Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 112/ШШ2021/0046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн Б.Мын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Б.Чт холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Б/26 дугаартай “Б.Мд сахилгын шийтгэл ногдуудах тухай” захирамжийг хүчингүй болгож, 3 сарын цалингийн 20 хувийг буцаан төлүүлэхийг даалгах   шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн ******* сумд амьдардаг. 2000-2004 онд Шонхор биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Багш мэргэжилтэй. 2017 оноос ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа энэ захирамжид дурдсан шиг ёс зүйн болоод ажлын алдаа дутагдал гаргаагүй. Мөн ажлын цагаар архидан согтуурч байгаагүй болно. 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдөр “Сахилгын шийтгэл ноглуулах тухай” Б/26 дугаар захирамж гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

  Тухайн өдөр онцгой комиссын хурал орсон. Би архи уугаагүй байсан. Хурал дээр би янз бүрийн зүйл яриагүй. Ерөнхий эмч нь багийн ******* руу дайрч ярихаар нь зүгээр хэлж болдоггүй юм уу гэдэг зүйл хэлэхэд чи байнга өмөөрдөг гэдэг байдлаар над руу хандсан. Мөн Онцгой комиссын хурлыг удаа дараа тасалсан гэж байна. Сумын онцгой комиссын хурлыг ганц удаа тасалсан байгаа байх. Бусад үед өөрөө ажилтай үедээ орны хүнээ суулгаад явж байсан. Сумын онцгой комиссын даргын үед тухайн комиссын ажиллах дүрэм журам гэж баталсан зүйл байна уу гэж асуумаар байна. Тухайн хурал дээр архидан согтуурсан гэдэг талаар М.Х гэдэг хүнээс тодорхойлолт гаргаж ирсэн. Гэтэл тэр хүн энэ хуралд оролцоогүй байж тодорхойлолт гаргаж өгсөн. Мөн хуралд суусан хүмүүсээс мэдүүлэг авсан нотлогдож байгаа гэх боловч хэдэн хүн хуралд суугаад хэдэн хүнээс мэдүүлэг авсан юм. Нийт 15 хүн хуралд суусан гэсэн байсан. Би тэр хуралд суусан. Гэтэл тэр хуралд суугаагүй 2-3 хүний нэр харагдаж байсан. Тэгэхээр хуралд суугаагүй хүнийг суусан болгож харагдуулж байгаа учир суусан хүнийг суугаагүй болгож харагдуулах амархан байх. Яагаад тухайн хуралд суусан хүмүүсийг гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүй юм. Мэдүүлэг өгсөн  хүмүүсийг харахад Засаг даргын удирдлаган дор ажиллаж байгаа хүмүүс байна. Тэгэхээр *******ас айгаад худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай гэж бодож байгаа.  Төрийн албан хаагч хүн ажлын цагаар архи уух нь буруу.  Ёс зүйн талаар ярьж байна. Сумын ******* өмнө нь намайг болон бусад байгууллагын дарга нарыг ажлаа өгөхийг шаардаж байсан үйлдлүүд гарсан. Үүн дээр авсан арга хэмжээг бусдын гаргасан алдааг үндэслэж над дээр арга хэмжээ авсан. Сумын онцгой комиссын хурал дээр бичлэг хийсэн гэж байна. Онцгой комиссын хүмүүстэй бичлэг хийнэ гэж ярьж тохирох ёстой. Тэгэхээр нууцаар бичлэг хийж байгаа нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Өмнө нь надаас  ажлаа өгөхийг гуйж, шаардаж 2-3 удаа ярьж байсан. Тэгэхээр шалтаг шалтгаан олдохгүй байсан учир ийм зүйл болсон байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

  Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Б.Ч миний бие сумын хөгжлийг түргэсгэх, цаг хугацаатай уралдан бүтээн байгуулах ажлыг хийж бүтээх багийг удирдан ажиллаж байна. Ингэж  ажиллахад багаараа хурдан шуурхай, цаг алдалгүй , хариуцлагатай , зарчимч байх нь нэн чухал. Ийм учраас ажлын цагаар удаа дараа архи ууж, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаагүй Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Мд 3 сарын хугацаанд цалинг 20 хувиар суутгах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.М нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын Онцгой комиссын хуралд ирж, бусдын болон цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй эмх замбараагүй байдлыг бий болгон төрийн албаны захирах захирагдах ёсыг алдагдуулсан. Хийсэн алдаа дутагдал нь олны өмнө тов тодорхой , байгууллага удирдаж сумын удирдлагын багт ажиллаж байж хариуцлагаас зугтаж төрийн албан хаагчийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй гомдолж байгаа нь ёс зүйд нийцэхгүй болно.  Гэтэл олны өмнө буруу үлгэр дууриалалыг байнга үзүүлж, төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйг зөрчиж, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй учраас сахилгын арга хэмжээ авсан. Нэгдүгээрт: Онцгой комиссын хурал болон цар тахалтай үед маш өндөр хариуцлагатай байх ёстой. Хуралдаанд зарим үед өөрөө оролцдог, зарим үедээ хүн оруулдаг, заримдаа оролцдоггүй. Энэ хүн өөрийнхөө алдаа дутагдлыг ухамсарладаггүй. Дараагийн дугаарт: Өөрөө хуралд ирсэн боловч халамцуу согтуу ирсэн. Согтуу хүнийг турхирсан байдлаар хүмүүсийг өдөөж хурлыг үймүүлсэн. Архидан согтуурсан гэдгээ өөрөө хэлсэн. Ажлын цагаар яагаад архи уугаад явж байгаа юм гэхэд надад шалтгаан байна. Шалтгаанаа чамд тайлбарлах ёстой юу гэж хэлж байсан. Би ажлаа аваад хоёр зүйлийг баримтална гэж хэлж байсан. Нэгдүгээрт цаг барилт, хоёрдугаарт архидан согтуурахыг таслан зогсооно гэж хэлсэн. Иймээс сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн онцгой комиссын хурал дээр би эрүүл байсан гэж байна. Согтуу байсан талаар цагдаа болон бусад хамт байсан хүмүүс гэрчилсэн. Мөн хуралд удаа дараа ирдэггүй талаар хурлын тэмдэглэлүүдийг нотлох баримтаар өгсөн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хөдөө явах гэж байгаа тохиолдолд удирдлагадаа мэдэгдэх ёстой. Тухайн болсон өдрийн процесст үндэслээд цагдаа, эрүүл мэндийн төвийн даргын хоорондын маргаанаас үүдэн мэдүүлэг авсан байдаг. Б.Мын талаар яригдаагүй. Над руу Цагдаагаас яриад мэдүүлэг өг гэхээр нь очиж мэдүүлэг өгсөн. Тэгэхэд Б.Мын талаар биш Р.Эын талаар мэдүүлэг өгсөн. Гэхдээ Б.М, Р.Э хоёр хоёулаа согтуу байсан. Манай хурлын тэмдэглэл бичдэг хүн Б.Мын өөрийнх нь хамаатан садан хүмүүс байгаа. Хурлын үйл явцыг утсан дээрээ бичиж авдаг байгаа учир нь хэлсэн зүйл бичигдээгүй гэдэг зүйл яригддаг учир утсан дээрээ бичиж байгаад тэмдэглэлээ бичдэг. Тухайн өдөр би утсаа ил тавьж байгаад бичлэг хийсэн.

Өндөржүүлсэн бэлэн байдлын тухайд сум дээр гарч байгаа асуудал, болон бусад шаардлагатай үед ажлын бус цагаар ч хуралддаг. 07 дугаар сард нууцаар морь уралдуулсан асуудал гарсан. Тухайн үед цар тахал хөдөө рүү тархах мөн аймгийн *******ас ямар нэгэн байдлаар баяр наадам зохион байгуулахыг хориглосон байсан. Нэг удаа мэдэгдээгүй бооцоот тэмцээн болсон байсан. Мөн дараагийн тэмцээн болох гэж байна гэсэн мэдээлэл байсан учир яаралтай хурлыг зарласан. 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг өгсөн байгаа. Тухайн хуралд  би унтаж байна одоо очлоо гэж хэлсэн. 11 дүгээр сарын 17-нд ямар нэгэн шалтгаангүйгээр багш явуулсан байсан. Энэ байдлууд нь хурал тасалсан зүйл байгаа. Төрийн албанд ажиллаж байгаа гэдэг утгаараа хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Мөн Засгийн газрын 258 дугаар тогтоолыг үндэслэж арга хэмжээ авагдсан байгаа. 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын бичлэгийг өгсөн байгаа. Байгууллагын удирдлагуудад төрийн албан хаагч нар архи ууж байхад тухайн  хүмүүс дээр ямар нэгэн арга хэмжээ ав гэж байсан. Үүнийг биелүүлээгүйн улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед архидан согтуурч байсан. Тухайн хүн өөрөө архидахаас гадна бусад хүмүүстэй ямар нэгэн байдлаар сануулах талаар сэтгэл гаргаж ажиллаагүй байгаа. Хурлын бичлэгээс сонсоход 4 минутаас хойш согтуу байсан талаар өөрөө ч гэсэн хэлсэн байгаа. Энэ хүнээс гарч байгаа зан авир нь эрүүл хүнээс гарч байгаа зан ааш биш. Энэ хүн өөрөө ч гэсэн согтуу байсан нь харагдаж байгаа. Би ямар нэгэн байдлаар буруу шийдвэр гаргаагүй гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч М.Хаас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын ******* Б.Чт “2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сумын Онцгой комиссын хурал болох үеэр ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Р.Э, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.М нар нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хуралд оролцож, хоорондоо маргалдаж төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн зөрчил гаргаж, Р.Э нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авагдсан байна” гэсэн А/25 дугаар мэдэгдэлийг хүргүүлсэн байна.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Р.Эт холбогдох 2116000280 дугаар зөрчлийн хэргийн материалд ******* сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Нийн 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн илтгэх хуудас “...тухайн үед эмч Р.Э, сургуулийн захирал Б.М нарын хооронд үүнээс болж маргаан үүссэн бөгөөд сумын онцгой комиссын хурал дээр эрхлэгч эмч Р.Э, сургуулийн захирал Б.М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан мөн эрхлэгч эмч Р.Э, сургуулийн захирал Б.Мын гар утсыг аваад нүүр лүү нь 2 удаа шидэж, зүй бус үйлдэл гаргаж, сумын онцгой комиссын хурал дээр хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж ...хэрүүл маргаан үүсгэж танхайрсан үйлдэл гаргасан” гэх;

          Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Бугат сум дахь хэсгийн төлөөлөгч ахмад Э.О Р.Эт холбогдох зөрчлийн хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч ажилтай Л.Тийг гэрчээр асуусан тэмдэглэлд “асуулт: ЭМТ-ийн дарга Р.Э, сургуулийн захирал Б.М нар онцгой комиссын хурал дээр согтуу байсан уу? хэр согтуу байсан бэ? хариулт: Хоёруулаа согтуу байсан.Гэхдээ бол өөрсдийн биеэ удирдан жолоодох чадвартай байсан ...хэсгийн төлөөлөгч д/ч Б.Н Р.Эыг та согтуу байна чимээгүй бай гэхэд Р.Э наад Б.М чинь бас согтуу байгаа биз дээ ...хурлын тэмдэглэлийг би хөтөлж байсан. Ерөнхийдөө маргааны талаар тусгасан” гэх мэдүүлэг;

          Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Бугат сум дахь хэсгийн төлөөлөгч ахмад Э.О Р.Эт холбогдох зөрчлийн хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч ажилтай Б.О-ыг гэрчээр асуусан тэмдэглэлд “...сумын ЭМТ-ийн дарга Р.Э морины уралдаан болоод халдвар тархвал гарах зардлыг өөрсдөө хариуцаарай гэж хэлсэн. Сургуулийн захирал Б.М өмнө нь 2 удаа морины уралдаан болсон. Өмнөх болсон 2 уралдаан дээр асуудлаа ярихгүй яасан юм. Р.Э өмнө нь бас хэлж ярьсан ...энэ асуудлаас болоод Р.Э, Б.М нар хоорондоо маргалдсан. Асуулт: ЭМТ-ийн дарга Р.Э, сургуулийн захирал Б.М нар онцгой комиссын хурал дээр согтуу байсан уу? хэр согтуу байсан бэ? хариулт: Хоёруулаа согтуу байсан. Гэхдээ бол өөрсдийн биеэ удирдан жолоодох чадвартай байсан ...Р.Э шидэх юм хайгаад байсан. Тэгсэн Б.М нь май энийг шидчих гээд утасаа өгсөн. Р.Э 2 удаа Б.М руу утсыг нь шидсэн ...хэсгийн төлөөлөгч д/ч Б.Н Р.Эыг та согтуу байна чимээгүй бай гэхэд Р.Э наад Б.М чинь бас согтуу байгаа биз дээ...” гэх мэдүүлэг нотлох баримтаар авагдсан.   Шүүхээс ******* сум хариуцсан хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Нийг гэрчээр асуусан тэмдэглэлд “Сумын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Онцгой комиссын хурлын үеэр Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар ярьж байгаад Эрүүл мэндийн төвийн их эмч Р.Э, сургуулийн захирал Б.М нар нь хоорондоо маргалдаад Р.Э нь Б.Мын утасыг 2 удаа авч шидсэн Р.Э илэрхий согтуу байсан, Б.Маас бол архи үнэртэж байсан. Онцгой комиссын хурал болж байсан учир би аль алинд нь арга хэмжээ авах талаар *******д тухайн үед хэлж байсан..”, гэрчээр ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Р.Эыг асуусан тэмдэглэлд: “Би Б.Мын нагац ах тухайн Онцгой комиссын хурлын үеэр баяр наадам хийх тухай асуудал хэлэлцсэн. Тухайн үед коронавирус элбэг байсан учир би хийлгэхгүй, хойшлуулах саналтай байна гэж харин Б.М нарын хэсэг хүмүүс баяр наадам хийнэ гэж маргалдсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б.М архи уугаагүй байсан байх гэж бодож байна. Комиссын гишүүд зайтай, бүх хүн масктай байсан. Хурал үдээс хойш 15 цагийн үед эхлээд 17 цагийн үед дууссан байх...” гэсэн мэдүүлэгийг өгсөн байна.

          Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн  3.1.4.б  “төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх”,  3.1.4.д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, …бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж...”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг  эрхэмлэн дээдлэх” гэж заасныг тус тус зөрчиж дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахлын онцгой үед сумын Онцгой комиссын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралд ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.М нь архи согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ хуралд оролцож бусадтай маргалдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй нь дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байна.

         Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар буруулах” гэж заасныг үндэслэн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж сумын онцгой комиссын хуралд оролцож, бусадтай маргаан үүсгэсэн Б.Мд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

          Харин шүүхэд ирүүлсэн сумын Онцгой комиссын хурлын 2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 04 дугаар тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 08-ны 11 дугаар тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тэмдэглэлээс үзэхэд хурал хуралдаж хэлэлцэх асуудлаа тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж явсан байх боловч тухайн хурлын ирцийг тодорхой байдлаар тэмдэглэлд тусгаагүй, хуралд хэн хэн оролцохоос ямар албан тушаалтан хуралд оролцоогүй, хүндэтгэн үзэх ажилтай байсан, тасалсан зэрэг ирцийн талаар тодорхой бус мөн нэхэмжлэгч “...сумын онцгой комиссын хурлыг ганц удаа тасалсан байгаа байх. Бусад үед өөрөө ажилтай үедээ орны хүнээ суулгаад явж байсан...” гэсэн тайлбар зэргээс Б.М нь сумын онцгой комиссын хурлыг удаа дараа тасалсан гэх үйлдлийг тодорхойлох боломжгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2, 106.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Б/26 дугаартай “Б.Мд сахилгын шийтгэл ногдуудах тухай” захирамжийг хүчингүй болгож, 3 сарын цалингийн 20 хувийг буцаан төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ЗОЛБАДРАХ