Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2019/00047/И |
Дугаар | 44 |
Огноо | 2019-04-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум, Их булагт байрлах Хандизель орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хүсэлттэй
2013 оны цахилгааны төлбөр 54 559 310.83 /тавин дөрвөн сая таван зуун тавин есөн мянга гурван зуун арван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийн авлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянгантуяа, нарийн бичгийн даргаар Б.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хандизель ОНӨААТҮГ-ын дарга Ц.Сайхандэлгэр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Манай байгууллага нь сумын төвийн дулаан үйлдвэрлэл, цэвэр бохир усны шугам сүлжээ ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. 2013 онд цахилгаан түгээх ажил нь Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид бүх хөрөнгийн хамт шилжсэн боловч дансны авлага шилжээгүй болно. Одоогийн байдлаар 54 559 310.83 /тавин дөрвөн сая таван зуун тавин есөн мянга гурван зуун арван төгрөг наян гурван мөнгө/-ний авлагыг барагдуулах боломжгүй, хариуцах иргэд нь хаа байгаа нь мэдэгдэхгүй, мөн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Мөн өмнөх онуудад санхүүгийн хяналт шалгалт, аймгийн аудитын газруудад жил бүр шалгуулж материалаа хүргүүлсэн бөгөөд аймгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрийн дагуу найдваргүй авлагын нөөц үүсэх боломжтой гэсэн тайлбар авсан. Иймд тус байгууллагад 2013 оны байдлаар үүссэн 54 559 310.83 /тавин дөрвөн сая таван зуун тавин есөн мянга гурван зуун арван төгрөг наян гурван мөнгө/-ний цахилгааны төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хүсэлт гаргагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хандизель ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянгантуяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэмэгдүүлсэн хүсэлтдээ: Хандизель ОНӨААТҮГазрын нягтлан бодогч Б.Мянгантуяа миний бие нь 2014 оны 1 сарын 24-ний өдрөөс хойш тухайн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байгаа. 2013 онд үүссэн айл өрхийн цахилгааны авлагыг шүүхэд хэлэлцүүлэхээр байгууллагын нарийн бичиг Б.Наранзаяа, дарга Ц.Сайхандэлгэр нар нь 2019 оны 3 дугаар сард аудитын шалгалтанд орохоор явсан хугацаанд, өмнө цагдаагийн байгууллага эвлэрүүлэн зуучлах газарт өгч байсан дүнгээс харж хүсэлт гаргахдаа 54 559 310.83 гэж буруу дүнгээр нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийг анхан шатны баримт болон 2013-2018 оны санхүүгийн тайлан, мөн хураангуйлсан жагсаалтаар тус тус нотлон нэхэмжлэлийн дүнг 55 702 979.83 төгрөг болгон өөрчлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хандизель орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрийн байгууллагад 2013 оны үед үүссэн цахилгаан хэрэглэгчдийн төлбөр 55 702 979.83 төгрөгийн авлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хандизель ОНӨААТҮГ нь 2013 оны 11 сарын 11 хүртэл Ханбогд сумын албан байгууллага, айл өрхөд цахилгаан нийлүүлж, хэрэглэгчдээс цахилгаан нийлүүлсний төлбөрийг төвлөрүүлэн ажилладаг байсан бөгөөд түүнээс хойш Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д уг ажлыг шилжүүлэн өгсөн болох нь ажил хүлээлцсэн акт, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутгийн өмчийн газарт хандсан албан бичиг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2/60 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эдийн засаг, өмч, төсөв, санхүүгийн хорооны дарга С.Цэрэнбаяр даргалж, хорооны гишүүн Б.Баярбилэг, Хандизель ОНӨААТҮГазрын захирал Ц.Сайхандэлгэр, нягтлан бодогч Б.Мянгантуяа нарыг оролцуулж, Ханбогд сумын “Хандизель” ОНӨААТҮГазрын 2013, 2014, 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэргээр /хх-ийн 21-23/ тогтоогдож байна.
Хэдийгээр цахилгаан түгээх үйлчилгээг шилжүүлсэн боловч 2013 онд үүссэн цахилгаан хэрэглэгчдийн төлбөр болох тус байгууллагын авлага нь Хандизель ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөнд үлдсэн болох нь тус байгууллагын 2013-2018 оны санхүүгийн тайлангийн хуулбарт авагдсан байх бөгөөд энэ нь тухайн цаг хугацаанд хувь хүн албан байгууллагуудад цахилгаан нийлүүлэх гэрээний харилцаанд үүссэн нийт 55 702 979.83 төгрөгийг шаардах эрх болох нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, хүсэлт гаргагчийн тайлбар бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэснийг баримтлан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу Хандизель ОНӨААТҮГ-т санхүүгийн тайланд үндсэн хөрөнгийн авлагад бүртгэлтэй нийт 55 702 979.83 төгрөгийн цахилгаан нийлүүлэх гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоох нь зүйтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хандизель ОНӨААТҮГ-т санхүүгийн тайланд үндсэн хөрөнгийн авлагад бүртгэлтэй нийт 55 702 979.83 төгрөгийн цахилгаан нийлүүлэх гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА