Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Н.Амарсанаа, 

            Шүүгдэгч Э.Санжаа, Г.Чинбаяр тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрлэн овогт Энхсайханы Санжаа, Хөх морь овогт Ганболдын Чинбаяр нарт холбогдох 201601000133 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Компьютерийн техникээр мэргэшсэн бизнесийн удирдлага мэргэжилтэй, Монгол- Солонгосын Политехник коллежид авто засварчины 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13-7-83 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэрлэн овогт Энхсайханы Санжаа /РД: УК88061451/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 8-245 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх морь овогт Ганболдын Чинбаяр /РД: ЛЮ89022473/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Энхсайханы Санжаа нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн хашаанаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй бодисыг /ургамлыг/ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13 дугаар байрны 7-83 тоот өөрийн гэрт болон биедээ хадгалсан,

                                       

Шүүгдэгч Ганболдын Чинбаяр нь 2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн хашаанаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй бодисыг /ургамлыг/ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны 245 тоот өөрийн гэрт болон биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

           

             Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Санжаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би биеийн тамирын дасгал хийж байгаад 61 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор олс гэх ургамал ургасан байхаар нь түүсэн. Тэгээд тэр түүсэн ургамлаа “Плэй тайм” шоун дээр цаасанд ороогоод ганц хоёр сорж үзтэл цагдаа ирээд барьсан.

Би энэ алдаанаасаа сайн суралцсан. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Яллагдагч Э.Санжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн үед би гэрээсээ гараад ойролцоо байх Сансарын тунель гэх газрын 61 дүгээр цэцэрлэгийн хашаанд орж дасгал хийж гүйсэн... надаас өөр хүн байгаагүй. Хашаан дотор морь хараад зогсож байтал урд талд өмнө харж байгаагүй содон ургамал харагдсан. Тэр ургамлыг би урьд өмнө интернет орчинд хальт харж байсан. Би тэр ургамлаас бага зэргийн буюу алга тал орчим хэмжээтэйг тасдаж аваад тамхины хайрцагт хийсэн. Тэр тамхины хайрцаг миний шортны халаасанд байж байсан ба шортоо тайлаад нөгөө өвсөө халаасанд  нь байгааг мартсан байсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 25-ны буюу “Плэй тайм” тоглолт болох өдөр 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дасгал хийхдээ өмссөн хувцсаа өмсөөд тоглолтон дээр очсон... тоглолт руу явахаас 2-3 хоногийн шортны халаасанд өвс хийснээ санасан байсан. 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би ороодог тамхи гэж ойлгоод тэр тамхины хайрцагт байсан өвсөө цагаан өнгийн цаасанд ороогоод тамхи шиг болгосон. Уг цаас нь газар голын эрэг дээр байсан. Тэр үед миний хажууд Отгонбат, Чинбаяр нар байсан. Уг өвсийг асаагаад нэг сороод Чинбаярт өгсөн, Чинбаяр Отгонбатад өгөх үед Сайнбүүвэй, Энхбат бид нар дээр ирсэн. Отгонбат уг зүйлийг Сайнбүүвэйд өгөөд, Сайнбүүвэй хэд сороод Энхбатад өгсөн. Энхбат уг зүйлийг сороод өвс гэдгийг мэдээд энэ чинь хуулиар хориотой өвс байна шдээ гэж хэлээд унтраасан. Би уг зүйлийг хатуу чанга хууль цаазтай гэж урьдаас мэдсэн бол уг зүйлийг тасдаж аваад хэрэглэхгүй байсан…” гэх мэдүүлэг /2-хх-ийн 59-63х/

 

            Шүүгдэгч Г.Чинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын дундуур Санжаатай байрны орцонд хальт уулзсан. Санжаа надад хар тамхины ургамал хотод туннель хавьд ургадаг юм байна лээ гэж надад хэлсэн. Би тухайн үед огт итгээгүй. Миний нэг найз машины аваарт ороод хоёр хөлөө тайруулсан. Хааяа би авч гарч цэцэрлэгт салхилуулдаг юм. Тэр найзыгаа салхилуулах гэж цэцэрлэгээр явж байгаад шээх гээд машины грашийн хавьд очтол Санжаагийн ярьж байсан ургамал ургасан байсан. Би тэгээд цүнхнээсээ зовхины тосны шилэнд тэр ургамлаас жоохон түүж хийсэн. Энэ түүсэн асуудлыг таг мартсан байсан. Манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзаж амрахаар нууц товчоо амралтын газар явцгаасан. Явах замдаа пиво ууж явсан Мягмарсүрэн, Эрдэнэбаяр хоёртой мөрдөн дээр байгаа хэргийн тухай ярилцаад явж байсан. Тэгээд тэр ургамал үнэхээр болдоггүй юм уу гэж нөгөө түүсэн ургамлаа нөгөө хоёрт үзүүлээд хөдөө газар цагдаа байхгүй гэж бодоод хэрэглэж үзэх гэтэл замын пост таарч цагдаад баригдсан. Тэгээд Төв аймгийн цагдаа дээр очсон гэв.

Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг сургуулиа төгсөх боломж олгож өгнө үү гэв.

 

Яллагдагч Г.Чинбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2016 оны 06 дугаар сарын дундуур бид 2 уулзаад Санжаа надад хэлэхдээ 61 дүгээр цэцэрлэгийн гадна хар тамхины ургамал ургаж байсан би жоохныг авсан гэж ярьсан. Тэр үед би худлаа ярьж байна гэж бодоод тоогоогүй өнгөрсөн, дараа нь хэд хоногийн дараа 61 дүгээр цэцэрлэгийн арын хашаа руу ороод хойд буланд нь очиход Санжаагийн яриад байсан ургамал ургачихсан байсан. Би уг ургамлын зургийг интернетээс харж байсан бас залуучуудын өмсдөг оймс, фудволк, малгай зэрэгт байдаг зураг шиг өвс байхаар нь нэг төө байхаар нь нэг төө орчим ургамлыг шувтарч аваад сүүлд цагдаад хураалгадаг жижигхэн тостой шилэн саванд хийчихсэн…” гэх мэдүүлэг /2-хх-ийн 69-73х/

 

Гэрч Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах төвд жижүүрийн ахлах офицер ажилтай Н.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Плэй тайм” тоглолтонд ахлах байцаагч Данзанравжаа, Хас-Очир нарын хамт хэв журмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Орой 20 цагийн үед тоглолтын төв тайзны зүүн урд талаар буюу голын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад этгээд сонин үнэр үнэртсэн, үнэр гарсан зүг явж очиход голын эрэг дээр 20-25 орчим насны 5 залуу байсан. Очоод шалгахад нэг залуугийн урд талд татаж байгаад дөнгөж унтраасан шинжтэй ороодог тамхи шиг зүйл байсан. Тэгээд шалгахад бас нэг залуу нь өөрийн сууж байсан хатуу цаасан доор бас тийм тамхи шиг зүйл хийчихсэн сууж байсан. 3 дахь залуу нь бас тийм ороосон тамхи хажуу голын ус руу шидчихсэн байхаар нь хурааж авсан. Ингээд нийт 3 хэсэг тамхи мэт зүйлийг хурааж аваад Хас-Очир ахлах байцаагч илтгэх хуудас бичиж жижүүрт хүлээлгэж өгсөн. Тэр залуучууд бид нарт ямар нэгэн тайлбар хэлээгүй, бид нарыг яах гэж шалгаж байгаа юм бэ энийг чинь хүн бүр л татаж байна гээд өөдөөс элдэв янзын юм яриад мансуурсан шинжтэй байсан. Зөвхөн нэг залуу нь тэгж ярьж байсан уг залуу нь бор махлагдуу залуу байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 79х/

 

Гэрч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч ажилтай Г.Батцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 

“...2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г.Отгонбат нарт холбогдох гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан. Тухайн гомдол мэдээллийг хүлээн авахад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн ерөнхий жижүүрээс уг гомдол мэдээллийн материалыг цэнхэр уутанд тус тусад нь боосон 3 ширхэг ургамал мэт зүйлийн хамт хүлээлгэж өгсөн. Би хүлээн аваад уг 3 хэсэг зүйлд хар тамхи, мансууруулах бодис илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилсон. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би 2 өргөдөл, гомдол хүлээж авсан ба хоёулаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол байсан. Тухайн үед би шинжээч томилохдоо уг 2 гомдол мэдээллийн эд мөрийн баримтыг нэгтгэн Т.Билгүүтэй нар нь мансууруулах төрлийн өвч хэрэглэсэн гэж хаяглан шинжээч томилж явуулсан. Тухайн үед ажлын ачаалал ихтэй байсан учир нэгтгээд шинжээч томилон явуулсан юм. Шинжээчийн 5633 дугаартай дүгнэлтэд тусгагдсан цэнхэр өнгийн гялгар уутанд боодолтой дээж “1”, “2”, “3” гэж хаягласан ургамал мэт зүйл нь Э.Санжаа, Г.Отгонбат, Г.Энхбат, Ц.Сайнбүүвэй, Г.Чинбаяр нарт холбогдох хэргийн эд мөрийн баримт байгаа мэт. Бусад нь Т.Билгүүтэй нарт холбогдох хэргийн эд мөрийн баримт байна...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 80х/

 

Яллагдагч С.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Бид дөрөв 10 жилийн 97 дугаар сургуулийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Чинбаяр, Мягмарсүрэн бид гурав 2 дугаар ангиасаа хойш хамт сурч байгаа, Санжаа 5 дугаар ангиасаа манай ангид шилжин орж ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би Амгаланд барилгын ажил хийж байгаад ажлаа тараад 18 цаг гэж гэртээ ирээд амарч байтал Чинбаяраас миний утсанд манай гэрт хүрээд ир хөгшөөн гэсэн мессеж ирсэн. Дараа нь Мягмарсүрэн залгаад доошоо уруудаад ир уулзая гэсэн. Тэр үед Мягмарсүрэн Чинбаярын гэрт оччихсон байсан юм билээ. Тэгээд би Чинбаярын гэрт очиход Мягмарсүрэн, Санжаа, Чинбаяр 3 гэрт нь байсан. Өөр хүн байсан эсэхийг анзаараагүй. Тэр 3 пиво ууж байсан. Санжаа машин барьж байгаа гээд пиво уухгүй байсан. Тэгээд ойрхон салхинд гаръя гэж ярилцсан ба 20 цаг гээд Чинбаярын гэрээс гараад замдаа 2 лаазтай пиво нэмж уусан. Гэтэл Чинбаяр цүнхнээсээ хумсны лакных шиг шилтэй өвс шиг зүйл гаргаж ирээд Санжаагийн гэх улаан өнгөтэй хар иштэй том гаансанд хийж татсан. Тэрийг Чинбаяр Каннабис гэх өвс гэж хэлсэн. Тэр үед Мягмарсүрэн унтаж байсан ба 22-ын товчоо гэх газар өнгөрөөд зогсож байхдаа татсан. Санжаа, Чинбаяр бид 3 сорж хэрэглэсэн, Мягмарсүрэн бол унтаж байсан. Мягмарсүрэн хөдөөнөөс саяхан ирсэн байсан учир ядарсан байх гэж бодоод сэрээгээгүй. Тэгэхэд Санжаа машин барьж явсан ба би хажуу талынх нь урд суудал дээр суусан байсан. Чинбаяр Жаргалантад байх амралтын газар очино гэж байсан. Би 2 жилийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж байхдаа жалганд бие засах гэж байгаад уг Каннабис гэх өвсийг харж байснаа тэд нарт тэр үедээ яриан дундаа оруулаад хэлсэн байсан. Тэгээд амралтын газар явах замд би энэ орчим нөгөө Каннабис чинь ургадагшдээ гэж хэлээд засмал замаас гараад шороон зам руу эргэх гэтэл араас сигнал дугараад дуут дохиотой цагдаагийн машин зогсоосон. Бид нарыг шалгаад Санжааг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу гэж шалгасан. Мөн бид нарын биед үзлэг хийгээд бүгдийг хурааж аваад Төв аймгийн цагдаагийн газар луу явуулсан. Нөгөө жижиг шилэн савтай өвсийг Чинбаярын цүнхнээс хурааж авсан. Би интернэтээс харж байсан. Би клип дуунаас уг өвсийг харж мэдэж авсан. /хх43-44х/гэжээ.

Яллагдагч Б.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гадуур явж байгаад найз Чинбаярын гэрт 17 цагийн үед очиход Чинбаяр ганцаараа байсан. Тэгээд бид 2 Эрдэнэбаяр, Санжаа нартай уулзахаар болоод дуудсан. Тэр 2 ойролцоогоор 1 цагийн дараа ирээд бид нар авсан пивоо ууж сууж байгаад агаар салхинд гаръя гэж тохирсон. Би явахгүй гэтэл тэд нар явья гээд байсан. Тэгээд бүгдээрээ явахаар болоод үлдэгдэл пивоо аваад Чинбаярын гэрээс 20 цагийн үед гараад дэлгүүрээс дахин 2 пиво аваад хөдөлсөн. Тэр үед Санжаа ээжийнхээ машинтай явж байсан. Урд сууж байсан 2 буюу Санжаа, Эрдэнэбаяр 2 хаашаа явахаа ярьж байсан байх. Би хойд суудал дээр үүрэглээд унтаад явж байтал гэнэт зогссон. Яасан ийсэн вэ гээд босоод иртэл 2 цагдаа бид нарыг зогсоочихсон бид нарыг шалгасан. Би яг хаана явж байгаагаа мэдээгүй. Одоо бодоход Жаргалант гээд байгаа газрын наана юм шиг байгаа юм. Гэтэл тэр цагдаа нар зүгээр биш байна шалгуулна гээд бид нарын биед үзлэг хийгээд авч яваа биед үзлэг хийгээд цагдаагийн газар аваачсан. Тэгээд цагдаа нь юу болсон талаар ярь гэхэд Жаргалантад Каннабис ургадаг гэж сонсоод очиж үзэх гэж байсан юм гэж ярьсан. Тэгээд та нар хар тамхи хэрэглэх гэж явж байгаа хүмүүс байна гээд бид нарыг Төв аймгийн цагдаагийн газарт хүргэж ирсэн. Чинбаярын цүнхнээс шилтэй зүйл гарч ирээд энэ хар тамхины төрлийн зүйл байна гэж байсан. Уг Каннабис гэх ургамлыг би бол ер нь хар тамхины төрлийн ургамал гэдгийг мэднэ. Гэхдээ урьд өмнө харж байгаагүй, хэрэглэж байгаагүй, зургийг нь л харж байсан /хх-49-50х/ гэжээ.

Яллагдагч Г.Отгонбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би найз Сайнбүүвэйтэй Монгол шилтгээнд болсон Плэй тайм тоглолт үзэж хоносон. Маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чинбаяр, Санжаа нартай тоглолтон дээр таарсан. Сайнбүүвэй хүнтэй уулзчихаад ирье гээд явсан. Санжаа, Чинбаяр бид 3 голын эрэг орохоор явсан. Бид нарын очсон голын эрэг нь тоглолтын тайзнаас урагш 100 орчим метр зайтай байсан. Санжаа, Чинбаяр бид 3 гол дээр сууж байтал Санжаа цаасанд ороочихсон тамхи шиг зүйл асаачихсан сорж байгаад надад өгөхөөр нь энэ юу юм гэж асуутал инээлгэдэг өвс гэж хэлсэн. Би 2-3 сорчихоод буцаагаад Чинбаяр, Санжаа нарын аль нэгэнд өгсөн. Тэгээд байж байтал Энхбат, Сайнбүүвэй нар ирээд тэр 2 та нар юу татаад байгаа юм вэ гээд сорчихоод Энхбат энэ чинь хуулиар хориотой хэрэглэж болдоггүй зүйл шдээ гэж хэлээд хаясан. Гэтэл цагдаа нар ирээд бид нарыг шалгаад цагдаагийн хэлтэст авчирсан /хх-79-80х/ гэжээ.

Яллагдагч Ц.Сайнбүүвэй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ойролцоогоор 17-18 цагийн үед би Монгол шилтгээнд зохиогдож байгаа “Плай тайм” тоглолт руу явах замаараа найз Отгонбат руу утсаар яриад хамт явах уу гэтэл зөвшөөрсөн. Тэгээд бид 2 уулзаад уг тоглолтон дээр хоносон. Маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тоглолтоо үзэж байгаад би тамхи авахаар Монгол шилтгээнээс гараад буцаж ороод тоглолт үзэж байгаад тайзны ойролцоо 18 цагийн үед Энхбаттай таарсан. Тэгээд бид 2 тоглолт үзэж нилээн зогссон. Тоглолт дуусахаар нь пиво аваад голын эрэг дээр ууж суухаар очтол тэнд Отгонбат, Санжаа 2-той таарсан. Гэтэл Отгонбат, Санжаа 2 Чинбаяр луу явж байна цаадах чинь энэ доор байгаа гэхээр нь хамт гол дагуу уруудаад явсан. Чинбаяр дээр очтол ганцаараа цаасанд тамхи шиг ороочихсон өвс татаад сууж байсан. Би урьд өмнө уг өвсний талаар сонсож байсан учир хараад Чинбаярыг өвс татаж байгааг мэдсэн. Тэгээд тэр өвсийг тойруулж татсан ба Чинбаяраас Санжаа, Отгонбат 2-ын аль нэг нь аваад сорсон. Би Санжаагаас авч хэд сороод Энхбатад өгсөн Энхбат хэд сорсоноо цагдаа ирж байна, энийгээ хая гээд буцаагаад Санжаад өгсөн. Гэтэл цагдаа ирээд бид нарыг нэгжээд тэнд суулгаад бид нарын татаж байсан өвсний ишийг хурааж авсан. Тэгээд цагдаагийн хэлтэст авчирсан /хх-82-83х/гэжээ.

Яллагдагч Г.Энхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гараад Монгол шилтгээнд болж байгаа амьд хөгжмийн тоглолт үзэхээр явсан ба 12-13 цагийн үед тоглолтон дээр ганцаараа очсон. Өдөр тэрүүгээр тоглолт үзэж, пиво ууж явж байгаад орой нар жаргах үе буюу 20 цагийн үед тоглолтын тайзны урд талд найз Сайнбүүвэй таарсан. Тэгэхэд Сайнбүүвэй ганцаараа явж байсан. Би найзуудтайгаа явж байгаа гэж ярьж байсан. Тэгээд тэрүүгээр тоглолт үзэж пиво ууж сууж байгаад манай найзууд руу явж хэдэн пиво ууя голын эрэг дээр сууж байгаа гээд голын эрэг рүү явсан. Голын эрэг дээр очиход наад талд нь Отгонбат, Санжаа 2 суучихсан цаана нь буюу ойролцоогоор 10 орчим метрийн цаана Чинбаяр гэх залуу нь суучихсан байж байсан. Сайнбүүвэй бид 2 Санжаа, Отгонбат нартай уулзаад нэг чинь хааччихсан вэ гэтэл тэр сууж байна гээд Чинбаярын луу дөхөж очоод суусан. Тухайн үед би нилээн согтчихсон байсан. Бид нарыг очиход Санжаа, Отгоо, Чинбаяр 3 нэг нь өвс цаасанд ороочихсон татаж байсан. Тэгээд тэр ороосон өвсөө тойруулаад 5-уулаа хэд хэдэн удаа сорсон. Би хамгийн сүүлд аваад хэд сороод шороон дээр дарж унтраасан. Би яг тамхи унтраагаад сууж байтал араас цагдаа гарч ирээд амрыг эрье гээд бид нарыг шалгасан. Тэгээд нэг цагдаа нь эд нараас юу үнэртээд байна аа гэснээ ойр орчмыг шалгаад газар унтраасан байсан цаасанд ороосон өвсийг уутанд хийж авч байсан /хх-88-89х/ гэжээ.

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5638 тоот дүгнэлтэд:  

Шинжилгээнд ирүүлсэн Г.Чинбаярын гэх шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна /1-хх-ийн 99х/ гэжээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5635 тоот дүгнэлтэд:  

Шинжилгээнд ирүүлсэн Э.Санжаагийн гэх шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна/1-хх-ийн 105х/ гэжээ.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5633 тоот дүгнэлтэд:  

Шинжилгээнд ирүүлсэн 1-3 хүртэл дугаартай цэнхэр өнгийн гялгар уутанд боодолтой дээж зэргийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahyrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно /1-хх-ийн 107-114х/ гэжээ.

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7256 тоот дүгнэлтэд:  

Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2”, “3”, “4”, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahyrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно /1-хх-ийн 116-119х/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7435, 7436  тоот дүгнэлтэд:  

Шинжилгээнд ирүүлсэн Г.Чинбаяр, Э.Санжаа, Б.Мягмарсүрэн, С.Эрдэнбаяр нарын гэх шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн Г.Чинбаяр, Э.Санжаа, Б.Мягмарсүрэн, С.Эрдэнэбаяр нарын гэх шээсний дээжүүдэд тетрагидроканнабилын агууламж /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол нь ТНС 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно /2-хх-ийн 29-30х/ гэжээ.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 7434 тоот дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хүрэн бор өнгийн гаанс, шаргал өнгийн металл гаасанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаасанд боосон шар өнгийн шавар мэт зүйл, шилэн савтай тосорхог зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаасанд боосон шар өнгийн шавар мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

Шинжилгээнд ирүүлсэн шилэн савтай тосорхог зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн /2-хх-ийн 32-33х/ гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Э.Санжаа, Г.Чинбаяр нарыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-х/, гэрч Н.Батбаяр /1хх-79х/, Г.Батцогт /1хх-80х/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 5638, 5635, 5633, 7256, 7435, 7436, 7434 дугаартай дүгнэлтүүд /хх-99х, 105х, 107х, 116х, 2х29-30х, 2х32-33х/, шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулсан тэмдэглэлүүд /1-хх-ийн 120-124х, 2-хх-ийн 34-37х/, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-46-47, 54-55, 247-148, 2хх-1-2х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-63-65х/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-44-45, 48-49, 53, 235х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-61-62, х/, Э.Санжаа, Г.Чинбаяр нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-165/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-157, 166х/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-160-164, 167-169х/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-177-178х/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1407 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-188-192х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-150х/, Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-131-133х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Э.Санжаа нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн хашаанаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүн авч, улмаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13 дугаар байрны 7-83 тоот өөрийн гэртээ 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хадгалж байгаад Монгол шилтгээнд зохион байгуулагдсан Рlay time тоглолтыг үзэхээр очихдоо Г.Чинбаяр, Ц.Сайнбүүвэй, Г.Энхбат, Г.Отгонбат, С.Эрдэнэбаяр, Б.Мягмарсүрэн нарын хамт цаасанд тамхи мэт ороож татаж хэрэглэсэн,

Шүүгдэгч Г.Чинбаяр нь 2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн хашаанаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүн авч, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны 245 тоот өөрийн гэртээ  2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хадгалж байгаад Төв аймгийн Жаргалант сум, Буурлын 1 дүгээр багийн нутаг Нарангийн энгэр гэх газарт Э.Санжаа, Ц.Сайнбүүвэй, Г.Энхбат, Г.Отгонбат, С.Эрдэнэбаяр, Б.Мягмарсүрэн нарын хамт гаансанд хийн татаж хэрэглэсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Санжаа, Г.Чинбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Санжаа, Г.Чинбаяр нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

 

Шүүгдэгч Э.Санжаа, Г.Чинбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ганболдын Чинбаяр, Энхсайханы Санжаа нарын шүлсний дээж, мөнгөлөг өнгийн цаас, дотроо шаргал өнгийн зүйлтэй, саарал өнгийн хуванцар тагтай шилэн сав, улаан өнгийн толгойтой гаанс, шаргал өнгийн металл гаанс, 14 ширхэг бүтэн 2 хайрцаг задалж хэрэглэсэн хоосон Кomix  гэх нэртэй эм мэт зүйл, мөн №“1” гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай 2,7473 грамм каннабис /уутны хамт/, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай 5,0825 грамм каннабис уутны хамт, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай 3,4217 грамм каннабис /уутны хамт/, мөн №1, №2, №3, №4, №5 гэж хураан авсан үндэстэйгээ, салаа бүхий ногоон өнгийн навчтай ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Сайнбүүвэй, Г.Энхбат, Г.Отгонбат, С.Эрдэнэбаяр, Б.Мягмарсүрэн нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болохыг дурьдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэрлэн овогт Энхсайханы Санжаа, Хөх морь овогт Ганболдын Чинбаяр нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Санжаа, Г.Чинбаяр нарыг тус бүрийг 5 /таван/ сарын хугацаагаар   баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Санжаа, Г.Чинбаяр нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ганболдын Чинбаяр, Энхсайханы Санжаа нарын шүлсний дээж, мөнгөлөг өнгийн цаас, дотроо шаргал өнгийн зүйлтэй, саарал өнгийн хуванцар тагтай шилэн сав, улаан өнгийн толгойтой гаанс, шаргал өнгийн металл гаанс, 14 ширхэг бүтэн 2 хайрцаг задалж хэрэглэсэн хоосон Кomix  гэх нэртэй эм мэт зүйл, мөн №“1” гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай 2,7473 грамм каннабис /уутны хамт/, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай 5,0825 грамм каннабис уутны хамт, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай 3,4217 грамм каннабис /уутны хамт/, мөн №1, №2, №3, №4, №5 гэж хураан авсан үндэстэйгээ, салаа бүхий ногоон өнгийн навчтай ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                          

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ