| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/169 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
2023 02 03 2023/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Б.Энэрэл,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2300000000000 тоот хэргийг 2023.01.27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Нарангийн гол 000-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Я овогт Вийн Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо толгойт 000-00 тоотод хамтран амьдрагч эхнэр Н.Стэй маргалдаж, үснээс нь зулгаах, гар утсаа шидсэний улмаас нүүрэн тус газарт нь онож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-1-2/,
- Хохирогч Н.Сгийн өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нь ажил дээрээ байхдаа миний бие хамтран амьдрагч Ганбаатартай чатаар хөдөө явуулахгүй гэх шалтгаанаар маргалдсан. Тэгээд би орой 22 цагийн үед ажлаа тараад таксигаар Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Нарангийн гол 000-00 тоотод буюу гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч Г байгаагүй харин 14 настай охин А маань гэртээ байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Га усанд яваад ирлээ гээд бага зэрэг халамцуу орж ирсэн ба би таксинд утсаа үлдээчихсэн байсан. ...би санаанд ч ороогүй Ганбаатарын утсыг нь аваад чат руу нь ортол өөр эмэгтэйтэй чаталж сайхан бүсгүй минь, найз минь гэх зэргээр харилцсан байсан. Тэгээд би уурлатал над руу зөрж уурлаж улмаар намайг зодож эхэлсэн ба гар утсаа хэд хэдэн удаа шидсэн. Тэгээд сүүлд миний баруун нүд рүү оноход цус гарч юм харахаа болиод улмаар охин маань болиулсан. Ингээд би хэд хэдэн удаа цагдаа эмнэлэг дуудах гэхэд утасгүй шөнө дунд таксины мөнгө байхгүй учир чадаагүй. ...Үс маань Г татсаны улмаас халцарсан, өөрөөр гэмтэл одоогоор байхгүй. Эхлээд гараараа үсдсэн, тэгээд тавиулангуут эд зүйл шидсэн ба гар утсаа шидэж намайг оносон” гэх мэдүүлэг /х.х-7-8, 11/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16208 дугаартай “Н.Сийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн чамархайд үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-18-19/,
- Яллагдагч *******ын өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-92-93/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 27-ны 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо толгойт 000-00 тоотод эхнэр Н.Стэй маргалдаж, үснээс нь зулгаах, гар утсаа шидсэний улмаас нүүрэн тус газар онож түүний бие махбодид “баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн чамархайд үсний халцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч Н.Сгийн мэдүүлэг /х.х-7-8, 11/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16208 дугаартай дүгнэлт /х.х-18-19/, яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хэргээс үзэхэд гэмт хэрэг үүссэн шалтгаан нөхцөл нь хохирогч Н.С нь шүүгдэгч *******ын гар утсанд нэвтэрч фэйсбүүк чатыг нь шалгаж, хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдэлтэй холбоотой болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэдийгээр хохирогч Н.С, шүүгдэгч ******* нар нь 2022 оны 6 дугаар сараас хойш гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч нар мөн болох нь баримтаар тогтоогдож байх боловч энэ нь хуулиар хамгаалагдсан хүний хувийн нууцад хамаарах захидал харилцаанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр халдаж, шалгахыг зөвшөөрөх үндэслэл болохгүй юм.
Иймд шүүгдэгч ******* нь гэнэт үүссэн шууд санаатайгаар Н.Сгийн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байх тул *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
- Хохирогч Н.С нь “миний хамтран амьдрагч ******* нь надад эмчилгээ болон хэрэглээндээ зарцуулаарай гээд бэлэн 100000 төгрөг, дансаар 420000 төгрөгийг надад өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж /х.х-7-8, 11/ иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /х.х-37/
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг гомдол саналгүй болгосон, мөн гэмт хэрэг гарах үед хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн буюу хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Н.С нь “гомдол саналгүй” гэх хүсэлтийг гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Я овогт Вийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я овогт Вийн Гт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Сгийн хохирол төлбөрт 420000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба ******* нь бусдад төлөх төлбөргүй болсныг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэхүү шийтгэх тогтоолд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ