| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
2023 2 08 2023/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,
улсын яллагч Н.Д,
хохирогчийн өмгөөлөгч Х.О
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Энарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.С холбогдох эрүүгийн 2225000000253 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ө.Б
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт Д.Балжиннямын толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.С “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.Б “...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18.00 цагийн орчим ажлаасаа тарсан, найз Чинзориг “хүрээд ир” гэж ярихаар нь төв Хаан банкны урдаас таксинд суугаад...“Оёдол” нэртэй буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойно нь харагдах уулруу алхаж явахад танил Баярхүү надтай утсаар ярьж байгаад намайг тосоод Чинзоригийн байгаа газарт очсон. Би таксинаас буугаад дэлгүүр орж хоёр литрийн “Боргио” пивоноос хоёрыг аваад уул руу гарахад Чинзориг, Баярхүү, Сэрчиндоо нар хоёр шил архи уучихсан нилээн согтоцгоосон байдалтай байж байсан. ...Чинзориг, Сэрчиндоо нар юм ярьж байгаад маргалдсан, тэр хоёрыг салгаад Чинзоригийг аваад уулнаас уруудаж байхад зүс таних Очироо урдаас ирж байхтай тааралдаад хамт уруудсан. ...Баярхүү намайг түлхэхэд нь би хазгай газар гишгэгдэл алдаад унахад Сэрчиндоо миний нүүр лүү хоёр удаа өшиглөчихсөн, ...миний биед гэмтэл учруулсан хүн нь Сэрчиндоо гэх залуу байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
гэрч Г.Ч “...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 12.00 цагийн орчим найз Баярхүүгийн хамт ажлаасаа тараад Баярхүүгийн машиныг гэрт нь тавьчихаад гэрээс нь гарч явах үед зүс таних Сэрчиндоо гэрийнхээ гадаа машинаа ухраагаад зогсч байхаар нь Баярхүү бид хоёр Сэрчиндоод туслаад машин дээр ачсан байсан модыг нь буулгалцсан. ...Сэрчиндоо, Баярхүү бид гурав дэлгүүрээс 0.75л “Экс” архинаас хоёр шилийг аваад уул руу гарсны дараа найз Ням-Очир ирээд бид дөрөв авсан архиа уусан, архи ууж дууссаны дараа найз Балжинням ирсэн. Тэр үед Сэрчиндоо бид хоёр...маргалдах аястай болоод больчихсон байж байтал Сэрчиндоо гэнэт намайг нүүрэн тус газарт цохиод авсан, би Сэрчиндоог цохиогүй. ...Ням-Очир бид хоёрын араас Балжинням “Сэрчиндоод зодуулчихлаа” гэсээр ирсэн, миний анзаарснаар Балжиннямын дух нь хавдаад нүд хэсэг рүүгээ хавдах янзтай болсон, нүд нь хөхрөөгүй байсан, ...“Сэрчиндоо нүүр рүү өшиглөсөн” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
гэрч Т.Б “...би Чинзориг, Сэрчиндоо хоёрыг маргалдаж байх үеэр сэрээд тэр хоёрыг салгасан. Тэр хоёр салаад Чинзоригийг Балжинням, Очироо гэх хоёр залуу аваад доошоо явсан, би Сэрчиндоотой үлдээд “хоорондоо муудалцаж яах гээд байгаа юм” гэж хэлээд доошоо явж байтал...Чинзориг Сэрчиндоотой дахиж муудалцаад тэр хоёрыг салгах гэхэд Балжинням голоор нь ороод Сэрчиндоод нүүр рүүгээ өшиглүүлчихсэн санагдаж байна. ...ямар ч байсан Сэрчиндоо Балжиннямын нүүр рүү нь өшиглөж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Б.С яллагдагчаар өгсөн “...Гэртээ харихаар уулнаас буугаад явж байтал Балжинням араас ирээд намайг “хачин банди, зүгээр байгаарай” гэж хэлээд заамдаад автал манай эхнэр дундуур орж салгах гэтэл эхнэрийн зүүн хөх рүү гараараа цохихоор нь би Балжиннямыг түлхэж унагаагаад баруун хөлөөрөө нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6023 дугаартай; “...1.Д.Балжиннямын биед дух ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшин, Ц.Бадрал, Г.Ханхүү нарын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1012 дугаартай; “...1.Д.Балжиннямын биед дух ясны өмнөд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2.2022 оны 4 дүгээр сарын 18 болон 12 дугаар сарын 05-ны өдрүүдийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр Д.Балжиннямын дух ясны өмнөд хана хугарал гэмтэл тогтоогдож байна. 3.Дээрх шинжилгээгээр дух ясны өмнөд хана хугарал тогтоогдсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь заалтад хамаарагдахгүй. 4.2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6023 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2022 оны 4 дүгээр сарын 18 болон 12 дугаар сарын 05-ны өдрүүдийн толгойн компьютер томографийн шинжилгээг дахин шинжлэхэд Д.Балжиннямын биед дух ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй болно. 5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 6.Эдгээр гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 196-199 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Т.Чимэд-Очир, Н.Энхцолмон, О.Болороо, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаартай; “...1.Д.Балжиннямын биед духны хөндийн өмнөд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, зүүн зовхины цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2.Д.Балжиннямын духны хөндийн өмнөд ханын хугарал гэмтэл нь 2022 оны 4 дүгээр сарын 18 болон 12 дугаар сарын 05-ны өдрүүдийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр тогтоогдож байна. 3.Д.Балжиннямын биед учирсан духны хөндийн өмнөд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, зүүн зовхины цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтанд хамаарахгүй. /Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д ...духны хөндийн өмнөд ханын хугарал ... хамаарахгүй гэж тусгажээ/. 4.2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6023 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Хэргийн материалаар гаргасан 1012 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 5.6.Балжиннямын биед учирсан “дух ясны өмнөд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, зүүн зовхины цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 213-218 дахь тал/,
хохирогч Д.Б “...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Их залуу багийн нутаг дэвсгэрт үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
өргөдөлдөө хавсаргасан компьютерт томограф тодосгогч бодисгүй толгойн зурагны дүгнэлт /хавтаст хэргийн 7 дахь тал/,
хохирогч Д.Балжиннямаас гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой болон хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 9-39/,
Б.Сэрчиндоо эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 95, 97 дахь тал/
хохирогч Д.Балжинням Улаанбаатар хотод шинжээчид биечлэн үзүүлэхтэй холбоотой гарсан зардал 237.800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд Үүнд; “Med Trauma” эмнэлгийн үзлэгийн 140.000 төгрөгийн, шатахууны 97.800 төгрөгийн баримтууд /хавтас хэргийн 242-244 дэх тал/,
шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн хохирогчид 3.500.000 төгрөг төлсөн тухай баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.С сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.С гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Балжиннямын толгойн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “духны хөндийн өмнөд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, зүүн зовхины цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Д.Б “...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр...Баярхүү намайг түлхэхэд нь би хазгай газар гишгэгдэл алдаад унахад Сэрчиндоо миний нүүр лүү хоёр удаа өшиглөчихсөн, ...миний биед гэмтэл учруулсан хүн нь Сэрчиндоо гэх залуу байгаа юм.” гэх,
гэрч Г.Ч “...Сэрчиндоо бид хоёр...маргалдах аястай болоод больчихсон байж байтал Сэрчиндоо гэнэт намайг нүүрэн тус газарт цохиод авсан, ...миний анзаарснаар Балжиннямын дух нь хавдаад нүд хэсэг рүүгээ хавдах янзтай болсон, нүд нь хөхрөөгүй байсан.” гэх,
гэрч Т.Б “...Сэрчиндоо Балжиннямын нүүр рүү нь өшиглөж байсан.” гэх,
Б.С өөрийнх нь өгсөн “...би Балжиннямыг түлхэж унагаагаад баруун хөлөөрөө нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшин, Ц.Бадрал, Г.Ханхүү нарын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1012 дугаартай,
мөн Хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Т.Чимэд-Очир, Н.Энхцолмон, О.Болороо, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Сэрчиндоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч Б.С хохирогч Д.Балжиннямын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, толгойн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Б.Сэрчиндоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Сэрчиндоогийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э “...дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Сэрчиндоогийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э нь “...хохирогчид 3.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтыг гаргаж өгч байна, нийт 3.700.000 төгрөг төлсөн, 200.000 төгрөг нь баримтгүй.” гэсэн бөгөөд хохирогч Д.Балжинням 200.000 төгрөг хүлээн авсныг хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат хүлээн зөрвшөөрсөн, энэ талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч Д.Балжинням нь дээрх төлбөрөөс гадна Улаанбаатар хотод шинжээчид биечлэн үзүүлэхтэй холбоотой гарсан зардал 237.800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг “Med Trauma” эмнэлгийн үзлэгийн 140.000 төгрөгийн, шатахууны 97.800 төгрөгийн баримтуудын хамт гаргаж хэрэгт хавсаргуулсан байна.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Балжинням нь энэ гэмт хэргийн хохирогч болж удаа дараа шинжээч нараар дүгнэлт гаргуулахад зардал гарсан болох нь тогтоогдсон тул шүүх шүүгдэгч Б.Сэрчиндоос 237.800 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Балжиннямд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол, төлбөрийг 2023 оны 3 дугаар сард төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг толгойн зураг, уг зургийг уншсан бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг, “Med Trauma” эмнэлэгт үзүүлсэн дүрс оношлогооны бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг тус тус хохирогч Д.Балжиннямд буцаан олгож,
хоёр хуудас эмчийн дүгнэлт, Д.Балжиннямын амбулаторын карт, “Ачтан” хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэргийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С 237.800 төгрөг гаргуулж хохирогч Д.Балжиннямд олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дөрвөн ширхэг толгойн зураг, уг зургийг уншсан бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг, “Med Trauma” эмнэлэгт үзүүлсэн дүрс оношлогооны бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг тус тус хохирогч Д.Б-д буцаан олгож,
хоёр хуудас эмчийн дүгнэлт, Д.Балжиннямын амбулаторын карт, “Ачтан” хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэргийг хэрэгт хавсарган үлдээж
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ