| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00674/И |
| Дугаар | 674 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 674
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 104/ШЗ2019/00674 | Улаанбаатар хот |
Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч Ж.Г хариуцагч О.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан “Хүүхдийн асрамжийн талаар дахин шинжээч томилох тухай” хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай хүсэлтийн дагуу Г.Хг хэний асрамжинд үлдэх эсэх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилсон. Уг шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй, нэхэмжлэгч, хариуцагч болон хүүхдээс хэдэн тест бөглүүлэх замаар дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай байна.
Шинжээч нь хүүхдээс асуулт асууж тест бөглүүлэхдээ одоо амьдарч байгаа газар болох аавынх нь хажууд тест бөглүүлэхээр мэдээж ээжийнхээ талаар сөрөг зүйлүүдийг бичсэн байна.
Нэхэмжлэгч талаас Г.Хг аав дээрээ байхдаа ямар ямар үйлдэл гаргаж байна, хэр их нээлтэй байна, аливаа зүйлд хандахдаа ямар байдлаар хандаж байна гэх мэт зүйлүүдийг хөндлөнгийн мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах гэж шинжээч томилуулсан. Мөн Г.Хг тодорой хугацааны туршид ээжийнх нь асрамжинд байлгаж 2 дүү болон ээж дээрээ амьдрахад түүний зан араншин хэрхэн өөрчлөгдөж байна ямар ямар үйлдэл гаргаж байна гэх мэт зүйлүүд дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Иймд дахин шинжээч томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Г тайлбартаа: Г.Х өөрийн хүсэлтээр аав дээрээ амьдрах хүсэлтэй. Харин ээжийнхээ асрамжинд байх хүсэлгүй. Учир нь Ж.Г хүүтэйгээ утсаар ярьж, уулздаггүй. Би хүүгээ 2 хүүтэй нь уулзуулахаар жилд 2-3 удаа явуулдаг. Очихоор нь ээж нь үнсэж, ярьж хөөрдөггүй гэсэн. Харин яах гэж аавруугаа явсан юм гэдэг. Иймд дахин шинжээч томилуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* том хүү Г.Хгийн асрамжийн талаар маргаж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан.
Хариуцагч О.Г дахин шинжээч томилуулах хүсэлтийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх Ж.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид нэхэмжлэлээс хүү Г.Хгийн асрамжийн асуудлаар маргаж байгаа тул шүүх нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч О.Г нарын зан суртахууны талаар буюу хүүхэдтэйгээ ямар харилцаа холбоотой байдаг болон хүүхдийн өсөж торинох орчин, амьдрах нөхцөл бололцоог хэн хэрхэн хангасан, хүүхдийн хүмүүжил, боловсрол, эрүүл мэндэд анхаарал халамж тавьдаг, хүүхдийн эрүүл мэндийн, сэтгэл санааны гэм хор учруулж байсан эсэх, хүүхэд эцэг, эхийн хэнийх нь асрамжид байх санаа зориг байгаа, одоо хаана хэнтэйгээ амьдардаг, гэр бүлээс тусгаарлагдсан эсэх шалтгаан нөхцөл, хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаас гадна сэтгэл зүйн болон амьдрах нөхцөлд үнэлгээ өгсөн, тусгай мэдлэг шаардагдсан баримтаар тогтоогдохоор байна.
Иймд тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх, үүрэг бүхий байгууллагаар дээрх нөхцөл байдлын үнэлгээ гаргуулах нь зүйтэй гэж үзэж, шинжээчээр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв.
Шүүгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу шинжээчид захирамжийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн 21.4., 21.5. дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулна.
Хэрэгт ашиг сонирхолын зөрчилгүй гэсэн шинжээч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлтээ гаргахдаа байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй болно.
Мөн шинжээч нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх үүрэгтэй танилцаж, ИХШХШТ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан журмыг баримтлан холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлтээ гаргахдаа шаардлагатай баримт материалыг зохигчдоос шаардан авч болох бөгөөд шүүхээс тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулахаас гадна зайлшгүй тодруулбал зохих ажиллагааг хийж дүгнэлтийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихийн зэрэгцээ ямар баримт материалуудыг шинжлэн судалсан, шинжилгээ хийсэн арга, хэлбэрийн тухай танилцуулга, тэмдэглэлийг хавсарган тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгав.
Шинжээч нь шүүхийн тогтоосон хугацаанд дүгнэлтээ гаргах боломжгүй тохиолдолд тус шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүн таслах ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулбал хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхийг дурдав.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 80 дугаар зүйлийн 80.1., 80.1.8., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн “Хүүхдийн асрамжийн талаар дахин шинжээч томилох тухай” хүсэлтийг хангаж, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг шинжээчээр томилсугай.
2.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн 21.4., 21.5. дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулахыг заасугай.
3.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т заасныг баримтлан шинжээч шаардлагатай баримт материалыг зохигчдоос шаардан авч, шүүхээс тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулж, тодруулбал зохих ажиллагааг хийж дүгнэлтийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихийн зэрэгцээ дүгнэлтэд ямар баримт материалуудыг шинжлэн судалсан, шинжилгээ хийсэн арга, хэлбэрийг тусган тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасугай.
4.Шинжээч нь шүүхийн тогтоосон хугацаанд дүгнэлтээ гаргах боломжгүй байгаа тохиолдолд тус шүүхэд мэдэгдэх, хэрэв шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүн таслах ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулбал хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8. дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсүгэй.
6.Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС