| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2019/01266/И |
| Дугаар | 184/ШШ2019/01686 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2019/01686
2019 оны 06 сарын 20 өдөр Дугаар 184/ШШ2019/01686 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... хороо, .... гудамж, .... барилга, .... тоот хаягт байрлах, “М-” ХХК /РД:…./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... хороо, .... хороолол, .... гудамж, .... тоот хаягт байрлах, “Г- К-” ХХК /РД:…./,
Хариуцагч: …. аймаг, …. сум, .... баг, ...., .... гудамж, .... тоот хаягт оршин суух, Х- овогт Б-ын Ц- /РД:.../ нарт холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-, хариуцагч “Г- К-” ХХК-ийн төлөөлөгч Н.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М-” ХХК нь гео физикийн хайгуулын судалгаа хийдэг байгууллага юм. 1994 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байгаа. Түүнээс хойш 2000 он гарсны дараа ажлаа өргөтгөх зорилгоор барилгын тусгай зөвшөөрөл авч барилгын үйл ажиллагаа эрхлэх болсон. 2015 оны зун нэг танил хүнээр дамжуулж Н.Г- гэх эмэгтэй цэцэрлэгийн байшин нураах ажил ажил олж өгнө гэж 60,000,000 төгрөг аваад алга болсон байдаг. Ингээд түүнийг хайж байх үед түүний найз гэх Н.Ц- гэдэг эмэгтэй ажил олж өгвөл Н.Г-од холбогдуулан гаргасан гомдлоо татаж авах уу гэхэд нь болох юм гэж хэлсэн байдаг. Ингээд н.Ц- нь “Г- К-” ХХК нэртэй компани, түүний захирал гэх Б.Ц- гэдэг хүнтэй танилцуулсан. Б.Ц- нь тендерээр 4 багц ажил авсан байгаа, түүнийхээ нэгийг нь өгнө гэж хэлээд танайх тендерт бэлдэж материалуудаа өг гэсэн байдаг. Ингээд материалуудаа бэлдэж өгсөн. Гэтэл зургийн мөнгө хэрэгтэй байна, мөнгө шилжүүл гэж Б.Ц- нь хэлсэн учраас “Г- К-” ХХК-ийн данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг 2015 оны 12 сарын 26-ны өдөр өөрийн Г- б-ны дансаар “Г- К-” ХХК-ийн 5000855146 гэсэн Х- б-ны данс руу нь шилжүүлсэн. Ингээд 2016 оны 02 сард мөнгөний хэрэг байна гэсэн учраас Б.Ц-т 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Ингээд тендерт оруулж, ажил олж авч өгнө гэсэн Б.Ц- нь 2016 оны 3 сар хүртэл ямар нэгэн сураггүй болсон. Тендер нь болсон эсэхийг Боловсролын яаманд хандаж асуухад 2016 оны 01 сарын 06-ны өдрөөр бүх материалуудаа аваад дуусчихсан танай “М-” ХХК-иас ямар нэгэн бичиг баримт ирүүлээгүй гэж хэлсэн байдаг. Ингээд хуурч мэхлэгдсэн гэдгээ мэдээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа 6 сар өнгөрсөн байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэдэг үндэслэлээр гомдлыг хүлээж авахаас татгалзсан байдаг. Цагдаагийн байгууллагад хандсанаар “Г- К-” ХХК-ийн хаягийг олж аваад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ц- нь “Г- К-” ХХК-ийн захирал биш гэдэг тогтоогдсон учраас иргэн Б.Ц-аас 1,000,000 төгрөг, “Г- К-” ХХК-иас 5,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч “Г- К-” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хариуцагч Б.Ц- гэдэг хүнтэй 2014 онд хамтарч ажиллахаар танилцсан. Ажил олоод өгвөл танайх хийж чадах уу гэж анх танилцсан. Ингээд нэг цэцэрлэгийн байшин нураах ажлын газар шорооны ажилд хамтарч ажиллах гэж би компанийнхаа бүх бичиг баримтыг канондож Б.Ц-т өгсөн юм. Ингэж танилцаж явсаар байгаад эцэст нь 5,000,000 төгрөгийн асуудалд орчихсон юм. Би “М-” ХХК-ийг огт мэдэхгүй, түүний захирлыг ч танихгүй. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ч мэдэхгүй. Сая л хурал дээр ямар үйл ажиллагаа явуулдаг компани болохыг нь мэдлээ. 2015 онд манай компанийн данс руу яах аргагүй “М-” ХХК-иас зургийн мөнгө гэж 5,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгсэн Б.Ц- дансруу чинь миний танил мөнгө хийсэн байгаа, яаралтай аваад өг гэсэн. 2015 оны 12 сарын сүүлээр амралтын өдөр л байсан санагдаж байна. 5,000,000 төгрөгийг би Б.Ц-т бэлнээр авч өгсөн. Энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар би огт мэдэхгүй. Манай “Г- К-” ХХК нь ганц хүний буюу миний компани байгаа юм. Б.Ц- гэдэг ажилтантай байгаагүй. Тэр тендерт нь манай компани туслан гүйцэтгэгчээр л орох гэж байсан. Түүнээс биш манай компани барилга барьж үзээгүй, зөвхөн газар шорооны ажил хийх гэж л байсан юм. Б.Ц- нь “М-” ХХК мөн өөр хоёр компанийн нийт 15,000,000 төгрөгийг Боловсролын яаманд өгчихсөн гэж тайлбарлаад байгаа. Яг өгсөн эсэхийг нь би мэдэхгүй. Компанийн дансаар мөнгө оруулж гаргасан нь миний алдаа болчихлоо. Би 5,000,000 төгрөгийг нь Б.Ц-т бэлнээр авч өгсөн юм. Энэ 5,000,000 төгрөг болон нэмж авсан гэх 1,000,000 төгрөгийг бүгдийг нь хариуцагч Б.Ц- захиран зарцуулсан юм. Тийм учраас манай компаниас шаардаж байгаа 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “Г- К-” ХХК, Б.Ц- нарт холбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Г- К-” ХХК-ийн данс руу шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хариуцагч “Г- К-” ХХК-иас, Б.Ц-т бэлнээр өгсөн 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ц-аас тус тус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нийт 6,000,000 төгрөгийг гаргуулна” хэмээн тайлбарлав.
Хариуцагч “Г- К-” ХХК нь “...“М-” ХХК-иас зургийн мөнгө гэж 5,000,000 төгрөг компанийн дансанд орж ирсэнийг хариуцагч Б.Ц-т бэлнээр авч өгсөн юм. Энэ 5,000,000 төгрөг болон нэмж авсан гэх 1,000,000 төгрөгийг бүгдийг нь Б.Ц- гэдэг хүн захиран зарцуулсан юм. Тийм учраас манай компаниас шаардаж байгаа 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм...” хэмээн маргав.
“М-” ХХК нь 2015 оны 12 сарын 26-ны өдөр “Г- К-” ХХК-ийн эзэмшдэг “Хас банк” дахь 5000855146 тоот дансанд 5,000,000 төгрөгийг “Барилгын зураг болон төсвийн үнэ” утгатайгаар шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч “Г- К-” ХХК-ийн төлөөлөгч нь уг мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй болно. /хх-4х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байх ба “...дансаар нь орж ирсэн 5,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ц-т бэлнээр өгсөн” гэх хариуцагч “Г- К-” ХХК, түүний татгалзал баримтаар нотлогдсонгүй. Нэгэнт нэхэмжлэгч “М-” ХХК, хариуцагч “Г- К-” ХХК нарын хооронд үүрэг хүлээсэн хэлцэл байгуулагдаагүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар заасан тул хариуцагчаас нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгөө шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Ц- нь нэхэмжлэлийн хувийг 2019 оны 05 сарын 27-ны өдөр гардан авсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2019 оны 06 сарын 10-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан. Тиймээс Б.Ц-ын тухайд түүнд бэлнээр өгсөн гэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрсөн тухай тайлбаргүй, хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар түүнийг шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, хариуцагч Б.Ц- нь 1,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж гаргуулж шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч “Г- К-” ХХК-иас 5,000,000 төгрөг, Б.Ц-аас 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г- К-” ХХК-иас 94,950 төгрөг, хариуцагч Б.Ц-аас 16,000 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Г- К-” ХХК-иас 5,000,000 төгрөг, хариуцагч Б.Ц-аас 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М-” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г- К-” ХХК-иас 94,950 төгрөг, хариуцагч Б.Ц-аас 16,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М-” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ