаар сарын 20-ны өдөр байлдагч Ц, Отгонбаяр, талийгаач бид 4 бүтэн ажилласан. Маргааш нь буюу 06 дугаар сарын 21-ний өдөр бид 4 ажиллаж байхад 11 цагийн үед ангиас талийгаачийг дуудсан тэгээд талийгаач ганцаараа яваад өгсөн. Түүнээс хойш талийгаачтай огт уулзаагүй...” /2 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Анх 4 дүгээр сарын 8-ны өдөр ангийн байрлалаас “Г...” ХХК нь 15 байлдагч, 1 ахлагч, 1 офицер, тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэнд сар гаран тоног янзалж, цэвэрлэгээ хийсэн. Тэгэхэд талийгаач их шударга, хүнд хэлэх юм хэлчихдэг хүн байсан. Тэгээд сар гарангын дараа ажлаа эхэлсэн. Тэр үед талийгаач тэрэгчин хийдэг байсан. Тэгээд орой эрт буугаад бид нар сагс, волейбол тоглодог байсан. Тоосгоны үйлдвэр тоног төхөөрөмж нь эвдрэхээр манай байлдагч нар хармагны үйлдвэр рүү явж мод тарих ажил хийдэг байсан. Талийгаач их явж ажилладаг байсан. Тэгээд 06 дугаар сарын 18-ны өдөр талийгаач ангийн байрлалд очсон. Би 07 дугаар сарын 10-ны өдөр ангийн байрлалд ирээд талийгаачийг ангийн байрлалд ирээд удаагүй байхад нь 06 дугаар сарын 21-ний өдөр ахлах ахлагч Б гэх хүн талийгаачтай нийлээд 10 байлдагчийг талийгаачийн үхсэн гэх 15 давхар дээр дагуулж очиж барилгын материал зөөлгөсөн гэхийг салааныхаа байлдагч нараас сонссон. Тэгээд хармагны үйлдвэрийн захирал манай ангийн Штабын дарга руу залгаж талийгаачийг авч ажиллуулмаар байна гэж хэлснийг салааныхаа цэргүүдээс сонссон. Бид хэд талийгаачийг хармагны үйлдвэр дээр ирснийг мэдээгүй байж байгаад сүүлд 7 сарын 1, 2 хавьцаа мэдсэн...” /2 дугаар хавтаст хэргийн 62-64 дэх тал/

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ж.А-ыг ангийн захирагч болсон гэдгээр нь мэдэхээс өмнө хамт ажиллаж байгаагүй, харьцаатай байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болж шинэчлэгдсэн. Тоосгоны үйлдвэрт ажиллах гэдгээрээ дээрх журмын аж ахуйн ажил гэдэг төрөлд орж байгаа, гэвч ажилд оролцуулахын тулд журмаараа тухайн аж ахуйн нэгж нь Зэвсэгт хүчин жанжин штабт хүсэлт гаргаад түүний дагуу Зэвсэгт хүчин жанжин штабын даргын тушаал гарч байж цэргийн алба хаагчид аж ахуйн ажилд оролцох ёстой. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журамд заасан байгаа. Аж ахуйн ажилд юу хамаарах вэ гэдгийг мөн заасан байдаг.” /2 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал 

Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга албан тушаал дээр ажиллаж байсан, талийгаач М.Н нь нас барсны дараагаар цэргийн ангиас 5 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжийг өгсөн байгаа, би яг нарийн ширийн тоог хэлж мэдэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” /3 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/   

З.Б-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/  

Аж ахуйн ажилд оролцох үеийн ажлын хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал/

Батлан хамгаалахын сайд, сангийн сайдын хамтарсан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/39/28 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм батлах тухай зарлиг /1 дүгээр хавтаст хэргийн 87-93 дахь тал/

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/1290 дугаартай хурандаа Ж.А-ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, чөлөөлөх, нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаал болон албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 142-149 дэх тал/  

З.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 201 дэх тал/

Албан тушаалын тодорхойлолт, ажилд томилсон тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 216-220, 249 дэх тал/

З.Б-д төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 221 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас Хуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Б нь Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан "Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 73 дугаар зүйл “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нь ангийн удирдлага, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн алба, сахилга, харуул хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт, зэвсэглэл, галт хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалтыг хариуцах бөгөөд захирагчийн эзгүйд түүнийг орлож, чиг үүргийн хүрээнд тушаал, захирамж гаргаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдана”, 73 дугаар зүйлийн 73.14 дэх хэсэгт “Бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын Даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хугацаат цэргийн алба хаагч М.Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангиас зөвшөөрөлгүй гарган, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Г..” ХХК-ийн хармагны талбайд услагаа, үрсэлгээний ажилд “Цэрэг ажиллуулах тухай гэрээ” байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.           

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт;

гэрч Т.Бу-гийн “Талийгаач байлдагч болон бусад цэргүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ангийн Захирагчийн тушаалаар “Го..” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт гэрээгээр гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 хугацаат цэргийн алба хаагчдыг 3 сарын хугацаатай ажилд гаргаж ажиллуулсан байлдагч нарын ажлын хөлс 60,100,000 төгрөгийг “Го..” ХХК-ийн захирал Бат бэлнээр авчирч өгсөн, зарим мөнгийг нь дансаар хийсэн. Бэлнээр авч ирж өгсөн мөнгийг нь кассад тушаасан. Энэ мөнгөний 9,333,000 төгрөгийг ажил хийсэн байлдагч нарын дансанд шилжүүлсэн, 50,767,000 төгрөгийг ангийн тохижилтын ажилд зарцуулсан. Талийгаачийг гэрээгүйгээр ажилласан гэдгийг би мэдэхгүй. Манай ангийн дансанд талийгаач Н ажил хийсэн гэсэн мөнгө орж ирээгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч Б.Г-гийн “... “Го..” ХХК-ийн тоосгоны үйлдвэр нь улсын бүтээн байгуулалтад хамаарахгүй ч байлдагч нарын хөдөлмөрлөж олсон мөнгөөр ангийн бүтээн байгуулалтын ажил хийдэг... Тухайн байлдагч нар нь хэдэн төгрөгийн орлого ангид оруулсан талаар миний бие мэдэхгүй байна. Харин тэр мөнгөөр ангид бүтээн байгуулалт хийсэн зүйл их байгаа. Миний бие Захирагчийн өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/,

гэрч Д.Т-ын “...Манай байгууллага Зэвсэгт хүчний ... дугаар цэргийн ангитай гэрээ хийж хамтран ажилладаг ба цэргийн ангиас хугацаат цэргийн алба хаагч гэрээгээр авч тоосго хураах, зөөх, ургамал ногооны хэсэгт усалгаа хийх зэрлэг түүх, үр суулгах зэрэг ажлуудыг хийлгэж хөлсийг нь ангид нь тушаадаг. Талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын сүүлээр манай эхнэр Б.Б цэргийн ангиас ганцааранг нь авчирч үр суулгах, усалгаа хийлгэх ажил хийлгэж байсан бөгөөд талийгаачийг манайх гэртээ буюу нөгөө өрөөндөө байлгадаг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

гэрч Ж.Ү-ын “Миний бие байлдагч М.Н-г ангийн байрлалд байхгүй байгааг мэдсэн. Тухайн байлдагчийг хаана байгааг тодруулахад штабын дарга дэд хурандаа Б-гийн мэдэлд байгаа гэж хэлсэн. Би тэр дор нь штабын дарга дэд хурандаа Б-тай холбогдоход би тухайн цэргийг өөрөө мэдэж байгаа орой наад байлдагчийг ангид хүргүүлье гэж хэлсэн... Штабын дарга удалгүй эргэж залгаад миний авч явсан цэрэг 2022 оны 07 дугаар сарын 10-ны орой гарсан гэнэ одоо олдохгүй байна гэхээр нь би тухайн цагдаагийн алба хаагч руу салбарын захирагч дэслэгч У.М-ыг явуулж дахин таниулах ажиллагааг хийлгэхэд тухайн байлдагч мөн болохыг тогтоосон.” гэх агуулгатай мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

гэрч Т.Х-ийн “Манайд талийгаач 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тэр өдрөөс эхлэн таньдаг болсон. Талийгаач манай хажуу талын зэрэгцээ байх эмээгийн гэрт амьдардаг байсан бөгөөд эмээ гэртээ байхгүй байгаа учраас тэнд амьдардаг байсан. Би талийгаачтай орой бүр таардаг байсан, гэр орноор гарч ордог байсан. Анх 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай ээж над руу залгаад намайг хүрээд ир гэж хэлсэн би ээжийн ажил дээр очиход цэргийн ангиас нэг цэрэг авч ажиллуулах гэж байна чи энэ хүүг дагуулж яваад хувцаслаадах гэж хэлсний дагуу би тэр залууг дагуулж яваад “Гандирс” худалдааны төв орж 2 ширхэг бэлтгэлийн өмд 1 цамц, нэг футволка, 2 ширхэг оймс, түрсик 2 ширхэг, 1 ширхэг пүүз зэргийг авч өгч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

гэрч Б.Б-ийн “...Би гэртээ кино үзэж байгаад 00 цаг өнгөрөөгөөд 00-ийн өрөө орсон. Тэгсэн талийгаачийн байдаг өрөөний 00-ийн өрөөний ус гоожиж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь би 00-ийн өрөөнөөс гарч ирээд нөхөртөө Норвоогийн өрөөний 00-ийн ус дарагдсан гоожоод байна тэрийг Норвоод зааж өгөөд ус гоожихыг нь болиулаад ир гэж хэлсэн. Тэгсэн манай хүн нөгөө өрөөнд буюу Норвоогийн өрөөнд орж ирээд ус гоожихыг нь болиулчихлаа харин Норвоо алга байна гэж хэлж орж ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн ...-170 дахь тал/,

гэрч Б.Ц-ийн “...Талийгаач бид хоёр тоосгоны үйлдвэрт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд хамт 15 давхар барилга дээр ажиллаж байсан бөгөөд талийгаачийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний 12 цагийн үед ангиас дуудаад аваад явсан түүнээс хойш талийгаачтай уулзаагүй. ...Штабын дарга, дэд хурандаа З.Б гэдэг хүн дуудсан гээд барилга дээр ажиллуулж байсан нэг ах дагуулаад явсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

гэрч Э.М-ийн “Талийгаачтай хамт 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд хамт шинэ баригдаж байгаа 2 ширхэг 15 давхар барилга дээр 1 өдөр бүтэн 1 өдрийн тал ажилласан. 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед барилга дээр очоод орой 18 цаг өнгөрч байхад бууж анги дээрээ ирж байсан. Тухайн барилга дээр очоод 6 давхар хүртэл нь шатаар паркетан шал зөөж байсан мөн плита зөөж хогийг нь цэвэрлэж байсан. 06 дугаар сарын 20-ны өдөр байлдагч Ц, Отгонбаяр, талийгаач бид 4 бүтэн ажилласан. Маргааш нь буюу 06 дугаар сарын 21-ний өдөр бид 4 ажиллаж байхад 11 цагийн үед ангиас талийгаачийг дуудсан тэгээд талийгаач ганцаараа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

гэрч Г.Б-ийн “Тоосгоны үйлдвэр тоног төхөөрөмж нь эвдрэхээр манай байлдагч нар хармагны үйлдвэр рүү явж мод тарих ажил хийдэг байсан. Талийгаач их явж ажилладаг байсан. Тэгээд 06 дугаар сарын 18-ны өдөр талийгаач ангийн байрлалд очсон... хармагны үйлдвэрийн захирал манай ангийн Штабын дарга руу залгаж талийгаачийг авч ажиллуулмаар байна гэж хэлснийг салааныхаа цэргүүдээс сонссон. Бид хэд талийгаачийг хармагны үйлдвэр дээр ирснийг мэдээгүй байж байгаад сүүлд 7 сарын 1, 2 хавьцаа мэдсэн. Тоосгоны үйлдвэр ажиллаж байхад талийгаачтай хамт Эрдэнэбилэг гэх байлдагчтай хамт ангийн байрлал руу татсан. 15 давхар барилга дээр очиж ажиллахад бол 10 байлдагч ажилласан гэж хэлсэн. Тэгээд хармагны үйлдвэрлэл рүү талийгаачийг ангиас ганцааранг нь явуулсан байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62-64 дэх тал/,

гэрч Г.А-гийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болж шинэчлэгдсэн. Тоосгоны үйлдвэрт ажиллах гэдгээрээ дээрх журмын аж ахуйн ажил гэдэг төрөлд орж байгаа, гэвч ажилд оролцуулахын тулд журмаараа тухайн аж ахуйн нэгж нь Зэвсэгт хүчин жанжин штабт хүсэлт гаргаад түүний дагуу Зэвсэгт хүчин жанжин штабын даргын тушаал гарч байж цэргийн алба хаагчид аж ахуйн ажилд оролцох ёстой...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг Х-сан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амны аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд мөн зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4-т заасан төрийн тусгай албан тушаалд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага хамаарахаар заасан ба шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан нь албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 216-220 дахь тал/, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/429 дугаартай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал/ зэргээр тогтоогдож байх тул төрийн тусгай албан тушаалтанд хамаарч байна.

Үүнээс үзэхэд Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга буюу нийтийн албан тушаалтан болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн /нийтийн албан тушаалтан/ субъектэд хамаарч байна. 

Шүүгдэгч З.Б  Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 73 дугаар зүйл, 73 дугаар зүйлийн 73.14 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь хэсгийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хугацаат цэргийн алба хаагч М.Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангиас зөвшөөрөлгүй гарган, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Г..” ХХК-ийн хармагны талбайд услагаа, үрсэлгээний ажилд “Цэрэг ажиллуулах тухай гэрээ” байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.” гэж заасан.

Шүүгдэгч З.Б-гийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. 

Прокуророос тухайн гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар Х-аж,  5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа учраас улсын яллагчийн саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гаргасан алдаагаа ухаарч байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.     

Шүүгдэгч З.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.      

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан буюу “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”, “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэх хуулиар тодорхойлсон нөхцөл байдлыг хянахаар зохицуулсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл дээрх хуульд заасан шаардлагууд хангагдсан гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч З.Б-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар Хаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б шүүхээс оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Хах нэмэгдэл ялыг оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Өмгөөлөгч И.Оюунгэрэл, Д.Гомбо нарын зүгээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийг гаргуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй учраас хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцаах саналтай шүүх хуралдаанд оролцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасны дагуу шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг, саналын хүрээнд шийдвэрээ гаргасан болно.   

Прокуророос шүүгдэгч З.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 7 хоногийн дотор товлон зарласан. Прокурор яллах дүгнэлтдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ня-гийн мэдүүлгийг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд нэгэнт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусгай журмаар явагдах тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанд дуудах оролцогчийг тодорхойлох, яллах дүгнэлтэд дурдагдсан хохирогч энэ хэргийн оролцогч мөн эсэхийг тодруулах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан гэм буруугийн шүүх хуралдаанаар энэхүү асуудлыг тодруулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ня болон түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл, Д.Гомбо нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангасан болно.

Улмаар өмгөөлөгч И.Оюунгэрэл, Д.Гомбо нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр М.Н-гийн амь хохирсонтой холбоотой хор уршгийн төлбөрт 30,000,000 төгрөгийн баримтыг шүүгдэгч З.Б-гаас гаргуулахаар гаргаж өгсөн ба шүүхийн зүгээс энэхүү хор уршигтай холбоотой хохирол төлбөрийг шүүгдэгч З.Б-гаас гаргуулах нь үндэслэлгүй байна гэж үзэв.    

Учир нь улсын яллагч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Н нас барсан хэрэгт тусдаа ажиллагаа явуулж хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцэж байгаа хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Няг хохирогчоор тогтоогоогүй, З.Б-гийн цэргийн ангиас цэргийг гаргасан үйлдлийг нь нотлох зорилгоор баримт, мэдүүлгүүдийг Н нас барсан гэх хэргээс хуулбарласан, энэ гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол, хор уршиг учраагүй” гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул өмгөөлөгч И.Оюунгэрэл, Д.Гомбо нарын зүгээс хохирогч нас барсан үйлдэлд холбоотой гэм буруутай этгээдээс хор уршгийн төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн З-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар Хаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б шүүхээс оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Хах нэмэгдэл ялыг оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ