Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2019/00190

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГАА ПГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4 дүгээр баг, Буудайд оршин суух, Ж.Э-д холбогдох

байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 16.563.565 /арван зургаан сая таван зуун жаран гурван мянга таван зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГАА ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Бигэр сумын сум дундын эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байсан Р.С-г тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Э нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүй халсан  бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын тамгын газраас Р.С-д ажилгүй байсан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны олговорт 10.510.110 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 145.101 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 183.112 төгрөг, бүгд 10.838.323 төгрөгийг Засаг даргын тамгын газраас олгосон байна. Тухайн үеийн Бигэр сумын Засаг дарга ажилтай Ж.Э нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дугаартай Засаг даргын захирамжаар Бигэр сумын эмнэлгийн эрхлэгч эмч Р.С-г хууль бусаар халсан байх тул халснаас үүдэн байгууллагад учирсан хохирол болох цалингийн 5.280.622 / таван сая хоёр зуун наян мянга, зургаан зуун хорих хоёр/ төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 444.620 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга, зургаан зуун хорин/ төгрөг, нийт 5.725.242 /таван сая долоон зуун хорин таван мянган төгрөг хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол учирсан байна. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн 5.725.242 /таван сая долоон зуун хорин таван мянган төгрөг хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг Р.С-д Бигэр сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс төлсөн. Иймд өмнөх нэхэмжлэлийн шаардлага болох 10.838.323 /арван сая найман зуун гучин найман мянга гурван зуун хорин гурав/ төгрөг дээр 5.725.242 /таван сая долоон зуун хорин таван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг нэмж нийт 16.563.565 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Бигэр сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмгөөлөгч Д.А миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, ГАА ПГ-ын хяналтын прокурор Д.Б-ий тус шүүхэд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж хариуцагч Ж.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Ж.Э нь Бигэр сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчээр ажиллаж байсан Р.С-г ажлаас нь чөлөөлсөн нь үнэн боловч Бигэр сумын Засаг даргын тамгын газарт хууль бус үйлдлээр хохирол учруулаагүй учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн Ж.Э нь байгууллагад учруулсан хохирлыг бүрэн арилгах бүрэн хариуцлагын гэрээгүй ажиллаж байсан бөгөөд хохирлыг бүрэн хариуцан арилгах хуульд заасан үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Ж.Э-гээс байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 16.563.565 /арван зургаан сая таван зуун жаран гурван мянга таван зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГАА ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын тамгын газрын хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг “ШД ХХК-ийн захирал Ж.Э” гэж бичсэн байгаа боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг нэхэмжлэлийг сумын Засаг даргаар ажиллаж байсных нь хувиар иргэн Ж.Эд холбогдуулан гаргасан гэж тайлбарлаж байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас 10.838.323 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5.725.242 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Иймд хариуцагч Ж.Э-гээс байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 16.563.565 /арван зургаан сая таван зуун жаран гурван мянга таван зуун жаран таван/ төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын тамгын газарт олгох үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Д.Б “...шүүхийн шийдвэрийг үндэслэн Бигэр сумын Засаг даргын тамгын газраас Р.С-д ажилгүй байсан хугацааны олговор 16.563.565 /арван зургаан сая таван зуун жаран гурван мянга таван зуун жаран таван/ төгрөгийг хариуцагч Ж.Э-гээс гаргуулан Бигэр сумын Засаг даргын тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү...” гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ж.Э нь Бигэр сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчээр ажиллаж байсан Р.С ажлаас нь чөлөөлсөн нь үнэн боловч Бигэр сумын Засаг даргын тамгын газарт хууль бус үйлдлээр хохирол учруулаагүй учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх, байгууллагад учруулсан хохирлыг бүрэн арилгах бүрэн хариуцлагын гэрээгүй ажиллаж байсан учраас хохирлыг бүрэн хариуцан арилгах хуульд заасан үндэслэл байхгүй...” гэж тайлбарлаж маргажээ.

Хариуцагч Ж.Э нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Бигэр сумын сум дундын эрхлэгч эмч Р.С-г Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийдвэрээр дээрх захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0376, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Говь-Алтай аймаг аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 5.280.622 төгрөгийг, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2018/00086 дугаартай шүүхийн шийдвэрээр 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 10.510.110 төгрөгийг Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан Р.С-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын тамгын газар нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд нийт 16.563.565 /арван зургаан сая таван зуун жаран гурван мянга таван зуун жаран таван/ төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн хүсэлтүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан.

Харин энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

Хариуцагч Ж.Э нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын ажлыг гүйцэтгэж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Ж.Эгийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ эрхээ хэтрүүлэн хийснээс байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоогдсон Р.С болон түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан хариуцагч Ж.Э ч хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн дээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч хариуцагч Ж.Э нь тухайн байгууллагад ямар төрлийн гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж байсан болох нь буюу эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсан (энэ тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл бий болно) хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй байхаар мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар мөн зүйлийн 135.4-т заасан байна.

 Гэтэл хариуцагч Ж.Э нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсан талаарх баримт байхгүй,  Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд энэ талаар тусгаагүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ж.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан болох нь тогтоогдож, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон, байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хариуцахаар хариуцлагын гэрээ хийгдэж үүрэг хүлээсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-д 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь гардуулсан өгсөн байх бөгөөд “намайг биечлэн оролцуулалгүйгээр өмгөөлөгч Б.Оыг оролцуулан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэх тайлбар, хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд түүний өмгөөлөгчийг оролцуулан шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, мөн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Бүрэнжаргалд иргэдийн төлөөлөгчөөр оролцох эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулсан боловч ар гэрийн зайлшгүй шаардлагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн,  зохигчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд тус тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Номун хаан овогтой Ж.Э-гээс Бигэр сумын сум дундын эрхлэгч эмч Р.С-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор төлснөөс байгууллагад учирсан хохиролд 16.563.565 /арван зургаан сая таван зуун жаран гурван мянга таван зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГАА ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.ОЮУНБИЛЭГ

 

                                                                                           Б.ӨЛЗИЙХИШИГ