| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/0123/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
2023 02 03 2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: П.Э,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэргийг 2023.01.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл-7 эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Нуурын 0-00В тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Очирваань овогт Бгийн Д нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногооны зоорин дотор 2022 оны 10 дугаар сарын 13-ны оройн 20 цагийн орчимд иргэн Д.Мтай “ачаа ачих” асуудлаар маргалдан нүүр лүү нь цохиж унаган нүүр болон бие рүү нь өшиглөсөн ба тухайн зодооныг салгасны дараа ******* нь зоориноос гарч 00-00 УАЕ улсын дугаартай ачааны автомашинаа асаан, түүнийг явуулахгүй гэсэн хохирогч Д.Мын хөлөн дээгүүр автомашинаараа гарсны улмаас түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл /хх-3/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/,
- Хохирогч Д.Мын: “Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон зоорь нь дээр хувиараа гуршикын ажил хийдэг юм. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байхад оройн 20:00 цагийн үед ******* гэдэг хүн өөрийн эзэмшлийн 00-00 УАЕ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй хүнсний ногоо ачих гэж ирсэн. Тэгээд зоорь нь дотор ******* бид хоёр машинаар рейс хийхээс болж хоорондоо маргалдсан. Би *******ийг машинаараа 2-3 удаа ачаа ачаад рейс хийгээд өг гэхэд ******* амжихгүй чадахгүй гээд хоорондоо маргалдахад ******* намайг унагаагаад миний бие рүү хэд хэдэн удаа өшиглөсөн мөн миний зүүн талын нүд рүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл тэнд байсан *******ийн хүүхэд нь болон хамт байсан хүмүүс салгасан. Тэгээд ******* зоориноос гараад машинаа асаагаад явах гэхээр нь би явуулахгүй гээд машиныхан урд зогсоход чигээрээ авсан. Би хажуу тийшээ болоод газар унасан тэгтэл машины зүүн талын хойд дугуйнд миний баруун талын хөл дээгүүр гараад явсан. Тэгээд цагдаа дуудсан. Би *******ийг машинаараа ачаа ачаад 2-3 удаа рейс хийгээд гэхэд чадахгүй гээд надтай маргалдсан. Энэ асуудлаас болж маргалдсан. Зоорь нь дотор байхад ******* нүүр лүү цохиж газар унагаагаад бие болон гуя хөл хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд зүүн талын нүд рүү мөн нэг удаа өшиглөхөд нүд нэг сонин болоод явчихсан. Тэгээд ******* явах гэхээр нь явуулахгүй гээд хааж зогсоход чигээрээ явсан ба би хажуу тийшээ болохдоо унасан. Тэгтэл уг тээврийн хэрэгслийн зүүн талын хойд дугуй миний баруун талын өвдөг дээгүүр гараад явсан өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би *******ийг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед ******* болон *******той хамт явж байсан 3 хүн байсан. Намайг *******оос өөр цохисон хүн байхгүй. Хамт явж байсан хүмүүс нь салгасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр аваагүй. Намайг эмнэлгээс гарахад ******* эмчилгээний мөнгө гээд 500000 төгрөгийг бэлэн өгсөн. Тэрний дараа эмчилгээний баримтаар гарсан төлбөрөөс 1200000 төгрөгийг өгсөн. Одоо надад цаашдаа нэхэмжлэх эд зүйл байхгүй тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Би нийт 1700000 төгрөгийг хүлээн авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-10-13/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 14353 дугаартай “Д.Мын биед баруун өвдөгний үений дотор хагас саран жийргэвчийн урагдал, гуяны гадна өргөн булчингийн ширхгийн урагдал, урд чагтан холбоос, тойгны даруулган холбоос, дотор холбоос, гуяны хоёр толгойт булчин- шөрмөсний суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, баруун өвдөгт шарх, зулгаралт, зүүн тохой, ууц, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-23-25/,
- Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-26, 27/,
- Гэрч Д.Дын: Би ногоон зоорины агуулахад аав Д болон хамаатны ах Т нарын хамт очсон. Тэгээд ногоо зөөж дуусаад явах гэтэл М гэх ах аавыг “ачаа зөөгөөд өг” гэхэд аав “би ядраад байна, харьж амарлаа” гэхэд М ах аавыг “сүртэй гөлөг” гэж хэлээд хоорондоо маргаад зууралдаж авсан бөгөөд би дундуур нь орж салгасан юм. Тэгээд М гэх хүн зоориноос гарсан, аав араас нь гарсан. Би гадаа гарахад М гэх ах газар суусан байсан, би юу болсон гэж асуухад аав машинаараа М гэх хүний хөл дээгүүр нь гарчихлаа гээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-16-17/,
- Гэрч Т.Тны “...ногоон зооринд хамаатны ах Д болон түүний хүү Д нарын хамт очиж ногоо буулгасан юм. Оройн 20 цагийн үед ногоогоо буулгаж дуусаад гарах гэтэл грузчик хийдэг мөнхбаяр хүрч ирээд Д ахыг “ногоо зөөгөөд өг” гэхэд Д ах “гэр лүүгээ явлаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад эхэлсэн ба мөнхбаяр газарт унахад дэлгэрбаяр бид хоёр “боль” гээд салгасан. Д ах зоориноос гараад явахад араас нь М гарсан. Бид нар араас нь гарахад Д ах Мын хөл дээгүүр машинаараа гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-19/,
- Яллагдагч *******ийн: “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон зооринд очиж ногоо буулгасан. Д.М хүрч ирээд “ачаа ачаад өгөөч” гээд гуйхаар нь “завгүй байна, өнөөдөр эрт гэртээ харьж маръя” гэж хэлэхэд Д.М “чи юу сүртэй хар гөлөг бэ” гээд бид хоёр маргалдсан. Д.Мын нүүр рүү гараараа цохиход газарт унасан .Тэр үед би Д.Мын бие болон нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. ...Тэгээд би зоориноос гараад машиндаа суугаад хөдлөөд явах гэхэд Д.М гарч ирээд машины зүүн талын толиноос татаад унасан. Би тухайн үед анзаараагүй, машин Д.Мын баруун талын өвдөг дээгүүр гарчихсан. Би шууд машинаа зогсоогоод 103-т дуудлага өгсөн. Д.Мт хохирлын мөнгө гэж 1700000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /х.х-39/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар хохирогч Д.М “ачаа ачаад өг” гэхэд нь “чадахгүй” хэмээн маргалдаж, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас уурлан хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, Д.Мыг цохиж унаган нүүр, бие хэсэгт нь өшиглөх зэргээр зодсон, зоориноос гараад Д.Мын хөлөн дээгүүр автомашинаар дайрч гарсны улмаас түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь “автомашинаа асаагаад хөдлөхдөө Д.Мыг хараагүй” хэмээн мэдүүлсэн нь хохирогч Д.Мын мэдүүлэг, шуурхай дуудлагын хуудас, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс оношилгооны шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар няцаагдаж байна.
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Д.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 1700000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, баримт гаргаж өгөөгүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Шүүгдэгч *******а нь өнөөдрийн байдлаар бусдад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь урьд Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 57 дугаартай магадлалаар түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийгбүлэглэн үйлдсэн, ойн тухай хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-41/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар, суллагдсан талаарх тодорхойлолт /х.х-67-80/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс урьд оногдуулсан ялыг эдэлж дуусгасан, ялгүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж гомдолгүй болгосныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч ******* нь хүний эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэж халдсан үйлдэлдээ механикжсан тээврийн хэрэгслийг зэвсгийн чанартай хэрэглэснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 10 сарын хугацаанд 10 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Бгийн Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Бгийн Дд 2500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д шүүхээс оногдуулсан 2500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд 10 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Мт 1700000 төгрөг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Мын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээ шинжилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ