Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2019/00192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 2 дугаар баг, *** оршин суух, *** овогтой П.Г-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн*** сумын 4 дүгээр баг, 0 тоотод оршин суух, *** овогтой Л.Д-д холбогдох

гэм хорын хохиролд 523.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Г, хариуцагч Л.Д, түүний өмгөөлөгч Ж.М, иргэдийн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:       

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г миний бие 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Д-д машинаа мөргүүлсэн. “Ашид билгүүн” ХХК-иар үнэлүүлж, 983.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр болсноос 500.000 төгрөг бэлэн авч, үнэлгээний 40.000 төгрөг нэмэгдээд 523.000 төгрөг авалгүй үлдсэн. Үлдэгдэл 523.000 төгрөгийг удалгүй өгнө гэж хэлээд /сэлбэг авч янзлуулж өгнө/ одоог болтол өгөхгүй хэлэхээр нэг бол өгөхгүй, нэг бол 250.000 төгрөг өгнө гээд өгөхгүй байгаа тул үлдэгдэл 523.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Л.Д-гээс 523.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Л.Д миний бие П.Г-ийн нэхэмжлэлтэй 523.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч П.Г нь согтуугаар машин жолоодож явахдаа миний машины урд гэрлийг хагалж, өөрөө замаас гарч шонгийн мод мөргөсөн юм. Тухайн үед энэ машин маш хурдтай ирж байсан тул би зам дээрээ зогсож байсан юм. Цагдаа дуудъя гэхэд П.Гийн эхнэр цагдаа дуудаад хэрэггүй, бид ингээд яваад өгнө гээд өөр өөрсдөө машинаа янзлахаар болсон. Би тухайн үед өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгсөн байсан учраас цагдаа нар ирсэн. Тэгэхэд П.Г-ийн эхнэр би машин барьж явсан гээд үнэмлэхээ үзүүлсэн, ирсэн цагдаагийн ажилтан нь аль алины чинь буруу байна гэхэд П.Г-ийн эхнэр ямар ч асуудал байхгүй гээд хэмжилт хийлгэхгүй явуулсан. Тухайн үед П.Г-д эрхийн үнэмлэх байгаагүй. Цагаан сарын өмнө энэ хүмүүс манай машинд их хохирол учирсан хуваалц гээд нэхээд байсан тул би тухайн үедээ энэ айлыг харж үзээд 500.000 төгрөг өгсөн. Түүнээс миний буруу гэсэн дүгнэлт цагдаагийн газраас гараагүй юм. Иймд миний бие энэ хүний машины хохирлыг хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Л.Д-д холбогдуулан эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 483.000 /дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөг, үнэлгээний зардалд 40.000 /дөчин мянган/ төгрөг, нийт 523.000 /таван зуун хорин гурван мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч П.Г нь “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Дд машинаа мөргүүлсэн. “Ашид билгүүн” ХХК-иар үнэлүүлж, 983.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр болсноос 500.000 төгрөг бэлэн авч, үнэлгээний 40.000 төгрөг нэмэгдээд 523.000 төгрөг авалгүй үлдсэн. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Л.Дгээс 523.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж,

хариуцагч Л.Д нь “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч П.Г нь согтуугаар машин жолоодож явахдаа миний машины урд гэрлийг хагалж, өөрөө замаас гарч шонгийн мод мөргөсөн юм. Цагаан сарын өмнө энэ хүмүүс манай машинд их хохирол учирсан хуваалц гээд нэхээд байсан тул би тухайн үедээ энэ айлыг харж үзээд 500.000 төгрөг өгсөн юм. Түүнээс миний буруу гэсэн дүгнэлт цагдаагийн газраас гараагүй. Иймд миний бие энэ хүний машины хохирлыг хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

Уг маргаж буй асуудал нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлахад хариуцагч Л.Д-гийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал тухайн  үйл баримтыг цагдаагийн байгууллага шалгаж, хариуцагч Л.Д-г буруутай болохыг тогтоосон талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн Л.Д-г Замын хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг зөрчин бусдад гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.340 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн  улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 523.000 /таван зуун хорин гурван мянган/ төгрөгийг хариуцагч Цоохор овогтой Л.Д-гээс гаргуулахыг хүссэн *** овогтой П.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.340 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

                                                             ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ

                                                              ШҮҮГЧ                             Б.ӨЛЗИЙХИШИГ