| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
2023 02 08 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
хохирогч Ж.Жуков,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Д.Д-т холбогдох эрүүгийн 2325000000051 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Д.Д
Шүүгдэгч Д.Дарамбаатар нь 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 7 дугаар гудамжинд “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Ж.Жуковын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.Д “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны орой 23.00 цаг орчим архи уух гээд хохирогчтой маргалдаад цохисон нь үнэн. Цагаан сарын дараа ажил хийгээд хохирол төлбөрийг сарын дотор барагдуулна.” гэв.
хохирогч Ж.Ж “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны орой хүү Жавхлантай хамт дэлгүүр орчихоод дүү Энхбаярынд очих замд Д.Дарамбаатартай тааралдсан, “архи ууя” гэхээр нь би “аягаа аваад ир” гэж хэлсэн, гэтэл “аяга байхгүй” гэж хэлээд намайг цохичихоод зугтаасан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Ж.Ж “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүү Жавхлангийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Содон” хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлийг авчихаад ээжийн хамаатан М.Энхбаяраар машинаар нь хүргүүлэх санаатай Чулуутын 7-26 тоот хашааны гадна очиход зүс таних Д.Дарамбаатар таараад архи нэхээд байхаар нь “чи яваа, эртхэн харьж амар” гэж хэлтэл үгийн зөрүүгүй гараараа нэг удаа цохиод зугтаагаад явсан. Тухайн үед Д.Дарамбаатар согтуу байсан, би шүдээ засуулаагүй, онгорхой хэвээрээ байгаа, Д.Дарамбаатарт цохиулаад гурван шүд унасан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
гэрч М.Э “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 21.30 цагийн орчим...Ж.Жуков ах манай гэрийн гадаа ирээд “гараад ирээч” гэсэн, намайг гарахад Ж.Жуков ах хүүхдийн хамтаар болон Дарамбаатар гэх залуугийн хамтаар ирсэн байсан. Жуков ах Дарамбаатар гэх хүнийг “харьж амар” гэж хэлтэл үгийн зөрүүгүй нүүр лүү нь гараараа цохиж гурван шүдийг нь хугалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Д.Д сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр найз Эрдэнэжаргалын гэрт оччихоод гэртээ харихаар Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 7 дугаар гудамжаар явж байтал зүс таних Ж.Жуковтой таарсан. Би архинаас болж Ж.Жуковтай хэрүүл маргаан хийгээд архинаасаа өгөхгүй байхаар нь уур хүрээд, гараараа нэг удаа цохиод зугтаагаад яваад өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 39-40 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 126 дугаартай;
“...1.Ж.Ж биед дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёр дугаар шүднүүдийн булгаралт, доод баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. 2.4.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой. 3.Дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёр дугаар шүднүүдийн булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 % нөлөөлөх тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, доод баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэжээ. 5.Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
иргэн Ж.Ж “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 21.30 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 7 дугаар гудамжинд зүс таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Д.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаартай нээлттэй хорин ангийн мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/,
хохирогч Ж.Жуков 8.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, “Шигтгэмэл” ХХК эмч Б.Хосбаярын “...ясанд суулгадаг буюу имплант 1 ширхэг шүд хийхэд 2.000.000 төгрөгийн үнэтэй болно.” гэсэн гараар бичсэн тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Д.Д сэжигтэн, яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д-г гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 7 дугаар гудамжинд “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Ж.Жуковын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёр дугаар шүднүүдийн булгаралт, доод баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Ж.Ж “...Д.Дарамбаатар таараад архи нэхээд байхаар нь “чи яваа, эртхэн харьж амар” гэж хэлтэл үгийн зөрүүгүй гараараа нэг удаа цохиод зугтаагаад явсан. ...Д.Дарамбаатарт цохиулаад гурван шүд унасан.” гэх,
гэрч М.Э “...Жуков ах Дарамбаатар гэх хүнийг “харьж амар” гэж хэлтэл үгийн зөрүүгүй нүүр лүү нь гараараа цохиж гурван шүдийг нь хугалсан.” гэх,
Д.Д өөрийнх нь өгсөн “...би Ж.Жуковтай архинаас болж хэрүүл маргаан хийгээд архинаасаа өгөхгүй байхаар нь уур хүрээд, гараараа нэг удаа цохиод зугтаагаад яваад өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 126 дугаартай дүгнэлт,
иргэн Ж.Ж “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 21.30 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 7 дугаар гудамжинд зүс таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.Дарамбаатар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч Д.Д хохирогч Ж.Жуковын эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Д үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Д.Дарамбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Дарамбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, энэ ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцож 30 хоног баривчлах ял дээр өмнөх Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 25 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 2 сар 08 хоногийн хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Дарамбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 126 дугаартай дүгнэлт болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч Д.Д нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар 4 жил 1 сар 08 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан бөгөөд хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж,
мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан, шүүгдэгч Д.Дарамбаатарт оногдуулсан гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцож 45 хоногийн хорих ял оногдуулж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 45 хоногийн хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жил хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 2 сар 23 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдааны үед хохирогч Ж.Жуков нь 8.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг мөн “Шигтгэмэл” шүдний эмч Б.Хосбаярын “...ясанд суулгадаг буюу имплант 1 ширхэг шүд хийхэд 2.000.000 төгрөгийн үнэтэй болно.” гэсэн тодорхойлолтыг тус тус гаргаж, “...дээд унасан гурван шүд, доор унахад бэлэн болсон нэг шүд нийт дөрвөн шүдээ хийлгэмээр байна.” гэсэн болно.
Шүүх хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
хохирогч Ж.Жуковын биед дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёр дугаар шүднүүдийн булгаралт, доод баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний ганхалт бүхий гэмтэл учирсан болох нь хавтаст хэргийн 27-28 дахь талд авагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 126 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Ж.Жуков нь ясанд суулгадаг буюу имплант шүдийг хаана, ямар эмнэлэгт хийлгэх гэж байгаа нь, мөн нэг шүдийг 2.000.000 төгрөгөөр хийлгэх эсэх нь тодорхойгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан, шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар буюу 45 хоног хорих ялаар тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 45 хоног хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жил хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дарамбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Хохирогч Ж.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан зардал буюу эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ