Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 112/ШШ2021/0048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Иргэн С.Б-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Бт холбогдох  тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Давж заалдах шатны шүүхээс авч,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Л.Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн. 53 настай. Ам бүл 4 нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг. Улсад 33 жил ажилласан. Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд шилжин ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Монгол Улсын иргэн Сүхээгийн Байгальмаа би амьд явах, хөдөлмөрлөх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Би улсад 32 жил, үүнээс төрийн албанд 22 жил ажилласан. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/27 тоот ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б даргын гарын үсэгтэй ажлаас чөлөөлөх тушаалыг авсан байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн хяналт шалгалтын тайланг тус тус үндэслэсэн байна. Тушаалын үндэслэлд дурдагдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж байгаа. Гэтэл 33.5-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заасан.

         Тэгэхээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэж байгаа. Хуульд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч гэж заагаагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэсэн байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэсэн. Энэ нь намайг ажлаас чөлөөлөхөд ямар үндэслэл болж байгаа юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалт нь Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлийг хангаагүй гэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэж байгаа. Гэтэл намайг яагаад нийтлэг шалгуур хангахгүй гэж үзэж байгаа юм бэ? Би шүүхэд нотлох баримтаар бүх баримтаа бүрдүүлж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд тусгай шаардлага байгаа. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж байгаа юм. Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 тоот аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ийн тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газарт  Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилогдож байсан. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу намайг томилсон. Би анх томилогдохдоо чадахуйн зарчмыг баримталж байсан. Сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хугацаанд намайг томилсон байсан. Монгол болон дэлхий даяар корона вируст цар тахал гарсан. Корона вируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т зааснаар улс даяар сонгон шалгаруулалтыг зогсоосон байгаа. Үүний дагуу би өнөөдрийг хүртэл явж байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн хяналт шалгалтын тайлан гэж байгаа. Хяналт шалгалтын тайланг үндэслэж ажлаас чөлөөлж болдог юм уу. Хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой гэж бодож байна. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө тусгай шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Анх томилогдох гэж байгаа хүнд тусгай шаардлагыг харж үзэх ёстой. Ажлаас чөлөөлөхөд тусгай шаардлага байхгүй байх. Намайг анх ажилд томилохдоо аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Б нь сонгон шалгаруулалт зарлах хүртэл хугацаанд гэж авсан. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Тусгай шаардлага нь сонгон шалгаруулалтын үед гарч ирдэг. Харин эдгээр хүмүүс намайг чөлөөлөхөөс өмнө сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан. Сонгон шалгаруулалт зарлаагүй байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Миний амьдрах эрх, амьд явах эрх зөрчигдөж байна. Миний оронд томилогдсон гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар дээр тусгай шаардлага тавих ёстой. Би тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байна. Би насаараа улсад ажиллаж байхад тэтгэвэрт гарахын 2 жилийн өмнө ингэж байгаа нь надад үнэхээр хохиролтой байна. Монгол Улсын шударга шүүхийн өмнө ирсэн байгаа. Тэгэхээр шударгаар шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Гуравдагч этгээд Л.Х-ийн тухайд залуу хүн шулуун шударга байх ёстой. Шүүхийн өмнө ирчихээд худал зүйл яриад байх шаардлага байхгүй. Шүүх хуралдаан өмнө нь хэд хэдэн удаа хойшилсон. Материалаа бүрдүүлж өгдөггүй.

          Өнөөдөр харахад мөн адилхан байна. Ахлах аудитороор ажилласан дээр ард нь тамга тэмдэг байхгүй. Таныг чөлөө аваад явахад хөдөлмөрийн гэрээгээр 2021 оны 03 дугаар сарын 12-ноос ажилласан гэсэн. Өөрийнхөө ярьж хэлж байгаа дээр шулуун шударга хариултаа өгөөд явах нь зөв байх. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой Төрийн албаны тухай хуулийн нийтлэг шалгуур дээр шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, цэргийн алба хаасан лавлагаа, эмчийн тодорхойлолт зэрэг баримтууд чинь дутуу байна. Яагаад шүүхийг үл хүндэтгэсэн байдлаар хандаад байгаа юм. Миний тухайд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө тусгай шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Төрийн албаны зөвлөл өөрөө шалгахдаа иргэн С.Б төрийн албанд 22 жил ажилласан. Дэс түшмэлээр 2 жил ажилласан гэж тогтоосон. Төрийн албаны зөвлөл тодорхой зөвлөмж өгөөд хариуг 2020 оны 03 дугаар сард өгөхөөр байна. Гэтэл намайг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлийн тайланг үндэслэсэн байна. Мөн иргэнийг төрийн албанд анх ажилд авахдаа төрийн албаны тусгай шаардлагыг харж үзэх ёстой. Тэгэхэд намайг ажлаас чөлөөлөхдөө тусгай шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ингээд миний шүүхэд гаргасан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: С.Б 1968 онд төрсөн 53 настай, ам бүл 4, улсад 33 жил ажилласан. 20 настайгаас эхлэн улсад ажиллаж эхэлсэн. 33 жил ажилласнаас 22 жилийг нь төрд ажилласан байдаг. Орон нутгийн жишгээс харахад нам  төр солигддог. Солигдохоороо өөрийн намын хүнийг ажилд томилдог жишиг тавигдсан. Үүнийгээ хариуцагч талаас Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр шүүхэд хандах эрх байхгүй, мөн нэхэмжлэлийг хангах эрх байхгүй гэж байна. Гэтэл энэ хүний  ард 3 хүн амьдарч байгаа мөн зээлтэй байдаг. Улстөрийн зорилгоор өөрийн намын харьяаллын хүнийг зоргоороо ажлаас халаад, ажилд авдаг зүйл харагдаж байна. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын Б/27 тоот тушаалаар хөдөлмөрлөх эрхэд нь халдсан. 04 дүгээр сарын 13-ны өдрөөс энэ хүний эрх нь зөрчигдөж эхэлсэн.

          Өнөөдрийг хүртэл цалингүй амьдарч байгаа. Гэхдээ халах гээд байгаа үндсэн шалтгааныг тогтоогоод халах тушаалаа гаргаж бай гэдгийг ойлгоогүй байна. Тамгын газар, хуулийн хэлтэс, гуравдагч этгээд орж ирж байна. Хуулийн хэлтэс юу хийдэг юм бэ, эхлээд зөрчлийг нь тогтоо. Сонсох ажиллагаа хийгдсэн юм уу, хийгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээд, эрхийг нь хангах эсхүл ямар нэгэн байдлаар эвлэрэх ажиллагаа хийгдэх ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийг ойлгож тайлбарлахгүй. 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхээр байгаа. Ийм ажиллагаа хийгээгүй. Оролцох эрхийг хангаж өгөөгүй. Эрх хэмжээ та нарт байж болно. Гэхдээ энэ хүний эрхийг хуулиар хамгаалсан байгаа. Би удаа дараагийн хурал дээр хүссэн. Ажлаас чөлөөлөх тушаалын хууль зүйн үндэслэлийг ярих байх гэж бодсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг харахад энэ хүнийг томилохдоо хууль бусаар томилсон байна гэж яриад байх  юм. Гэхдээ маргаан бүхий захиргааны акт нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Анх томилсон 2018 оны 01 дүгээр сарын тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж яриад байх юм. Төрийн алба залгамжилдаг алба байгаа. Шаардлага хангаж байна гээд тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд томилж байсан байна. Гэтэл одоо томилоогүй гэж байна. Энэ нь улс төрийн байдал харагдаж байгаа. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тайлбарласангүй. Нэгдүгээрт С.Бг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 заалтыг удирдлага болгосон байна. Энэ нь Тамгын газрын даргын эрх хэмжээ явагдаж байгаа. Гэтэл энэ хүн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийг удирдлага болгосон байна. 31.1.1 дэх хэсэг нь дотроо 22, 23 дугаар зүйл гээд заалт явж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад С.Б 22.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан нөхцөл байдал харагдаж байгаа. 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлага байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал нь олон хуулийн заалт баримталсан байтал 23.1 дэх хэсэгт заасан заалтыг л хангаагүй юм гэдэг зүйлийг ярьдаг. Хүний эрхэд халдаж байгаа хүмүүс энэ үйлдлээ тогтоочихоод дараа нь тушаалаа гаргах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт хуульд заасан бусад үндэслэл гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа юм. Ажил олгогчийн зүгээс 23.2.3 дахь заалтыг үндэслэж гаргах байсан байх. 2020 оны 03 дугаар сард тайлангийн хариуг явуулах байтал явуулсан эсэх нь ч мэдэгдэхгүй. Яагаад явуулаагүй юм, яагаад арга хэмжээ аваагүй юм, хяналт шалгалтын тайлангаар ажлаас халж байгаа бол тухайн үед нь халахгүй яасан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар хуулийн зохицуулалт байгаа. Тухайн зөрчил илэрснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авна. Та нар 2020 оны 03 дугаар сард арга хэмжээ авч тайлангаа явуулаагүй байж бид нарын буруу биш гэж байгаа нь ямар учиртай юм. Эндээс харахад яаж ажлаас халах вэ гэдэг алдаа дутагдал хайж байсан. Тухайн хяналт шалгалтын тайландаа шаардлагыг хангах магадлалтай гэж бичсэн байдаг. Харин гуравдагч этгээдийн тухайд ерөнхий шаардлага хангаагүй, тусгай шаардлагыг хангаагүй 1,8 жил ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт чадахуйн зарчим гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ гэж заасан. Энэ хүн улсад 32 жил ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 7.1.5 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлахаар заасан. Тусгай шаардлага хангаагүй гэж үзэн ажлаас чөлөөлөх хуулийн заалт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 23.2.3 дахь хэсэгт ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн  26.3 дахь хэсэгт энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно гэж байгаа. Энэ хүний 2018-2020 оны үр дүнгийн гэрээг харахад 90-ээс дээш хувиар үнэлэгдсэн байдаг. Гэтэл гуравдагч этгээд хэргийн материалд ямар ч ур чадварын талаар баримт гаргаж өгөөгүй. Хувийн өмчит хувьцаат компанид ажиллаж байсан харагддаг.

          Тухайн ажлын байранд хэн илүү шаардлага хангаад байгаа юм гэдэг асуудал яригдана. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс ажиллуулна гэсэн. Энэ хуулийн заалтын дагуу энэ хүнийг томилсон. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд С.Б гуай 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн төрийн албаны шалгалтын асуудал яригдаж байна. Төрийн албаны удирдах албан тушаалтны шалгалт зарлуулаагүй гэж байна. С.Б гэдэг зарлуулах эрх бүхий хүн нь биш. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлахгүй байна. Энэ хүн шалгалт өгөх хүртэл томилогдсон хүн байгаа. Шалгалтаа өгөх гээд хүлээгээд сууж байгаа. Ажил олгогч нар санаачлаад саналаа гаргахгүй яасан юм. Нэхэмжлэгч тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байгаа. 20 наснаасаа эхэлж төрд 32 жил ажиллачихаад тэтгэвэрт гарах насан дээр 2 жил дутуу байхад ажлаас чөлөөлөгдсөн байхад би шударга шийдвэр гаргасан гэж яриад сууж байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу. Ажлаас чөлөөлөөд байгаа хариуцагч өөрөө хууль бусаар томилогдсон. Иймд шударгаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үндэслэлээр энэ хүнийг ажлаас халаагүй, тушаалын хууль зүйн үндэслэл нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.   

          Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн албаны зөвлөлөөс гаргасан хяналт шалгалтын ажлын тайлан дүгнэлтээр 18 томилгоо хийгдсэнээс 12 ажилтантай холбоотой асуудал хянагдаад нийт томилгооны 67 хувь нь хууль бус томилгоо гэж хэлээд бүх албан тушаалтнууд ажлаас чөлөөлөгдсөн. Эвлэрүүлэн зуулчлалын асуудал яригдаж байна. Ажлаас чөлөөлөгдсөн бусад хүмүүстэй холбоотой тэгш бус байдлыг үүсгэсэн асуудал гаргах боломжгүй учир энэ санал дээр татгалзсан саналыг хэлмээр байна. Төлөөллийн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр шүүх хуралдаанд тодорхой тайлбар хэлэх боломжгүй. Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан. 2019 оноос мөрдөгдөөд явж байгаа. Албан тушаалын тодорхойлолтыг тухайн шатны ажил олгогч өөрөө баталдаг байсан боловч Төрийн албаны зөвлөлөөс батлаад ирүүлдэг болсон байгаа. Ямар нэгэн байдлаар нам улс төржөөд  байсан зүйл байхгүй. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг гаргасан. Энэ тайлан дүгнэлтийг дарга байна уу? Үүргийг нь түр орлон гүйцэтгэгч байна уу үл хамаарах зарчмаар хэрэгжүүлж ажиллах ёстой. Тэр шийдвэрийг хэрэгжүүлэх байдлаар өнөөгийн байдал үүссэн юм. Батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан 5 төрлийн шаардлага байгаа. Ямар шаардлага хангахгүй байгаа талаар тодорхой хэлье. Дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг хангахгүй учраас бид нар Төрийн албаны зөвлөлийн тайлан дүгнэлтээр тогтоогдсон эрх хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй субъект учир холбогдох шийдвэрийг гаргаж явсан. Орон нутагт ковидын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймагт ковидын анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой энэ хүний ажил хөдөлмөр эрхлэх эрхэд халдаад байсан зүйл байхгүй. Бид нар ирүүлсэн тайлан дүгнэлтээр холбогдох арга хэмжээг аваад явж байгаа. Эрх зүйн хэм хэмжээний тэгш үйлчлэх зохицуулалтын хүрээнд бусад хууль бус томилгоотой албан тушаалтнууд чөлөөлөгдсөн байхад ганцхан энэ хүний нэхэмжлэлийг харгалзсан хэлбэрээр тухайн албан тушаалд ярилцаад байх боломжгүй. С.Бгийн тухайд улс төрийн албан тушаал эрхэлж байсан. Дэс түшмэл гэдэг төрийн захиргааны албан тушаал, төрийн захиргааны албан тушаалын шаардлагыг хангахгүй учраас ажлаас чөлөөлсөн холбогдох шийдвэр гарсан. Энэ хүнийг төрийн аудитын байгууллагад хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж байсан ажлын туршлагыг харсан байгаа. С.Бгийн хувьд 2018 онд ажилд томилогдсон боловч 2018-2020 онд төрийн албаны ерөнхий шалгалтыг нэг удаа өгсөн боловч тэнцээгүй. 2020 оны 03 дугаар сард төрийн албаны шалгалтад орж тэнцсэн байдлаар энэ нөхцөл үргэлжлээд явсан. 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс орон нутгийн төрийн алба дахь хууль бус томилгоотой холбоотой шалгалтын ажил ирэх гэж байгаа. Ямар нэгэн байдлаар Төрийн албаны Зөвлөлийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажилласны төлөө нэхэмжлэгчийн зүгээс заналхийлсэн, дарамталсан харилцаа явж байгаад харамсаж байна. Ямар нэгэн улс төржсөн байдлаар энэ хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа огт явуулаагүй гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ажлаас чөлөөлөх тухай ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал хуульд нийцсэн эсэх талаар хууль хэрэглэж тайлбарлаж байгаа учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн холбогдох хяналт шалгалтын тайлан гэдэг утгаар тушаалын үндэслэл гарч байгаа. Төрийн албанд хэрэглэгддэг нэр томьёоны ойлголт, албан тушаалын тодорхойлолтын талаар дэлгэрүүлж ярих шаардлагагүй байх. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага гэдэг агуулгаар тухайн тушаал гарч байгаа. Төрийн үйл ажиллагаа нь залгамж шинж чанартай юм. Хэн томилох, хэн чөлөөлөхөөс үл хамаараад тухайн албан тушаалыг эрхэлж байгаа хүн албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Төрийн албаны дэс түшмэл, ахлах түшмэл гэдэг нь төрийн албаны ангиллаар төрийн жинхэнэ албан тушаалд хамаараад явж байдаг. Нэхэмжлэгчийн тухайд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байсан. ТЗ-10 ангилалд ажиллахын тулд одоо яриад байгаа албан тушаалын шаардлага мөн адил үйлчилж байсан. Тэгэхээр өмнө нь авч байснаараа түүнийг зөвтгөнө гэсэн ойлголт биш. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан бүхий байдлыг үзэхэд дэс түшмэлийн албан тушаалаар ажиллаж байсан гэдэг баримт хэрэгт авагдаагүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын тайлан гэдэг нь төрийн албаны зөвлөл буюу төрийн албаны зөвлөлийн эрх бүхий байгууллагаас гаргасан албан тушаалын тодорхойлолт эрх зүйн хэм хэмжээгээр хууль хэрэгжиж байна. Энэ хуулийн хэрэгжилт нь хаана байна, хэн хэрэгжүүлж байна гэдгийг нутгийн захиргааны байгууллага дээр шалгаж байгаа асуудал. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой болон нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой харилцаа яригдаж байгаа. Хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой харилцаа Үндсэн хуульд заасан хэдий ч холбогдох хуулийн зохицуулалтаар эрх үүрэг нь дагаад хэрэгжээд явдаг. Тэгэхээр нийгмийн харилцаа зохицуулж байгаа хэм хэмжээгээр зохицуулагдаад явах ойлголт. Чадахуйн зарчимын тухайд нотлох баримт  шинжлэн судалсантай холбогдуулан тайлбарлахад Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн төсөлд оролцож явсны хувьд чадахуйн хувьд өргөн ойлголт. Нэхэмжлэгчийн тухайд 2018 оны 01 дүгээр сард томилогдсон байдаг. Анх томилогдсон томилгоо хууль ёсны болсон эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөх асуудал тавигдана. ТЗ-10 албан тушаал тухайн үед сонгон шалгаруулалт явж байсан эсэх гэдэг асуудал. Төрийн албаны шалгалт ерөнхий болон тусгай шалгалт өгсөн эсэхээс улбаалаад холбогдох шаардлагууд явагдана. Нотлох баримтаар авагдсан Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын тайлан байгаа. 2018 оноос хойш томилогдсон асуудал нь хууль тогтоомж зөрчсөн гэдгийг зөвлөмжөөрөө илэрхий бичсэн байгаа. Тусгай шаардлага гэдэг нь Төрийн албаны тухай хуулиас нарийвчилж дэлгэрүүлснээр албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил туршлагын шаардлага байгаа. Энэ шаардлагатай холбоотой хэргийн оролцогчийн зүгээс өгсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаартай Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаал байгаа. Энэ нь ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан харилцан тохиролцсон гэдэг шаардлага байдаг. Маргаан бүхий үйл баримт нэхэмжлэгчийн тухайн албан  тушаалд томилсон эрх зүйн баримт бичиг байдаг. Энэ нь хууль тогтоомж зөрчиж байна уу гэдэг ойлголт яригдана. Энэ агуулгаар яригдаад явахаар албан тушаалын тодорхойлолт заасан шаардлага хангаж байгаа эсэх гэдэг асуудал яригдана. Шударга ёс гэдэг ойлголт яригдаж байна. Энэ нь мөн адил нэхэмжлэгчид хамааралтай зүйл яригдана. 2018 онд тухайн албан тушаалд томилогдоход сонгон шалгаруулалт зарлагдсан юм уу, тухайн албан тушаалд чадахуйн зарчмаар сонгон томилсон юм уу гэдэг асуудал байгаа.

          Гуравдагч этгээд Л.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр томилогдсон 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлөгдсөн.  1 жил 10 сар байсан. 2 сар түр орлон гүйцэтгэгчээр гэрээгээр ажилласан байгаа. Нийгмийн даатгалын дэвтэртэй холбоотой төрийн албанд 16, 17 жил ажилласан. Ерөнхий нягтлан бодогчийн ажил хийж байсан. Төрийн албанд ажилласан хугацааг тооцож оруулсан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Авлигатай тэмцэх газрын албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл нэхэмжлэгч С.Бг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсон. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилогдон ажиллаж байсан.

            Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн хяналт шалгалтын тайланг тус тус үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

            Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1.Төрийн захиргааны байгууллагаас тушаал шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтална.

            С.Бг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаал гарсан тухайн өдөр буюу тухайн шийдвэрийг танилцуулах байдлаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-т “захиргааны акт, ...гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулах, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албан хийсэн хяналт шалгалтын тайлангийн 2.3-т “Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын дагуу ...аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангиллын ТЗ-10 зэрэглэлд тус тус хамаарч байна. Төрийн албаны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангасан эсэх талаарх судалгааг хүснэгтэд үзүүлэв” гээд 7 дугаар хүснэгтийн 5-т Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б улсад ажилласан хугацаа 22 жил, түшмэлийн албан тушаалд ажилласан хугацаа 2 жил, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангах магадлалтай” гэсэн байдлаар тайланд тусгагдсан байна.

            Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасан шалгуур үзүүлэлтийг  харгалзан үзэх боломж байсан эсэх, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны тайланд С.Бг түшмэлийн албан тушаалд 2 жил ажилласан тусгай шаардлагыг хангах магадлалтай, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацааг хэрхэн тооцсон нь тодорхой бус байгаа зэргээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна.

            2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангиллын ТЗ-10 зэрэглэлд хамаарах албан тушаал байхаар баталсан.

             Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсэн төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг тусгайлан зохицуулсан.

            С.Бг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хариуцагч Ц.Б “...дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй...” гэж тайлбарлаж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг хэрэгжүүлж байгаа тохиолдолд хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл С.Бг албан тушаалын тусгай шаардлага дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага хангаагүй гэж ажлаас чөлөөлсөн атлаа мөн адил тусгай шаардлага хангаагүй төрийн тусгай алба буюу аудитын байгууллагад 1 жил 11 сар ажилласан гуравдагч этгээд Л.Х-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5-д заасан гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 7.1.6-т ил тод байх зэрэг төрийн албаны зарчмууд алдагдсан төдийгүй нэхэмжлэгч С.Б “...миний оронд томилгодсон гуравдагч этгээдэд ...тусгай шаардлага тавигдах ёстой...”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...дэс түшмэлээр 4 жил ажиллаагүй байна гэдэг. Гэтэл томилоод байгаа гуравдагч этгээд аудитын байгууллагад ажиллаж байсан гэдэг боловч хугацааг нь тооцохоор 1,8 жил байгаа...” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

             Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх заалтууд болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Бг урьд эрхлэж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

            Анх аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар С.Бг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл түр орлон гүйцэтгэгчээр, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон боловч дэлхийг нийтийн хамарсан ковид 19 цар тахлаас хамааран тухайн албан тушаалын тусгай шалгалт зарлагдаагүй байхад албан тушаалд томилогдсон иргэнд холбогдуулан буруутгах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

         Шүүх Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 13-наас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 162 хоногийн олговор 10,126,134 төгрөгийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7.а-д “...Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” гэж зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын 2021 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 23 дугаар зүйлийн 23.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан С.Бгийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Бг урьд эрхлэж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 162 хоногийн олговор 10,126,134 /арван сая нэг зуун хорин зургаан мянга зуун гучин дөрвөн/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ