Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Н.Цэнгэлбаяр,

-шинжээч Д.Чулуунбаатар,

-хохирогч Ө.Ю, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

-шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

-шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.П, Х.Т нарт холбогдох эрүүгийн 2234000000519 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Н.П

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Төв уурын зуухны галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.П, Х.Т нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Булагийн 2-46 тоотод 2022 оны 10 дугаар 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Юг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.П нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч Х.Т нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч Ө.Ю нь мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 16-ны орой Х.Т хашаа нь дотроо явж байхаар нь би хаалгаа янзлуулах гээд дуудсан. Тэгээд 0,75 граммтай хараа архи уусан. Би пивоноос нь жоохон л уусан. Н.П бид хоёр муудалцаад байж байсан чинь Х.Т орж ирээд нүүр нүдгүй цохиод, цээж рүү өшиглөхөөр нь би больё гэсэн. Н.П цохиход эрүүнээс цус гараагүй байсан. Хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. 1.910.000 төгрөгийн хохирол төлсөн. Уг нь бид нар 5.000.000 төгрөг гэж тохирсон” гэв.

Шинжээч Д.Чулуунбаатар нь мэдүүлэхдээ: “Хавтас хэрэгт авагдсан хоёр зургийн нэг нь гэмтэл аваад мэс засаг хийгдэхээс өмнөх зураг, нөгөөх нь эмчилгээ хийгдсэний дараах эмчилгээний зураг, тэгээд энэ зургаар хугарлыг тогтоосон. Энд яг чиг тавьж хадсан зургууд байна. Зөрсөн хугарлын зөрөөг нь гаргаж хадсан байна. Би гэмтлийн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байхад нь очиж үзэж байсан. /Жишээ авч үзүүлье гээд ширээн дээр байгаа шилэн савтай усыг цохиж үзүүлэв/. Би шилэн савтай усыг цохиход доторх ус нь цалгиж хөдөлж байна. Үйлдэл, үйлчлэл 2 нь өөр байдаг. Цохих нь үйлдэл. Цохилтын үйлчлэлээс эрүү хугарсан байж болно. Доргих үйлчлэлээс тархины доргилт үүссэн. Нэг үйлдлээс хэд хэдэн үйлчлэл үүсэж болно. Хүний нүдэнд харагдаж, гарт баригддаггүй гэмтлүүдийг тусгай тоног төхөөрөмж, багажийн тусламжтайгаар оношилдог. Жишээ нь рентген зураг, томограф зэрэг болно. Тухайн хүнд хэдэн ч гэмтэл учирсан байж болно. Бүгд тус тусдаа ижил гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Тус тусдаа биеэ даагаад өөр, өөр гэмтлийн зэрэг тогтоогдож болно. 2014 онд хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайд нар хамтарсан тушаалаар шүүх эмнэлэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмаа баримтлан гэмтэл тус бүр дээр нь гэмтлийн зэргийг тогтоох ёстой гэсэн байдаг. Эрүүгийн хугарал нь өөрөө хүндэвтэр зэрэгт, тархины доргилт нь хөнгөн зэрэгт хамаарагддаг. Түүнээс биш миний бие энэ танхимд байгаа хүмүүсийг танихгүй, энэ хэрэгт хэдэн хүн холбогдож байгааг ч мэдэхгүй. Хэрвээ миний ашиг сонирхлын зөрчил байвал шинжилгээ хийлгэхээс татгалзах хууль зүйн бүрэн эрхтэй. Надад татгалзах шаардлага байхгүй учраас би дүгнэлтээ гаргасан” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000519 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Н.П, Х.Т нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Булагийн 2-46 тоотод 2022 оны 10 дугаар 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Юг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай тус тус учруулсан үйл баримт нь дараах

 

-Хохирогч Ө.Югийн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад би гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт байцгааж байсан. Тэгээд би хөрш айлын Х.Т нь хашаа дотроо явж байхаар би хашааны завсраар дуудаж хоёулаа манай гэрийн хаалгыг янзлаадахая ганц юм байна хувааж уучхаад амарцгаая гэхэд Х.Т нь за тэгье гээд манай гэрт орж ирээд хаалга янзалж байх явцдаа 1 шил 0.75 грамм “Хараа” нэртэй архийг хувааж ууж байхад гаднаас манай гэрт хүргэн Н.П орж ирсэн. Тэгээд бид 3 үлдсэн архийг хувааж уучхаад дуусгасан. Тэгсэн Х.Т нь надад 10.500 төгрөг өгөхөөр Н.П бид хоёр пивонд явж дэлгүүрээс авч ирж гурвуулаа мөн уусан. Би тэрхүү 1 ширхэг том пивоноос 1 стаканыг л уугаад би нэлээн согтсон байсан. Тэгээд би хүргэн Н.Птай бие биеныгээ үгээр идэлцэж байхаар нь Н.П бид хоёрыг Х.Т нь намайг 2 удаа нүүр буюу шанаа, эрүү рүү цохисон. Тэгээд намайг үргэлжлүүлээд Х.Т нь миний дээр гараад шанаа руу цохиод байсан. Мөн цээж рүү дэвсээд байхаар нь би больё хөгшөө нүд юм харахгүй, шүд амнаас цус гараад байна шдээ гэхэд Х.Т нь яасан овоо том пизда вэ гээд цохиж, өшиглөөд байсан. Энэ үед манай эхнэр н.Сарангэрэл салгах гээд дийлэхгүй байсан гэсэн. Н.П мөн хажуунаас орж ирээд намайг 2-3 удаа нүүр рүү алгадсанг би санаж байна. Намайг гэртээ цустайгаа хутгалдаад хэвтээд байхад миний дээрээс Х.Т нь бүр мөсөн гүйцээчхэе гээд гэрийн яндангаар дээрээс цохиод байсан гэж эхнэр н.Сарангэрэл надад хэлсэн. Тэгээд 23 цагийн үед би сумын эмнэлэгт очиж яаралтай тусламж үзүүлэн, Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж, цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

-Гэрч Г.Мөнхтуяагийн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай хөдөө гэрт байсан дүү н.Отгонхүү сумын төв рүү хүргэж өгөхөөр болоод би нөхөр Н.Пын хамтаар мотоциклтой сумын төв рүү хүргэж өгчхөөд бид хоёр сумын төвд ээжийндээ орчихоод гараад Ө.Югийн гэрээр орой 21 цагийн үед нөхөр Н.Пын хамтаар ороход Ө.Ю, Ө.Югийн эхнэр н.Сарангэрэл, хажуу хашааны Х.Т нар нь 0.75 граммын Хараа нэртэй архи ууцгаагаад архи нь талдаа орчихсон дуусаж байсан. Тэгээд бид нарыг сууцгааж байхад Ө.Ю нь архи дууслаа архи авна гээд дэлгүүр рүү нөхөр Н.Пын хамтаар явцгаасан удалгүй тэр хоёр дэлгүүрээс 2 литр пиво авчраад ууцгаасан. Тэгээд пиво уугаад сууж байхад Ө.Ю нь манай нөхөр Н.Пын өөдөөс манайх баян гээд томроод байсан. Тэгсэн чинь Н.П нь босож ирээд 2 удаа нүүр рүү гараараа цохисон. Тэгээд дээр доор байж байхад хажуунаас Х.Т нь салгах юм байх гэж бодсон чинь Ө.Юг Х.Т нь гэрийн баруун талд нүүр рүү нь 2-3 удаа цохиод дахин Х.Т нь Ө.Югийн нүүр рүү гараараа цохиод л байсан гэрийн хойд талын авдарны урд Ө.Ю газарт атиралдаад уначихсан байхад  нь Х.Т нь дээрээс нь тохойгоор тохиодож цохиод, мөн хөлөөрөө өшиглөөд байсан. Мөн гэрийн янданг авч байгаад Ө.Юэндэнгийн дээрээс цохиод байсан. Би эхнэр н.Сарангэрэл бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд байж байгаад хэсэг хугацааны дараа Х.Ты эхнэр гаднаас орж ирээд гэрээс аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

-Гэрч Г.Мөнхтуяагийн “...Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Баянмөөг гэх газарт байдаг гэрээсээ дүү н.Отгонхүүг сумын төв рүү ээжийнд хүргэж өгөх гээд нөхөр Н.Пын хамтаар мотоциклтой яваад сумын төв дээр очиж ээжийн гэрт ороод байж байхад манай эгч н.Сарангэрэлийн нөхөр Ө.Ю гэрт орж ирээд нөхөр бид хоёрыг манай гэрээр орж ирэхгүй юу гэж хэлээд гэр рүүгээ орсон. Удалгүй бид хоёр ээжийн гэрээс гарч хажуу талын хашаанд байдаг Ө.Югийнд 21 цагийн үед орсон. Гэрт ороход Ө.Ю түүний эхнэр н.Сарангэрэл болон Н.Төмөрбаатар нар нь 0.75 граммын Хараа нэртэй архийг хувааж уугаад талдаа орчихсон бараг дуусах гэж байсан. Тэгээд бид хоёр Ө.Югийн гэрт орж суугаад дуусаж байсан архинаас нь манай нөхөр хоёр удаа татаад 0.75 граммын архи нь дуусаад Ө.Ю нь ахиж архи авна гэж манай нөхрийн хамтаар дэлгүүр яваад ирэхдээ 2 литрийн 1 ширхэг авчраад ууж байхад Ө.Ю манай нөхөр рүү манайх баян гэж томроод байхаар нь нөхөр маань Ө.Югийн зүүн талын шанаа хэсэгт 2 удаа цохиод хоорондоо ноцолдож байх үед Х.Т дундуур нь ороод салгаж гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь Ө.Юг гэрийн баруун талд нүүр хэсэгт 2-3 удаа цохиод ахин нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд Ө.Ю нь гэрийн хойд талд газарт унахад нь Х.Т нь Ө.Юг хөлөөрөө өшиглөөд салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд хэсэг зодолдохдоо больсны дараа удалгүй Х.Ты эхнэр гаднаас орж ирээд Х.Тыг гэр рүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

-Шүүгдэгч Н.Пын сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед эхнэр н.Мөнхтуяа, хадам дүү н.Отгонхүү нарыг Төв аймгийн Эрдэнэ сумын төв дээр мотоциклтой хүргэж өгчихөөд, баз хүргэн Ө.Югийнхээр эхнэр н.Мөнхтуяагийн хамтаар гэрээр нь орсон. Намайг Ө.Югийн гэрт ороход Ө.Ю, түүний эхнэр н.Сарангэрэл, Х.Т, хүүхэд нар байсан. Ө.Ю, Х.Т нар гэрийн хойд талдаа хоол идээд сууж байсан газарт 0.75 граммын Хараа нэртэй архины доод ёроолоос 4 хуруу үлдчихсэн байсан. Би гэрт нь ороод сууж байхад эхнэр н.Сарангэрэл нь цай хийж өгсөн. Араас нь Ө.Ю нь архи аягалж хийж өгөхөөр нь би архийг уусан. Удалгүй гэрээс Ө.Ю, Х.Т нар гараад явсан. Удалгүй орж ирээд намайг Х.Т нь миний дүү дэлгүүр яваад өгчих гэхээр нь би зөвшөөрч Ө.Югийн хамтаар явсан. Бид хоёр Биндэр дэлгүүр ороод 2 литрийн пиво Ө.Ю нь худалдан аваад эргээд Ө.Югийн гэрт ирээд пиво ууцгаасан. Би тэрхүү пивоноос 1 аягаар уусан, Ө.Ю аягаар 2 удаа уусан. Х.Т аягаар 2 удаа уусан. Тэгээд уугаад сууж байтал Ө.Ю бид хоёр маргалдсан Ө.Ю нь эхнэр нь жирэмсэн байхад нь эхнэрээ загнаад байхаар нь би эхнэрээ загналаа гээд Ө.Юг газар сууж байхад би хоёр удаа шанаа руу гараараа цохисон. Тэгсэн чинь Ө.Ю босож ирээд намайг нэг удаа нүүр рүү цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад байж байхад манай эхнэр салгах гээд бид хоёрын голоор ортол Ө.Ю нь манай эхнэрийг нэг удаа цохиод авсан. Гэнэт хажуугаас Х.Т босож ирээд Ө.Югийн шанаа хэсэгт цохиод авсан. Тэгээд намайг мөн Х.Т нь цохисон. Тэгснээ та хоёр одоо болно шдээ гэсэн. Тэгснээ Х.Т нь Ө.Юг цохиод зодоод байсан. Дараа нь Ө.Юг авдарны хөндийд оруулаад гараараа болон тохой, хөлөөрөө дэвсээд зодоод байсан. Ө.Ю нь болио гээд хашгираад байсан. Би Х.Тыг салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд Ө.Ю нь авдарын хөндийнөөс босож ирээд шүд өвдөөд байна гэхэд Х.Т нь надтай араа битгий яриад бай үүдний шүд ярь гэсэн. Тэгснээ Х.Т нь дахиад гараараа Ө.Юг цохиод автал Ө.Ю нь газарт ойчсон. Дээрээс нь гэрийн яндангаар цохиод байхаар нь би Х.Тыг салгаж аваад орон дээр суулгасан. Ө.Ю нь босож ирээд ахиад нэг араа хөдөлчихсөн байна гэсэн. Би Ө.Югийн шүдийг үзтэл зүүн талынх нь араа нь хөдөлчихсөн байсан. Тэгээд бид нарыг сууж байхад гаднаас Х.Ты эхнэр орж ирээд юу болоод байгаа юм бэ гээд Ө.Юд хандан чи одоо ажилтай байсан хүнийг уруу татаж архи уулгалаа гээд загнаад байсан. Тэгээд бид нар тарцгаасан, би гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Шүүгдэгч Х.Ты сэжигтнээр өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад хажуу хөрш айлын Ө.Ю нь намайг хашааны завсраар дуудаад байхаар гэрт нь ортол Ө.Ю нь гэрийн хаалга янзлаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч хаалгыг нь янзалж өгөөд гэр рүүгээ орох гэтэл Ө.Ю нь 1 шил архи байна, хуваагаад уучья гээд хэлсэн. Би өглөө ажилтай за яахав ганц нэг татчихаад орий шүү гэж хэлээд бид хоёр Ө.Югийн гэрт нь архийг нь ууцгаасан. Тэгээд сууж байхад гаднаас Н.П эхнэрийн хамтаар орж ирсэн. Тэгээд гурвуулаа болоод ууцгаасан архи дуусах үед би нэг пивоны мөнгө болох 10.000 төгрөгийг Ө.Юд өгөөд нэг пиво аваад ир гээд өгсөн. Ө.Ю, Н.П хоёр дэлгүүр яваад нэг том 2 литрийн пиво авчихаад уух гэж байхад Ө.Ю, Н.П хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би гэртээ орох гэхэд Ө.Ю нь байж бай гээд байсан Ө.Ю нь Н.Пыг чи тийм том болчихсон юм гээд дайраад байсан. Би гэрийн баруун талынх нь орон дээр сууж байсан. Ө.Ю нь намайг пиво аягалаадах гэхээр нь би газар суугаад пивийг аягалах гээд суусан. Миний хажууд Ө.Ю сууж байсан. Гэнэт Н.П нь Ө.Югийн эрүү доороос өлгөөд цохисон. Ө.Ю нь толгойгоо бариад хойшоо хэвтчихсэн. Тэгснээ Н.П нь Ө.Юг чирээд баруун талын ширээний хажуу аваачаад толгой руу өшиглөөд байсан. Тэгэхээр нь босож ирээд миний хоёр араа хөдлөөд байна гэсэн. Тэгээд над руу Ө.Ю дайраад чи намайг зодчихлоо гээд намайг цээж хэсэг рүү цохиод авахад би арагшаа гэрийнх нь зуух руу унаад өгсөн. Гэрийнх нь зуухны яндан газар унаад өгөхөөр нь би янданг нь хийх гэтэл Ө.Ю нь намайг цээж рүү цохиод авсан. Тэгэхээр нь би Ө.Юг цаашаагаа байж бай гээд нэг удаа цээж рүү цохисон чинь буцаад Ө.Ю, Н.П нар ахиад зүүн талын орон дээр гараад зодолдоод л байсан. Би салгах гэхэд манай эхнэр, бэр эгч нар орж ирээд намайг аваад гэр рүү оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 607 дугаартай “...Ө.Югийн биед эрүүний их бие баруун талд болон зүүн булангийн зөрүүтэй хугарал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Ө.Югийн биед учирсан гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн компьютер томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Ө.Югийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ө.Югийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой..., ...Ө.Югийн биед учирсан эрүүний их бие баруун талд болон зүүн булангийн зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт, тархины доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

-Гэрч Г.Сарангэрэлийн “...Тухайн өдөр манай нөхөр Ө.Ю гэрийн хаалга янзлахаар болоод Х.Тыг дуудаад орж иртэл Ө.Ю дэлгүүр явж хүүхдэд юм аваад ирье гэж явснаа дэлгүүрээс 1 шил хараа архи олж ирээд Х.Т, Ө.Ю хувааж уусан. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан байх. Тэгтэл гаднаас манай хүргэн Н.П эхнэрийн хамт ирээд Х.Т пиво ууя гээд мөнгө гаргаж ирээд Н.П, Ө.Ю нарыг дэлгүүр явуулаад 1 том пиво олж ирээд Х.Т, Н.П, Ө.Ю нар хувааж ууж дуусаад тэр 3 хоорондоо маргалдаад байж байснаа Н.П Ө.Юг газар сууж байхад нь гараараа эрүү хэсэгт нь өлгөөд 1 удаа цохиод Ө.Ю аргашаа савж унаад босч ирээд, тэгээд хоорондоо ноцолдоод байтал Х.Т босож ирээд 2 пизда минь яагаад байгаа юм бэ гээд Н.П, Ө.Ю нарыг нүүр хэсэгт нь 1 удаа цохиод Н.Пыг эхнэр нь орон дээр суулгатал Х.Т учир зүггүй Ө.Юг нүүр хэсэгт нь цохиод Ө.Ю газар унангуут нь Х.Т дээр нь гараад толгой, нүүр хэсэгт нь зөндөө их цохиод үсдэж чирээд гэрийн зуухны ард аваачиж янданг сугалж байгаад толгой хэсэгт нь 2-3 удаа цохиод, тэгээд тэр хавиар нил цус болоод Ө.Ю Х.Тд хэлээд миний шүд эвгүй болчоод байна болио гэхэд Х.Т чи надтай араа ярьж байвал ярьсан шиг яриарай би чамайг нэг мөсөн гүйцээчээд явдаг газар нь явна гээд гараараа нүдээд байсан. Тэгээд би бие давхар байсан болохоор ойртож болдоггүй, Н.П эхнэртэйгээ салгасан. Сүүлд гаднаас Х.Ты эхнэр нь эгчтэйгээ орж ирээд аваад гарсан. Би Ө.Юг аваад сумын эмнэлэгт аваачиж үзүүлээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Н.П, Х.Т нарыг бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Булагийн 2-46 тоотод 2022 оны 10 дугаар 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Юг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.П, Х.Т нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Булагийн 2-46 тоотод 2022 оны 10 дугаар 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Юг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.

 

Хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд тухайн гэмт үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн байхыг шаардах ба уг гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хуульчилсан.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь хохирогчийн амь насанд аюулгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж улмаар хохирогчийн хөдөлмөрийн чадварыг 3/1-ээс дээш хувиар алдагдуулдаг хор уршигтай юм.

 

Хохирогч Ө.Югийн эрүүл мэндэд учирсан “...эрүүний их бие баруун талд болон зүүн булангийн зөрүүтэй хугарал, тархи доргилт...” бүхий хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Н.П, Х.Т нар бүлэглэж, гэм буруугийн шууд санаатай, идэвхтэй үйлдлээр хохирогчид учруулсан бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ.

Шүүгдэгч Н.П, Х.Т нар нь хохирогч Ө.Юг цохиж, зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Х.Т, Н.П нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ө.Югийн биед “эрүүний их бие баруун талд болон зүүн булангийн зөрүүтэй хугарал, тархи доргилт” гэмтэл учруулсан шүүгдэгч Х.Т, Н.П нарын үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан байна гэж үзлээ.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Н.П, Х.Т нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Х.Т, Н.П нар нь бүлэглэн хохирогч Ө.Юг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Шүүгдэгч Х.Т, Н.П нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Ө.Югийн биед “эрүүний их бие баруун талд болон зүүн булангийн зөрүүтэй хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Х.Т, Н.П нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: “Шүүгдэгч Х.Т, Н.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2.800.000 төгрөгөөр тус тус торгох саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,

Хохирогч Ө.Югийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “ Эрүүгийн хариуцлага дээр санал хэлэх нь ёс зүйгүй байх. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Пын өмгөөлөгч Б.Баттөрөөс: “Улсын яллагчтай санал нэг байна. Хохирол төлбөрт 1.250.000 төгрөг өгч барагдуулсан. Өмнө нь ял эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл байж болохоор нөхцөл бас байгаа. Торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ шүүхээс хорих ял оногдуулах юм бол тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Ты өмгөөлөгч М.Мэндсүрэнгээс: “Хохирлоо төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгч Х.Т, Н.П нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, хохирогч нарын зүй бус үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоо хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзэж

шүүгдэгч Х.Т, Н.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Н.П нарт оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Н.П нарт оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Х.Т, Н.Пын нар нь урьд ял шийтгэлгүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Т, Н.П нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Югийн биед “эрүүний их бие баруун талд болон зүүн булангийн зөрүүтэй хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. 

            Шүүгдэгч Х.Т, Н.П нар нь хохирогч Ө.Юд 1.910.000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч нартай тохирсон гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Х.Т, Н.П нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Ю нь мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Лувсандондог нь “нотлох баримт устгасан талаар мэдүүлдэг тул энэ талаарх гомдлоо зохих байгууллагад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Лувсандондог болон хохирогч Ө.Ю нар нь эрхтэй болохыг,

Эрүүгийн 2234004780396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Т, Н.П нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.П, Х.Т нарыг бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Н.П, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, Х.Т нарт оногдуулсан оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

             

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, Х.Т нарт оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Н.П, Х.Т нарын торгох ялын биелэлт болон зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн 2234000000519 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.П, Х.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Н.П нар нь хохирогч Ө.Юд 1.910.000 төгрөгийг төлсөнг дурьдаж, хохирогч Ө.Ю нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг, “нотлох баримт устгасан” талаарх гомдлоо хохирогч Ө.Ю болон мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Лувсандондог нар нь зохих байгууллагад гаргах эрхтэйг болохыг тус тус дурдсугай

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П, Х.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА