Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 

 

 

   2023          02         06                                    2023/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Ш.Р, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шинжээч эмч Б.Сэргэлэн,

гэрч Ч.М, Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ш-н Р-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1949 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ** суманд төрсөн, 73 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “**” ***-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, А овогт Ш-н Р.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ш.Р нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***байрны нэг давхарт байрлах **-д Д.Ц-тэй “ажлаа сайн хийхгүй байж цалин авлаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Р-ын өгсөн “...** дүгээр байрны 00 тоот өрөөнд манай “***” байдаг юм. Ц ажлаа хийдэггүй байсан тул 11 дүгээр сарын 01-ний өдөр “ажлаас чинь гаргана” гэхэд намайг “үеэ өнгөрөөсөн авгай минь, ажлаасаа гарвал чамтай цуг гарна шүү” гэхээр нь би “чам шиг авгайд зодуулахгүй шүү” гэж хэлсэн. Гэтэл намайг түлхсэн. Түүний дараа Н орж ирээд одонгийн талаар 30-40 минут ярьсан. Би Н-тай хамт гарч явсан. Тэр үед цус болсон зүйл байгаагүй, цус гарахаар ч зүйл болоогүй. Хэдхэн секунтын үйл явдал болсон. Яагаад намайг хэрэгтэн болгох гээд байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц-ийн өгсөн “...намайг өглөө 11 цаг 30 минутын үед ажил дээрээ ирээд оршин суугчтайгаа уулзаад байж байтал дарга гаднаас орж ирсэн. Тэгээд дарга бид 2 сууж байтал “чи юу хийлгэчихээд ажлын хөлс нэхээд байна вэ” гэж хэлсэн. Ажил хийлгээд би өөрөө мөнгө гаргаад өгчихдөг байсан юм. Маргаан болсон зүйл нь гэвэл байрны оршин суугчаар хүүхдийн тоглоомын талбай янзлуулсан юм. Үүнийг нэг залуу нэг настай хүн хийсэн. Настай хүн нь надад цайны сүүний мөнгө өгвөл сайн байна гэж, харин залуу нь мөнгө авахгүй, танай дарга мөнгө гаргаж өгөхгүй нь ойлгомжтой гэж хэлсэн. Гэтэл дарга намайг “өмнөх ажлын 170.000 төгрөг дээрээ энэ ажлын мөнгийг оруулаад авсан гэж хэлэхээр нь “үгүй ээ, аваагүй” гэж хэлсэн. Тэгэхэд уурлаад намайг цохино гэж бодоогүй. Намайг цохиод, эрхий хуруугаа завьж руу хийгээд базахад цус гарсан. Би яаж ширээний араас гарснаа мэдэхгүй байна. Мөн намайг хэл үгээр доромжилсон. Гаднаас засвар хийж байсан хүн орж ирэхэд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа 10-15 минутын дараа ирсэн. Бид хоёрыг хамт дүүрэг рүү авч явсан. Намайг Гэмтлийн эмнэлэг рүү яваад анхны тусламж ав гэж хэлсэн. Тэгээд би Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дарга намайг түлхсэн гэж хэлж байгаа ч би түлхээгүй, харин завжнаас базахад нь би хөдөлж чадаагүй юм. Намайг ажлаасаа гар гэж огт хэлээгүй. Би эмчилгээ хийлгэсэн 167.690 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн намайг гүтгээд байгаад нь гомдолтой байна. Надаас огт уучлалт гуйгаагүй, гуйсан бол би уучлах байсан. Мөн 8 дугаар сард гадна ажил хийсэн шавартай бээлийгээ миний нүүр рүү шидэж байсан. Би юу ч хэлээгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.С-н өгсөн “...Би хүний их эмчээр сургууль төгссөн. Шүүх эмнэлгээр 2 жил мэргэшсэн ба шинжээч эмч нь бүх талын мэдлэгтэй эмч байдаг. Тухайн үед хавдсан гол хэсэгт оёдол тавьсан, зах хэсгээрээ шархны эдгэрэлт явагдаж эхлээгүй байсан ба тухайн шарх нь витамины дутагдлаас үүсэхгүй, хазахад хөндлөн шарх үүсдэг учир өөрөө хазахад бас үүсэхгүй. Гадна талаас цохиход үүсэх боломжтой шарх. Гэхдээ унахад үүсэх шарх биш. Хуруугаа ам руу нь хийгээд татахад үүсэх боломжтой шарх юм. Шархны эдгэрэлт, өвчин, хөндүүртэй байдал зэргийг харгалзаж хэрэг болсон үед үүссэн шарх гэдгийг тодорхойлдог. Тиймээс Ц-д үүссэн шарх нь 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэх дүгнэлт гаргасан. Гэмтлийн эмнэлгийн дүгнэлт миний дүгнэлттэй тохирч байсан тул энэ талаар дүгнэлтэд дурдсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.М-ийн өгсөн “...Би Гэмтлийн нарийн мэргэшсэн эмч. Хэрэг гарсан гэх өдөр би жижүүртэй байсан ба Ц гэж хүний шархыг үзсэн. Тухайн үед ам руу гараа хийгээд базсан гэж хэлж байсан. Тэгээд шарханд оёдол тавьсан...”  гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Н-н өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байгаад бичиг ирсэн гээд “**” руу орсон. 5 минут л байсан. Энэ 2 хоорондоо түр тар хийсэн маягтай байсан. Би нэг байгууллагад ажилладаг байж эвтэй бай гэж хэлээд буцаад гарсан. Гэтэл намайг гарч байхад Ц над руу залгаад буцаад ороод ир, намайг зодоод явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед уруул нь язарсан байсан....” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ц-ийн хохирогчоор өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн орчимд би ***д байр буюу ажил дээрээ очоод хоёр оршин суугчтай уулзаад байж байтал манай дарга Р гаднаас орж ирсэн... Би ***-ны харьяа ** дугаар байрны баруун талын тоглоомын талбайд шалны зөөлөвчийг хоёр өдөр хийлгэж ажилласан. Тэрний ажлын хөлс гэж 60.000 төгрөг болсон тул тухайн хүнээр нь өргөдөл бичүүлж даргын ширээн дээр тавиад орхисон байсан. Гэтэл дарга “ямар ажил хийсэн гэж хүнээр мөнгө нэхүүлээд байгаа юм, урд нь чи мөнгө авсан биз дээ” гэж уурлаад босож ирсэн. Тэгэхээр нь би нягтлан руу залгаад дууг нь чанга дээр нь тавиад энэ ажлын хөлс ороогүй байгаа талаар тодруулж ярьсан. Гэтэл Р түлхүүртэй баруун гараараа миний зүүн шанаа руу хоёр цохиод үргэлжлүүлээд эрхий хуруугаа завьж руу оруулж атгаад хэд хэдэн удаа сэгсэрсэн. Тэгээд амнаас цус гараад угаалтуур руу очоод угааж байтал намайг нэг муу техник мэргэжлийн сургууль төгссөн авгай, үхэхээ хүрвэл чи ч үхнэ гэж хэл үгээр доромжилсон. Бид хоёрыг байж байтал Н гэж ** дүгээр байрны оршин суугч орж ирсэн. Тэр хүнийг орж ирэхэд зодоон болоод дууссан байсан. Н та хоёр минь юу болоод байгаа юм бэ, тайван бай гэж хэлээд даргатай шагналын талаар юм ярьж байгаад гарсан... Тэгээд би уйлаад цагдаа дуудсан. Урьд нь 2022  оны 8 дугаар сард 26 дугаар байрны гадна таамбар засварын ажил хийж байхад ирээд хулгайчууд хэний зөвшөөрөлтэйгөөр юу хийгээд байгаа юм бэ гэхээр нь би хэн хулгайч юм гэж хэлсэн. Гэтэл чи хулгайч гэж хэлээд шавартай бээлийгээр миний нүүр рүү цохиж байсан.  

Би Гэмтлийн эмнэлэг дээр очтол оёдол тавихгүй бол болохгүй гэж хэлсэн. Миний зүүн эрүү өвдөөд байгаа тул Нэгдүгээр эмнэлгийн чих, хамар, хоолой, эрүү, нүүрний тасагт үзүүлсэн. Бас Гэмтлийн эмнэлгийн хажуу талд байрлах эмнэлэгт томографын зураг авахуулсан. Гэтэл булчирхай томроод шүлс ялгаруулдаг булчин багассан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ц-н гэрчээр өгсөн: “...Ц нь манай хүүхэдтэй хамт ажиллаж байсан. Манай хажуу байранд 2003 оны үед ирээд бид хоёр танилцаж байсан юм. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц уйлаад Р даргад зодуулсан гэж ярьсан. Тэгэхээр нь би уулзсан чинь зүүн хацар нь хөх эрээн болчихсон байсан. Юу болсон юм бэ гэхэд Р дарга намайг зодсон гэж хэлсэн. Та хоёр чинь юунаас болж зодолдсон юм бэ гэхэд би зодолдоогүй, Р дарга намайг зодсон, би уйлаад доош суусан гэж хэлсэн. Тэгээд юм идэж чадахгүй байна, завжиндаа оёдол тавиулсан гээд байж байхад нь би гуурсаар юм идэж, уу гэж зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Н-н гэрчээр өгсөн: “...Би *** байранд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг өнгөрч байхад усны тоолуур тавихтай холбоотой бичиг авахаар орсон. Р, Ц хоёр муудалцсан байдалтай байсан. Нэг дор ажилладаг хүмүүс яах гэж хоорондоо муудалцаг юм, хоорондоо эвтэй бай гэж хэлээд гарсан. Гэтэл араас Ц залгаад та ороод ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад ортол Ц уйлаад дарга Р намайг зодсон гэж хэлсэн. Зүүн завжных нь дотор талд язраад цус шүүрчихсэн байсан. Удалгүй хоёр цагдаа орж ирсэн. Тэгээд би ах нь явлаа гэж хэлээд гараад явсан. Би тэр хоёрыг зодолдож байгааг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-н гэрчээр өгсөн: “...Би ** байранд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед будаг авахаар орсон. Өрөөнд ороход Р, Ц хоёр зүгээр байсан. Ямар нэгэн муудалцсан зүйл мэдэгдээгүй.  Би будаг аваад Р багштай хамт гарсан. Бид хоёр 47 дугаар сургуульд цуг ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Э-н гэрчээр өгсөн: “...Р манай дарга, бид хоёр 7 жил хамт ажиллаж байна. Урьд нь багш байсан болохоор зарим үед ширүүн үг хэлж байдаг. Дараа нь аргадаад уучлалт гуйгаад явж байдаг. Ажлаас болж хүнд бухимдах зүйл гардаг, тийм үед л уурлаж байгаа харагддаг. Бусдаараа зүгээр, дажгүй хүн. Ц тэр хоёрыг муудсан гэж сураг сонссон. Зодолдож, муудалцаж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М- гэрчээр өгсөн: “...Ш.Р нь манай **-ны дарга, таньдаг болоод бараг 3 жил болж байна... Ц гэх хүнтэй ажлаас болж муудсан байх. Хамаг ачааллаа Р дарга үүрч явдаг. Ажлаас болж энэ хоёр хүн маргалддаг байх. Бусдаараа аль аль нь гайгүй зантай хүмүүс...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Д-н гэрчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би *** байрны гадна цонхон дээр ажиллаж байсан. Гэтэл Ц, Р нар дотор хэрэлдээд байсан. Зодолдож цохилцсоныг бол хараагүй. Тэгээд би дотроос тог авах гээд орох гэхэд Ц нь уйлаад энийг хардаа гээд над руу амаа ангайлгаж харуулахад уруул нь цус болсон байсан... Р дарга гараад явсан байсан. Бид нар гадаа ажлаа хийж байхад цагдаа ирээд тэр хоёрыг хэлтэс рүү авч явж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Д.Ц-ийн биед дээд зүүн завжинд шарх, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Р-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед  *** өрөөнд намайг орж ирэхэд нярав Ц сууж байсан. Би Ц-д чи сүүлийн 4, 5 cap ажлаа хийхгүй байна. 11 дүгээр сарын 01-нд ажлаас гар, хариуцлагагүй байна гэж шаардлага тавьсан. Миний тавьсан шаардлагаас болж хоорондоо муудалцсан. Гэтэл намайг “үеэ өнгөрөөсөн авгай минь, ална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...“ТМС”  төгссөн авгай минь”  гэж хэлээд бид хоёр муудалцсан. Цагаан бээлий барьсан гараараа миний баруун хацар руу хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор түлхтэл Ц арагшаа сандал дээрээ унасан. Удалгүй хаалга дугараад Н-г гаднаас орж ирсэн. Н 30-40 минут надтай шагналын талаар юм ярьж суусан. Н-г гарахаар нь би араас нь хамт гарсан. Бид хоёрыг гарахад урдаас засвар хийж байсан Г орж ирсэн. Би Г-т өрөөнөөс эмульс авч өгөөд гараад явсан. Гэтэл 13 цаг өнгөрөөгөөд цагдаагаас ярьсан. Та энэ хүний завжийг урсан байна гэж хэлсэн. Бид хоёр муудалцсан, би зүгээр түлхсэн завжийг нь ураагүй гэж хэлэхэд бид хоёрыг цагдаа дээр авч ирээд хэсгийн байцаагч руу явуулсан. Би түлхсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмтэл учруулах хэмжээний цохиогүй. Түлхсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.М-ийн гэрчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр завжиндаа шархтай, тархины доргилт оноштой ирсэн. Тэр өдөр шарх цэвэрлэж, оёдол тавьж анхдагч цэгцэлгээ хийж, оношилгоо шинжилгээ хийж, зөвлөгөө өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь  тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ц-ийн гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 51 дэх тал/  зэргийг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***  байранд буюу ажлын байранд тус холбооны дарга ажилтай Ш.Р, ажилтан Д.Ц нар хоорондоо маргалдаж улмаар Ш.Р Д.Ц-ийн нүүрэн тус газарт нь цохисны улмаас зүүн завжинд нь шарх, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулжээ.

 

Энэ болсон үйл баримтын талаар хохирогч Д.Ц “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Р нь түлхүүртэй баруун гараараа миний зүүн шанаа руу хоёр цохиод үргэлжлүүлээд эрхий хуруугаа завж руу оруулж атгаад хэд хэдэн удаа сэгсэрсэн...” гэж /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч Ц.Ц “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц уйлаад Р даргад зодуулсан гэж ярьсан. Тэгэхээр нь би уулзсан чинь зүүн хацар нь хөх эрээн болчихсон. Юу болсон юм бэ гэхэд Р дарга намайг зодсон гэж хэлсэн...” гэж /хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч Л.Н “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Р, Ц хоёр муудалцсан байдалтай байсан. Би “нэг дор ажилладаг хүмүүс яах гэж хоорондоо муудалцдаг юм, хоорондоо эвтэй бай” гэж хэлээд гарсан. Гэтэл араас Ц залгаад “та ороод ирээч гэж хэлэхээр нь яваад ортол Ц уйлаад дарга Р намайг зодсон гэж хэлсэн. Зүүн завжных нь дотор талд язраад цус шүүрчихсэн байсан...” гэж /хавтаст хэргийн 32 дахь тал/, гэрч Ж.Э “...Ц тэр хоёрыг муудсан гэж сураг сонссон...” гэж /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч Р.Д “...Ц, Р нар дотор хэрэлдээд байсан... Би дотроос тог авах гээд ороход Ц уйлаад энийг хардаа гээд над руу амаа ангайлгаж харуулахад уруул нь цус болсон байсан...” гэж /хавтаст хэргийн 40 дахь тал/,  гэрч Ч.М “...Д.Ц 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  завжиндаа шархтай, тархины доргилт оноштой ирсэн. Тэр өдөр шарх цэвэрлэж, оёдол тавьж анхдагч цэгцэлгээ хийж, оношилгоо шинжилгээ хийж, зөвлөгөө өгч явуулсан...” гэж /хавтаст хэргийн 67 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.С “...тухайн шарх нь витамины дутагдлаас үүсэхгүй, хазахад хөндлөн шарх үүсдэг учир өөрөө хазахад бас үүсэхгүй. Гадна талаас цохиход үүсэх боломжтой шарх. Гэхдээ унахад үүсэх шарх биш. Хуруугаа ам руу нь хийгээд татахад үүсэх боломжтой шарх юм...” гэж тус тус мэдүүлжээ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14770 дугаартай “Д.Ц-ийн биед дээд зүүн завжинд шарх, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ авагдсан байна.

 Үүгээр шүүгдэгч Ш.Р-ын ...Тэр үед цус болсон зүйл байгаагүй, цус гарахаар ч зүйл болоогүй. Би түлхсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмтэл учруулах хэмжээний цохиогүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба хохирогч Д.Ц-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ш.Р хохирогчийн нүүр тус газарт цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч болон хохирогч нар зөрүүтэй мэдүүлсэн. Гэтэл хохирогчийн мэдүүлгийг үндэслэж яллаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул Ш.Р-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ш.Р-ыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр **** байрны нэг давхарт байрлах “***” Сууц өмчлөгчдийн холбооны байранд Д.Ц-ийн нүүрэн тус газарт нь цохиж зүүн завжинд нь шарх, дээд уруулын салстад өнгөц язрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Ш.Рт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ш.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ш.Р мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...гэмтэл учруулах хэмжээний цохиогүй. Түлхсэн нь үнэн...” гэж мэдүүлж байгааг тодруулбал шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.Р-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Р-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Р-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ш.Р-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ш.Р-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 187.690 төгрөг нэхэмжилж байх тул шүүгдэгч Ш.Р-аас нийт 187.690 /нэг зуун наян долоон мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цд олгох нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт Ш.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

1. А овогт Ш-н Р-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ш.Р-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.Р-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р-аас нийт 187.690 /нэг зуун наян долоон мянга зургаан зуун ерэн/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-д олгосугай.

6.  Хэрэгт Ш.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ