Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2

 

2018 оны 02 сарын 06 өдөр

        Дугаар226/МА2018/00002                          

                        Хэрлэн сум

Аварга тосон рашаан сувилал ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, Б.Ө холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2018/00001/И

   Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндуламыг  оролцуулан,

  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 156/ШШ2017/00694 дугаар шийдвэртэй,

Аварга тосон рашаан сувилал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Өнөртүвшинд холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 6600000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Ө давж заалдах гомдлоор 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Аварга тосон рашаан сувилал ХХК-ийн  гүйцэтгэх захирал Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өнөртүвшинтэй дүнзэн байшин бариулах гүйцэтгэлийн гэрээ байгуулж  урьдчилгаа 40 хувь болох 6 600 000 төгрөгийг өгсөн. Захиалагч талаас байшин бариулахаа больсон гэдгээ гүйцэтгэгч талд мэдэгдээд гэрээний дагуу өгсөн урьдчилгаа мөнгөө авъя гэхэд өгөөгүй. Дахин 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дүнзэн байшин бариулах гэрээний 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд хавсралт оруулж уг хавсралтаар гэрээний урьдчилгаанд таарах банз авахаар гэрээ байгуулсан. Гэтэл хугацаа дууссан боловч одоог хүртэл банзыг нийлүүлэхгүй байна. Иймд гэрээний урьдчилгаа болох 6600000 төгрөгийг алдангийн хамт Б.Ө гаргуулж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгч Аварга тосон рашаан сувилал ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ө дүнзэн байшин бариулах гүйцэтгэлийн гэрээ байгуулж урьдчилгаа 40 хувь болох 6600000 төгрөгийг өгсөн. 2010 онд Аварга тосон рашаан сувилал ХХК нь Жаргалсайхантай гэрээ байгуулсан. Ж нь Ө туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Манай компани Б.Өнөртүвшинтэй гэрээ байгуулаагүй. Ийм учраас Б.Ө нэхэмжилж байгаа 6700000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх Жаргалсайхантай тусдаа гэрээ байгуулсан. Жаргалсайхан Өнөртүвшинтэй 10400000 төгрөгөөр тохироод байшинг бариулсан. Жаргалсайханд манайх тусдаа мөнгө өгсөн. Иймд Б.Ө 6600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ө нь шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Аварга тосон рашаан сувилал ХХК-иас байшин барих гэрээ байгуулж, урьдчилгаанд 6600000 төгрөгийг авсан нь үнэн. Би байшингийн зураг төслийг гаргаж банзаа авчихсан байсан. Тухайн үед байшин бариулахаа болилоо гэхээр нь банз өгөхөөр тохиролцсон боловч өөрсдөө ирж аваагүй. Урьд нь  2010 онд надаар бариулсан амрагчдын байшинг томсгосон 40 м2-ийн үнийг одоог хүртэл төлөөгүй. Иймд 40 м2-ийн үнэ 5200000 төгрөг, дээр нь тухайн үед Өмнөдэлгэр сумын засаг дарга З гэдэг хүний байшинг барих ажилтай байхад наад ажлаа зогсоож манай компанийн ажлыг түрүүнд нь хий гэж шахаж хийлгэснээс Зундуй гэдэг хүн надад өгөх ажлын хөлснөөсөө 1500000 төгрөгийг хассан ба үүнийг Аварга тосон рашаан сувилал ХХК-нь надад нөхөж өгөх ёстой бөгөөд тээврийн хөлс 1500000 төгрөг, нийт 6700000 төгрөгийг Аварга тосон рашаан сувилал ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

          Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 694 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б.Ө 6600000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Аварга тосон рашаан сувилал ХХК-д олгож,  хариуцагч Б.Ө нь Аварга тосон рашаан сувилал ХХК-иас барилгын ажлын хөлс, тээврийн зардалд 6700000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Аварга тосон рашаан сувилал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ө 120550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аварга тосон рашаан сувилал ХХК-д олгож, хариуцагч Б.Ө сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165350 төгрөгийн 122150 төгрөгийг улсын орлого болгож, болгож, үлдэх 43 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

            Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Ө давж заалдах гомдолдоо: Би 2011 онд авсан 6600000 төгрөгийг өмнө нь барьсан байшингийн хөлсөндөө авсан гэж хэлэхэд Аварга тосон рашаан сувилал ХХК нь “манай компани Ж 120 м2 талбайтай байшин бариулах гэрээ байгуулж 10400000 төгрөгийг төлсөн. Ө гэрээ байгуулаагүй тул 40м2-ын  зөрүү мөнгийг төлөхгүй” гэсэн. Гэтэл миний барьсан 120м2  талбайтай  байшин нь нэхэмжлэгч тал буюу Аварга тосон компанийн байшин байсан. Нэхэмжлэгч тал надтай гэрээ байгуулаагүй ч аман хэлэлцээр байгуулсан. 10400000 төгрөг Аварга тосон рашаан сувилал ХХК-иас миний харилцах данс руу орж байсан. Шүүх хуралдааны явцад Үлэмж нь “таныг Ж  холбож 5200000 төгрөгийг гаргуулж өгнө, сөрөг нэхэмжлэлэээсээ татгалзчих” гэхээр нь итгээд татгалзсан. Гэтэл Ү нь худал хэлж намайг төөрөгдүүлсэн. Шүүхийн шийдвэрт намайг гэрээний дагуу огт ажил хийгээгүй, байшин бариагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  Аварга тосон рашаан сувилал ХХК  нь хариуцагч Б.Ө холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 6600000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч Аварга тосон рашаан сувилал ХХК-иас барилгын ажлын хөлс, тээврийн зардалд 6700000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Аварга тосон рашаан сувилал ХХК нь хариуцагч  Б.Өнөртүвшинтэй 2011 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр Дүнзэн байшин бариулах ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан, урьдчилгааны 40 хувь болох   6600000 төгрөгийг  төлсөн болох нь дүнзэн байшин бариулах гэрээ, мөнгө олгосон жагсаалт зэргээр тогтоогдож байна. /хх-4, 5, 9/

Захиалагч Аварга тосон рашаан сувилал ХХК нь дээрхи  гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаанд өгсөн 6600000 төгрөгтөө  банз авахаар гэрээнд өөрчлөлт оруулсан нь 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний хавсралтаар нотлогдож байна. /хх-8х/

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Захиалагч тал байшингаа бариулахаа больсон талаар хариуцагчид мэдэгдэж урьдчилгаанд өгсөн 6600000 төгрөгийг  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шаардсан  байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Ө сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлт хэрэгт авагдсан, мөн түүний анхан шатны шүүх хуралдаанд “Ж шүүхэд өгч уг мөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбар өгсөн” зэргээс үзэхэд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахад хүргэсэн” гэх нөхцөл байдал хавтаст хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. / хх-110, 111/

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Ч “эрүүл мэндийн улмаас” шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хариуцагч Б.Ө энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан хэдий ч өмгөөлөгчийн эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч, эмчлэгч эмч нарын нэр бичигдсэн боловч гарын үсэг зурагдаагүй нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд тэдний шүүх хуралдаанд ирээгүй явдал нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхээд саад болохгүй байна.

Иймд хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 694 дүгээр  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “343 дугаар зүйлийн 343.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭНСМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                                                       Я.АЛТАННАВЧ