Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2019/00216

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА МСҮТ-дхолбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 5.471.607 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд монгол хэлний багшаар ажилд орсон юм. ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй юм. 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн Б/06 дугаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 00291 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гарган явсаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр шийдвэрлэгдэж ирсэн юм. Уг шийдвэрээ Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа орсон. Иймд миний бие 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 5.471.607 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч ГАА МСҮТ-дхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5.471.607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь ГАА МСҮТ-ийн монгол хэлний багшийн албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар Д.Ц нь ГАА МСҮТ ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогдсон болох үйл баримт нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00225 дугаар тогтоол,  ГАА МСҮТ-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/21 дугаартай “Д.Цыг албан тушаалд нь эгүүлэн авах тухай” тушаалын эх хувь зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байхад тус 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 дугаартай шийдвэрийг хариуцагч ГАА МСҮТ  2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч Д.Ц-ыг Б/21 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн авсан гэж маргаж, тушаалын эх хувийг хэргийн материалд гаргаж өгсөн байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүх дээр дурдсан хууль зүйн факт буюу үйл баримт, түүний нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Ц-ын ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг бодитойгоор биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2018 оны 06 сард амралтын мөнгө орж ирсэн, 2018 оны 07, 08 сард амралттай учраас цалин гаргуулахгүй, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 157 өдрийн цалинг гаргуулахаар нэхэмжилж байгаа.” гэж тайлбарласан.

Иймээс ажилтны ажилгүй байсан хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 156 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Цын 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 1.061.387 + 568.889 + 617.672 = 2.247.948 : 3 сар = 749.316 төгрөг, нэг өдрийн цалин 749.316:21.5=34.851 төгрөг байх тул 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 153 өдрөөр тооцож 34.851*153=5.332.203  төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.471.607 төгрөгийг нэхэмжилсэн ба ингэж бодож гаргахдаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг буюу ажилд орсон өдрөө оруулж ажлын 157 өдрөөр тооцсон байна. Мөн нийт үнийн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хасч тооцон гаргасан байгаа боловч шүүх ажилгүй байсан бүх хугацааны буюу 153 хоногийн цалинг бодсон ба түүнээс хариуцагч байгууллага хуульд заасан татвар, шимтгэлийг хасч гарт олгодог болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй...” гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3, өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо хасч тооцсон болно.

 Иймд нэхэмжлэгч Д.Ц 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 153 өдрөөр тооцож олговорт 5.332.203 төгрөгийг ГАА МСҮТ-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 139.404 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА МСҮТ-ддаалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 5.332.203 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 100.265 төгрөгийг хариуцагч ГАА МСҮТ-ээсгаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

  Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх байсан боловч ирүүлээгүй байна. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдэхэд Улаанбаатар хотод байна. Очиж амжихгүй гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа ГАА МСҮТ Э.Даваажаргалд шүүх хуралдааны товыг гардуулсан байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА МСҮТ-ээснэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 153 хоногийн олговорт 5.332.203 /таван сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуун гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 139.404 /нэг зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөгийн цалинг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ГАА МСҮТ-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 5.332.203 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 100.265 /нэг зуун мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг хариуцагч ГАА МСҮТ-ээсгаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ               Ц.ҮЙТҮМЭН