Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 197

 

   2019 оны 06 сарын 17 өдөр

        Дугаар 104/ШШ2019/00197

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* М.А /РД:**********, утас:********/

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, ******* Б.Г /РД:**********, утас:********/-д холбогдуулан

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Г, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Г арван жилийн сургуульд байхдаа нэг ангид суралцаж байсан. Харин 2013 оноос илүү дотно харилцаатай болж хамтран амьдрах болсон. Бидний дундаас ******* өдөр охин ******* төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд Б.Г надад гар хүрч, эрүүгийн журмаар шалгагдаж, ял эдэлсэн. Бид энэ хугацаанд эвлэрэх гэж уулзаж, хамтдаа хэсэг хугацаанд амьдарч үзсэн боловч 2018 оны 8 дугаар сараас тусдаа амьдарсан. Учир нь Б.Г хоригдож байхдаа миний дүү нар руу залгаж “...чамайг орцонд чинь байхад хүчиндүүлнэ шүү” гэж дарамталсан учир айгаад гадаад улс руу амьдрахаар явсан.

Харин бид 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ярилцаж тохиролцоод охин *******д хүүхдийн тэтгэлэг төлөх урт хугацааны гэрээ байгуулсан. Би *******ын хувийн байдлыг харгалзаж үзээд сарын 100.000 төгрөгөөр тэтгэлэгийг тогтооё гэж бодсон. Тэрээр гэрээний дагуу Б.Г 2018 оны 11 дүгээр сард дансаар 150.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш гэрээний дагуу хүүхдийн тэтгэлэг өгөөгүй. Иймд Б.Гас гэрээний дагуу 1.200.000 төгрөг гаргуулах, мөн гэрээнд заасны дагуу цаашдаа 18 нас хүртэл сар бүр 100.000 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2 арван жилдээ нэг ангид суралцаж байсан. Би 2008 онд Налайх дүүргийн Эрүүгийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Намайг хоригдож байх хугацаанд М.А эргэж ирдэг байсан. Бид 2014 оноос эхлэн эр, эмийн харьцаатай болж, бидний дундаас ******* өдөр охин ******* төрсөн. Би Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр суллагдаж хамт амьдарсан.

Гэвч бидний зан байдлаас болж цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон. Учир нь 2018 оны цагаан сарын шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд эхнэрийнхээ гэр бүлийнхэнээр явж золголт хийсэн. Маргааш нь би өөрийнхөө өндөр настай эмээ дээрээ очиж золгох гэхэд манай эхнэр ажлын газрынхаа хүмүүстэй өөр тийшээ золголт хийгээд архи уугаад явчихсан. Би энэ үйлдэлд нь их гомдсон. Үүнээс нь болж бидний дунд маргаан болсон. М.А юманд өөрийнхөөрөө зөрүүдлээд, муухай ааш гаргаад байдаг. Би хорих байгууллагаас их хүсэл мөрөөдөлтэй, зорилготой гарч ирсэн боловч намайг их өөр зүйл хүлээж авсан. Намайг хоригдож байх хугацаанд М.Агийн дүү над руу залгаад “Энэ хүүхдээ ирж ав” гэж хэлсэн. Би тэрэнд нь эвгүйцэж, хэдэн үг хэлсэн. Би хэдий тэнд хоригдож байгаа ч гэсэн өөрийнхөө хайртай хүнтэйгээ, охинтойгоо утсаар ярих гээд утас нууцаар ашигладаг байсан. Гэтэл намайг М.Агийн дүү нь надтай хэрэлдчихээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу яриад намайг сахилгын өрөөнд хийлгэж байсан. Мөн М.А “Би чиний эхтэй хамт амьдрахгүй. Чиний ээж архи уудаг” гэж хэлээд явсан. Хэрэв ямар нэгэн зүйл болвол би зөвхөн ээжийгээ л сонгоно. Энэ тухайгаа ч М.Ад хэлсэн. Энэ мэтчилэн зүйлээс болж бид салах болсон.

Бид хүүхдийн тэтгэлэгийг харилцан тохиролцож, сар бүр 100.000 төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулсан. Би уг гэрээг хүлээн зөвшөөрч байна.

Би хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа. Гэрээнд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийг төлж чадаагүй нь үнэн. Би ажилд орох гэж олон газарт анкет бөглөж үзсэн. Би өөрөө худлаа хэлж чаддаггүй учраас ял эдэлж байсан гэдгээ үнэнээр нь хэлдэг байсан учраас өдийг хүртэл тогтсон ажилгүй байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А хариуцагч Б.Гд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Б.Г ******* өдөр төрсөн охин *******ийн  асрамжийн талаар маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэгч М.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцсон учир нэхэмжлэгч М.А охин *******д гэрээнд заасны дагуу сар бүр 100.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Г нар 2013 оноос эхлэн эр эмийн харьцаатай байсан бөгөөд энэ хугацаанд буюу ******* өдөр охин ******* төрж эх М.Агийн нэрийг авч овоглосон.

Одоо охин ******* эх М.Агийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь охин *******ийн №1113000105 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Ачлал Налайх” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-8/

 

Нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Г нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. Иймд зохигчид охин *******ийг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 38 дугаар зүйлийн 38.2..-т “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэж зааснаар ******* өдөр төрсөн охин *******ийг эцэг Б.Гар гэрээнд заасны дагуу сар бүрийн 15-ны дотор 100.000 төгрөгийг 2033 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн хариуцагч Б.Гас төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг 1.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч М.А охин *******д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б.Г зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч Б.Г бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.218 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Гас 69.218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 38 дугаар зүйлийн 38.2.-т заасныг баримтлан ******* өдөр төрсөн охин *******д эцэг ******* Б.Гас сар бүр 15-ны дотор 100.000 төгрөгийг 2033 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Хариуцагч Б.Гас төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* М.Ад олгосугай.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.218 /жаран есөн мянга хоёр зуун арван найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Гас 69.218 /жаран есөн мянга хоёр зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС