Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 69

 
     

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, шүүгч Д.Баттулга, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн 905 тоотод байрлах “Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу Толгой” ХХК-д холбогдох

            Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт, түүний зардалд   261,351,350,78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”, дарга Ч.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, М.Содгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Жавхлан /ҮД-1997/, прокурор О.Батнасан, иргэдийн төлөөлөгч Д.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”, дарга Ч.Батсүх гаргасан хүсэлтдээ: “ “Оюу толгой” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан хэрэгт нэхэмжлэгчээ сольж Ханбогд сумын засаг дарга Ш.Эрдэнэжаргалыг нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтэй байна.” гэв.

Шүүх хуралдаанд хариуцагч “Оюу толгой” ХХК-ийн өмгөөлөгч С.Жавхлан гаргасан хүсэлтдээ: “ “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны зүгээс “Оюу толгой” ХХК-ийг хязгаарлалтын бүсийн 14,13 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан хэмээн нэхэмжлэл гаргасан. Гэвч бодит байдал дээр “Оюу толгой ” ХХК нь 14,13 га талбайд үйл ажиллагаа явуулаагүй харин “Оюу толгой”-“Гашуун сухайт” чиглэлийн авто замын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан “Очир төв” зам ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын карьеруудыг ашиглаж байсан юм. Иймд энэхүү үйл баримтыг нотлох зорилгоор “ЭМ ЭН ЭФ ЭС” ХХК-ийн ажилтан М.Эрдэнэбат, “ЭН БИ СИ СИ” ХХК-ийн авто замын инженерээр ажиллаж байсан  Д.Чимэдрэгзэн, ”Грийн Ассесмент”  ХХК-ийн захирал Д.Батболд нарыг гэрчээр асуух, 2015 оноос 2016 оны хугацаанд хилийн цэргийн штабаас “Очир төв зам ” ХХК-д хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх баримт  лавлагааг Хил хамгаалах ерөнхий газар болон Хилийн 0131 дугаар цэргийн ангиас тус тус шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргаж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

                        Нэхэмжлэгч “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны дарга Ч.Батсүх нь нэхэмжлэгчийг солих хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно” гэж заасан ч энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний зөвшөөрснөөр хийгдэх ажиллагаа юм.

            “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны дарга Ч.Батсүх нь өөрийнхөө оронд нэхэмжлэгчээр Ханбогд сумын засаг дарга Ш.Эрдэнэжаргалыг солих хүсэлт гаргасан боловч Ханбогд сумын засаг дарга нь тус хэрэгт нэхэмжлэгчээр орох, нэхэмжлэл гаргах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчээр оролцохыг зөвшөөрсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх сайн дураар Ханбогд сумын засаг даргыг нэхэмжлэгчээр татах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” нь нэхэмжлэлээ дэмжиж оролцох хүсэлгүй, нэхэмжлэх эрхгүй гэж байх тул хэргийг цаашид хэлэлцэх шаардлагагүй болж байна.

            Иймд “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” нь нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч “Оюу толгой” ХХК-ийн өмгөөлөгч С.Жавхлангийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхив.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны нэхэмжлэлтэй, “Оюу Толгой” ХХК-д холбогдох Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт, түүний зардалд 261,351,350,78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тогтоолд гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН

 

       ШҮҮГЧИД                                Д.БАТТУЛГА

 

                                                         Ц.УРАНГУА