| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2023/0015/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э-,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2118000030494 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, баяд, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил тэнсэн хянан харгалзсан,
-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан,
-Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2 жил хорих ял болгон өөрчилсөн,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 305 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн 01 жил 4 сар 22 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай магадлалаар сулласан,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн ******* овогтгийн******* /Регистрийн дугаар*******/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө******* гэх газраас иргэн*******ийн эзэмшлийн нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг нийт 34 тооны малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 32.600.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дүүд хоночихоод адуугаа хайж явж байгаадн тэндээс дурандахад адуу байгаагүй. Харин хэдэн мал байсан тэр хэдэн малыг хүргэнд авч ирэхэд ямар учиртай мал бэ гэхээр нь хүний мал байгаа юм аа гэж хэлчхээд явсан. Тэгтэл таны авчирсан хонийг цагдаагаас хүмүүс ирээд аваад явлаа, тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн гэж хэлсэн. Тэр үед цасан шуургатай байсан тэр хавийн айлын мал тасарчихсан юм байна гээд хүргэнийдээ авчирсан. Түүнээс биш хувьдаа ашиглах гэж аваагүй, тасарсан малыг айлд хадгалуулсан нь миний буруу.” гэв.
Эрүүгийн 2118000030494 дугаартай хэргээс:
Хохирогч*******ийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хонь, ямаагаа тоолоход нийлээд 574 байсан. Маргааш нь орой буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны орой цасан шуурга болсон тэгтэл орой шөнийн 00 цагийн орчим манай хонь хөдлөөд нохой хуцаад байхаар нэг морьтой хүн хонин дотор зогсож байсан тэгэхээр юун хүн бэ гээд орилсон чинь тэр хүн шууд морьтойгоо зугтаагаад яваад өгсөн тэгээд би хэсэг унтахгүй 04 цаг хүртэл чимээ сонсоод хэвтэж байсан тэгээд маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 49 тооны хонь, 2 ямаа дутсан байхаар тэр орчим хайгаад хонио олоогүй тухайн шөнө цасан шуурга болсон болохоор тасарсан юм болов уу гэж бодоод нэлээд хайсан ингээд 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр манайхаас 7-8км зайтай гэх айлын хонинд өөрийнхөө хонийг байна уу үгүй юу гээд шүүхэд манай хонины эмийг өөрчилсөн байдалтай байхаар нь цагдаад хандсан тэгээд цагдаа нарын хамтаар гэх хүний хонин дотор өөрийнхөө хонь, ямааг шүүж үзэхэд манай 32 тооны хонь, 2 ямаа байсан бусад 17 тооны мал огт байхгүй байсан. Тэр гэх хүн нь байгаагүй эхнэр нь л байсан. Би тухайн өдөр өөрийнхөө 32 тооны хонь, 2 ямааг хүлээж авсан. Манай бүх хонь, ямааны эмийг өөрчилж шинээр хайчилсан байсан.” гэх мэдүүлэг /хх 43-44/,
“...Би тухайн үед 51 тооны мал алдагдсан байна. 32 хонь 2 ямаагаа хүлээж аваад 17 тооны хонь дутуу байна гэж ойлгож байсан чинь сүүлийн 3 жилийн малын А дансаа аваад шалгаж үзтэл 17 тооны хонь алдагдаагүй тоо ёсоороо таарч байсан. Би хонио алдахдаа 51 тооны мал гэж андуурч өмнө нь мэдүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх 51/,
Гэрч өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө намайг гэртээ унтаж байхад манай төрсөн ах болох******* нь манай гэрт ирсэн. Би ахад хоол хийж өгсөн ба******* ах хоол цай идэж уучхаад нэг их удалгүй яваад өгсөн. Гэтэл манай нөхөр болох адуундаа явчхаад орж ирээд надад хэлэхдээ өглөө ахыг манай хонинд хэдэн хонь тавьчхаад хорио тавигдахаар буцаж ирж авна аа гэж хэлээд хэдэн хонь малд нийлүүлсэн гэж надад хэлсэн...Манай нөхөр надад хэлэхдээ******* ахыг тухайн малыг малд нийлүүлэхдээ өөрөө эмнээд тавьсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 61-62/,
Гэрч өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр бид хоёр хонь ямаагаа тоолсон чинь 574 байсан. Тэгээд 11 дүгээр сарын 19-ны өдрийн цасан шуурга өнгөрөөгөөд хонь ямаагаа тоолсон чинь 51 буюу 523 хонь ямаа үлдсэн байхаар нь цагдаад хандсан. 11 дүгээр сарын 18-ны орой манай хонин дотор нэг морьтой хүн явж байхаар нь манай нөхөр хөөгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх 55-56/,
Насанд хүрээгүй гэрч өгсөн: “...Би тэр үед буюу өмнөх өдрийнх нь шөнө Дарханаас хичээлээ тараад гэртээ ирээд өвөөгийнхөө гэрт өвөөтэй хамт хоносон. Тэгээд өглөө намайг өвөө сэрээгээд хонь тор луу орж байна очиж хонио эргүүл гэж сэрээсэн юмаа. Тэгээд би хонионы шонгоор морио уяж орхиод хонион дотроос тууж гаргаж ирээд морио унаад хонио туугаад явж байхад манай хонин дунд шинээр эмнэчихсэн чихнээс цус гарчихсан 2 ямаа 20-30 орчим хонь харагдаж байсан. Би тэр өдөр******* ахыг манайд хэзээ ирээд хэзээ буцаад явсныг бол мэдээгүй би******* ахтай тааралдаагүй ээ. Би тухайн үед тэр малуудыг хэн эмнэснийг би мэдээгүй ээ. Гэрт аав байсан болохоор аавыг эмнэсэн байх гээд би тухай үед Цагдаад мэдүүлэг өгөхдөө тэгээд хэлчихсэн. Сүүлд сонсохнээ манай нагац ах болох******* ах эмнээд манай малд нийлүүлснийг мэдсэн.” /хх 72/,
“...Хэдний өдөр гэж мэдэхгүй байна ямар ч гэсэн 11 дүгээр сарын 18-ний өдөр байх цасан шуурга болсон өдөр би хониндоо явж байгаад гэртээ өдөр ирсэн гэртээ байж байгаад буцаад гарсан чинь манай хонь алга болсон цасан шуурганд хөөгдөөд явсан байхаар нь тэр орчим хонио хайж нэлээн явсан. Манай хонь хашаа руу ордог болохоор тэнд байж магадгүй гээд хайгаад морио хашаанаас нь уяж үлдээгээд хашаан дотор явган явж хонио хайж байсан чинь манай хонь хашааны жалган дотор байж айхаар нь хонио туугаад гаргаад ирсэн чинь манай хонин дотор 20-30 орчим хонь, 2 тооны ямаа нэг ямаа том эм ямаа нөгөө нь жижиг борлон байсан. Тэгээд маргааш өглөө нь цайгаа уучхаад гэрээсээ гарсан чинь манай аав энэ хонинуудыг эмнэчихвэл яадаг юм болоо гээд байсан.Би аавд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл манай аав тэр хонинуудыг барьж аваад чихийг нь огтолж эмнээд байсан. Эм болон хайчаа яасан талаар би хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 76-77/,
Гэрчийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө цасан шуургатай өглөө байсан би босоод галаа түлчихээд хонины хашааны гадна намайг очиход манай эхнэрын төрсөн ах******* манай малын хашааны хажууд явж байхаар нь хэзээ ирсэн юм ахаа гэсэн чинь сая ирлээ гээд******* ах надад хэлсэн. Би үхрээ босгоод тэр орчим явж байсан чинь намайг гээд ах дуудсан. ах хэлэхдээ ах нь танай хонинд хэдэн хонь оруулсан шүү гэхээр нь юун хонь юм бэ гэхэд******* ах “би хүнээс авсан мал байгаа юм, коронавирус намдахаар ирж авна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 78-79/,
“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “...4 настай адуу 1 толгой нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар 700000 төгрөг байна.” /хх 97/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 154-194/,
Хохирогч*******ийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх 236-242/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн 2118000030494 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлээр үйлдэгддэг.
Шүүх хэргийн үйл баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч *******ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй нотлон тогтоож чадаагүй байна.
Хохирогч*******...”2020 оны 11 сарын 18-ны орой цасан шуурга болсон тэгтэл тэр орой шөнийн 00 цагийн орчим манай хонь хөдлөөд нохой хуцаад байхаар нь гарахад нэг морьтой хүн хонин дотор зогсож байсан, тэгэхээр нь юун хүн бэ гээд орилсон чинь тэр хүн шууд зугтаагаад морьтой яваад өгсөн” /хх43-44ху/ гэж мэдүүлдэг ба хохирогчийн мэдүүлэгтэй холбогдуулан*******ийн мал 2020 оны 11 сарын 18-ны өдөр бэлчээрт гарсан эсэх, бэлчээрт хариулга эзэнтэй явдаг эсэхийг тодруулж шалгаагүй, хэрэгт ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэг хийгээгүйн улмаас хохирогчийн мал хашаатай эсхүл гэрийн гадаа хотолж хонодог эсэх, малын хашаа саравчны ерөнхий байдал, цаг уурын мэдээлэл, орчин тойрны ерөнхий байдлыг нягталж, шалгах зэргээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд, бодитой явуулаагүй нь хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл үүсгэж байна.
Шүүгдэгч ******* гэрчээр 2022 оны 07 сарын 04, 08 сарын 03-ны өдрүүдэд, яллагдагчаар 2022 оны 11 сарын 30-ны өдөр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”2020 оны 11 сарын 19-ны өдөр хаяанаас айлын тасарсан мал байхаар тууж ирээд өөрийн хүргэн дүү мал руу нийлүүлсэн” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн мэдүүлгийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч*******ийн “2020 оны 11 дүгээр сарын 18-ны орой цасан шуурга болсон тэгтэл орой шөнийн 00 цагийн орчим манай хонь хөдлөөд нохой хуцаад байхаар нэг морьтой хүн хонин дотор зогсож байсан тэгэхээр юун хүн бэ гээд орилсон чинь тэр хүн шууд морьтойгоо зугтаагаад яваад өгсөн тэгээд би хэсэг унтахгүй 04 цаг хүртэл чимээ сонсоод хэвтэж байсан тэгээд маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 49 тооны хонь, 2 ямаа дутсан байхаар тэр орчим хайгаад хонио олоогүй тухайн шөнө цасан шуурга болсон болохоор тасарсан юм болов уу гэж бодоод нэлээд хайсан ингээд 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр манайхаас 7-8км зайтай гэх айлын хонинд өөрийнхөө хонийг байна уу үгүй юу гээд шүүхэд манай хонины эмийг өөрчилсөн байдалтай байхаар нь цагдаад хандсан” гэх
Гэрч “ гэдэг айлын хонинд шүүхэд манай хонийн имийг хайчлаад өөрчилсөн байж байхаар нь дахин цагдаад хандсан” гэх, гэрч “манай нөхөр адуундаа явчхаад орж ирээд өглөө ахыг манай хонинд хэдэн хонь тавьчаад хорио тавигдахаар буцаж ирж авна гэж хэлээд хэдэн хонь малд нийлүүлсэн” гэх, гэрч “ ах хэлэхдээ ах нь танай хонинд хэдэн хонь оруулсан шүү гэхээр нь юун хонь юм бэ гэж асуусан чинь******* ах “би хүнээс авсан мал байгаа юм, кроно вирус намдахаар ирж авна” гэх зэрэг мэдүүлгүүд авагдсан байх ба тэдний мэдүүлэгт шүүгдэгч *******ыг олон тооны малыг хулгайлж байхыг харсан гэрч үгүй, хулгайн гэмт хэргийн шинжийг илэрхийлсэн ул мөр үгүй, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтууд хангалтгүй байна гэж дүгнэв.
Харин хэн мал авчирч малтай нийлүүлснийг, нийлүүлсэн тэдгээр баг малууд хохирогч*******ийнх мөн болохыг хөдөлбөргүй мэдүүлжээ.
Дээрхээс дүгнэхэд 2020 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаанд тухайн нутаг орноор цасан шуургатай байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байх тул байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ижил сүргээсээ үлдэж хоцрох, салхинд туугдах, нөмөр газарт хоргодож орхигдох зэргээр эзний хараа хяналтаас гадна үлдсэн байх магадлал тогтоогдлоо.
Ижил сүргээс тасарсан малыг иргэн хүний хувьд орон нутгийн захиргаа болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” атал эзнийг тогтоох талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй, хүнээс авсан юм хорио тавигдах үед ирж авна гэх зэргээр шунахайн сэдэлттэй өөртөө авч буй нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчлэв.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр байх Төмөрлөг уурхайн орчмоос хохирогч*******ийн ижил сүргээс тасарсан 34 тооны алдуул малыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч*******д “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт- “...нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар 32600000 төгрөг байна.”-д заасан хохирол учирсан байна. /хх 90/,
Хохирогч******* нь алдуул малаа тоо толгой бүрнээр нь буцаан авсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* урьд нь 6 удаагийн ял шийтгэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульд зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн 2118000030494 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогтгийн*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овогтгийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “алдуул малыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2118000030494 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ