| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/30 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/30
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч М.А,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн М-ын А-д холбогдох 2328000150027 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
М овгийн М-ын А ...........
Шүүгдэгч М.А нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 25 дахь километрт 14-49 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад, М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, 83-84 ӨМА улсын дугаартай “Митсубиши пажеро” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.А-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Цогтцэций сумаас Даланзадгад руу явж байхдаа 83-84 ӨМА улсын дугаартай “Митсубиши пажеро” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж аймгийн цагдаагийн хэлтэст ирсэн. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн. Хохирогчийг эмнэлэгт байхад хохирол төлбөрт 3,550,000 төгрөг төлсөн. Үүнээс эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг, хохирогчид өөрт нь бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн, мөн ижил загварын 7,500,000 төгрөгийн үнэлгээтэй машин авч өгсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би түр хугацаагаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг нүүрсний замын 2 дахь километрт хувийн компанид туслахаар ажиллаж байсан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн эзэмшлийн 83-84 ӨМА улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Цогтцэций сумаас Даланзадгад сум руу ганцаараа явсан. Би явж байгаад аймгаас 30 орчим километрт машинаа зогсоож бие засчихаад хөдлөөд явж байхад араас цэнхэр өнгийн приус маркийн машин ирж байгаа харагдсан. Би машиныг харчихаад хажуугаар гарах нь дээ гэж бодоод явж байхад л тас буугаад явчихсан нэг мэдэхэд хөл, гар янгинаад машин дотроо сууж байсан хөдлөх гэсэн хөдөлж болдоггүй тэгж байхад 2 залуу хүрээд ирсэн. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудах тухай ярьж байсан. Тэгсэн намайг мөргөсөн гэх залуу хүрээд ирсэн. Тэр залуу бас нэлээд балмагдсан байх шиг байсан. Хэсэг хугацааны дараагаар эмнэлэг хүрээд ирсэн. Намайг машины кабинаас гаргаад эмнэлгийн машинд оруулах гэсэн болохгүй байсан чинь араас ирсэн приустэй залуу миний машинд суулгачих би эмнэлэг хүргээд өгье гэж хэлсэн. Би тэр танихгүй залуугийн машинд суугаад эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт ирээд өвчин намдаах хийгээд хэд хэдэн рентген зураг авсан. Тэгээд гуяны дунд чөмөг, баруун гарны дунд чөмөг, баруун шуу зэргийг хугарсан байна гэж хэлсэн. Намайг шууд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Уг ослоос болж миний зүүн хөлийн дунд чөмөг, баруун гарын дунд чөмөг, шуу зэргүүд хугарсан байна гэж хэлсэн. Одоо биеийн байдал тааруухан байна... Эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилнэ. Яг одоо хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Мөн машиныг засах ямар ч аргагүй болсон байгаа... Миний машин засвар авахад бэрх болсон байсан учраас намайг мөргөсөн залуугийн зүгээс миний унаж байсан машинтай ижил оны адилхан машин авч өгсөн байгаа. Гомдол санал байхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/
Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажлаар явсан. Цогтцэций суманд очиж байшингийн кадастр хийчихээд 15 цаг өнгөрч байхад Даланзадгад сум руу “Приус-30” загварын машинтай ганцаараа гарсан бөгөөд Даланзадгад сумаас 25 километрт явж байхдаа машиндаа тамхи татаж байгаад тамхины үнсээ цонхоороо хаях үед цонхоор хаясан тамхины үнс эргэж хийсээд миний нүд рүү орсон. Би нүдээ дараад доошоо тонгойгоод эргээд харах үедээ өмнөө явсан машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би осол гаргачихаад машинаас буугаад ирэхэд хамаг юм дайвалзаад бие сонин болж байсан. Тэр үед ард явж байсан “Приус-20” загварын машинтай хоёр залуу ирээд хажууд зогсоод намайг түшиж авсан. Тэгээд удаагүй миний бие зүгээр болоод тэр хоёр залуугийн хамтаар мөргүүлсэн машин дээр очиход машинд жолооч ах ганцаараа ёолоод сууж байсан. Ахыг машинаас гаргах гэсэн чинь гар, хөл нь өвдөөд байна гээд машинаас бууж чадахгүй байсан. Тэр үед хажууд ирж зогссон 2 залуугийн 1 залуу нь эмнэлэг рүү залгаад осолд орсон ахын гар хөл нь хугарсан юм шиг байна хөдөлгөж болох уу гэсэн чинь эмнэлгээс одоо удахгүй очно түр хөдөлгөхгүй хүлээж бай гэж хэлсэн. Удаагүй түргэн ирсэн. Би бас тэнд ирсэн 2 залуугийн нэгний дугаараар нь цагдаагийн газарт осол болсон талаар мэдэгдсэн. Тэгээд би түргэний машинд суугаад явж байхад цагдаа өмнөөс ирсэн. Цагдаагийн алба хаагч нар эмнэлгийн машиныг зогсоогоод намайг драгер багажаар үлээлгэж шалгаад эмнэлгийн машинаар явуулсан. Нөгөө машины буюу осолд ордог ахыг эмнэлгийн машинд суулгах гэсэн чинь гар хөл нь хугархай болохоор өндөрдөөд байсан учраас зам дээр ирж зогсож тусламж үзүүлсэн 2 залуугийн машины арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг рүү явуулсан. Миний жолоодож явсан 14-49 дах улсын дугаартай автомашиныг 2022 оны 07 дугаар сард Дарханд байхдаа хувь хүнээс худалдаж аваад унаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан хотод байдаг “ТБ Авто финанс” ББСБ-н нэр дээр шилжүүлж 4,200,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан... Би ахын эмчилгээний зардалд 3,550,000 төгрөг өгсөн. Машиныг засуулах гэхэд засвар авах боломж муу байсан учраас ахын унаж байсан машинтай адилхан машин 7,500,000 төгрөгөөр авч өгсөн.” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Н-н биед баруун атгаал, шуу, зүүн дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2012 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: “Эвдэрсэн эд анги, зардлын нэр урд амортизатор 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 156,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, баруун урд дохио, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 30,000 төгрөг /солих/, радиаторын дээд хаалт, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 20,000 төгрөг /солих/, илүүдлийн сав, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 30,000 төгрөг /солих/, лонжромны толгой 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг /солих/, капутны цоож, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 45,000 төгрөг /солих/, урд буфер, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 650,000 төгрөг /солих/, урд салхины шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 350,000 төгрөг /солих/, баруун урд гэрэл, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 250,000 төгрөг /солих/, баруун урд буферийн тогтоогч зам, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, дээд, доод буферийн сетка, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 220,000 төгрөг /солих/, урд буферийн хөөсөнцөр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 30,000 төгрөг /солих/, урд буферийн дотор төмөр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, буферийн нэмэлт гэрэл 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 60,000 төгрөг /солих/, урд под крыло, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 260,000 төгрөг /солих/, капут, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 300,000 төгрөг /солих/, капутны нугас 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, ком радиатор, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 300,000 төгрөг /солих/, урд карказ, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 280,000 төгрөг /солих/, усны сав, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, баруун урд гурвалжин шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, жолооч ослын дэр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, зорчигч ослын дэр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг /солих/, аюулгүйн бүс 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /солих/, хөдөлгүүрийн хуванцар хаалт, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 20,000 төгрөг /солих/, улсын дугаар, хүрээ, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 45,000 төгрөг /солих/, агаар шүүгч, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, агаарын хоолой, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, цахилгаан помп, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /солих/, баруун урд крыло, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 300,000 төгрөг /солих/, элгэвч, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, баруун урд лонжром, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 315,000 төгрөг /засах/, зүүн урд лонжром, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 245,000 төгрөг /засах/, баруун урд шанаа, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 185,000 төгрөг /засах/, баруун салхины шилний хажуу багана, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 55,000 төгрөг /засах/, зүүн урд крыло, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 75,000 төгрөг /засах/, кузовын гажаа гаргах, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 250,000 төгрөг /засах/, будах зардал эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 910,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн: 6,561,000 төгрөг, 700 грамм будаг, туслах материал, лак, эвдрэлийн зэрэг өнгө гаргах, үнэлгээ 140,000 төгрөг /материалын үнэ/, эд анги солих, 350,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг тохируулах /ажлын хөлс/, шууд бус зардлын дүн: 490,000 төгрөг, нийт дүн: 7,051,000 төгрөг” /хавтаст хэргийн 40-43 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2018 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: “Эвдэрсэн эд анги, зардлын нэр зүүн урд амортизатор, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 58,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, баруун урд амортизатор, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 58,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, зүүн хойд амортизатор, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 58,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, дан кузов, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 1,200,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, баруун под крыло, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, амортизаторын пүрш 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 60,000 төгрөг /солих/, зүүн урд 5 бул, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, татуурга хойд 4 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 160,000 төгрөг /солих/, баруун хойд гэрэл, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, зүүн хойд гэрэл, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, зүүн хойд заалны шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, баруун хойд заалны шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, зүүн хойд хаалга, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, баруун хойд хаалга, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, хойд буфер, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 220,000 төгрөг /солих/, таазны салон, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 120,000 төгрөг /солих/, багажны хаалга, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, баруун урд хаалга, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 45,000 төгрөг /засах/, зүүн урд хаалга, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 40,000 төгрөг /засах/, будах зардал, эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 850,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн: 3,979,000 төгрөг, 1000 грамм будаг, туслах материал, лак, эвдрэлийн зэрэг өнгө гаргах, үнэлгээ 200,000 төгрөг /материалын үнэ/, эд анги солих 550,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг тохируулах 50,000 төгрөг /ажлын хөлс/, шууд бус зардлын дүн: 800,000 төгрөг, нийт дүн: 4,779,000 төгрөг” /хавтаст хэргийн 47-49 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт №1 a “Prius-30” загварын 14-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М овогтой А нь М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт №2 б/. Жолооч М.Агийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Хариулт №3 в/. 83-84 ӨМА улсын дугаартай “Mitsubishi рајего” загварын автомашины жолооч Будбазар овогтой Н нь М Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Асуулт №4 г/. “Prius-30” загварын 14-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М овогтой А нь М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. дахь заалтыг зөрчсөнөөс гарсан байна. Асуулт №5 д/. Шинээр нөхцөл байдал илрээгүй” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-15 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.А нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 25 дахь километрт 14-49 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад, М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, 83-84 ӨМА улсын дугаартай “Митсубиши пажеро” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2012 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2018 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-15 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт №1 a “Prius-30” загварын 14-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М овогтой А нь М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, гэсэн заалтыг зөрчсөн байна... Асуулт №4 г/. “Prius-30” загварын 14-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М овогтой А нь М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. дахь заалтыг зөрчсөнөөс гарсан байна...” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч М.А-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.А нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч М.А нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндийг хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч М.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Аг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн биед баруун атгаал, шуу, зүүн дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/-ээр, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 7,051,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2012 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн эмчилгээнд нийт 3,550,000 төгрөг, мөн 7,500,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл худалдан авч биет байдлаар автомашинд учирсан хохирлыг барагдуулж, нийт 11,050,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 81-82 дахь тал/ болон хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний машин засвар авахад бэрх болсон байсан учраас намайг мөргөсөн залуугийн зүгээс миний унаж байсан машинтай ижил оны адилхан машин авч өгсөн байгаа. Гомдол санал байхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч М.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.А-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-д эмчилгээний зардалд нийт 3,550,000 төгрөг, мөн 7,500,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл худалдан авч биет байдлаар автомашинд учирсан хохирлыг барагдуулж, нийт 11,050,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн М-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-д нийт 11,050,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ