Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

   2022        12          26                                    2022/ШЦТ/20

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Цэрэндулам,

Улсын яллагч М.Сансарсайхан /томилолт/,

Шүүгдэгч Р.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Өт холбогдох эрүүгийн 2206 00000 2080 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд

- Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

- Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 98 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

- Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Р.Ө /РД: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Ө нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB Tower” хотхоны B1 давхарт байрлах “CU” сүлжээ дэлгүүрээр 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.А үйлчлүүлэн гарч явахдаа тухайн дэлгүүрийн үүдэнд байгууллагын эмнэлгийн төхөөрөмжийг үлдээж, мартаж явсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж, өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, түүнийг захиран зарцуулах зорилгоор нуун дарагдуулж, гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Р.Өт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Пүрэв гарагт өглөө 08 цагийн орчим Дархан-Уул аймаг явах гээд оффисоос гарахдаа байгууллагын В1 давхарт байх “СU” сүлжээ дэлгүүр орж кофе авах гээд орохдоо УВЧ-60 нэртэй шарлагын аппаратаа дэлгүүрийн үүдэнд тавьчхаад мартаад явсан. Уг аппаратыг Дархан руу авч явах гэж байсан Дарханд очоод 17 цагийн орчимд мэдсэн. Тэгээд байгууллагынхаа менежер Б.Огаар цагдаад дуудлага өгүүлсэн. ...ОХУ-аас 2021 оны 06 дугаар сард 4.500.000 төгрөгөөр худалдан аваад Монголд оруулж ирж байсан. Шинээрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,

Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд манай байгууллагынхан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт СRМ нэртэй тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх гээд 08 цаг 40 минутын орчимд UB Tower-ын үүдэнд байх СU сүлжээ дэлгүүрийн үүдэнд нэг хайрцагтай төхөөрөмжөө мартаад үлдээгээд Дархан-Уул аймаг руу явсан. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчимд тэнд алдсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

Яллагдагч Р.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB Tower төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан ба 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн төвд байх CU дэлгүүрийн урд хайрцагтай зүйл байна гэж хэлсэн бөгөөд хог байж магадгүй тул цэвэрлэ гэхээр нь би тухайн хайрцагтай эд зүйлийг аваад хогийн цэг дээр аваачаад нээгээд үзэхэд эмнэлгийн багаж байхаар нь би дээд давхарт байх эмнэлгийн багаж байх хэрэглэхгүй эвдэрсэн юм байна гэж бодоод өөртөө авсан боловч тухайн эд зүйл нь алдагдсан эд зүйл байсан байна лээ. Би тухайн эд зүйлийг алдагдсан хөрөнгө гэдгийг мэдээгүй байсан. ...Тухайн эд зүйлийг олоод цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд эд зүйлээ алдсан гэх хүн нь ирээд бид нарыг хулгай хийсэн гээд байхаар нь уур нь гарахаар эд зүйлийг нь хүлээлгэж өгнө гэж бодож байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дахь тал/

Хөрөнгийн үнэлгээний 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б31-22-856 дугаартай “...УВЧ-60 нэртэй физик эмчилгээний багажийн үнэ 6.000.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Р.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Хэргийн үйл баримтын талаар

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Р.Ө нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB Tower” хотхоны B1 давхарт байрлах “CU” сүлжээ дэлгүүрээр 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.А үйлчлүүлэн гарч явахдаа тухайн дэлгүүрийн үүдэнд өөрийн байгууллагын эмнэлгийн төхөөрөмжийг үлдээж, мартаж явсныг цэвэрлэгээ хийх явцдаа олж, хогийн цэг дээр очиж задалж үзээд шинэ, ямар нэг төхөөрөмж байхаар нь өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийн багажинд хийн, гэртээ аваачиж  хадгалсан нь гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Р.Өын дээрх нь үйлдэл нь өөрийн ажлын чиг үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын эд хөрөнгийг олж, өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, түүнийг захиран зарцуулах зорилгоор нуун дарагдуулж, гээгдэл эд хөрөнгө завшсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Мөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ…” гэж заасан хууль бус үйлдэл мөн байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар Шүүгдэгч Р.Өыг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Р.Ө нь бусдын хаясан юмыг олж авах нь гэмт хэрэг юм байна гэдгийг үүнээс хойш ойлгож, мэдлээ. Цаашид дахин ийм зүйл хийхгүй гэх тайлбар гаргасан болно.

 Энэхүү нөхцөл  байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу хайхрамжгүйгээр хандсан үйлдэл гэж дүгнэв.

Иймд уг үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Р.Ө нь УВЧ-60 нэртэй эмнэлгийн төхөөрөмжийг биет байдлаар   хүлээлгэн өгсөн /хх-ийн 17 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “…Би алдсан төхөөрөмжөө буцааж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй, Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” /хх-ийн 80 дахь тал/ гэж мэдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Р.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Р.Ө нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Р.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Р.Ө нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Болгоомжгүй гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Бусдын эд зүйлийг олоод хувьдаа ашиглах зорилгоор авч болохгүй гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Хэргийг үнэн зөвөөр шүүж өгсөн та бүхэнд баярлалаа...” гэв.

Шүүхээс Р.Өт хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55-56 дахь тал/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дахь тал/.

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Р.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Р.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ