Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

 

 

 

 

  2023          02          06                                    2023/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

иргэдийн төлөөлөгч Х.Солонго,

улсын яллагч Т.Баянмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д, 

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Г- ад холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суудаг гэх, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 6 сарын хорих ялаар,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн /регистрийн дугаар ***/ Б овогт Б-н Г- . Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө *** тоотод  амь хохирогч Ш.Д-ыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж түүний баруун гар, цээж хэсэгт хутгаар хутгалан баруун бугалгын урд дээд хэсгийн цээжний баруун хөндий рүү нэвтэрч 3 дугаар хавирга, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа сул шингэн цус, баруун уушгины авчилт бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруутай үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Манай ээж өндөр настай хүн байдаг. Тухайн хэрэг гарснаас хойш нь бие өвдөж байгаа. Оршуулгын зардалд 8.822.645 төгрөгийн зардал гарсан. Маш их гомдолтой байна. Манай дүү ** хувиараа блок хийдэг байсан. Хааяа архи уудаг байсан. Гэхдээ яагаад Баянгол дүүрэгт явж байсан юм, энэ хүнийг танихгүй байж яагаад уулзсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг.

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 3-12-рт/,

- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 13-16-рт/,

-  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 22-28-рт/,

-  Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 35-38-рт/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Д- нь миний төрсөн дүү, нийтэч хүнд их тусалдаг хүн байсан. Ахуй амьдралын хувьд эхнэр хүүхдээсээ салж өөрийн гэр болох *** амьдарч ахын хүүхэдтэй нийлж Бэлх зусланд блок цохиж зуны турш ажилласан. Өөр газраар архи ууж яваад байдаггүй хүн байсан. Би эгчийн хувьд дүүтэйгээ утсаар ярьж холбоотой байдаг байсан. Байнгын биш ч хааяа нэг ярьчихдаг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сард Гэмтлийн эмнэлэг дээр уулзахад архинаас гарч байгаа, Солонгос улс руу явж ажил хийнэ, Есүс христийн шугамаар явах гэж байгаа гэж ярьж байсан. Тэрнээс хойш уулзаагүй, утсаар ганц удаа ярьсан. Ийм харамсалтай зүйл болно гэж мэдээгүй. Гэтэл гэнэт ийм зүйл болсон байсан... Ш.Д- 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр над руу *** дугаарын утаснаас залгаад “та 5000 төгрөг байвал шилжүүлээч” гэж хэлсэн. Надтай бол зүгээр л ярьсан. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43 тал/,

Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г, Т нар надтай хамт ажил хийдэг юм. 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой *** тоотод  Б.Г, Т нарын хамт дэлгүүрээс чанах мах, нэг шил архи авч гэртээ ирсэн. Г нь архины хамааралтай, архи уучих гээд байдаг юм. Гэртээ ирээд махаа чанаж, Г Т хоёр нэг шил архиа хувааж уусан. Зурагт үзэж байхад Г, Т хоёр авчирсан нэг шил архиа дуусгаж дахиад нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр гарч нэг шил архи авч өгсөн. Г, Т хоёр архи ууж байхдаа хоол унднаас болж маргалдсан. Би тэр хоёрыг “боль” гэж хэлээд хоёуланг нь алгадаж унт гэж хэлсэн. Тэр хоёр өрөө рүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд хэвтээд өгөхөөр нь би унтаад өгсөн. Т намайг шөнө сэрээж таксины 15.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би өндийж ирэхэд Г, Т, талийгаач, нэг танихгүй эмэгтэйн хамт байсан. Надад байсан 20.000 төгрөгийг Тд өгч эргэж унтах гээд хэвтэж байхад Т, Г хоёр маргалдаад байсан. Дундуур нь талийгаач “болио миний дүү” гэхэд “надад чам шиг ах байхгүй, яавал чинь яачихна шүү би” гэж хэлж байгаа сонсогдсон. Би “та нар яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд өндийхөд Г цэнхэр иштэй хутга баруун гартаа барьсан, талийгаачийг зүүн гар орчмоос нь зүүн гараараа барьчихсан чичиж байгаа харагдахаар нь би “боль” гэж хэлээд хутгыг авч “амьтан хутгалах гэж байгаад өөрийгөө хутгалав, унт” гээд унтуулсан. Хажууд байсан Тг унт гэж хэлэхэд гэрээс гарч явсан. Талийгаач буйдан дээр сууж байсан би “унт, та нар” гэж хэлээд унтсан. Маргааш өглөө нь цагдаагийн машин ирж байна гэж Г сандарсан байртай хэлсэн. Би босож ирээд гадаа цагдаа нартай уулзахад “цэнхэр дээлтэй хүн танайд орж ирсэн үү” гэж асуухад нь би “орж ирсэн” гэж хэлсэн. Гэтэл манай хашааны ар руу заахад талийгаач манай хашааны банзанд гараараа өлгөгдсөн харагдаж байсан. Өглөө намайг сэрэх үед Г шөнө нь гартаа барьж байсан цэнхэр иштэй хутгийг алчуураар арчаад далд хийж байгаа харагдсан. Би ямар алчуураар арчиж байсныг сайн хараагүй. Манай гэрийн алчууруудын нэг нь байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 45-47-рт/, 

Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д бид хоёр барилгын засал чимэглэлийн ажил хамтарч хийдэг Галаа буюу Г, Т нартай хамт 5 шарын цаана байрлах байрны подвалын засал чимэглэлийн ажлаа хийж байгаад өдөр 14 цагийн үед би Д-н ээж, аавынх нь гэрт усанд орчихоод орой 20 цагийн үед бид хоёрын амьдардаг Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 16-55 тоотод ирэхэд Д, Т, Г гурав надаас түрүүлээд гэрт ирчихсэн “Ж” үсгээр эхэлсэн нэртэй хоёр шил архи авчихсан, зочны том өрөөнд эхний шил архиа хуваагаад ууцгааж байтал Г, Т хоёр хоорондоо муудалцсан. Яагаад муудалцсан шалтгааныг нь мэдэхгүй байна гэнэт хоорондоо муудалцаж байснаа нэг нэгнийгээ цохиод байх шиг чимээ гараад байхаар нь би гал тогооны өрөөнөөс “та хоёр болиоч ээ” гэхэд хэсэг хугацааны дараа зодолдохоо болиод үргэлжлүүлэн архи ууцгааж байгаад орой 21-22 цагийн үед Т гэрээс ганцаараа гарч яваад 30-40 орчим минутын дараа цэнхэр өнгийн дээл өмссөн 40-50 орчим насны эрэгтэй хүн дагуулаад манай гэрт орж ирсэн. Тэгээд таксины 20.000 төгрөг байвал өгөөч гэхээр нь би “байхгүй” гэхэд тэр хоёрын араас нь үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрт ороод ирэхээр нь би “ямар учиртай, юун хүмүүс билээ” гэхэд “Т болон цэнхэр дээлтэй эрэгтэй нарыг манай гэрт хүргэж ирсэн таксины жолооч байна, таксины мөнгийг нь өг” гэхээр нь би “одоохондоо мөнгө алга, маргааш өгье” гэж хэлээд явуулсан. Тухайн үед Тгийн дагуулж ирсэн цэнхэр дээлтэй эрэгтэй нилээн согтуу байсан бөгөөд Т тухайн эрэгтэйг манай найз гэж танилцуулсан. Тэгээд зочны өрөөнд Д, Г, Т болон цэнхэр дээлтэй эрэгтэй дөрөв хамтдаа архи ууж байтал Т, Г хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Миний сонссоноор Г Т-д хандаж “чиний таксины мөнгийг би төлөх ёстой юм уу” гэх мэт зүйл ярьж муудалцаад байсан. Гэтэл Т-тэй хамт орж ирсэн цэнхэр дээлтэй эрэгтэй Г-ад хандаж “ахын дүү яагаад уурлаад байгаа юм бэ” гэж хэлтэл Г хариуд нь тухайн эрэгтэйд хандаж “би чиний дүү биш шүү” гэж хэлснээ миний хоол хийж байсан гал тогооны өрөө рүү орж ирээд хутга хийдэг шүүгээ онгойлгож дотор нь байсан цэнхэр өнгийн иштэй хутгыг аваад буцаад зочны өрөө орох гэхэд нь би Г-ыг “хүүе ээ, чи наад хутгаараа яах гэж байгаа юм бэ гэхэд намайг “чи дуугүй байгаарай” гэж хэлэхээр нь би Г-ын араас тэд нарын архи ууж байсан зочны өрөөнд ортол Г хутгаа /аль гартаа барьсан байсныг нь санахгүй байна/ гартаа барьчихсан цэнхэр дээлтэй эрэгтэйг газар сууж байхад нь урд нь очиж зогсоод нэг гараараа толгой дээрээс нь дарж байгаад ар нуруу руу нь хутгаараа ямар ч гэсэн хоёр удаа хатгах шиг болсон. Миний хальт харснаар хутга тухайн эрэгтэйн өмссөн цэнхэр дээлийг нэвтэрч орохгүй байх шиг байсан, Г тухайн эрэгтэйд хандаж “пизда минь зайл” гээд орилоод байхаар нь би айгаад унтлагынхаа өрөөнд ороод чимээ сонсож байтал удалгүй Т “чи хүн алчихлаа шүү дээ" гэж нэг удаа хэлэхэд цэнхэр дээлтэй эрэгтэй нь 1-2 удаа ёолж байснаа “чи намайг яаж байгаа юм бэ” гэхэд Г “та өөрөө намайг өдөөд байсан биз дээ” гэж хэлж байхыг би сонссон. Тэгээд удалгүй тэд нар бүгд чимээгүй болчихоор нь би өрөөнийхөө хаалгаа онгойлгож харахад цэнхэр дээлтэй эрэгтэй зочны өрөөний хойд талын буйдан дээр толгойгоо баруун зүгт буюу өрөөний баруун талын хана руу харуулчихсан, дээшээ харсан байдалтай унтаж байх шиг байсан. Д өрөөний баруун урд хэсэгт шалан дээр унтаж байхаар нь би цэнхэр дээлтэй эрэгтэйн хөлд нь хүрээд “ахаа та зүгээр үү” гэхэд хэвтсэн чигээрээ сэрээд “аанхан” гэж хариулснаас өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн үед талийгаачид гэмтэл бэртэл шарх учирсан байсан эсэхийг би сайн анзаарч хараагүй. Зочны өрөөнд Т, Г хоёр байхгүй байхаар нь гайхаад хайхад Т, Г хоёр гал тогооны өрөөний цаад талын унтлагын өрөөнд унтаж байсан. Би буцаад унтлагын өрөөндөө ганцаараа ороод унтаж байтал шөнө /хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна/ Г зочны өрөөнд ороод ирчихсэн буйдан дээр хэвтэж байсан эрэгтэйг “хөөе, чи одоо хүртэл яваагүй байгаа юм уу” гэх дуу сонсогдож байгаад чимээгүй болчихоор нь би буцаад унтсан. Тэгээд өглөө 07 цаг 30 минутад босч унтлагынхаа өрөөнөөс гал тогооны өрөө рүү орж бие засах гэхэд Ттэй хамт ирсэн цэнхэр дээлтэй эрэгтэй зочны өрөөний буйдан дээр байхгүй байсан. Д ганцаараа зочны өрөөний шалан дээр унтаж байхаар нь гал тогооны өрөөнд хувин дотор бие засчихаад буцаад зочны өрөөнд орох үед цэнхэр дээлтэй эрэгтэй хүн хэвтэж байсан буйдан дээрх бүтээлэг, матрас болон харалдаа доод талынх нь шал маш их цус болж хатсан байхаар нь шалан дээр байсан цусыг цэнхэр өнгийн шалны алчуураар арчиж, цэвэрлээд тухайн алчуураа буйдангийн доогуур хийчихээд Г, Т, Д нарыг сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь сэрэхийг нь хүлээнгээ хоол, цай бэлдэж байтал Г түрүүлж сэрээд надтай суугаад ус уунгаа тамхи татсан. Тухайн үед би Г-аас “та нарын архи ууж байсан зочны өрөөний буйдангийн бүтээлэг, матрас, шал цус болсон байсан, хэнээс цус гарсан юм. Манай гэрт ирсэн цэнхэр дээлтэй эрэгтэй хаачсан юм бэ” гэж асуухад Г “би тэр эрэгтэйг гадаа гаргачихсан” гэж хэлснээс өөр ямар нэгэн зүйл oгт хэлээгүй. Тэгээд удалгүй Г цонхоор харснаа хашааны гадаа цагдаа ирчихсэн байна гэж хэлээд  Дийг очиж сэрээгээд “Д ахаа гадаа цагдаа нар ирчихсэн байна” гэж хэлэхэд Д босож ирээд хувцсаа өмсөж байхдаа цус болсон буйдан дээрх бүтээлэг матрасыг харснаа бүтээлгийг нь над руу шидээд “наадхаа цаашаа нуу” гэхээр нь би тухайн цустай бүтээлгийг нь өөрийнхөө унтсан унтлагын өрөөний баруун хойд булан руу шидэхэд Д буйдангийн цустай матрасыг эргүүлж харуулж тавиад гэрээс гарахдаа буйдангаа юмаар бүтээгээрэй” гэхээр нь би өөрийнхөө нөмөрч унтсан ягаан өнгийн бүтээлгээр бүтээж байхад Д цагдаа нар руу очихоор гэрийн хаалгаар гарахдаа үүдний амбаарын шалан дээрээс Гын урьд шөнө нь гал тогооны шүүгээний шургуулгаас авч цэнхэр дээлтэй эрэгтэйн ар нуруу руу нь хоёр удаа хатгаад байсан цэнхэр иштэй хутгыг аваад Гад өгөөд “цаашаа хийгээрэй” гэхэд Г тухайн хутгыг гал тогооны өрөөний шүүгээний шургуулга руу хийчихээд, надад хандаж “цагдаа нар чамаас ямар нэгэн юм асуувал Д, Т, чи бид дөрвөөс өөр хүн танай гэрт байгаагүй, зөвхөн бид нар л архи уусан гэж хэлээрэй. Өөр юу ч хэлж болохгүй шүү” гэж хоёр, гурван удаа надад хэлээд байж байтал нэг цагдаа орж ирээд манай хашаанд урьд шөнө Т-гийн дагуулж ирсэн дээлтэй эрэгтэй нас барсан байдалтай байгааг хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-55-рт/,

Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д ахын төрсөн эгч Д-н охин нь байгаа юм. Хамгийн сүүлд Д ах 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 14 минутын орчимд над руу залгаад “ахдаа гоймонгийн мөнгө өгөөч” гэж хэлээд над руу өөрийнхөө дансыг мессежээр  явуулахаар нь 5000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш надтай холбогдоогүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд цагдаагийн газраас над руу залгаж Дарамбазар ахыг нас барсан болохыг мэдсэн... Би тухайн үед Д ахтай утсаар ярьж байхдаа ажилтай байсан тул эрүүл, согтуу байсан эсэхийг сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р/,

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн *** байрны ** тоотод засварын ажил хийж байгаа юм. Тэгээд найз Ы-н төрсөн ах болох Д-г барилгын ажил хийдгийг нь мэдэх тул ойр зуурын багаж хэрэгсэл авахаар өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Д-н утас руу залгаж асуутал тэрээр утсаа аваад “би гэртээ байхгүй байна, гадуур ажилтай  явж байна, орой зав гарвал багажаа танай гэр рүү дөхүүлээд өгье” гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл цаг орой болсон хэдий ч Д ах холбогдохгүй болохоор нь би залгаад “юу болж байна ах, боломжгүй бол би маргааш танай гэрээс очоод авчихъя, та харин завтай байж байх уу” гэхэд “би маргааш завтай гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 12 цагийн үед би гэрт нь яваад очиход хашааных нь хаалга дэлгээтэй, харин байшингийнх нь хаалга цоожтой, нүдэхэд хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь буцаж машин руу яваад  өөрийнхөө гар утсыг цэнэглэж үлдээчихээд ойролцоох дэлгүүр рүү орж нэг хүйтэн юм авч уучихаад заримдаа дотроо байгаа хирнээ хаалгаа тайлж өгөхгүй байдаг юм чинь, энэ удаад ч гэсэн тэгж байж магадгүй гэж бодоод дахин хаалгыг нь нүдэхээр хашаа руу нь ортол байшингийнх нь баруун хойд талын хашаан дотор  цэнхэр өнгийн дээлтэй зүйл өлгөгдчихсөн мануухай маягийн юм харагдсан. Тэгээд гайхаад жаахан лавшруулаад харахад хүн байхаар нь хөлдөөд үхсэн юм байхдаа гэж бодоод буцаж гараад машин дээрээ очиж цэнэглэж байсан утсаа аваад 102 руу залгаж дуудлага өгсөн. Би эхэндээ тэр хашааны тийшээ сайн хараагүй учраас анзаараагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-62-рт/,

 Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 29-ний орой 17 цагийн орчим *** тоотод буюу Г.Д-н гэрт очсон. Очихдоо дэлгүүрээс архи, тамхи, мах авч очоод мах чанаж байх үедээ Д, Г бид гурав нэг шил архи хувааж уусан. Д архи уухгүй гэж байгаад ганц нэг татсан байх, Г бид хоёр тэр архийг ууж дуусаад Г дахин нэг шиг архи авчирсан. Авчирсан архийг ууж байгаад тал шил хүрснийг мэдэж байна, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна, тасарчихсан байсан. Маргааш өглөө нь сэрэх үед цагдаа нар ирчихсэн байсан. Намайг босгож шууд эрүүлжүүлэх байранд авчирсан. Архи ууж байхад Г бид хоёрыг маргалдаж байсан гэж Д надад хэлсэн. Мөн намайг такси барьж, талийгаачтай хамт гэрт орж ирсэн гэж хэлсэн. Би яг юу болсон талаар санахгүй байгаа. Миний нүд рүү хэн цохисон талаар ч санахгүй байна. Надад Д “Г нүд рүү чинь цохисон” гэж хэлсэн. Яг юу болсныг үнэхээр санахгүй байна. Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр архи уусан. Тэрнээс хойш уугаагүй байж байгаад тэр өдөр уусан. Архи уухаараа юу болсон талаараа санадаггүй юм. Согтуу үедээ зан авир муутай хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаг гэсэн. Тийм болохоор архийг хэрэглээд байдаггүй юм... Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн болсон зүйлийн талаар тодорхой сайн санахгүй байдалтай байсан. Одоо зарим нэг зүйлийн талаар тодорхой сайн санаж байна.

Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө *** тоот Д-н гэрт Г, Д бид гурав архи ууж байхад Ц нь Г түүний дараа надтай гудамжинд ногоон дээлтэй хохирогч таарч бид хоёр гэрт орсон. Талийгаачийг би урьд нь харж байгаагүй, гудамжинд архи уучихсан согтуу явж байгаад таарч Д-н гэрт дагуулж орсон. Тал шилтэй архинаас Г нэг, нэг хундага архийг талийгаач бид хоёрт хийж өгсөн. Энэ үед би Г-ыг хоол хий гэж хэлсэн. Г уурлаж намайг сандал дээр сууж байхад цохиж унагаахад талийгаач Гад хандаж “ахын дүү чи наад ахыгаа битгий цохио” гэж хэлсэн. Г намайг өндийж харахад талийгаачийг цохиж байгаа харагдсан. Д босож ирээд “та нар архи, дарсаа болиод одоо унт” гэж хэлсэн. Г бид хоёрыг гал тогооны хажуу талын өрөө рүү оруулж унтуулсан. Талийгаач том өрөөний буйдан дээр хэвтэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64-65, 68-69-рт/,

Гэрч Ш.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Д барилга дээр голдуу ажил хийдэг. Баянзүрх дүүрэгт *** хадны эцэст амьдардаг, заримдаа “ахаа би жаахан юм уучихлаа” гэж согтуу ярьдаг байсан.  Би 2022 оны 6 дугаар сард нэг удаа уулзсан. Эрдэнэт хотод амьдардаг болохоор тэр болгон уулзаж чаддаггүй байсан... Хааяа нэг согтуу ярьчихдаг, ажил төрөл сайн, сайхан болж байгаа талаар ярьдаг байсан. Ямар хүмүүстэй хамт найзалж нөхөрлөдөг талаар би мэдэхгүй. Би дүүгээ өнгөрсөн талаар 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71-72-рт/, 

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт  /1-р хавтаст хэргийн 80-83-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн ** дугаартай дүгнэлт  /1-р хавтаст хэргийн 100-101-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл, хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ.

2.  Шинжилгээнд ирүүлсэн дээлэнд суганы гогцоотой шилбэ салсан гэмтэл болон 30 мм хэмжээтэй гэмтэл, хөх өнгийн цамцанд 28 мм, саарал алаг цамцанд 28 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Бусад эд зүйл, хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл, хувцаснууд татагдаж сунгагдаагүй байна.

3.  Шинжилгээнд ирүүлсэн дээлийн шилбэ салсан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, дээлэнд үүссэн 30 мм, хөх өнгийн цамцанд үүссэн 28 мм, саарал алаг цамцанд үүссэн 23 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна.

4.  Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй...” гэжээ. /1-р хавтаст хэргийн 115-116-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцас, эд зүйлүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн  бүтээлэгт 35 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, улаан ягаан өнгийн цэцгэн хээтэй хөнжилд 15х8 мм, 12х6 мм хэмжээтэй эдэлгээний явцад дулаан илчний үйлчлэлээр үүссэн хуучин гэмтлүүд байна. Бусад хувцас, эд зүйлүүд гэмтэлгүй байна...” гэжээ. /1-р хавтаст хэргийн 125-126-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1-7 дугаартай объектууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн 3, 14 дугаартай  объектуудаас тус бүр 1 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцсэн 1, 2, 4, 5, 6 дугаартай объектуудаас гарын мөр илрээгүй...” гэжээ. /1-р хавтаст хэргийн 132-133-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганууд, заазууруудад даавуун эдлэлийн сэмэрдэс илэрсэнгүй...” гэжээ. /1-р хавтаст хэргийн 138-139-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. ХГҮ-ээр хураан авсан гэх 5 ширхэг хутга, 2 ширхэг заазуур нь шинжилгээнд тэнцэж байна.

2. ХГҮ-ээр хураан авсан гэх 5 ширхэг хутга, 2 ширхэг заазуур дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэжээ. /1-р хх-ийн 149-150-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “Г /37/ эр” гэж хаягласан цусанд спирт илрээгүй...” гэжээ. /1-р хавтаст хэргийн 153-154-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Г 37 настай эрэгтэй гэж хаягласан, 5 мл хэмжээтэй тариуртай цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Уг тариуртай цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна...” гэжээ. /1-р хавтаст хэргийн 160-161-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1.  Б.Г-ын биед цээж, хүзүү, баруун тохойд цус хуралт, доод эрүү, зүүн чих, хүзүү, тохой, шилбэнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх шилбэний зулгаралт болон цээж, хүзүү, баруун тохойд цус хуралт, доод эрүү, зүүн чих, хүзүү, тохойн зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.  6. Дээрх шилбэний зулгаралт гэмтэл нь үзүүлсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө учирсан байх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэжээ. /1-р хх-ийн 1181-182-рт/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. 2. Талийгаач Ш.Д-ын цогцост баруун бугалганы урд дээд хэсгийн цээжний баруун хөндий рүү нэвтэрч 3-р хавирга, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа сул шингэн цус /600 мл/, баруун уушгины авчилт, уруул, баруун бугалганд цус хуралт, шанаа, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун сарвууны 4, 5-р хуруу, баруун тохой, баруун сарвууны 1-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтлүүдээс шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүснэ.

4.  Дээрх баруун бугалганы урд дээд хэсгийн цээжний баруун хөндий рүү нэвтэрч 3-р хавирга, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа сул шингэн цус /600 мл/, баруун уушгины авчилт, уруул, баруун бугалганы цус хуралт, шанаа, зүүн шилбэнд зулгаралт, баруун сарвууны 4, 5-р хуруунд шарх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 5-7 орчим хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

5. Талийгаачийн цусанд 3,1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

6. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7, 8. Талийгаач нь баруун бугалганы урд дээд хэсгийн цээжний баруун хөндий рүү нэвтэрч 3-р хавирга, баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.

9. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 6-10 орчим цаг болсон байна.

10. Талийгаач Ш.Д-ын цогцост баруун бугалганы урд дээд хэсэгт 3x1 см ирмэг тэгш, ангайсан, баруунаас зүүн доош ташуу чиглэлтэй, цээжний хөндий рүү нэвтэрсэн гүн шархтай байна.

11. Талийгаач А /II/ бүлгийн цустай байна...” гэжээ. /1-р хх-ийн 184-188-рт/,

-  Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Амь хохирогч нь гэмтэл авсны дараа цус алдалт явагдаж байх үед идэвхитэй үйлдэл хийх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199-рт/,

-  Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд:

7. Б.Г нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” гэжээ. /1-р хх-ийн 200-201-рт/,

-  Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 

“...2022 оны 10 дугаар сарын 29-ний 18 цагийн үед Т, Д, бид гурав ажлаасаа тарж *** тоот Д-ийн гэрт очихдоо дэлгүүр орж “Ж” үсгээр эхэлсэн гадаад нэртэй 1 литрийн архи авч орсон. Гэрт ороод Т бид хоёр авсан архиа задалж уусан. Архи ууж байхад орой 20 цагийн үед Ц усанд орчихоод ирсэн. Тэр үед нэг шил архийг ууж дууссан байсан. Т “чи миний үгийг сонсохгүй Д-г юм хэлэхээр барлаг нь юм шиг байнга гүйдэг, чи муу надад яагаад муухай санаа оноо гаргаад байдаг юм бэ” гэхэд нь би “надад санаа оноо гаргасан зүйл байхгүй, өөрсдийн хийж байгаа ажилдаа ийм ч юм, тийм ч юм гэхгүйгээр хийж болно шүү дээ” гэж хэлсэн. Т миний дагз хэсэг рүү алгадаж их зэвүүн бацаан, хүн ялгаж харьцдаг, шорон санаатай бацаан” гэж хэлсэн. Би Т-д хандаж “шоронд орсон хүн болгон шорон санаатай байдаггүй шүү ах аа” гэж хэлсэн. Т “Д ахад ганц юм аваад өгчих, шууд унтлаа” гэж хэлсэн. Д ах надад банкны картаа өгч “дэлгүүр явж ганц юм авч хувааж уугаад унт” гэж хэлсэн. Би дэлгүүр орж урьд өмнө нь авсан архиа авч орж ирээд задалж Т-д өгч, өөртөө авчихаад “одоо хоёулаа муудаад яах юм бэ, аятайхан уучихаад унтъя” гэж хэлсэн. Гэтэл “чи харах царайны зэвүүн бацаан юм байна” гэж хэлсэн. Би “ах та яагаад байгаа юм бэ, хүнээс өө харж муудах гэж ингээд байгаа юм уу” гэж хэлсэн. Т ахиж явуулаач гэхэд нь би аяганд архи хийж өгчихөөд өөртөө хийж уусан. Т ер нь чамайг хараад байхаар уур хүрээд байх юм, зэвүүн бацаан” гэж хэлсэн.

Т бид хоёр архи ууж байгаад архины тал үлдсэн үед Т “би явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Би хаалга түгжихэд Д ах “одоо унт” гэж хэлсэн. Би зурагтаар юм үзэнгээ үлдсэн шилтэй архинаас бага багаар уусан. Т цаг гаруй болсоны дараа “Д хөгшөөн, Г” гээд хаалга нүдэхэд хаалга онгойлгосон. Гаднаас талийгаач Т хоёр орж ирсэн. Т “таксины мөнгө байна уу” гэж асуухаар нь “надад юу байхав, цалин мөнгө аваагүй, Д ахаас асуу” гэхэд Т ах Д ахад “таксины 20.000 төгрөг байвал өгөөч” гэж хэлсэн. Гаднаас 50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Д ах “А-аа тэр түрийвчнээс 20.000 төгрөг байвал аваад өгчих” гэж хэлсэн. А зурагтын урд байсан түрийвчнээс нь 20.000 төгрөг авч өгөөд орж ирсэн эрэгтэй, эмэгтэйд мөнгийг өгч гэрээс гаргасан. Би ширээний буланд байсан архиа нууж “юун таньж, мэдэхгүй хүн авч орж ирж байгаа юм” гэж Т ахад хэлэхэд Т ах “миний найз байгаа юм, танилц” гэхээр нь би “танилцахгүй, таньж мэдэхгүй хүнтэй танилцдаггүй” гэж хэлсэн... Т “архинаасаа аяглаач” гэж хэлэхээр нь Т-д архинаас аягалж өгсөн. Т хохирогчид аяглаад өгчих гэхэд нь би “таньж мэдэхгүй хүнд аяглаж өгөхгүй” гэж хэлсэн. Тэгээд намайг сууж байхад “чи хар ус харамласан хөгийн бацаан бэ” гэж хэлээд шилэн хүзүү рүү алгадаж “өмхий шорон санаатай” гэж хэлсэн. Т миний зүүн гар талд, хохирогч баруун талд буйдан дээр сууж байсан. Би “түрүүнээс хойш дуугүй сууж байхад янз бүрийн юм хэлж хүн өдөөд байгаарай, тэвчээр алдарч байна шүү” гээд Т-гийн зүүн нүд хэсэгт гараараа цохисон. Т нүүрээ дарж хойшоо газар налж суусан. Буцаж сандал дээр сууж байхад Т босож ирээд надтай зууралдсан. Д ах уурлаж “ганц юм уух гэж маяглачих юм” гэж хэлээд босоод ирсэн. Д ах гараараа миний баруун шанаа руу, Т-г босож ирэх үед цээж хэсэг рүү гараараа цохиж “маяглалгүй унтацгаа” гэж хэлсэн. Гэтэл Т-гийн уур хүрч ахиж надтай барьцалдаж барьж авсан. Би Т-г мөн адил барьж зууралдсан. Бид нарын ард сууж байсан хохирогч миний цамцнаас зулгааж хойш татаж “та хоёр болиоч, юунаас болж хэрүүл, зодоон хийгээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Т тэр далиманд миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Т-г цааш жийж унагаагаад ард байсан хохирогчийг хойш тохойгоор нударч цохиж унагаасан. Хохирогч хойшоо суусан. Би буцаж эргэж хараад хохирогчийн өмсөж явсан дээлийн ханцуйнаас зуурч “чи ер нь гар, чамайг таньж мэдэхгүй, орж ирчихээд архи нэхээд хэн юм бэ” гэж хэлсэн. Хохирогч “Т-гийн найз нь байна” гэж хэлсэн. Би “надад найз энэ, тэр чинь хамаа байхгүй. Энэ Т-гөө аваад яв” гэж чирж гал тогооны хэсэг рүү гаргасан. Хохирогч ханцуйгаа нударч тавиулаад гараа зангидаж өрөлт авсан. Гал тогооны тэкен дээр байсан цэнхэр өнгийн иштэй хутгыг зүүн гараараа авч баруун гартаа шилжүүлж нэг удаа хохирогчийн гар руу хатгасан. Хохирогч “чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би “чамайг хутгалчихлаа, чи цагдаагаа дуудаад өг” гэж хэлсэн. Т цаанаас хүрч ирээд намайг түлхэж хохирогчийг зурагттай өрөөний буйдан руу оруулж суулгасан. Би буцаж том өрөө pүү орж ширээний хажууд байсан 100 грамм орчим архийг авч ганцаараа бүгдийг ууж унтлагын өрөө рүү явж орсон. Т миний араас “чи хоол аяглаад өгчих” гэж хэлсэн. Би “чадахгүй, хоол байгаа, өөрсдөө аяглаад ид” гэж хэлсэн. Т “унтъя” гэж хэлээд гудас дэвсэж, хөнжлөө дэрлээд унтаад өгсөн. Би шөнө үүрээр 04 цагийн орчимд босож ус уусан. Тамхи татах гэж зурагттай том өрөө рүү орсон. Хохирогч тэр өрөөний буйдан дээр доош харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод “хөөе, чи яваагүй юм уу” гэхэд “би жаахан унтаж байгаад явъя” гэж хэлсэн. Би тамхи авч асаагаад унтлагын өрөө рүү явж орсон. Үүрээр 06 цагийн орчимд бие засах гэж босоод буцаж тамхи авсан. Том өрөө рүү явж ортол Ц сэрүүн хэвтэж байсан. Хохирогч тэнд байгаагүй. Ц-с “энэ яасан юм” гэж хохирогчийг асуухад босоод ирэхэд “байхгүй байсан” гэж хэлсэн. Тамхи асааж авч гадна тамбарын хаалга онгорхой байсныг хааж түгжээд унтлагын өрөөндөө явж ороод унтсан. Өдөр 14 цагийн орчимд найз  Баасанцэрэн хүрч ирээд хаалга, цонх тогшоод байсан. Д ахад “Б ирсэн байна, багаж авахаар ирж” гэж хэлсэн. Надад “хаалга битгий онгойлгоорой, өнөөдөр амръя” гэж хэлэхээр нь би хаалга онгойлгож өгөлгүй, нөгөө унтлагын өрөөнд орж хэвтсэн. Хэсэг хэвтэж байгаад хоол идэх гээд бостол гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Д ахад “гэрийн гадаа цагдаагийн машин ирчихсэн байна” гэж хэлсэн. Д ах хувцасаа өмсөж цагдаатай үулзахаар гарсан. ...Намайг гэрээс гарч очиход эргүүлийн хоёр цагдаа байсан. Цагдаагийн ахлах нь надаас өчигдөр хэдүүлээ архи уусан талаар асуусан. Би эргүүлийн цагдаад Т бид хоёр архи уусан гэж хариулсан. Гэрт хэдүүлээ байсан талаар асуусан. Д, Ц, Т бид дөрөв байсан талаар хэлсэн. Өөр хүн байсан уу гэж асуухад нь бид дөрөв байсан гэж хариулсан. Тэр цогцсыг таних уу гэж хойно байшингийн хажуу тал руу гараараа заасан. Би тэр үед Т ахын найз гэх хамт дагуулж орж ирсэн хүн мөн байна гэж хариулсан. Т бид хоёрыг цагдаагийн машинд суулгаж цагдаа дээр ирсэн. Би хохирогчийг цэнхэр өнгийн иштэй хутгаар баруун гар талд гал тогооны өрөөнд байхдаа нэг удаа хутгалсан...

Би урьд мэдүүлэг өгөх үед хэрэгт болсон зүйлийн талаар тодорхой ярьсан. Миний мэдүүлэг өөрчлөгдөхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 230-232, 238-рт/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял  шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 6-рт/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Мөн хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэдэгт бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй хүнийг алсныг ойлгоно.

Амь хохирогчийн цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба хүнд хэлбэрийн согтолттой хүнд орчиндоо болон цаг хугацааны баримжаа алдагдах, ухаан орон гаран болох, унтаа байдалд орох, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр эрс алдагдах зэрэг шинжүүд илэрдэг болохыг анагаах ухааны ойлголтоор тайлбарласан байдаг. Иймд амь хохирогч Ш.Д нь шүүгдэгч Б.Г-ад хутгалуулах үедээ хүчтэй согтуурсны улмаас идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй буюу сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан байна.

Хэргийн үйл баримтаар гэрч Г.Д шүүгдэгч Б.Г-ыг баруун гартаа цэнхэр иштэй хутга барьсан байсан, зүүн гараараа талийгаачийг зүүн гар орчмоос нь барьчихсан чичиж байгааг хараад хутгыг нь авсан талаар, хэрэг гарсан гэх өдрийн маргааш өглөө сэрээд Б.Г-ыг шөнө нь гартаа барьж байсан хутгыг алчуураар арчаад далд хийсэн талаар гэрчлэн мэдүүлсэн, мөн гэрч Б.Ц-н амь хохирогч Ш.Д-ыг нилээн согтолттой байсан ба, Г, Т-тэй “таксины мөнгийг чинь би төлөх ёстой юм уу” гэх мэт зүйл ярьж муудалцах үед амь хохирогч Ш.Д- “ахын дүү яагаад уурлаад байгаа юм бэ” гэж хэлэхэд хариуд нь “би чиний дүү биш шүү” гэж хэлээд гал тогооны өрөө рүү орж ирээд хутга аваад буцаад зочны өрөө рүү орсон, Б.Гыг хутгаар яах гэж байгаа талаар асуухад  “чи дуугүй байгаарай” гэж хэлсэн, Б.Г гартаа хутга барьчихсан цэнхэр дээлтэй эрэгтэйг газар сууж байхад нь урд нь очиж зогсоод нэг гараараа толгой дээрээс нь дарж байгаад хутгатай гараараа ар нуруу руу нь хутгаараа ямар ч гэсэн хоёр удаа хатгах шиг болсон... Т “чи хүн алчихлаа шүү дээгэж хэлэхэд нь амь хохирогч 1-2 удаа ёолж байгаад “намайг яаж байгаа юм бэ” гэхэд Г “та өөрөө намайг өдөөд байсан биз дээ” гэж хэлж байхыг би сонссон гэж гэрч Б.Ц-н мөн гэрчилэн мэдүүлсэн нь шүүгдэгч шууд санаатай, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэргийг үйлдсэнийг давхар нотолж байна. 

Тодруулбал шүүгдэгч Б.Г нь хохирогч Ш.Д-ын амь насыг хохироосон  өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хүнд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгчид дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.

 Иймд шүүгдэгч Б.Гыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Ш.Д-ын төрсөн эгч Ш.Д-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Энэ гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байх  бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д баримтаар оршуулгын зардал болох нийт 8.822.645 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Гаас 8.822.645 /найман сая найман зуун хорин хоёр мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Б.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа. 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Гад  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн алчуур 1 /нэг/ ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 /нэг/ ширхэг, заазуур 2 /хоёр/ ширхэг, хутга 5 /тав/ ширхэг, “Rider” /Райдэр/ гэсэн бичигтэй хар өнгийн цамц 1 /нэг/ ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн хос пүүзэн гутал, “Supreme” /Супрэм/ гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 /нэг/ ширхэг, хөнжил 1 /нэг/ ширхэг, 1 /нэг/ хос улаан хүрэн оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 98 хоног /ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н Гыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Гад 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-ад оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-аас 8.822.645 /найман сая найман зуун хорин хоёр мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн алчуур 1 /нэг/ ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 /нэг/ ширхэг, заазуур 2 /хоёр/ ширхэг, хутга 5 /тав/ ширхэг, “Rider” /Райдэр/ гэсэн бичигтэй хар өнгийн цамц 1 /нэг/ ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн хос пүүзэн гутал, “Supreme” /Супрэм/ гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 /нэг/ ширхэг, хөнжил 1 /нэг/ ширхэг, 1 /нэг/ хос улаан хүрэн оймс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шүүгдэгч Б.Г-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ОДОНЧИМЭГ

 

                                                                              ШҮҮГЧИД                           М.ДАЛАЙХҮҮ

                                                                      

                                                                                                                           Ч.ОТГОНБАЯР