| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0396/З |
| Дугаар | 221/МА2025/0031 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0031
“Бд” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “Бд” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0623 дугаар
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Бд” ХХК-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/574 тоот актыг хууль бус болохыг тогтоолгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн 13.534.000.20 төгрөгөөс татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0623 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан “Бд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/574 тоот актыг хууль бус болохыг тогтоож, хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн дүнгээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид татварын хөнгөлөлт эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. “... Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэж “Бд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир дутагдалтай гэж үзэж байна. Энэхүү аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт нь 2022 онд хамаарах хөнгөлөлт, буцаалт тул үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
Гэтэл Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/574 дугаартай албан бичиг нь эдгээр шинжийг бүрэн агуулаагүй байхад тухайн албан тоотыг хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн албан тоот нь хариу хүргүүлсэн утга бүхий бөгөөд захирамжилсан шинжгүй албан бичиг юм.
“Бд” ХХК-ийн татварын цахим системд хандах эрх бүхий этгээд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ААНОАТ-ын ТТ-02 тайланг хадгалах үйлдлийг 21 цаг 29 минутаас 22 цаг 08 минут хүртэл хийсэн ч илгээх үйлдлийг хийгээгүй байдаг.
Энэ нь татварын алба хүлээн авсан, хандалтын мэдээллүүд үйлдлийн системд бүртгэгдсэн. Харин шүүх энэхүү нотлох баримтыг харгалзан үзэхгүй байна гэж хариуцагч тал үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах шаардлагатай байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/574 тоот актыг хууль бус болохыг тогтоолгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн 13.534.000.20 төгрөгөөс татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ ...Нийслэлийн татварын газар буцаан олголтыг зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн, манай компаниас татварын системийн асуудал шалтгаалаагүй, хялбаршуулсан горимоос гарах хүсэлтээ жилийн өмнө өгсөн бөгөөд шийдвэрлэж өгөхгүй байсан тул удаа дараа хариуцагч байгууллагад хүсэлт өгч, биечлэн уулзаж шийдвэрлүүлсэн, Татварын ерөнхий газар хуулийн хугацаанд тайлангаа ирүүлсэн гэж үзэх боломжгүй гэж зөрчилдсөн, хоёрдмол утгатай, агуулга нь тодорхой бус, утга агуулгын илэрхий алдаатай акт гаргаж компанийн эрх ашгийг зөрчсөн ...” гэж маргажээ.
Харин хариуцагчаас “... нэхэмжлэгч компани хуулийн хугацаанд тайлбангаа ирүүлээгүй, Нийслэлийн Татварын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/08 тушаалд хуулийн шаардлагыг хангаагүй татвар төлөгчийг оруулсан байсан тул тус тушаалыг шалгаж, дахин баталгаажуулж ирүүлэх талаар арга зүйн зөвлөгөөг буцаан хүргүүлсэн нь үндэслэлтэй” гэж тайлбарлан маргасан байна.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/574 тоот актыг хууль бус болохыг тогтоож, хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн дүнгээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид татварын хөнгөлөлт эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
4. Дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
4.1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж заасан.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө”, 22.1.1-д “ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах”, 22.1.2-т “согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох”, 22.1.3-д “газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах”, 22.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, хуульд тухайлан нэрлэн заасан салбарт үйл ажиллагаа явуулдаггүй, хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан бөгөөд ийнхүү албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуульд заасан хугацаанд төлсөн татвараас жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш 30 хоногийн дотор буцаан олгохоор хуульчилсан бөгөөд ийнхүү буцаан олголтод хамруулах үндсэн баримт бичиг нь татвар төлөгчийн татварын тайлан байхаар тухайлан заасан байна.
4.3. Татварын ерөнхий газрын маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/574 дугаар албан бичгээр[1] “Татварын буцаан олгох, суутган тооцоолох асуудлыг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 20 дугаар тушаалаар батлагдсан “Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-д заасны дагуу хэрэгжүүлдэг бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлсэн, хуульд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах зохицуулалттай учир танай компанийг хуулийн хугацаанд тайлангаа илгээсэн гэж үзэх боломжгүй байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх “Бд” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 26 минутад хялбаршуулсан горимоос гарах хүсэлтийг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системээр гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Татварын газарт “ ... 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан горимоос хасагдах хүсэлт цахимаар өгсөн ... хэд хэдэн будаа өөрийн биеэр Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газарт очиж уулзсан боловч хэрхэн талаар шийдэгдээгүй байсаар өнөөдрийг хүрлээ. 2022 оны татварын тайлан тайлагнах хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдээд байна. Иймээс бид татварын тайлангаа ямар хэлбэрээр хэрхэн тайлагнах талаар албан ёсны мэдээлэл өгч уг асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт[2], мөн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Татварын тайлангийн асуудал шийдвэрлүүлэх тухай” 23-10 дугаар албан бичгээр[3] “... татвараа төлж, хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байгаа боловч тайлан илгээх боломжгүй байсаар байгаа тул уг асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг Татварын ерөнхий газарт хандан гаргасан байна.
Улмаар хариуцагч байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 59 минутад хялбаршуулсан горимоос хассан[4] байна.
Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд нэхэмжлэгч “Бд” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “ТТ-02” тайланг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 29 минутаас 10 цаг 08 минут хүртэл 9 удаа хадгалах үйлдэл хийж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 19 минутад нэгдсэн системээр “ТТ-02” тайланг илгээсэн байна.
Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн илгээсэн “ТТ-02” тайланг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 32 минутад дахин илгээсэн, үүнийг татварын байгууллага мөн өдрийн 10 цаг 37 минутад хүлээн авсан байна.
4.5. Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-н “... Эхний удаад манай буцаан олголтын тушаалд орсон, ... хялбаршуулсан журмаас гарч чадахгүй байна, татварын Ерөнхий газраас хариу хүлээж байна гэсэн. Бид нар тушаал оруулчхаад манай тушаалыг Татварын ерөнхий газар хянадаг учраас тэр болтол оруулъя гэж оруулсан ...”, Татварын ерөнхий газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Б-н “... 02 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хасагдаагүй, хэвэндээ байсан, ... 02 дугаар сарын 10-ны өглөө илгээж амжаагүй 02 дугаар сарын 14-ний өдөр тухайн татвар төлөгч хүсэлт өгөөд 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 19 минутад тайлангаа илгээсэн, ... албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Системийн тухайд асуудал байгаа бол өөрсдөө биечилж ирээд янзлуулах боломжтой байдаг. Татвар төлөгч бидний өрөөнд ирээд янзлуулж байгаа тохиолдолд энэ асуудлыг болсон гэдгийг шууд хэлээд албан ёсны биш мэдэгдээд явуулчихдаг зүйл болсон гэж бодож байна, ... тухайн татвар төлөгчийн хувьд 2022 онд хүсэлт илгээсэн. Энэ хүсэлт нь илгээсэн төлөвтэй ямар нэгэн шийдвэрлэлт үүсээгүй ... ” гэх гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн “... тухайн үед илгээх товч ажиллахгүй байсан тул олон дахин хадгалах үйлдэл хийсэн” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй, дээрх тайлбарыг үгүйсгэх холбогдох тайлбар, баримтуудыг хариуцагчаас гаргаагүй байна.
4.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх” гэж заасан.
Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор мэдээллийн систем, технологийг ашиглах бөгөөд тэдгээрийн нууцлал, найдвартай байдлыг бүрэн хангаж ажиллана”, 32.2-т “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дараах зориулалттай байна:”, 32.2.5-д “татвар төлөгчдөд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах” гэж заасан.
4.7. Анхан шатны шүүхээс “... хариуцагч Татварын ерөнхий газар нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан захиргааны үйл ажиллагаа шуурхай байх зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн хялбаршуулсан горимоос гарах хүсэлтийг бүтэн 1 жилийн хугацаанд шийдвэрлээгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хүргүүлэх хуульд заасан сүүлийн өдөр татвараа тайлагнах боломж олгосон атлаа тайлан илгээх “хуулийн хугацаа хэтрүүлсэн” гэж нэхэмжлэгчийн буруутгаж байгаа нь үндэслэлгүй ... татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, системийн алдаанаас шалтгаалан нэхэмжлэгч “Бд” ХХК хуулийн хугацаанд тайлангаа илгээх боломжгүй, улмаар буцаан олголтод хамрагдаж чадаагүй ...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
4.8. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д “Тайлант хугацаанд албан татварын хөнгөлөлтийг тухайн орлогод ногдуулан энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй”,28 дугаар зүйлийн 28.1-д “Албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба дараах журмын дагуу нягталж, эцсийн тооцоо хийнэ”, 28.1.1-д “татварын жилд албан татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээ нь энэ хуулийн 22.7-д зааснаар хязгаарлагдах”, 28.1.2-т “энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгч энэ хуулийн 22.7-д заасан хязгаарт багтаан өөрөө сонгон эдлэх”, 28.1.3-д “албан татвар төлөгч энэ хуульд заасан хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй байх”, 28.1.4-т “энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан тухайн татварын жилийн хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй байх” гэж тус тус заасан.
4.9. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу татвар төлөгчийн хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын албанаас нягтлан эцсийн тооцоог хийхдээ татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээг хуульд заасан хугацаанд төлсөн албан татварын дүнгээр хэтрүүлэхгүйгээр татвар төлөгч өөрөө сонгон эдлэх, ийнхүү сонгон эдлэхдээ хэсэгчлэн болон дараагийн татварын жилд шилжүүлэхгүй байхаар хуульд тусгайлан зохицуулсан байна.
4.10. Нийслэлийн Татварын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тухай” А/08 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар хөнгөлөлт эдлээд буцаан олголт авах татвар төлөгчийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталж, тус хавсралтын 11-д “Бд” ХХК-ийг 12.181.500.00 төгрөгийн буцаан олгохоор заасан, мөн албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын албанаас нягтлан эцсийн тооцоог хийхээр хуульд тусгайлан заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс албан татвар төлсөн 13.534.000.20 төгрөгөөс татварын хөнгөлөлтийг эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хангах хууль зүйн үндэслэлгүй, тус тооцооллыг гарган татварын хөнгөлөлт эдлүүлэх нь Татварын ерөнхий газрын хуулиар олгосон эрхэд хамаарахаар байх тул анхан шатны шүүхээс “... хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлсөн дүнгээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид татварын хөнгөлөлт эдлүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ