Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ё.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Ө холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 260,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Идэрцог, иргэдийн төлөөлөгч М.Сайнжаргал, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...И.Өн хоёр хүүхэд 2018 оны 08 дугаар сарын 15-нд манай түцний цонхоор орж дотор нь байсан ууж идэх юмнуудыг үрэн таран хийсэн учир би эцэг эхүүдтэй нь уулзаж ярилцаад уян хатан хандсан боловч өгөхгүй удаад байхаар нь эвлэрүүлэн зуучлахад хандсан нийт дөрвөн хүүхэд орсон байсан. Нөгөө хоёр хүүхдийн эцэг эх тохирч мөнгөө өгсөн. Ө нь эвлэрүүлэн зуучлах газар дуудаад ирээгүй дараагийн арга хэмжээгээр шийд гэсэн учир шүүхэд хандаж байна. Нэг хүүхдэд 125,700 төгрөг оногдсон. Хоёр хүүхэд нийт 251,400 төгрөг үүн дээр эвлэрүүлэн зуучлалд хандсан 9,540 төгрөг нийт 260,940 төгрөг гаргуулж өгнө үү? ” гэжээ.

Хариуцагч И.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч Г нь 260,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл тухайн үед манай 2 хүүхэд өөр 2 хүүхдийн хамт Гын  түцнээс идэх юм авсан байдаг ч авсан бүх зүйлээ тухайн үед бүгдийг нь буцааж өгсөн байдаг юм. Түцнээс авсан даруй буцааж өгсөн байхад нэг хүүхдээс 260,000 төгрөг дахиж үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэг хүүхэд маань 8 настай, нөгөөх нь 9 настай хүүхдүүд жаахан хугацаанд 260,000 төгрөгний юм иднэ гэж яагаад ч байхгүй. Тэгээд ч тухайн үед хэдэн төгрөгний бараа алга болсныг нотлох баримт байхгүй байна. Яг тухайн үед манай хүүхдүүд тухайн түцнээс юм аваад гарч байхыг манай аав даруй хараад эзэнд нь хэлсэн. Түцний эзэн Г нь хөдөө байна манай нөхөрт хэл гээд 3 хонож ирсэн. Хөдөө хэзээ явсныг нь мэдэхгүй байна. Түцнийхээ цонхыг онгорхой орхичихоод явсан байсан болохоор өмнө нь өөр хүүхдүүд ороод бараанаас нь авсан байхыг үгүйсгэхгүй. Манай хүүхдүүдийн авсан юмыг тэр даруй Гын нөхөрт хүлээлгэж өгөхөд өөр алга болсон юм байхгүй байна гээд түцрүүгээ оруулаад орхисон. 520,000 төгрөгний бараа алга болсон гэдэгт итгэхгүй байна. Ингэж хэн ч итгэхээргүй юм ярьж, хүүхдийн алдааг ашиглаж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас Гын үндэслэлгүйгээр 260,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ё.Г нь хариуцагч И.Өгээс түүний хоёр хүүхэд ТҮЦ-нийх нь цонхоор орж ундаа чихэр идсэн буюу эд хөрөнгөнд хохирол учруулсны төлбөр нийт 260,940 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч И.Ө нь өөрийн 2 хүүхдээ ТҮЦ-нд орж чихэр жимс идсэн гэсэн үйл баримт дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байх боловч нийт 260 940 төгрөгийн бараа байсан тал дээр буюу нэхэмжлэлийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

            Нэхэмжлэгч Ё.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 260,940 төгрөгийг-ундаа чихэр зайрмагны үнэ гэж тодорхойлж байх ч уг бараа түүний эзэмшлийн гэх дэлгүүрт байсан эсэх талаарх, мөн тухайн ТҮЦ-нд байсан барааг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлж, шүүхэд уг шаардах эрх болон шаардлагаа нотлож чадахгүй байна.

            Алдагдсан барааны жагсаалт гэх баримт 483270 төгрөгөөр тохиролцов гэсэн хуудас/ХХ-ийн 5-р хуудас/, зарлагын баримт гэх ямар ч тамга тэмдэггүй, хаанаас хэзээ авсан талаар тодорхойгүй 2 хуудас баримт/ ХХ-ийн 6,7-р хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 02 сарын 23-ны өдрийн 5/23 дугаартай “…гэмт хэргийн шинжгүй гэсэн” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол зэргийг гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1- “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 37.2- “нотлох баримт нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт.. зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдно” гэж тус тус заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

            Тодруулвал нэхэмжлэгч Ё.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Идэрцог нь нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд учруулсан гэм хорыг арилгахад татгалзах зүйлгүй гэсэн  хэдий ч нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй бичмэл баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгч Хундаган овогт Ёндонгийн Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Өвөөн овогт Идэрцогийн Өд холбогдох 260,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.БАТТУЛГА

                                                ШҮҮГЧИД                                         С.ӨЛЗИЙ-ОТГОН

                                                                                                            Ц.УРАНГУА