Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

  Нарийн бичгийн дарга                   Г.Эрдэнэжаргал

  Улсын яллагч                                 Б.

  Шүүгдэгч                                         Я.*******

Түүний өмгөөлөгч                     Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.*******д холбогдох 232300000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн *******, *******т оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт*******ын ******* /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Я.******* нь иргэн Б.*******ийн эзэмшлийн нийт 263 тооны бoг малыг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 03-нийг хүртэлх хугацаанд хариуцан маллаж байхдаа түүний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 263 тооны бог малаас эм хонь 5, төлөг 8, эр хонь 1 нийт 15 тооны бог малыг хувьдаа завшиж 1,660,000 /нэг сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Б.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Б.******* шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

1.1 Шүүгдэгч ******* овогт*******ын ******* нь иргэн Б.*******ийн өмчлөлийн  нийт 263 тооны бог малыг  сард 1 богийг 2000 төгрөгөөр тооцож маллахаар амаар харилцан тохиролцож хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулсан байна. Гэрээний дагуу иргэн Б.******* өөрийн өмчлөлийн 263 тооны бог малыг Я.*******гийн эзэмшилд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн байна.

Я.******* нь өөрийн хариулгад байсан Б.*******ийн өмчлөлийн бог малаас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн *******ын багийн нутагт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Д.*******д өгөх өглөгөндөө 15 тооны хонь өгсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр малаа тоолоход 15 тооны хонь дутсан тухай мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “... Манайх ... 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******ын багийн иргэн *******д сард 1 богийг 2000 төгрөгөөр бодож хариулуулахаар нийт 263 тооны бог мал хүлээлгэж өгсөн. Тухайн өдрөөс хойш хонио тоололгүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мал гаргахаар очиход зүсээр нь гүйлгээд харахад хонь дутуу байхаар нь хонио тоолоход ... Манай малаас төлөг-9, эм хонь 5, эр хонь 1 дутсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 6-7 дахь тал/,

Я.******* 15 тооны хонь Д.*******д өгсөн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Т.ын “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 00 минутын орчим хүргэн ах ийн эзэмшлийн улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр ээж *******, хүргэн ах нарын хамт *******ын багийн нутаг Пойлний урд талд *******гийнд хонь авахаар очсон. ******* нь ээжээс 2020, 2021 онд хонь өгөхөөр мөнгө авсан нийт 35 хонь өгөх юм байна лээ... ******* 25 хонь ав гэхэд түүний эхнэр уурлаад мөн би бензин тос гарздаж ирсэн малаа авч явна гэж ярилцаад 15 хонь авахаар болоод хүргэн ах бид хоёр 10 төлөг 5 эм хонь ачсан. ....” гэсэн мэдүүлгээр /хэргийн 10-11 дэх тал/,

гэрч  Ш.ийн “...******* ирээд хадам дүү тай уулзаад 25 хонь ав гэж ярихад түүний эхнэр уурлаад 15 хонь авахаар болсон. 10 төлөг 5 эм хонь ачсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 14-15 дэх тал/,

гэрч Д.вын “...Би *******ын ******* гэх хүнд 2020 онд 1 хурга 60.000 төгрөгөөр бодож 10 төлөгний 600.000 мянган төгрөг өгсөн. Мөн 2021 оны 12 дугаар сард 20 төлөгний 1.200.000, 5 эм хонины мөнгө 500.000  мянган төгрөг өгсөн. ******* нь хуц, ухна хариулдаг учир хариулгын хөлс болох малаа авсан байх гэж бодоод өгсөн. 2020 онд өгсөн 10 төлөг, 2021 оны 20 төлөг, 5 эм хонь нийт 35 мал авахаар хүргэн , хүү нарын хамт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14:00 цагийн орчим хүргэний улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр *******ын багийн нутаг Пойлний урд талд *******гийнд очсон... ******* ирээд манай хүүхэд тай уулзаад 25 хонь ав гэж ярихад түүний эхнэр уурлаад 15 хонь авахаар болоод үлдсэн 20 хонийг нь шөнөдөө ******* араас авч ирж өгөхөөр болоод ... манай хүү , хүргэн хоёр ... 10 төлөг 5 эм хонь барьж ачаад бид 3 ******* сумандаа ирсэн....” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 18-19 дэх тал/,

Шүүгдэгч Я.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******т 1,660,000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Шинжилгээний явц үр дүнг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын байдлаар эм хонь-5, төлөг-8, эр хонь 1 нийт 15 тооны бог малын үнэлгээг 1,660,000 /нэг сая зургаан зуун жаран мянган/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. /хэргийн 32-33 дахь тал/,

1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

1.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд ,өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө.

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Я.******* нь хөлсөөр ажиллах  гэрээний үндсэн дээр Б.*******ийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бог малыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх нь хууль  бус гэдгийг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсч хор уршгийг учруулсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектив шинжийг,  түүний дээрх идэвхтэй үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш  буюу 1,660,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Я.*******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.    

1.4. Шүүгдэгч хохирлоо бүрэн барагдуулсан нь хохирогчийн “алдсан зүйлийнхээ хохирлыг барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

2.1. Шүүгдэгч Я.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.          

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.            

Түүнчлэн Эрүүгийн  хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийдвэрлэлээ.

2.2. Шүүгдэгч нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт*******ын *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Я.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    З.НАНДИНЦЭЦЭГ