| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2022/1784/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2022-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
2022 12 21 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Цэрэндулам,
Улсын яллагч А.Ариунаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эод холбогдох эрүүгийн 2203 00480 0482 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялаас заримыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,
- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 83 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон, П.Э /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнийн 04 цаг 36 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 1 дүгээр гудамж, “Цогт” дэлгүүрийн урд замд “Мицубиши Чалленжер” /Mitsubishi Challenger/ маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд “…Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу талын бетон мөргөж, зорчигч Б.Ан /3настай, эрэгтэй/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас яллагдагч П.Эод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...П.Эыг драйгер багаж ашиглан шалгахад 0.21% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Ан төрсөн ээж нь байгаа юм, миний хамгийн бага хүү, одоо 3 нас 6 сартай. Осол болсон өдөр над руу 05 цаг өнгөрч байхад манай нөхөр залгаад хүүгээ гэмтээчихлээ гэж хэлсэн. Ингээд би шууд гэмтэл рүү явсан. Эмнэлэг дээр очиход Б.А хүүгийн маань зүүн хөл нь хугарсан байдалтай байсан. Тухайн үед нөхөр хүүгээ тэвэрчихсэн зогсож байсан. Нөхөр хэлэхдээ машины урд суудал дээр хүү Б.А суугаад явж байсан, Тэгээд замын хажуу талын бетон мөргөөд улмаар автомашины аваарын дэр задраад тэгээд хүүгийн хөл нь гэмтсэн талаар хэлсэн. Одоо хүүгийн биеийн байдал сайн байгаа, хэд хоногоос хөлд байгаа төмрийг нь авхуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11122 дугаартай Дүгнэлтэд:
1. Б.Ан биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, баруун нүдний зовхи, зүүн шагайн үе, тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан 1027 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 109-110 дахь тал/
“Mitsubishi Challenger” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ автомашинаа 2019 онд П.Э гэх залууд худалдан зарсан. Үүнээс хойш нэрээ шилжүүлж амжаагүй яваад байгаа юм. ...Надад автомашины эвдрэл хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй энэ автомашиныг би бусдад зарсан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 23 дахь тал/,
Шүүгдэгч П.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “Mitsubishi Challenger” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн № 38797846 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-49 дэх тал/,
“Mitsubishi Challenger” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2021 оны үзлэгт тэнцсэн, 2022 оны техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тухай хуудас /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнийн 04 цаг 36 минутын орчимд эхнэрээ хайх зорилгоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 1 дүгээр гудамж, “Цогт” дэлгүүрийн урд замд “Мицубиши Чалленжер” /Mitsubishi Challenger/ маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу талын бетон мөргөж, зорчигч Б.Ан /3настай, эрэгтэй/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
П.Эын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Мөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар Шүүгдэгч П.Эыг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч П.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд бус санаатай байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Эыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнийн 04 цаг 36 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 1 дүгээр гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч П.Эод 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч П.Э өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Бага ял оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч П.Э нь зам тээврийн осол болсон даруй насанд хүрээгүй хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, мөн зам тээврийн осол болсон талаар Гэмтэл согог судлалын үндэсний төв дээрх цагдаагийн албан хаагчид мэдүүлсэн зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “…гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн…” мөн зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийгөө илчилсэн…” гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд тооцов.
Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “…Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно…” гэж заасан хуулиар олгосон эрхийн хүрээнд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр бүлийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт, насанд хүрээгүй хохирогч нь түүний төрсөн хүү болох, 0-4 хүртэлх бага насны хоёр хүүхэд болон нийт 4 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж үзэв.
Иймд шүүгдэгч П.Эод холбогдох тус хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт болон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино…” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд нийцүүлэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан болох согтууруулах ундаа хэрэглэсэн байдал зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар, мөн зүйлийн 3.3 дахь заалтад заасныг удирдлага болгон согтууруулах ундаа хэрэглэх эрхийн хязгаарлалтыг 2 жилийн хугацаагаар тогтоох нь мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан болон Шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хавтаст хэргийн 65 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хавтаст хэргийн 56 дахь тал/,
Насанд хүрээгүй хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээ
/хавтаст хэргийн 17 дахь тал/
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…” гэж заасны дагуу насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №11122 дугаартай дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтад зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан байна.
Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээс шүүх хуралдаанд нэхэмжлэх хохирол төлбөргүй гэж мэдүүлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно…” гэж заасан.
Иймд П.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг тогтоох шаардлагатай.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж заасантай нийцэж байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Ан биед учирсан гэмтлийг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.872.000 гарсан тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04/4870 дугаартай албан тоотыг мөрдөн шалгах ажиллагааны үед ирүүлсэн байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх хор уршгийн зардлыг нэхэмжлэх иргэний нэхэмжлэгчийг тогтоож, нэхэмжлэх эсэх талаар мэдүүлэг авч ажиллагаа хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд П.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээрх төлбөрийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу холбогдох нотлох баримтыг бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч П.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “согтуугаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар П.Эын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Эод “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэх”-ийг хориглох эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Эод анхааруулсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Иргэний хуулийн тусгай ангийн 497, 513 дугаар зүйлүүдэд тус тус заасан үндэслэлээр гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ