| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
2023 02 01 2023/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Р.Мягмардорж,
хохирогч: Т.А,
шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.12.19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Баянхошуу 00-000 тоотод түр оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**000000/ Б овогт Гын Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Баянхошуу 00 дүгээр гудамж 000 тоотод байрлах гэрийнхээ хашаанд иргэн Т.Аг зүүн гуя хэсэгт нь хутгалж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8/
- Г.Ггийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж хутга хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15/
- Хохирогч Т.А0гийн “2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Баянхошууны 00-000 тоотод байрлах Г0гийн гэрт Ггийн эхнэр, манай найз З, Гг бид 4 “Их монгол” нэртэй 0.75 литрийн архи уугаад сууж байтал Г над руу томроод “аятайхан байгаарай чи муу” гэж агсам тавиад гал тогооны шүүгээнээсээ ногоон өнгийн хутга аваад миний зүүн гуя хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд З, Ггийг салгаж аваад намайг түшээд бид хоёр гудамжинд гараад цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /х.х-23-24/,
- Гэрч Д.Бгийн “...хамтран амьдрагч Г.Г мөн Т.А, З нарын хамт 0.75 литрийн Хамаг Монгол нэртэй архи уугаад сууж байтал Т.А нь орон дээр байсан гар утсыг авчихаад өгөхгүй байсан. Түүнээс болоод манай хамтран амьдрагч Г.Г, Т.Агийн халааснаас хүчээр миний гар утсыг авч өгөөд З, А хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд удалгүй А манай хашааны үүдэн дээр шээгээд байхаар нь Г.Г төмс арилгаж байсан ногоон өнгийн хутгыг аваад гарсан тэгээд удалгүй ороод ирсэн” гэх мэдүүлэг /х.х-32/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12442 дугаартай “Т.Агийн биед зүүн гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-35-36/,
- Яллагдагч Г.Ггийн “2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Баянхошуу 00-000 тоотод хамтран амьдрагч Бгийн хамт байж байтал 19 цагийн орчимд зүс таних залуучууд болох Т.А, З нар орж ирээд бид нар "Хамаг Монгол" гэх нэртэй 0.75 литрийн савлагаатай архи уугаад сууж байтал А манай эхнэрийн утсыг халаасандаа хийчихээд өгөхгүй байхаар нь би маргалдаж байгаад хүчээр халааснаас нь авсан. Тэгээд А, З нар манай гэрээс гараад хашааны үүдэн дээр шээгээд байхаар нь би хутга аваад араас нь очоод айлгах санаатай зүүн хөл рүү нь хатгасан. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /х.х-46-47/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Баянхошууны 00 дүгээр гудамж 000 тоотод байрлах гэртээ 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Т.А, З, хамтран амьдрагч Д.Б нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба шөнийн 22 цагийн орчимд Т.А нь Д.Бгийн гар утсыг халаасалчихаад өгөхгүй байхаар нь хэрүүл маргаан үүссэн бөгөөд Г.Г нь Т.Агийн халааснаас гар утсаа хүчээр авч, З, Т.А нарыг гэрээсээ хөөж гаргасан, З, Т.А нар нь “хашааны үүдэн дээр шээлээ” гэх шалтгаанаар ногоо арилгаж байсан гэх хутгаа авч очин хашаан дотроо иргэн Т.Аг зүүн гуя хэсэгт нь хутгалж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 12442 дугаартай дүгнэлт, Г.Ггийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Ггийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хувийн сэдлтээр, шууд санаатайгаар хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд зэвсэг хэрэглэн халдсаны улмаас хүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ггийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Г.Г нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Т.А нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Г.Ганзоригоос шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шалгагдаж байх хугацаанд хохирогч Т.А нь хохирол нэхэмжилнэ гэсэн боловч баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд эм тарианд 656300 төгрөг зарцуулсан баримт гаргаж өгсөн, мөн Т.Ад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, мэс ажилбар хийж, шарханд оёо тавьсан ажилбарт 262000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь баримтаар /хх-55-56/ нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогчийн нэхэмжилж буй хохирол төлбөрийг барагдуулах боломж хүсч 5 хоногийн завсарлага авах тухай хүсэлтийг гаргасныг хангаж шүүх хуралдааныг завсарлуулахад шүүгдэгч Г.Г нь хохирогчийн хохирол төлбөрт 200000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Г.Ггоос нийт 718300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд 262000 төгрөгийг, хохирогч Т.Ад 456300 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-59/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-63-64/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Г нь шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, ял шийтгэлгүй болсон байх тул түүний ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Г.Г нь баримтаар нотлогдсон хохирол төлбөрөөс төлөхөөр завсарлага авч зохих хэмжээгээр төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо. Харин гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хохирол төлбөрөө 1 сарын дотор төлнө” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Шүүх дээрх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, удаа дараа мэдүүлсэн, мөн Г.Ггийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ял оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу тооцоход Г.Ггийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 1 хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн 284 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Гын Ггийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бо овогт Гын Гт 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Ггийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг 16 /арван зургаан/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож түүнд оногдуулах 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн 284 /хоёр зуун наян дөрвөн/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Ггийн хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Т.Ад 200000 төгрөг хүлээлгэж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Гоос нийт 718300 төгрөгийг гаргуулж 262000 /хоёр зуун жаран хоёр мянган/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж, 456300 /дөрвөн зуун тавин зургаан мянга гурван зуун/ төгрөгийг хохирогч Т.Ад олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд хэрэглэсэн хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс устгахаар шийдвэрлэсэн 1 ширхэг хутгыг Шүүхийн тамгын газарт шилжүүлэн өгч, баримтыг Г.Гт холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Г.Гт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ