Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1039

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ш.Алтанцэцэг,

          шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

          хохирогч С.Энхжаргал,

          нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

         

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Эд холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.Э, 1973 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Автомашины сэлбэг худалдааг ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................оотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46А байрны 1901 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Энхжаргалыг бусадтай хардаж, оройтож ирлээ гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унаган нүүрэн тус газар нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хүннү овогт Нинжийн Н.Эыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нинжийн Н.Эыг 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Н.Эд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргаж, миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1.1-д заасан С.Энхжаргалд учирсан гэх гэмтлийг хэн, хэзээ хэрхэн учруулсан болохыг нотлох баримтанд тулгуурлан шалгаж тогтоолгүйгээр Н.Эыг үйлдсэн мэтээр үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Учир нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Н.Э нь өөрийн гар утсаар “Эхнэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ агсан тавиад байна” гэх дуудлага өгсний дагуу цагдаагийн албан хаагч нар түүний гэрт очиж, эхнэр С.Энхжаргал нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан гэмт үйлдлийг таслан зогсоож, С.Энхжаргалыг эрүүлжүүлэх байранд саатуулсан. 

С.Энхжаргал нь тухайн үйл явдал болсны маргааш Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргасан ба шинжээчийн дүгнэлтээр түүнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн.

С.Энхжаргалыг эрүүлжүүлэх байранд хүлээн авах үед түүний эд зүйл болон биед үзлэг хийн тэмдэглэл \хх 72-73\ үйлдсэн ба энэхүү тэмдэглэлд “Биед үзлэг хийхэд ил харагдах шарх сорвигүй, Согтолт дунд зэргийн, гэртээ агсам тавьсан, Эрүүлжүүлсэн хугацаанд \эрүүлжүүлэх байранд хонох үед\- догшин авирласан” гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл цагдаагийн эргүүлийн албан хаагч нар гэрт нь С.Энхжаргалын гэмт үйлдлийг таслан зогсоох хүртэлх хугацаанд түүнд гэмтэл учраагүй байсан, нөгөө талаас түүнд учирсан гэх гэмтэлд миний үйлчлүүлэгч Н.Э нь огт хамааралгүй болох нь нотлогдож байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Н.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч С.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 26 жил энэ хүний хүчирхийлэлд амьдарсан. Гурван хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл явсан. Намайг эрүүлжүүлэх байранд өөрийгөө гэмтээчихлээ эсхүл цохисон гэж яригдаж байна. Хүн байхгүй үед эсвэл бага насны хүүхдийн хажууд Н.Э нь хүнийг мангастаж хойш нь цохидог. Хүн цохингуут буюу цохисны дараа шууд хөхөрдөггүй. Би эрүүлжүүлэх байранд очиход миний нүүр хавдсан байсан. Би 3 хүүхдийнхээ эцгийг гүжирдэхгүй. Анхан шатны шүүхэд хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсэлт бичиж өгч байсан. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй...” гэв.

 

Прокурор Ш.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэж, энэ хэргийг үндэслэлтэй зөв шийдсэн. Н.Э эхнэрээ маш их хардаж, сэрддэг шалтгааны улмаас байнга маргаан тэмцэлтэй амьдардаг. Н.Э нь хүчирхийлэл үйлддэг нь удаа, дараагийн баримтаар нотлогдсон. Цагдаагийн байгууллагын “АСАП” сангийн бүртгэлд удаа, дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, согтуугаар гэртээ тайван бус байдалтай байсан, дуудлага өгсөн эхнэрийгээ зодсон гэсэн дуудлагын мэдээллүүд авагдсан байдаг.

Н.Э хэзээ ч өөрийнхөө гэм бурууг ойлгодоггүй, ёс зүй, хүмүүжлийн хувьд доголдолтой. 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө эхнэр Энхжаргал согтуу ирсэн гэсэн шалтгаанаар маргалдаж зодолдсон. Хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан шаардлагын дагуу авагдсан нотлох баримтууд болно. Гэрч, хохирогч нар нэг талыг барьсан мэдүүлгийг өгсөн байна гэж өмгөөлөгч дүгнэж байгаа боловч гэрч, хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь саналтай байна...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46А байрны 1901 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Энхжаргалыг бусадтай хардаж Оройтож ирлээ гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унаган нүүрэн тус газар нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Энхжаргалын “...Үснээс зулгааж чирсэн, зүүд нүд рүү цохисон. ...Олон удаа зодож байсан. ...2014 оноос хойш ааш зан нь их догшин болсон. Тэр үеэс пиво ихээр уух болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр хэл амаар доромжилж цохих, шанаадах, багалзуурдаж, мангасдаж байсан. ...Өглөө 7 цагаас өмнө босох эрх байхгүй. Тэрнээс өмнө босох юм бол ажилдаа юундаа яараад байгаа юм, өмсөх хувцас заана, ажилд явах цагийг заана, ажил дээр байхад хэнтэй байгаа юм гээд дүрсээ харж ярьдаг, ажил тарах үед ажлын чинь гадаа байна гээд залгадаг, утсаа авахгүй тохиолдолд хаана байгаа юм гэдэг. Хүсээгүй байхад өдөр болгон секс хийх гэж дайрдаг. Энэ бол өдөр тутмын наад захын асуудал. ...намайг араас Н.Э үснээс зулгааж хойш татаж байхдаа миний нүүр рүү цохиж, гарынхаа алгаар нүүр рүү түлхэж унагаасан. ...Н.Э нь миний зүүн нүд рүү гараараа 1-2 удаа цохисон...” /хх 14-16, 17-18, 19-21/,

гэрч С.Булгантамирын “...2018 оны 10 дугаар сарын эхээр нөхөр нь гэрээс нь хөөгөөд одоо манай эгч манай гэрт байгаа. Тухайн үед Н.Э цагдаа дуудаад өөрийгөө гар, цээжийг эд зүйлээр ураад эгчийг урсан гэж гүтгээд зургаа хавсаргасан байсан. Дараа нь 10 дугаар сарын 20-ны үеэр Н.Э манайд ирэхэд эгч байгаагүй. Эгчийн талаар худлаа муулж эхэлсэн. Ажлынхантайгаа нийлж гардаг гэхээр нь хариу юм хэлээгүй гаргасан чинь гадаа эгчтэй таараад эгчийг машин руугаа чирч оруулах гэхэд нь манай эгч зугтааж манаачийн өрөөнд ороод манаачаар хүргүүлж манай гэрт орж ирсэн...” /хх 26-27, 34-35/,

шинжээч эмч Б.Ариунзулын “...Энхжаргал нь ирж үзүүлэхдээ дээд, доод зовхи, нүдний дотор булан хацрын төвгөр зүүн шууны дотор доод болон гадна хэсэгт цус хуралттай байсан. ...Энхжаргалын биед учирсан зүүн нүдний зовхи зүүн хацрын гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны цус хуралтууд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн ...” /хх 57-58/ гэх мэдүүлгүүд,

“...Энхжаргалын биед зүүн дээд зовхи, нүдний дотор булан, зүүн хацрын төвгөр, зүүн шууны дотор доод болон гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12362 тоот /хх 40-41/,

“...Э.Н.Эын биед зүүн хацар, хүзүү, цээж, зүүн шуу, сарвуунд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн тавхай эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12435 тоот /хх 44-45/ дүгнэлтүүд,

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс гаргаж өгсөн баримтууд /хх 47-49/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 62-70/, гэрлэлт цуцалсан тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 76-80/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.Энхямын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нь “...гэмтлийг миний үйлчлүүлэгч учруулаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар Н.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, дээр дурдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг няцаасан баримтгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүхээс хэргийг зөв зүйлчлэн, үйлдэгдсэн хэргийн гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нинжийн Н.Эыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                                           Д.ОЧМАНДАХ

 

                                ШҮҮГЧ                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ