Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Засаг дарга Харагчууд  овогт Чулууны Чимэдийн нэхэмжлэлтэй

       Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Б, аудитор А.Н нарт холбогдох,

       “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах, хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч аудитор А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Увс аймаг дахь Төрийн ауидитын газраас аймгийн Байгаль хамгаалах сангийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ аймгийн ИТХ-ын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсан "Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал"-ын 11 110 000 төгрөгийн санхүүжилтээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Бт 6531942 төгрөгийн тэтгэмж олгож төрд хохирол учруулсан гэж үзэж төлбөр барагдуулах тухай акт тогтоосон байна.

       Үндэсний аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/35 дугаартай тушаалаар батлагдсан Апбан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 10.1 дэх заалтад "Албан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд илт хууль бус болон зөрчилтэй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон бол уг албан шаардлага, төлбөрийг актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно" гэж заасны дагуу маргаан бүхий актын талаарх гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 1/510 дугаартай албан бичгээр Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул миний бие Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА- ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж, нэхэмжпэл гаргаж байна.

      1. Төрийн аудитор нь төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргыг байгаль хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтад "Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтад "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, төлбөрийн акт тогтоосон нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тушаалаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1 дэх заалтын 4.2.1.4 дэх хэсэг, 4.2.1.6 дахь хэсэг болон тус журмын 4.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

       2. Засгийн газрын 2014 оны 43 дугаар тоггоолоор батлагдсан "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам” зөрчсөн тухайд, Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр тухайн онд санхүүжүүлэх зардлын нэр төрөл, зориулалтыг батлаагүй гагцхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээд тусгагдсан "байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал”-ыг батлагдсан зориулалтын дагуу зарцуулсан байхад ямар үндэслэлээр аймгийн Засаг даргыг Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэж, төлбөрийн акт тогтоох болсон нь тодорхой бус байна.

        Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА- ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү “ гэв.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Байгаль хамгаалах сангийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсан "Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал"-ын 11.110.000 төгрөгийн санхүүжилтээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 6.531.942 төгрөгийн тэтгэмж олгож төрд хохирол учруулсан гэж үзэж төлбөр барагдуулах тухай акт тогтоосон байна. Үндэсний аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/35 дугаартай тушаалаар батлагдсан Апбан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 10.1 дэх заалтад "Апбан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд илт хууль бус болон зөрчилтэй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон бол уг албан шаардлага, төлбөрийг актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно" гэж заасны дагуу маргаан бүхий актын талаарх гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 1/510 дугаартай албан бичгээр Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул миний бие Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж, нэхэмжлэл гаргасан.Төрийн аудитор нь төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргыг байгаль хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтад "Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтад "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, төлбөрийн акт тогтоосон нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тушаалаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1 дэх заалтын 4.2.1.4 дэх хэсэг, 4.2.1.6 дахь хэсэг болон тус журмын 4.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

       Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам" зөрчсөн тухайд, Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр тухайн онд санхүүжүүлэх зардлын нэр төрөл, зориулалтыг батлаагүй гагцхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээд тусгагдсан "байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал"-ыг батлагдсан зориулалтын дагуу зарцуулсан байхад ямар үндэслэлээр аймгийн Засаг даргыг Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэж, төлбөрийн акт тогтоох болсон нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан журмын ямар заалтыг яаж зөрчсөн тухайгаа акт тогтоосон албан шаардлагад үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.

      Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтад "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалт нь төсвийн шууд захирагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн дарга нарыг нэрлэн заасан заалтаар аймгийн Засаг даргад акт тогтоосон байна.

      Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар акт тогтоохдоо сонсох ажиллагаа явуулахдаа хэлбэрийн төдий танилцуулсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заана” гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна. Төлбөрийн акт тавьсны дараа төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй бол хариуцлага тооцно гэсэн албан бичгээр эрх хөндөгдсөн этгээдийн эрхийг хөндсөн гэж үзэж байна.

         Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл акт тогтоосон хүний санал тайлбар авахдаа хууль зүйн гаргалгааг бичиж тайлбарлаагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчиж захиргааны акт гаргаж, сонсох ажиллагаа явуулсан.

        Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА- ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

          Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор С.Батсуурь болон аудитор А.Н нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2020 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад "Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал"-д зориулж 11 100 000 төгрөг батлагдсан байна.

      Дээрх зардлыг аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21 -ний өдрийн А/209 дүгээр захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газарт зарцуулах эрхийг шилжүүлсэн байна.

        Эрх шилжүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 5 байгууллагын 203 ажилтныг хамруулсан сургалт зохион байгуулахаар "Байгаль орчны салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтын удирдамж" боловсруулж, сургалтад зориулж 2 814 900 төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авч бэлтгэсэн байсан.

         Гэтэл аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/106 дугаар захирамж гарган төсвийн шууд захирагчийн захиран зарцуулах эрхэд хамаарах сургалтын зардлаас Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Бт магистрын сургалтад хамрагдахаар төрийн албанаас чөлөөлөгдсөн тул гэж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 6 531 942 төгрөгийн тэтгэмж олгосон байна.

       Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/105 дугаар захирамжаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Б-ыг 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажпаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байхад 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/106 дугаар "Тэтгэмж олгох тухай" захирамжид “... магистрын сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул" гэсэн нь тус захирамжууд нь цаг хугацааны хувьд уялдахгүй байна. /тухайн албан тушаалтан төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байхад чөлөөлөгдсөн гэж тэтгэмж олгосон байна Иймд дээрх хууль, журам зөрчиж тэтгэмж олгож төрд хохирол учруулсан байсанд төлүүлэхээр төлбөрийн акт тогтоохдоо Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд сонсох ажиллагаа явуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б магистрын сургалтад суралцаагүй бөгөөд сонсох ажиллагаа хийхэд "Засаг дарга хамтран ажиллаж чадахгүй тул суралцуулах чиглэлээр тэтгэмж өгье. Суралцана гэсэн өргөдөл бичээд ир гэсэн. Засаг даргатай зөрчилдөж маргалдаад яах вэ гээд өгсөн тэтгэмжийг нь аваад ажлаа өгсөн... гэж тайлбар өгсөн. Энэ тайлбараас харахад Засаг дарга нь улс төрийн шалтгаанаар тухайн албан тушаалтанд тэтгэмж олгосон байж болзошгүй байна. Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 3-д “Төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалт” хэсэгт тэтгэмж олгож болох заалт байхгүй байна. Иймд Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс олгосон тэтгэмжийн мөнгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон болно” гэжээ.

       Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу Төсвийн тухай хуулийн 9.8-д заасан хугацаанд төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийх үед Байгаль хамгаалах сангийн санхүүгийн тайланд хуулийн хугацаанд аудитыг хийж гүйцэтгэсэн. Байгаль хамгаалах сангаас Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т тэтгэмж олгосон асуудал хөндөгдсөн. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсан байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардалд батлагдсан 11.110.000 төгрөгийг зарцуулах эрхийг Увс аймгийн Засаг дарга 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/209 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад шилжүүлсэн. Эрх шилжүүлсний дагуу Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулахаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр удирдамж гаргаж нийт 5 байгууллагын 203 ажилчдыг хамруулахаар сургалтын удирдамж, хөтөлбөр, зарцуулалт, төсөв гаргаж баталсан. Сургалтад хамрагдах ажилчдын хоол унданд 3.472.000 төгрөг, бичиг хэргийн зардалд 980.000 төгрөг, томилолтод 3.480.000 төгрөг, унааны зардалд 2.300.000, тэмцээний шагналын зардалд 860.000 төгрөг нийт 11.100.000 төгрөгийн хөтөлбөр төслийг баталсан байдаг. Тухайн төсвөөс 2.813.000 төгрөгийг бичиг хэргийн материал худалдан авсан байдаг. Улмаар улс орон даяар coved-19 коронавирусийн халдварт цар тахал гарсны улмаас олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт сурталчилгаа хийхийг хориглосон учир тухайн байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах сургалт явагдаагүй байна. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/105 дугаар захирамжаар Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-ыг 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх захирамж гаргасан. Тухайн өдрөө буюу Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/106 дугаар захирамжаар Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б магистрын сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох захирамжийг  гаргасан.Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Быг ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхад захирамж гаргаж тэтгэмж олгосон байдаг. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/106 дугаар захирамжийг үндэслэн тэтгэмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэмэлт дансны нэг удаагийн зардлаас гаргахыг тус газрын нягтлан бодогч Мөнхцэцэгт зөвшөөрснөөр төсвийн шууд захирагчийн шийдвэрээр тэтгэлэг олгосон байдаг.

      Тэтгэмж нь Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх зарцуулах тайлагнах журмын 3 дугаарт заасан орлогыг зарцуулах талаара журмыг зөрчсөн. Уг журамд байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас тэтгэмж олгоно гэсэн ямар нэг заалт болон үг үсэг байхгүй. Гэтэл Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т тэтгэмж олгосон байгаа нь үндэслэлгүй юм. Б.Б-т сонсох ажиллагааг явуулж байхад гаргасан тайлбартаа “Аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн зүгээс хамтран ажиллаж чадахгүй тул суралцана гэсэн өргөдөл бичиж өгвөл тэтгэмж олгоно гэж хэлсэн.Засаг даргын зүгээс надтай хамтран ажиллаж чадахгүй гэж байгаа тул надад олгох гэж байгаа тэтгэмжийг нь аваад ажлаа хүлээлгэж өгсөн”  гэдэг тайлбар гаргасан. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх гэсэн зарчмын хүрээнд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулна” гэж заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байгаа. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зохицуулалтын дагуу зарцуулна гэж заасан. Мөн маргаан бүхий акт тогтоохдоо шалгагдах байгууллагын аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийг шинжлэн судлаад нотлох баримтад үндэслэн актыг тогтоосон. Маргаан бүхий акт тогтоохдоо Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан заалт мөн Монгол улсын Ерөнхий аудиторын А95 дугаар тушаалаар батлагдсан албан шаардлага, төлбөрийн акт тогтоох журмыг тус тус үндэслэж актыг тогтоосон. Энэ асуудлаар аймгийн Засаг даргын зүгээс албан шаардлага өгөх ёстой асуудалд акт тогтоосон байна гэсэн агуулгатай гомдлыг Монгол улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад хүргүүлсэн байсан. Монгол улсын Ерөнхий аудиторын зүгээс “гомдолд дурдагдсан акт нь хууль эрх зүйн дагуу тогтоогдсон тул хүчингүй болгох боломжгүй” гэсэн хариуг өгсөн байдаг. 

       Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан. Акт тогтоох албан шаардлага өгөх болгондоо сонсох ажиллагааны мэдэгдлийг эрх нь зөрчигдөж байгаа албан тушаалтанд өгдөг байгаа. Сонсох ажиллагааны мэдэгдлийг миний бие аймгийн Засаг даргад 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ба ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар тайлбарлан өгч захиргааны шийдвэр гаргах асуудлын талаар үндэслэл шалтгаан нөхцөлийг танилцуулаад тайлбар байвал өгч болно гэдгийг тайлбарласан. Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн зүгээс сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу биечлэн уулзах хэлбэрээр хийсэн. Нэхэмжлэлийн 2 дахь заалтад Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолыг зөрчсөн ба төлбөр тогтоосон болох нь тодорхой бус байна гэж дурдсан. Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолд орлогыг юу юунд зарцуулах талаар нэг бүрчлэн бичсэн байгаа бөгөөд уг тогтоолд тэтгэмж олгох заалт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Хариуцагч аудитор А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... 2020 оны байгаль хамгаалах сангийн санхүүгийн тайланд аудит хийж үзэхэд Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т тэтгэмж олгосон зөрчил илэрсэн. Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулахаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр удирдамж гаргаж 11.100.00 төгрөгийн төсөвлөгдсөн төсвөөс сургалтын бэлтгэл ажлын сургалтын хэрэглэгдэхүүн авч бэлтгэж байсан. Гэтэл энэ мөнгөнөөс аймгийн Засаг дарга захирамж гаргаж Б.Б-т тэтгэмж олгосон.Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолд байгал хамгаалах,нөхөн сэргээх төсвийн орлогыг юу юунд зарцуулах талаар нэг бүрчлэн бичсэн бөгөөд тэтгэмж олгох хуулийн зохицуулалт байхгүй” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Б, аудитор А.Н нарт холбогдуулан        “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актын талаарх гомдлоо Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбатад 2021.04.07-ны өдрийн 1/510 дугаартай албан бичгээр гаргасан байх бөгөөд гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар нэхэмжлэлдээ дурдаж нэхэмжлэлийг 2021 оны 05 сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 53 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудтороос нэхэмжлэгчийн гомдолд хариу өгсөн эсэх талаарх лавлагааг шаардсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор нь нэхэмжлэгчийн гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй  байх бөгөөд шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа буюу 2021 оны 06 сарын 14-ний өдөр 1597 дугаартай албан бичгээр “төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй” гэж үзэн гомдлыг хүлээн аваагүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Төлбөр тогтоосон акт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1 дэх заалтын 4.2.1.4, 4.2.1.6 дахь хэсэг болон тус журмын 4.4 дэх заалтыг зөрчсөн, аймгийн ИТХ-ын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4-р хавсралтаар батлагдсан зориулалтын дагуу зарцуулсан” тул актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “ төлбөрийн актад дурдсан байгаль хамгаалах сангийн хөрөнгө гэж байхгүй байтал сантай холбогдох төлбөрийг тавьсан, сонсох ажиллагааны журам зөрчсөн, актандаа гомдол гаргах журмыг заагаагүй,Увс аймгийн Засаг даргад хамааралгүй,төсвийн шууд захирагч нарт холбогдох  Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан заалтыг баримталсан” гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

Хариуцагч талаас “ Увс аймгийн Засаг дарга нь ИТХ-аас батласан зардлыг аймгийн Засаг даргын 2020 оны 4 сарын 21-ний өдрийн захирамжаар БОАЖГ-т зарцуулах эрхийг олгосон байтал захирамж гарган Б.Бт магистрын сургалтад зориулж тэтгэмж олгосон нь зориулалт бусаар зарцуулсан байна “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 01/27/А2070416, УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар Аймгийн ИТХ-ын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4-р хавсралтаар баталсан “Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж,дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал”-ын 11.100.000 төгрөгийн санхүүжилтийн эрхийг Байгаль орчин,аялал жуулчлалын газарт шилжүүлсэн байхад уг санхүүжилтээс Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/106 дугаар захирамжийг үндэслэн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Бт 6531942 төгрөгийгн тэтгэмжийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах,тайлагнах журам”-ын 3-д заасан “төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалт” хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг,Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.8 дахь хэсэгт заасныг үндэслэн Аймгийн Засаг дарга Байгаль хамгаалах сангаас тэтгэмжид олгосон 6531945 төгрөгийй төрийн санд төвлөрүүлэхээр хариуцуулж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 10/04 дүгээр тогтоолоор Увс аймгийн 2020 оны төсвийг баталж,дөрөвдүгээр хавсралтаар Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2020 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл,арга хэмжээний жагсаалтыг баталсан ба жагсаалтын 5-д Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж,дадлагажуулах,чадавхжуулах үйл ажиллагааны зардалд 11.100.000 төгрөгийг төсөвлөн баталжээ.

Уг тогтоолтой холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн А/209 дугаар захирамжаар “Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал” 11.100.000 төгрөгийг Байгаль орчин аялал жуулчлалын газарт эрх шилжүүлэн олгосон байна.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 11/02 дугаартай “Увс аймгийн 2020 оны  төсвийн тодотгол батлах тухай” тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2020 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг дахин баталсан ба жагсаалтын 5-д Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж,дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардалд 11.100.000 төгрөгийг төсөвлөн баталжээ.

Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газраас Байгаль орчны салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2020 оны 10 сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн удирдамж, хөтөлбөр, санхүүгийн тооцооллоо гаргасан боловч уг сургалт зохион байгуулагдаагүй байна.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/105 дугаар захирамжаар Увс аймгийн Байгаль орчин,аялал,жуулчлалын газрын дарга Б.Быг түүний гаргасан хүсэлтийг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлж, 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/106 дугаар захирамжаар Б.Б нь магистрын сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу түүнд албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, тэтгэмжийг Байгаль орчин,аялал жуулчлалын газрын нэмэлт дансны нэг удаагийн зардлаас гаргахыг Байгаль орчин,аялал жуулчлалын газрын нягтлан бодогчид зөвшөөрсөн байна.

Аймгийн Засаг даргын тэтгэмж олгох шийдвэрийн дагуу Байгаль орчин,аялал жуулчлалын газрын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэмэлт данснаас буюу Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардалд төсөвлөсөн 11.100.000 төгрөгийг төсвөөс Б.Б-т 6.531.942 төгрөгийн тэтгэмж олгогдсон бөгөөд үйл баримтын талаар талууд маргаангүй байгаа болно.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13.4-д “ Энэ хуулийн 13.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална”  гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалтын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төсвийг баталсан байна.

 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална” гэж зохицуулсан байна.

Засгийн газрын 2014 оны 02 сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтаар “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,зарцуулах,тайлагнах журам”-ыг баталсан ба журмын 1.2-т “Энэхүү журмын 2.1-д заасан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг тухайн ашигласан нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, хяналт тавих арга хэмжээнд зарцуулна” гэж, 3 дахь хэсэгт төлбөрийн орлогын зарцуулалтын талаар заажээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж,дадлагажуулах,чадавхжуулах үйл ажиллагааны зардалд 11.100.000 төгрөгийг төсөвлөн төсвөөс Увс аймгийн Засаг дарга Байгаль орчин,аялал жуулчлалын газрын дарга Б.Бт төрийн албанаас түр чөлөөлөгдөж,магистрын сургалтад суралцахаар болсонд тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 02 сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтаар “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах,тайлагнах журам”-ын зорилгод нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь төрийн албанаас түр чөлөөлөгдөж магистрын сургалтад суралцах болсонтой холбоотой олгож буй тэтгэмж нь байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх арга хэмжээнд зориулагдсан зардал гэж үзэхгүй бөгөөд Увс аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох”, 14.2.3-т  “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэж тус тус заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг ойлгохоор зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3.санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг баримталж ажиллахаар, 6 дугаар зүйлийн  6.4.1төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах нь дээрх зарчмыг хэрэгжилтийг хангахаар нөхцөл болох талаар зохицуулсан ба Увс аймгийн Засаг дарга хуульд заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг баримталж ажиллаагүй байна.

Иймд хариуцагч нараас нэхэмжлэгчийг Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж үзэн Увс аймгийн Засаг даргаас тэтгэмжид олгосон 6531942 төгрөгийг төрийн санд төвлөрүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б шүүхэд  өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр томилогдсон аймгийн Засаг дарга Ч.Ч МАН орон нутгийн сонгуульд ялагдсан тул ажлаа хүлээлгэж өгөх талаар мэдэгдэж хамтран ажиллах боломжгүй болсон.Тухайн үед Ч.Ч дарга надтай уулзаад ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдолд өөрийг чинь зүгээр орхихгүй,сурч боловсроход чинь дэмжлэг үзүүлнэ гэсэн.Тэгээд би Засаг даргатай маргалдаад хэрэггүй гэж үзээд тэтгэмжээ аваад төрийн албаны нөөцөд үлдэж ажлаа хүлээлгэж өгсөн.Тухайн үед 2021 оны 1 сард хичээл сургалт эхэлсэн байсан тул сургуульд бүртгүүлж чадаагүй, 2021 оны хичээлийн жилээс бүртгүүлж магистрын сургалтад хамрагдах төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдүүлжээ.

 Увс аймгийн Засаг даргын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн А/209 дугаартай захирамжаар байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал 11.100.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Байгаль орчин,аялал жуулчлалын газарт шилжүүлж шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй хэвээр байхад Увс аймгийн Засаг дарга 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/106 дугаар захирамжаараа Б.Бт олгох тэтгэмжийг Байгаль орчин,аялал жуулчлалын газрын нэмэлт нэг удаагийн зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж зааснаар Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээний байгаль хамгаалах,нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төсвийн санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийх,  мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “ Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасны дагуу төлбөрийн акт тогтоох эрхтэй байна.

 Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх,төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.8-д “Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн бол төлбөрийн акт тогтоох үндэслэл”  болох тухай заасан тул нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “ хариуцагч нь уг журмын 4.2.1-д албан шаардлага өгөхөд харгалзах үндэслэл болох 4.2.1.4-д заасан “төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан”, 4.2.1.6-д заасан “ төсвийг зориулалт бусаар зарцуулсан “ гэх хэсэг,4.4-д заасан “ албан шаардлага өгөх үндэслэл бүхий алдаа зөрчил илэрсэн тохиолдолд төлбөрийн акт тогтоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тухай дурдаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг  хүлээн авах  үндэслэлгүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ хариуцагч нь акт тогтоохдоо Төсвийн тухай хуулийн 16.5.5-д заасан төсвийн шууд захирагчийн эрх хэмжээнд хамаарах заалтыг баримталсан, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий зохион байгуулсан, санал тайлбарыг нь авахдаа ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу актдаа гомдол гаргах хугацааг зааж өгөөгүй, байгаль хамгаалах сангийн хөрөнгө гэж байхгүй байтал байгаль хамгаалах сангийн тайланд аудит хийсэн” гэж тайлбар гаргасан бөгөөд дараах үндэслэлээр тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Аймгийн Засаг дарга нь байгаль хамгаалах,нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх төсвийн захирагч тул Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан төсвийн шууд захирагчийн “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”  тухай зохицуулалтыг аймгийн Засаг даргад хамааралгүй гэж үзэхгүй юм.

Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь 2021.03.25-ны өдөр Увс аймгийн Засаг даргад Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж,дадлагажуулах,чадавхжуулах үйл ажиллагааны зардлын төсвөөс Б.Бт нэг удаагийн тэтгэмж 6531942 төгрөгийг олгосон зөрчилд төлбөрийн акт тогтоох болсонтой холбогдуулан сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасан биечлэн уулзах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулж,тэмдэглэлийг хөтөлсөн байна.

Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж,дадлагажуулах,чадавхжуулах үйл ажиллагааны зардалд төсвөөс Б.Б-т магистрын сургалтад суралцахаар болсонд тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй алдаа зөрчил гарсан тул төлбөрийн акт гарах болсон талаар  танилцуулж аймгийн Засаг даргын хариу тайлбарыг нь сонссон байх ба Засаг даргаас “сургаж дадлагажуулах үйл ажиллагааны зардал гэдэгт ямар ч зардал байж болно” гэж үзэж байгаа талаараа тайлбарласан байх ба ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх,хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар,санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонсох ажиллагааг хэлбэрийн төдийн зохион байгуулсан, санал тайлбарыг нь авахдаа ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан нь тодорхойгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Энэ хуулийн 13.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална”  гэж заасны дагуу батлагдсан, аймгийн Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдох төсвийн санхүүгийн тайланд аудит хийгдэж, зөрчил тогтоогдсон байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “актад байгаль хамгаалах сан“ гэж буруу нэршлийг хэрэглэсэн гэх, мөн “маргааны бүхий актад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах журмын талаар тусгаагүй” гэсэн тайлбарууд үндэслэлтэй боловч энэ нь төлбөр тогтоосон актыг хүчингүйд тооцох ноцтой зөрчил биш гэж шүүхээс үзлээ.

Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргын шүүхэд гаргасан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг   баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЦЭЦЭГ