Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0047

 

            2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Татвар төлөгчийн зүгээс татварын улсын байцаагчийн актаар тогтоосон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч, нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсэг нь хууль зөрчсөн талаар маргасан.

            Гэтэл шүүх “зөрчлийн шинж байдалд хуульд заасан хэмжээ хязгаарыг зөв тохируулан хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр актын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Татварын улсын байцаагч нарын хууль хэрэглээний болон хэм хэмжээний актын илэрхий алдаа нь татвар төлөгчөөс татвар төлөхийг шаардах, гаргасан алдааг зөвтгөх үндэслэл болохгүй. Ийнхүү анхан шатны шүүх татварын улсын байцаагч нарын илэрхий алдааг зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим-хуульд үндэслэх зарчмыг үгүйсгэжээ.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн татварын газрын татварын улсын байцаагч нарын актын тогтоох хэсгийн заалт эрх зүйн зөрчил агуулж буйг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байх тул Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 121/ШШ2024/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч  С.У, Б.С нар нь “ТУ” ХХК-д 2020 ооны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-10240000002 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 71.908.517 төгрөгийн нөхөн татвар, 27.013.315 төгрөгийн торгууль, 29.892.129 төгрөгийн алданги, нийт 128.813.961 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

2.1. Тус татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн гэж үзжээ.Үүнд:

- Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон  үйл ажиллагааны орлого 2020 онд 384. 280.700.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 188,036,068.00 төгрөгийн зардлыг хасаж, 196.244.632.00 төгрөг, 2021 онд 138.559.839.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 135.544.040.00 төгрөгийн зардал хасаж, 6.015.799.00 төгрөгийн алдагдал бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэсэн заалтыг,

-нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384.280.700.00 төгрөгийг, 2021 онд 138.559.839.00 төгрөгийг дутуу тайлагнаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг”,

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татвараа хуулийн хугацаанд нь төлөөгүй 2022 оны 2.722.500.000 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар нь суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”  гэсэн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар  нийт 1.048.403.578 төгрөгийн зөрчил илэрсэн гэжээ.

            2.2. Дээрх нөхөн ногдуулалтын актыг Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан 1.048.403.578.00 төгрөгийн зөрчилд 71.908.517.00 төгрөгийн нөхөн татвар, 27.013.315.00 төгрөгийн торгууль, 29.892.129.00 төгрөгийн алданги, нийт 128.813.961.00 төгрөгийн төлбөрөөс 3.531.999.80 төгрөгийн нөхөн татвар, 1.059.600.04 төгрөгийн торгууль, 1.489.237.42 төгрөгийн алданги, нийт 6.080.837.26 төгрөгийн төлбөрийг бууруулж, 1.048.403.578 төгрөгийн зөрчилд ногдох 68.376.517.20 төгрөгийн нөхөн татвар, 25.953.714.96 төгрөгийн торгууль, 28.402.891.58 төгрөгийн алданги, нийт 122.733.123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна.

            3. Нэхэмжлэгч “ТУ” ХХК-аас Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч  С.У, Б.С нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НА-10240000002 дугаартай нөхөн ногдуулалтын актын 122.733.123.74 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг 106.640.660 төгрөгийг хасаж 16.092.463.2 төгрөг болгон багасгуулахаар “... татварын улсын байцаагч жишгээр ногдуулж, төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх зардлыг хасаж тооцох боломжтой, ... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу татварын улсын байцаагч зардал бодитой гарсан нөхцөл байдлыг тогтоох ёстой байтал тогтоосон гэх зөрчил нь хуульд заасан 5 нөхцөл бүхий үйлдэл, эс үйлдэхүйн алинд хамаарч буйг тогтоогоогүй, ... Татварын хууль тогтоомжийн аль зүйл, заалт зөрчсөнийг тэмдэглээгүй, ... албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж ахуйн нэгжийг татварын хяналт шалгалтад хамруулж, татварын эрсдэлийн оноо 48 буюу бага буюу хүлээн зөвшөөрөхүйц үнэлгээтэй нь татварын улсын байцаагчийн актаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн шаардлага байхгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            3.1. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ”, 36.2-т “Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно:” 36.2.1-д “татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй;”, 36.2.2-т “татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн;”, 36.2.3-д “татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан;”, 36.2.4-т “татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа;”, 36.2.5-д “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй”, 36.3-т “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан.

            3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд”,14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасан байна.

            3.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор заасан хэдий ч албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй байхаар хуульд тусгайлан зохицуулсан байна.

            3.4. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтаа 2020 онд 384,280,700 төгрөг, 2021 онд 138,559,839 төгрөгөөр тус тус дутуу тайлагнаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч жишгээр ногдуулж, төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх зардлыг хасаж тооцох боломжтой” гэж тайлбарлаж маргаж буй тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

            3.5.Тодруулбал нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй, тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн, татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан, татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй нөхцөл байдлуудад хамаарахааргүй байх тул нэхэмжлэгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох боломжгүй юм.

            3.6. Иймд анхан шатны шүүхийн “... татварын улсын байцаагч нар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээг тодорхойлон нэхэмжлэгч компанийн өөрийнх нь тайлагнасан тайлан дахь баримтаар нотлогдох зардлыг хасаж тооцсон /маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тооцоолол 182 хуудас бүхий нотлох баримтын 45, 46 дахь тал/ нь дээрх хуульд нийцэх бөгөөд жишиг үнийн аргыг хэрэглэх хуульд заасан нөхцөл энэ тохиолдолд бий болоогүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.

            4. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана”, 35 дугаар зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно” гэж заасан.

            Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-т “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны журмыг эрсдэлийн удирдлагын стандартад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаар тушаалаар баталсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 5.6-д “Татварын харилцаанд оролцогчийн эрсдэлийг ТБМНС-ийн болон бусад мэдээлэл, батлагдсан шалгуур үзүүлэлтэд үндэслэн тодорхой арга аргачлалын дагуу шинжлэх замаар тооцоолж, эрсдэлийн үнэлгээг 0-100 хүртэл оноогоор гаргана”, 5.7-д “Энэ журмын 5.6-д заасны дагуу тооцоолсон эрсдэлийн үнэлгээнээс хамаарч эрсдэлийн оноо тэгтэй тэнцүү тохиолдолд эрсдэлгүй, бусад тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн эрсдэлийн түвшинг дараах байдлаар тодорхойлно:”, 5.7.2-д “25ЭУ-02 маягтаар өөрчлөлт оруулж болно” гэж журамлажээ.

            4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар[1] “Төлөвлөгөө батлах тухай” тушаалаар татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтыг баталж, нэхэмжлэгч компани тус жагсаалтын 16-д эрсдэлийн түвшин 48.32 оноотой бага түвшин гэж тэмдэглэгдсэн байна.

            4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч татварын алба нь эрсдэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтэд хянан шалгах чиг үүргийн хүрээнд Татварын ерөнхий газрын даргын А/223 дугаар тушаалын хавсралтын эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтад хамрагдсан нэхэмжлэгч компанид хяналт шалгалт явуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн “... татварын алба нь эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнгээр эрсдэлийн түвшнээс үл хамааран эрсдэлтэй гэж үнэлэгдсэн татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх эрхтэй байх тул нэхэмжлэгчээс Бага эрсдэлтэй аж ахуйн нэгжийг татварын хяналт шалгалтад хамруулах шаардлагагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

            5. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.6 дугаар зүйлд “Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ:”, 7.6.2-т “Тогтоох хэсэгт: Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт, баталгаажуулсан үлдэгдлийн дүн, төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, алданги, торгуулийн дүн, төлбөрийг хүлээн авах татварын алба, банкны нэр, дансны дугаар, төлбөр хийх хугацааг бичнэ” гэж тус тус заасан байна.

            5.1. Хэрэгт авагдсан маргаан бүхий актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг бичсэн боловч тус зүйлийн 84.1.1, 84.1.2, 84.1.3, 84.1.4, 84.1.5 дахь заалтуудын аль хэсэг болохыг тухайлан заагаагүй хэдий ч тухайн заалт нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн “... хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг зөрчин татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан болохыг тус актын тэмдэглэх хэсэгт дүгнэн хуулийн зүйл заалтыг бичсэн тул актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага-ыг ерөнхий байдлаар бичсэн нь бичилтийн алдаа болохоос бус актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

            6. Мөн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно:”, 73.1.1-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 82 дугаар зүйлийн 82.1-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно:”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, 84.1.2-т “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж тус тус заасан.

            6.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар тооцох бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгохоор хуульд тухайлан заасан байна.

            6.2. Харин маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон  үйл ажиллагааны орлого 2020 онд 384. 280.700.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 188,036,068.00 төгрөгийн зардлыг хасаж, 196.244.632.00 төгрөг, 2021 онд 138.559.839.00 төгрөгийн борлуулалтын орлогоос төлбөрийн баримтаар нотлогдож буй 135.544.040.00 төгрөгийн зардал хасаж, 6.015.799.00 төгрөгийн алдагдал бууруулсан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Хаан банкны харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого 2020 онд 384.280.700.00 төгрөгийг, 2021 онд 138.559.839.00 төгрөгийг дутуу тайлагнаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчлүүдэд алданги болон торгууль тооцсон нь дээрх хуульд нийцсэн байна.

Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

   ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

   ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Нөхөн ногдуулалтын актын материалын 1 дүгээр хавтас, 7 дахь тал