Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

2023          02          03                                      2023/ШЦТ/166

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2023.01.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-д модон байшин барьдаг ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Алтан-Өлгий 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Монцементын аж ахуйн хашаанд оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**000000/ Б овогт Зын Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Б 00-00 тоотод амьдрах эгч Х.Бийн гэрт түүний хүргэн ах Дийн найз гэх О.Бтай хамт архи ууж байгаад О.Быг өшиглөж унагаан, гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, зодон түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Шуурхай дуудлагын хуудас /хх-2/,

- *******ын согтуурлыг драгер багажаар шалгахад “2.68” гэх үзүүлэлтэй байсан талаархи тэмдэглэл, гэрэл зураг /хх-4/,

- Хохирогч О.Бын “...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед өөрийн найз Дийн хамт гэрт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо баян-турууны 00-00 тоотод очсон юм. Тухайн үед замдаа дэлгүүрээс 0.5 литрийн Ервел нэртэй архи аваад гэрт нь очиж ууж байгаад унтсан. Тэгээд намайг унтаж байтал манай найзын хадам дүү болох Д нь дэлгүүрээс архи авчирсан бололтой гэрт нь орж ирсэн. Тэгэхэд авчирсан архийг нь хамт хувааж ууж байгаад гэрээс нь гарч хамт нойл орохоор болоод гэрээс нь гарсан юм. Тухайн үед бид хоёр гэрээс нь гараад нойл орчихоод эргээд гэр лүү нь алхаж байтал гэнэт Д нь миний баруун хөлийг өшиглөж намайг газарт унагаагаад дээр гарч суугаад миний зүүн нүд рүү баруун гараараа цохиод зодож байсан юм. Уг үйл явдлыг хараад манай найз Д гүйж ирээд салгах гэтэл дүү нь надаас салахгүй үснээс зулгаагаад зодоод байсан. Тэгээд би эгч ирээд дөнгөж салгахаар нь “болъё дүү” гэж гуйж байгаад салахад тэдний төрсөн эгч Б цагдаагийн байгууллагад хандсан. ...миний биеийн толгойн үснээс зулгаагаад байсан. Өөр хашаа цохиж зодсоныг сайн санахгүй байна. Одоогоор миний зүүн нүд хавдаж, толгой янгинаж өвдөж байна” гэх мэдүүлэг /х.х-8-9/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14863 дугаартай “О.Бын биед зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салст, сарвуунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /х.х-17-18/,

- Яллагдагч *******ын “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /х.х-69-70/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Баян турууны 00-00 тоотод амьдрах эгч Х.Бийн гэрт түүний хүргэн ах Дийн найз гэх О.Бтай хамт архи ууж байгаад “гэрт нь шүлсээ хаясан” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан түүнийг өшиглөж газарт унагааж гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч О.Бын “...миний баруун хөлийг өшиглөж намайг газарт унагаагаад дээр нь гарч суугаад миний зүүн нүд рүү  баруун гараараа цохисон” гэх мэдүүлэг /х.х-8-9/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14863 дугаартай дүгнэлт /хх-17-18/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь танхайн сэдэлтээр, шууд санаатайгаар О.Быг газар унагааж нүүр лүү нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч О.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг О.Баас шаардах эрхтэй байна.

            Хохирогч О.Б нь “гомдол санал байхгүй, хохирол төлбөрт 300000 төгрөг авсан” гэж хүсэлт гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Шүүгдэгч ******* нь өнөөдрийн байдлаар бусдад төлбөргүй байна.

            Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 3 удаа шийтгүүлж байсан болох нь

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 296а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-27/, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-73-81, 91-96/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс урьд оногдуулсан ялыг эдэлж дуусгасан, ялгүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

            Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өөрийн санаачилгаар хохирогч О.Бт учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцно.  Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

            Шүүх дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, бусдад төлбөргүй болсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож шийдвэрлэлээ.

             Мөн шүүгдэгч ******* нь өөрийгөө “архи согтууруулах ундааны зүйлийн хамааралтай” гэж тайлбарлаж байгааг болон 2022.03.03-нд ял шийтгүүлэхдээ согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Зын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Зын Дд 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 300000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь бусдад төлбөргүй болсныг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар *******д энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ