| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2023/0646/З |
| Дугаар | 221/МА2025/0029 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0029
“МТ” ХХК,
“БТ” ХХК болон “ТМ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч "МТ" ХХК-ийн төлөөлөгч М.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч Ж.Э, нэхэмжлэгч "БТ" ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, өмгөөлөгч Б.М, нэхэмжлэгч "ТМ" ГХОХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, П.А, Ц.Э, Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2023/0646/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МТ” ХХК, “БТ” ХХК болон “ТМ” ХХК-иас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулахаар, нэхэмжлэгч “БТ” ХХК-иас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэр: “Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МТ” ХХК, “БТ” ХХК, “ТМ” ХХК-иудаас гаргасан, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч БТ ГХОХХК-иас гаргасан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар” 5.2 “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч “ТМ” ХХК-ийн өмгөөлөгчөөс:
“Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаагүй, дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу,
Нэхэмжлэгч компаниуд харилцан адилгүй бөгөөд тэдгээрийн эрх ашиг хариуцагчийн шийдвэрийн улмаас харилцан адилгүй байдлаар зөрчигдөж байхад анхан шатны шүүх нийтлэг байдлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу,
маргаан бүхий захиргааны акт болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын 2023оны 3 дугаар сарын 07-ны А/231 дугаартай тушаал зөвтгөн шүүхийн шийдвэрт дурдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний 01/1534, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4300 тоот албан бичиг нь энэ хэрэгт хамааралгүй,
хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж,
3.2. Нэхэмжлэгч “БТ” ХХК-иас:
“Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль болон нотлох баримтад үндэслээгүй буюу хариуцагч үнэ тогтоох давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өрсөлдөөнийг хязгаарласан нь тодорхой байхад шүүх “тухайн арга замыг хууль зөрчөөгүй, давамгай байдлаа ашиглаж өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхгүй” хэмээн дүгнэсэн нь буруу,
хариуцагчийн вагоныг ашиглаж тээвэр хийх, өөрсдийн хувийн вагоныг ашиглаж тээвэр хийх хоёрт ялгаатай үнэ тарифын зохицуулалт байсныг хөнгөлөлт гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлээ шийдвэрт тайлбарлаагүй,
зөрчил шалган шийдвэрлэх журмаар гарсан шийдвэр болох прокурорын тогтоолыг шүүх Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаар эцэслэн шийдвэрлэсэн нотлох баримт мэтээр дүгнэсэн нь буруу,
хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооноос олгосон итгэмжлэлийг асуудалд шүүх процессын алдаа гаргасан,
Хариуцагчаас маргаан бүхий шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагаа огт хийгээгүй байхад анхан шатны шүүх уг асуудлыг маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал тогтоогдохгүй хэмээн буруу дүгнэсэн,
Хариуцагчийн шийдвэрүүд Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3, 7.1.5, 7.1.11, 11.1.3, 12.1.10-д заасныг зөрчсөн, монопол буюу давамгай байдлаа ашиглан тээврийн үнэ тарифыг өөрчилж, нэхэмжлэгч нарын шударгаар өрсөлдөх, зах зээлд оролцох хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндсөн байхад шүүх “..үзүүлж байсан хөнгөлөлтөө цуцалсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэж,
3.3. Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн өмгөөлөгчөөс:
“Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй
Тухайн асуудалтай холбоотойгоор анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар огт дүгнэлт хийгээгүй нь буруу,
Захиргааны акт хүчин төгөлдөр байхын тулд шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагатай” гэж тус тус гомдол гаргасан.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч талын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нараас “Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч болохын хувьд УБТЗ ХНН нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байсан, энэ тушаалаар хөнгөлөлт биш харин үнэ, тарифын өөрчлөлтийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан..., нэгдсэн нэвтрэх тарифын хэлэлцээрийн 24-т хувийн вагон ачаа тээвэрлэх тохиолдолд 15% бага байхаар зохицуулсныг зөрчсөн,...замаа ашиглуулж тээвэр хийлгэсэн, зөвхөн замаа ашиглуулсан 2 хөлс ялгаатай байх нь зөв, ... Өрсөлдөөний тухай хуулийн 6.2- д "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 7.1.3-д "аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...", 7.1.11-д тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт... бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих", мөн хуулийн 6.4-т "...үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд ШӨХТГ-т өргөдөл гаргана" гэж заасныг тус тус зөрчсөн ...” гэж тайлбарлан маргасан байна.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
4.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалаар Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а заалт, Ерөнхий хорооны хурлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн 1-р заалтаар Тарифын нэгдүгээр мөрдлөг-Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийн 5.9 дүгээр заалтыг хавсралтаар баталж, 5-р заалтаар Тушаалыг батлагдсантай холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тарифын нэгдүгээр мөрдлөг УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм"-ийн 5.9 дүгээр заалт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.
4.2. Дээрх тушаалын хавсралтад 5.9-д “Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг бодох”, “Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны төрлөөс хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг 0.7 коэффициентоор үржүүлэн тооцно” гэж заажээ.
4.3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалаар Тарифын нэгдүгээр мөрдлөг-Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийг баталсан байх бөгөөд тус дүрмийн 5.9 дүгээр зүйлд “тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоноор ачаа тээвэрлэх хөлсийг бодох”, 5.9.1-д “Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд УБТЗ-ын зүтгүүрээр ачаа тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг дараах байдлаар тооцно. Үүнд: УБТЗ-ын зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэж буй тохиолдолд тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны төрлөөс хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг 0,7 коэффициентоор үржүүлэн тооцно.”, 5.9.2-т “Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсийн тавцант вагоноор хувийн эзэмшлийн чингэлэг тээвэрлэвэл чингэлэг тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно” гэж тогтоосон байна.
4.4. Харин, УБТЗ ХНН-ийн даргын, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-47 дугаар Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх тухай тушаалаар “...Төмөр замаар тээвэрлэгдэж буй ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нурмаг ачаанд зориулагдсан 20 футын (open top) чингэлгээр нүүрс тээвэрлэх ажлыг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллахаар, Экспортын нүүрсийг 1 вагонд 20 футын 2 ширхэг, задгай чингэлэгт ачиж тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг тарифын 15-р бүлгээр, эдгээр чингэлгийг экспортын нүүрс ачих зориулалтаар хоосноор тээвэрлэх тохиолдолд тарифын 15-р бүлгийн тарифыг 50 хувь хөнгөлж тээврийн хөлсийг тус тус бодож тооцох”-оор шийдвэрлэсэн байна.
4.5. Түүнчлэн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 5.1-д “Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.А "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийн хэмжээг бууруулах, экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг цуцлах тухай" илтгэлийг сонсов:” гээд, 5.2 “"УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах”, 5.3 “Экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах” гэж тус тус шийдвэрлэжээ.
4.6. Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төмөр замын байгууллага нь зүй ёсны монополь болон зах зээл дээр давамгайлсан ажил, үйлчилгээтэй холбоотой төмөр замын тээврийн үйлчилгээний хөлс, тарифыг энэ хууль болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нийцүүлэн тогтооно”, 7.2-т “Төмөр замын олон улсын тээвэрлэлтийн тарифыг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн тогтооно”, 7.3-д “Тарифын өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 10-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан.
4.7. Мөн Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын дүрмийн 22 дугаар зүйлд “Замын даргад дараахь эрхүүд олгогдоно а/ тушаал шийдвэр гаргах, г/ ачаа зорчигчид, тээш, шуудан тээвэрлэлтийн тарифуудыг боловсруулж Ерөнхий хороонд хянуулахаар оруулах”, мөн дүрмийн 23 дугаар зүйлд “Замын даргын үүргүүд а/ замын ачаа тээвэрлэлт, үйлдвэр, санхүүгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулж Ерөнхий хороонд оруулж хянуулах ба тэдгээрийн биелэлтийг хангах” гэж тус тус заасан.
4.8. Дээрх хууль болон дүрмийн холбогдох заалтуудаас үзэхэд төмөр замын байгууллага нь зүй ёсны монополь болон зах зээл дээр давамгайлсан ажил, үйлчилгээтэй холбоотой төмөр замын тээврийн үйлчилгээний хөлс, тарифыг энэ хууль болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нийцүүлэн тогтоож, төмөр замын олон улсын тээвэрлэлтийн тарифыг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн тогтоохоор хуульчлан зохицуулсан бөгөөд ийнхүү тарифуудыг боловсруулж, Ерөнхий хороонд хянуулахаар оруулж, тэдгээрийн биелэлтийг хангахыг Замын даргад үүрэгжүүлсэн байна.
4.9. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалын 1 болон 5 дугаар заалт нь хариуцагчийн эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн гэж үзэхээр байна.
4.10. Анхан шатны шүүхийн “... хариуцагч нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч болохын хувьд Өрсөлдөөний тухай хуульд заасан тодорхой хориглолтуудыг дагаж мөрдөх үүрэгтэй боловч энэ маргааны тухайд хариуцагчаас хуулиар тогтоосон хориглосон заалтуудыг зөрчөөгүй тухайлбал, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ агуулгаараа Төмөр замын тээврийн тухай хууль болон Олон улсын хэлэлцээрээр эрх олгогдсон этгээд болох Ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн хувийн вагоноор тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг тодорхой этгээдүүдэд үзүүлж ирсэн хөнгөлөлтөө хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалын 1 болон 5 дахь заалтууд нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь,
4.11. Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана", 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.3-т бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах, 12 дугаар зүйлийн 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж тус тус заасан.
4.12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1534 дугаар албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хандаж “... Монгол улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дүгээр тэмдэглэлийн 2 дугаар хэсэгт УБТЗ ХНН-ийн ачаа тээвэрлэлтийн тарифын өөрчлөлтийг ... тухай бүр хянаж зөвшөөрөл олгож ... зөвшилцөж байх”-ыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт даалгасан байна, иймээс УБТЗ ХНН-ээс ирүүлсэн 4 бүлэг, ачаа тээвэрлэлт болон зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг нэмэгдүүлэх хүсэлтэд холбогдох саналыг ирүүлэх-ийг хүссэн, үүний дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4300 дугаар албан бичгээр “Төмөр замын тээврийн тухай хуулийн 10.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд Таны албан бичигт дурдсан хувиар зэс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, экспортын нүүрсний бүлгийг болон орон нутгийн харилцааны зорчигч тээвэрлэлтийн тарифыг тус тус индексжүүлэхийг дэмжиж байна” гэх хариуг өгсөн байна.
4.13. Мөн Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 4 дүгээр тогтоолоор “... Зүй ёсны монополь байдалтай “Улаанбаатар төмөр зам” ХНН нь бараа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, үнийн өөрчлөлтийг хулуьд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй гэх байдал тогтоогдоогүй зөрчлийн шинжгүй” гэх үндэслэлээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох 2302000093 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
4.14. Уг 2302000093 дугаартай зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газарт нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн төлөөлөгчөөс гомдол гаргасны дагуу Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/2090 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “... Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зөрчлийн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ ...” гэх хариуг өгсөн байна. Нэхэмжлэгч нараас уг эрх бүхий албан тушаалтны тогтоол болон Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудасны хүчин төгөлдөр гэдэгтэй холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй байна.
4.15. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалаар Тарифын нэгдүгээр мөрдлөг-Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийг баталсан байх бөгөөд тус дүрмийн 5.9 дүгээр зүйлд тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоноор ачаа тээвэрлэх хөлсийг бодох аргачлал нь хуулийн Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.16. Анхан шатны шүүхийн “... Ерөнхий хорооны гишүүдийн 100 хувийн саналаар "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн нь тухайн байгууллагын эрх хэмжээнд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох боломжгүй, ... Ерөнхий хороо нь Монгол-Зөвлөлт Холбоот улс хооронд 1949 онд байгуулагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэлэлцээр буюу олон улсын гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хамтын шийдвэр гаргадаг субьект болохын хувьд олон улсын хуулийн этгээд бөгөөд түүний гаргасан шийдвэр нь тус байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, эрх хэмжээгээ хэтрүүлээгүй, энэ тохиолдолд шүүх зөвхөн сонгох боломжийг хэрхэн хэрэгжүүлсэнд үнэлэлт өгөх бөгөөд тухайн тохиолдолд тус Хорооны шийдвэр нь тухайн байгууллагын сонгох боломжийн хүрээнд гарсан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. Учир нь:
4.17. УБТЗ ХНН-ийн дүрмийн 16 дугаар зүйлд Ерөнхий хороо нь шаардлагын дагуу хуралдах боловч улирал дутам нэгээс доошгүй удаа хуралдана. Ерөнхий хорооны хурлыг ерөнхий хорооны даргаас эрхлэн хуралдуулах ба түүний эзгүйд даргын орлогч эрхлэн хуралдуулна. Ерөнхий хорооны хурал хүчин төгөлдөр байх явдалд ерөнхий хорооны 4-өөс доошгүй гишүүний оролцоог шаардагдана. Ерөнхий хорооны шийдвэрийг түүний гишүүдийн олонхийн саналаар батална. Тэхдээ энэхүү олонхийн ерөнхий хорооны монгол ба зөвлөлтийн талын гишүүдийн санал зэрэг оролцсон байх ёстой. Хэрэв дээр дурьдсан байдлаар асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байвал уул асуудлыг хувь нийлүүлэгчдийн ерөнхий хорооны хамтарсан хурлаар шийдвэрлэнэ. Ерөнхий хорооны хуралд протокол үйлдэж, хуралд оролцсон ерөнхий хорооны дарга, түүний орлогч, хурлын нарийн бичгийн дарга нар түүнд гарын үсэг зурна гэж, мөн дүрмийн 17 дугаар зүйлд Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурьдсан үүргүүдийг биелүүлнэ, в/ "ачаа, зорчигчид болоод тээш, шуудан тээврийн тарифуудыг тогтооно гэж тус тус заасан байна.
4.18. Хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлын 02 дугаар тэмдэглэлээс үзэхэд тус хуралд Монгол улсын талаас Ерөнхий хорооны орлогч дарга Д.Э, Ерөнхий хорооны гишүүн Л.Х, Ерөнхий хорооны гишүүн Б.Ц, Оросын талаас Ерөнхий хорооны дарга С.А.П, Ерөнхий хорооны гишүүн А.М.Ч нар оролцож, дээрх дүрмийн дагуу Экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах асуудлаар санал хурааснаар, зөвшөөрсөн 5 гишүүний саналаар дэмжиж баталсан байна.
4.19. Иймд хариуцагчаас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах” гэж шийдвэрлэсэн нь өөрийн эрх хэмжээний хүрээнд, дүрмийн зорилгод нийцсэн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
4.20. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасан.
4.21. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллагаас батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан ба хариуцагчаас тус маргаан бүхий актыг гаргахтай холбогдуулан Ган зам сонины 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 (4564) дугаарт мэдэгдэл нийтэлсэн нь хуулийн дээрх ажиллагааг зохих ёсны дагуу үзсэн гэж үзэх боломжгүй байх боловч зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ