| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
2023 02 08 2023/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 2325000000036 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, А.Б
Шүүгдэгч А.Баатарзориг нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 15-16 тоот Г.Галсанжамцын гэрт хохирогч Б.Нямгэрэлийг газарт унаган толгой болон дагз хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, ооч, хүзүүний баруун зүүн доор, доод уруулд зөөлөн эдэд олон тооны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч А.Б “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Н “...2022 оны 12 дугаар сарын 21-ний орой... Галсанжамцын байшинд Бат-Эрдэнийн хамт очиход мах чанаад 0.75гр архи уусан байдалтай, Баатарзориг ганцаараа сууж байсан. ...Баатарзориг нь Бат-Эрдэнэ бид хоёрт гурав, гурван удаа архи хундагалж өгсөн, архийг нь бид хоёр уугаад сууж байхад Галсанжамц босож ирээд бид нартай ойр зуурын юм ярьж байхад урьд өмнө нь би Галсанжамцыг гэрээсээ хөөсөн талаар яриа гарахад Баатарзориг “миний найзыг хөөгөөд, чи яасан том болчихсон юм” гээд босож ирээд миний хоолой хэсгийг боож, намайг газар унагааж байгаад нүүр лүү өшиглөхөөр нь дагзаа бариад өөрийгөө хамгаалан хэвтэхэд дагз хэсэг рүү олон удаа гараа атгаж цохиж байгаад мах идэж байсан хутгаа аваад над руу дайрах гэж байхад нь Бат-Эрдэнэ, Шинэтулга хоёр болиулахаар нь Бат-Эрдэнэ бид хоёр гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
гэрч А.Б “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой хүү Б.Нямгэрэл гаднаас архи үнэртүүлсэн байдалтай, бусдад зодуулсан гэмээр нүүр, нүд, толгой нь хавдсан, улайсан байхаар нь юу болсон талаар тодруулахад “Баатарзориг намайг зодчихлоо” гэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
гэрч Г.Г “...Бид мах идээд, архи уугаад сууж байхад Б.Нямгэрэл нь А.Баатарзоригийг “өнчин, гуйлгачин” гээд хэл амаар доромжлоод байсан чинь А.Баатарзориг босож ирээд Б.Нямгэрэлийг боож унагаад дагз руу нь хэд, хэдэн удаа цохисон, ...А.Баатарзориг нь Б.Нямгэрэл рүү хутга барьж дайрсан үйлдэл гаргаагүй, бид нар маш хурдан салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Шинжээч эмч Ж.Г “...Хүний тархи нь гавлын ясан дотор битүү байдаг, энэ нь тархи доргиох механизм үйлчлэхэд үүсэх боломжтой байдаг, тархи доргиох үйлчлэлүүдэд унах, цохих, өшиглөх, алгадах, үснээс зулгаах, юм мөргүүлэх гэх мэт олон үйлчлэлүүд багтана. Б.Нямгэрэлийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь толгой өвдөж, зүүн хацар, шанаа таталдаж байгаагаас үзэхэд толгой руу доргиох хүчин зүйл үйлчилснээс тархи доргилт үүссэн байх боломжтой, гараараа алгадах цохих үед үүсэх боломжтой. Б.Нямгэрэлийн биед үзлэг хийхэд толгой өвдөнө, зүүн хацар, шанаа таталдана гэсэн зовиуртай нүдний алимны чичирхийлэлт илэрч байсан, мөн Б.Нямгэрэлийн амбулаторын картыг үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэмтлийн үзлэгээр тархи доргилт, зөөлөн эдийн гэмтэл гэж оношлогдож эмчилгээ заасан байсан энэ бүгдийг үндэслэж “тархи доргилт” гэж оношилсон рентген зураг авах шаардлагагүйгээр тархи доргилтын шинж тэмдэг илэрч байсан, гэмтлийн нарийн мэргэжлийн эмч үзэж тархи доргилт гэж оношилсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
А.Б сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би мах хөшиглөөд, хүмүүст архи хундагалаад сууж байхад Нямгэрэл намайг “гуйлгачин чи юу хийж байгаа юм бэ” гээд хэл амаар доромжилж эхлэхэд бид хоёр харилцан нэг, нэгнийгээ барьж авсан, ...би гараад тамхи татаж байгаад эргэж ороод мах идээд сууж байсан чинь дахиад “гуйлгачин минь зайлаарай, бүтэн өнчин чамайг яаж бол яаж чадна, миний ээж ямар гэдгийг мэднэ биз дээ.” гээд удаа дараа доромжлоод байсан. Тэгээд бид хоёр дахин барилцаж авсан бөгөөд миний нүүрэн тус газарт нэг удаа цохихоор нь би дагз руу нь хоёр удаа гарын алга хэсгээрээ алгадахад Галсанжамц, Шинэтулга хоёр салгасан. ...Би архи уугаагүй эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
“...Би Н нүүр лүү өшиглөөгүй, зөвхөн дагз хэсэг рүү нь хоёр удаа алгадсан, хутга барьж дайрсан үйлдэл байхгүй. Нямгэрэл намайг цохиход миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь хуудас/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай; “...1.Б.Нямгэрэлийн биед тархи доргилт, хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, ооч, хүзүүний баруун, зүүн доор, доод уруулд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
иргэн А.Б “...Миний хүү Б.Нямгэрэл бусдад зодуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
А.Баатарзориг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35, 37 дахь тал/,
хохирогч Б.Н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 49-51 дэх/,
яллагдагч А.Баатарзоригийн “...өөрийн гэм бурууг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/,
хохирогч Б.Нямгэрэлийн “...Миний бие эрүүгийн 2325000000036 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн бөгөөд тус хэргийн яллагдагч А.Баатарзоригт ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 66 дах тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрч нараас, мөн А.Б мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч А.Б гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 15-16 тоот Г.Галсанжамцын гэрт хохирогч Б.Н газарт унаган толгой болон дагз хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, ооч, хүзүүний баруун зүүн доор, доод уруулд зөөлөн эдэд олон тооны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Б.Н “...Баатарзориг “миний найзыг хөөгөөд, чи яасан том болчихсон юм” гээд босож ирээд миний хоолой хэсгийг боож, намайг газар унагааж байгаад нүүр лүү өшиглөхөөр нь дагзаа бариад өөрийгөө хамгаалан хэвтэхэд дагз хэсэг рүү олон удаа гараа атгаж цохисон.” гэх,
гэрч А.Б “...миний хүү Б.Нямгэрэл гаднаас архи үнэртүүлсэн байдалтай, бусдад зодуулсан гэмээр нүүр, нүд, толгой нь хавдсан, улайсан байхаар нь юу болсон талаар тодруулахад “Баатарзориг намайг зодчихлоо” гэхээр би Цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх,
гэрч Г.Г “...Б.Нямгэрэл нь А.Баатарзоригийг “өнчин, гуйлгачин” гээд хэл амаар доромжлоод байсан чинь А.Баатарзориг босож ирээд Б.Нямгэрэлийг боож унагаад дагз руу нь хэд, хэдэн удаа цохисон.” гэх,
А.Б өөрийнх нь өгсөн “...Нямгэрэл намайг “гуйлгачин чи юу хийж байгаа юм бэ” гээд хэл амаар доромжилж эхлэхэд бид хоёр харилцан нэг, нэгнийгээ барьж авсан, ...дахиад “гуйлгачин минь зайлаарай, бүтэн өнчин чамайг яаж бол яаж чадна, миний ээж ямар гэдгийг мэднэ биз дээ.” гээд удаа дараа доромжлоод байсан. Тэгээд бид хоёр дахин барилцаж авсан бөгөөд миний нүүрэн тус газарт нэг удаа цохихоор нь би дагз руу нь хоёр удаа гарын алга хэсгээрээ алгадахад Галсанжамц, Шинэтулга хоёр салгасан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч А.Баатарзориг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаснаас гадна прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Шүүгдэгч А.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч А.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч А.Баатарзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй, мөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “гомдол, санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баатарзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ