Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 996

 

 

 

 

 

 

 

М.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо,  

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Сд холбогдох эрүүгийн 1802000000191 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1965 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн командын инженер мэргэжилтэй, “” ХХК-ийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Оргил хотхон” 8 дугаар байрны 2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;

 

М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” CMEC2013C4050 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжуудыг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /China machinery engineering corporation буюу CMEC/ нь Монгол Улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлийг урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол Улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцохгүй үлдээчихсэн ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй байна...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-1/38 дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 219 дугаартай тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд 8.484.264.045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/” (ХХYI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавыг томилуулж, улмаар түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн Ерөнхий захирал А.Хайратын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Энхцэлмэг, Б.Баттөмөр, Г.Туяахүү, Б.Өрнөхбаяр, Р.Дорж нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014.05.16-ны өдрийн ЭХА-31/14/ гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас:

- өөрийн хүү Сономпилийн Даян-Очирын эзэмшлийн Хаан банкин дахь 5085031818 дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөг,

- мөн С.Даян-Очирын эзэмшлийн Голомт банкин дахь 2105103199 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, мөн өдрөө 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,

- мөн өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5043023012 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг, нийт 266.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Борлууд овогт Мишигийн Сономпилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт Мишигийн Сономпилийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сээс 266,000,000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай тогтоолоор М.Сийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхонд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206004965 дугаартай амины орон сууцнаас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Палас ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар гудамжинд байрлалтай үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт хураагдан ирүүлсэн Р00000314 дугаартай Мишигийн Сономпилийн албаны гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Залуу Монгол" ХХК болон "Хотгор зам" ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01/05 дугаартай "Түншлэлийн гэрээ"-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Сд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Өмгөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "... Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул ..." гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон үйлдэлд хохирогчоор тогтоосон оролцогч байхгүй, нотлох баримтууд нь илтэд зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байтал түүнийг гэм буруутайд тооцон хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дугнэлт нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй талаар:

1.1. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоогүй болно. Үүнд:

Миний үйлчлүүлэгч М.Сийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэмт хэргээ үйлдэж эхлэн үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсээр 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мөнгө хүлээн авснаар гэмт хэрэг үйлдэж төгссөн байна гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Түншлэлийн гэрээ нь Хаан банкнаас зээл авахаар зориулан үйлдэгдсэн гэрээ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байтал хахууль авахын тулд халхавчилж хийсэн байна гэж үнэлсэнд гомдолтой байна. Түншлэлийн гэрээ анхнаасаа ийм зориулалтаар гаргаж өгсөн байдаг тул хугацааг зориудаар 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дараагаар байгуулагдсанаар хийсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хаан банкнаас авсан зээлийн баримтанд гаргаж өгсөн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэснээр Түншлэлийн гэрээг үнэхээр тендер шалгаруулан хахууль авахын тулд, хахууль авах төлбөрөө баталгаажуулахын тулд үйлдсэн гэж үзвэл тендер зохион байгуулахаас өмнө үйлдэгдэх ёстой байсан байхаа. Гэтэл тендер зохион байгуулагдан дуусч, тендерт шалгарсан компани нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа тавигдсан огноогоос харахад тендерт зориулан хийгдээгүй гэдэг нь нотлогдож байна.

Талууд Түншлэлийн гэрээ байгуулах үндэслэлээ тодоройлохдоо "... тендерт хамтран оролцохоор харилцан тохиролцож..." гэсэн байх ба гэрээний хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр тавьсан. Өмнө дурьдсанчлан тендерт шалгарсан компани ажил гүйцэтгэх гэрээгээ хэдийн байгуулсан байх тул тендерт хамтран оролцохоор гэрээ байгуулах ямар ч үндэслэлгүй юм.

Түншлэлийн гэрээний 3.2, 5.1.1 дэх хэсгүүдэд ЭХА-031/14 дугаартай гэрээний оныг 2015 гэж оруулсан байх ба 2014 онд байгуулагдаж байгаа гэрээнд ирээдүйд байгуулагдах гэрээний нөхцлийг дурьдаж, үүрэг хүлээлгэхээр заах боломжгүй юм.

Прокуророос хахуулийн хэмжээ өндөр учир гэрээ байгуулан баталгаажуулсан гэж дүгнэн эрүүгийн хариуцлагын санал гаргаж, шүүх мөн тийм байдлаар дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв хахуулийн төлбөрийг өгөхгүй тохиолдолд Түншлэлийн гэрээнд зааснаар нэхэмжлэн төлбөрийг төлүүлэхээр хийгдсэн гэж үзвэл Түншлэлийн гэрээний агуулга нь шүүхийн журмаар төлбөр гаргуулах ямар ч нөхцөлийг хангахгүй гэрээ юм.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Түншлэлийн гэрээ нь банкинд зориулан хийгдсэн нь нотлогдон тогтоогдож байтал хахууль авахаар халхавчлан байгуулагдсан  мэтээр дүгнэсэн шүүхийн дүгнэлт нотлогдохгүй байна.   

Мөн анхан шатны шүүхээс ковшийг 2013 онд зарж, төлбөрийг 2015 онд шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж дүгнэсэн байдаг ба иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 3 жилийн хугацаатай, хуулийн хугацааны дотор байтал зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн төлбөр 2 жилийн дараа шилжүүлсэн байж болохгүй мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрхийг эрүүгийн шүүх тогтоосон илтэд шударга бус шийдвэртэй санал нийлэхгүй байна.

1.2. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Үүнд:

Миний үйлчлүүлэгч М.Сийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Тендерийг зохион байгуулах үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжавт амаар "Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул" гэсэн хууль бус үүрэг өгсөн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Миний үйлчлүүлэгч тийм үүрэг өгөөгүй, өгсөн байх үндэслэлгүй, өөрийг нь буруутгасан гэрчийн мэдүүлэг яагаад тийм байдлаар өгөгдсөнийг мэдэхгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг бөгөөд Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаанд өөрийн зөвлөх Мураттай найз нөхдийн холбоотой байсан гэдэг.

Гэтэл сайдын зөвлөх өөрийн төрсөн дүүгийн буюу өөрт хамааралтай компанийг тендерт шалгаруулахын тулд сайдын нэрийг барьж, түүний өмнөөс бусдад нөлөөлсөн нөхцөл байдал байгааг шүүх анхааран үзээгүй байна.

Анхан шатны шүүхээс гэрч Я.Пүрэвжавын мэдүүлгээр тендерт нөлөөлсөн гэж дүгнэн шийдвэрлэсэн байх ба Я.Пүрэвжав нь мэдүүлэг өгөхдөө Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайд М.С нар надад анхаарч үзээд дэмжээрэй гэсэн байдаг. Д.Дэлгэрцогт, М.С нар гэсэн байтал ганц М.С үүрэг өгсөн мэтээр дүгнэн шийдвэрлэсэн байна.

1.3. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг
авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй байна. Үүнд:

Хотгор зам ХХК-ийн ерөнхий захирал гэх А.Хайрат нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө, М.Сээс худалдан авсан ковшийн төлбөрт 200,000,000 төгрөг шилжүүлсэн, харин 66,000.000 төгрөгийг ах Муратын гуйлтаар шилжүүлсэн гэж анхнаасаа мэдүүлдэг.

Харин анхан шатны шүүхээс А.Хайратын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгээр гэм буруутай гэж үзсэн нотлох баримтаар ач холбогдолтой гэж үзэж хариуцлага хулээлгэсэн байна. А.Хайратаас хууль сануулан гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад зөвхөн гэм буруутай гэж үзсэн баримтыг авсан боловч бусад баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүйд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх гэрч Х.Буджавын мэдүүлгээр ковшны мөнгө гэдэг нь няцаагдаж байна гэж дүгнэсэн байна. Гэтэл гэрч Х.Буджав нь техникийн мөнгийг 899 сая төгрөг гэж бичсэн гэж мэдүүлдэг.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан.

Анхан шатны шүүх хуралдааны үед тог тасарсан цахилгааны саатлын улмаас дуу-дүрсний бичлэг хийх боломжгүй явагдсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоол нь дуу-дүрсний бичлэгтэй зөрүүтэй буюу шүүх хуралдаан дээр шүүгчийн гэм буруутайд тооцсон шийдвэртэй илтэд зөрүүтэй байна.                                                        

Анхан шатны шүүхийн шүүгч “гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхэлж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны гүйлгээ хийсэн өдөр гэмт хэрэг төгссөн байна гэж шүүх үзэв” гэж шийтгэх тогтоолд дурьдан гэмт буруутайд тооцон хариуцлага хүлээлгэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэж тооцсон мөртлөө шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн хугацааг хүлээлгэсэн хариуцлагад тааруулан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 дугаартай шийдвэрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хулээлгэсэн хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулан баталгаажуулсан болно. ...” гэв. 

 

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...М.Сийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 тоот шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Дарханы дулааны цахилгаан станцын үнсэн сан барих тендерт Хотгор зам ХХК-ийг ялуулах зорилгоор үнэлгээний хорооны даргаар тухайн үеийн ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Дэлгэрцогтод үүрэг өгч Пүрэвжавыг томилуулж, ирц бүрдээгүй тендерийн хороог хуралдуулж Хотгор зам ХХК-ийг тендерт сонгон шалгаруулж, улмаар “Залуу Монгол” ХХК болон “Хотгор зам” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01/05 тоот Түншлэлийн гэрээ байгуулах замаар гэрээгээр халхавчлан 266.000.000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 24.4.4 дэх хэсэгт зааснаар яллаж, 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан хамтран оролцсон нөхцөл байдлыг тогтоох талаар мөрдөн байцаах шатанд болон прокурорын хяналтын шатанд ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй буюу Хотгор зам ХХК-ийн захирал Хайратын эрх ашигт нийцүүлэн тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйлдэлд үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ерболат нарын оролцоог хангалттай тогтоож, нотолж чадаагүй. Хайрат, С.Даян-Очир нар үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан ямар хэлбэрээр оролцсон эсэхийг тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хахууль өгөх, авах гэмт хэргийн шалтгаан нь тендерт сонгон шалгаруулах үйл явдалтай шууд шалтгаант холбоотой, тиймээс Пүрэвжавын үйлдэл, холбогдлыг заавал шалгаж тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн боловч хүлээж аваагүй нь гэмт хэргийн хамтран оролцсон байдлыг тогтоогоогүй, хэргийг тал бүрээс нь хангалттай үнэлээгүй, хэргийг хэн, хэзээ үйлдсэн талаарх үйл баримтыг нотолж чадаагүй гэж дүгнэхээр байна. Шийтгэх тогтоолын 30 дугаар талын 3 дугаар мөрт, Түншлэлийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэж тодорхойлсон. Гэтэл шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нараас гэмт хэрэг анх үйлдэгдсэн хугацааг тодорхой болгохыг хүсэхэд шүүгчээс гэмт хэрэгт үйлдэгдсэн хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу Түншлэлийн гэрээ байгуулсан өдөр гэж шүүхээс үзлээ гэж шүүгч тайлбарласан, энэ тэмдэглэл нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт авагдсан байхад хуралдааны явцад гаргасан тайлбараа тодорхой дүгнээгүй, огт өөр байдлаар дүгнэлт гаргасан байна. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс хахууль авсан гэх гэмт хэрэг анх үйлдэгдсэн буюу гэмт хэрэг төгссөн байж болох хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу Хотгор зам ХХК, Залуу Монгол ХХК-иудын хооронд байгуулсан Түншлэлийн гэрээ байгуулсан өдөр гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "хөөн хэлэлцэх" хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг үнэлэхийг хүссэн боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь "гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн" хугацаагаар тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 24.4.4 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг биш бөгөөд албан тушаалтны эс үйлдэхүйгээр үйлдэгддэг гэмт үйлдэл тул анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа гэж тогтоосон 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу Түншлэлийн гэрээ байгуулагдсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зүйтэй байна. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хор уршиг" гэсэн гэмт хэргийн улмаас үүсэх үр дагавартай хольж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэж байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтаар үгүйсгэсэн хэдий ч шүүхийн  зүгээс тогтоосон гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаатай агуулгын хувьд илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаагаар тооцно” гэсэн хуулийг зөрчсөнөөс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордохын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны болон 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим алдагдаж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч хорих ял халдааж буй үйлдлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгч М.С нь санхүүгийн эх үүсвэртэй, төлбөрийн чадвартай тул торгуулийн ял оноох нь шударга ёсны зарчмыг зөрчих мэтээр тайлбарлаж Эрүүгийн хуулийн суурь зарчмыг илтэд гажуудуулахын зэрэгцээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Хүнийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах байдлаар улсын яллагч, шүүх бүрэлдэхүүн хэт яллах байр сууринаас, дотоод итгэл үнэмшилээр бус хувийн сэтгэл зүйд автах байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийн зорилго, 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг зөрчсөн.

Хавтас хэрэгт “Залуу Монгол” ХХК болон “Хотгор зам” ХХК-ийн хооронд Иргэний хуульд нийцүүлэн хийгдсэн ковш худалдсан, худалдан авсан үйл баримт хангалттай байхад цагаатгах нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр 200.000.000 / хоёр зуун сая/ төгрөгийн хахууль авсан гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт “Хотгор зам” ХХК болон “Залуу Монгол” ХХК-иудын хооронд ковш худалдсан, худалдаж авсан үйл баримтыг нотлож тогтоосон хангалттай нотлох баримт авагдсан атал анхан шатны шүүх Иргэний хуулийн хүрээнд хийгдсэн эд хөрөнгө хариу төлбөртэйгээр худалдсан хуульд нийцсэн үйлдлийн төлбөрийг хахуулиар олсон орлого мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ ковшийг худалдсан, худалдан авсан үйл баримтыг үнэлээгүй бол яагаад үнэлээгүй тухайгаа шийтгэх тогтоолд үндэслэлтэйгээр тайлбарлаагүй байна. Хахуулиар олсон орлогыг ковшний үнийг оролцуулан тооцсон бол ковшний өөрийн үнийг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүйгээс хахуулиар олсон орлогын хэмжээг хэт ерөнхийлөн анхан шатны шүүхээс тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна.

“Хотгор зам” ХХК-ийн “Залуу Монгол” ХХК-иас авсан ковшний тухайн үеийн болон   өнөөгийн зах зээлийн үнэлгээг гаргаж, хахуулиар олсон гэх орлогын тооцоололыг бодиттой тогтоох нь давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь бодитой, үндэслэл бүхий шийдвэрлэхэд ач холбогдолтой төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдсоны дараа хэргийг шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж ковшний үнэлгээг хахуулиар олсон гэх орлогоос хасаж тооцох эсэхэд эрх зүйн дүгнэлтийг гаргуулах, дүгнэлт гаргахад ач холбогдолтой ковшний зах зээлийн үнэлгээг шинжээч томилж зайлшгүй тогтоолгох нь зөв байх ба үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Мөн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, М.Сд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой болохыг дурьдаж байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв. 

 

Өмгөөлөгч Д.Оросоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 тоот шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шийдвэртээ "...Шүүгдэгч М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар тушаалаар байгуулагдсан "'Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/" (ХХҮ1.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах ажлын хэсгийн даргад "Тендерт оролцож буй компаниудаас "Хотгор зам" ХХК-ийг шалгаруул" гэсэн хууль бус үүргийг амаар өгч, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, "Хотгор зам" ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд хоёр жилийн хугацаатай 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01/05 дугаартай Түншлэлийн гэрээг байгуулж, “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас өөрийн хүү С.Даян-Очирын эзэмшлийн Хаан банкны 5085031818 дугаартай дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөгийг, Голомт банкны 2105103199 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2.000.000 төгрөгийг, өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5043023012 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдаар дамжуулан нийт 266.000.000  төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь ... тогтоогдож байна гэж шүүх дүгнэв..." гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн тул үндэслэлгүй юм.

1.1. Яллагдагч А.Хайратын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн “...миний хувьд өмнөх мэдүүлгүүд дээр болсон зүйлийн талаар дутуу мэдүүлсэн зүйл байгаа, ... манай  Хотгор зам ХХК нь Сономпилийн хүү Даян-Очирын "Залуу Монгол" ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний тендерт ялуулсны төлөө 266.000.000 төгрөгийг “Залуу Монгол” ХХК-руу болон С.Даян-Очирын данс руу шилжүүлсэн нь үнэн /14-р хх 13-14/ гэсэн мэдүүлгийг прокурор яллах үндэслэл болгож, шүүх нотлох баримтаар тооцож М.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна.

Гэтэл А.Хайрат нь уг мэдүүлгийг өгсөн өдрөөс хойш 36 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тухайн мэдүүлгээсээ буцсан байдаг. Яллагдагч А.Хайрат нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлах үүднээс, мөн хүнд өвчтэй улмаас Монгол Улсаас гаргах зорилгоор худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Энэ байдлыг нотлох баримт, үүнийгээ хүлээн хүлээн зөвшөөрч нотлох баримтаар ирүүлсэн.

Иргэн А.Хайрат нь Монгол Улсад байхгүй, Монгол Улсаас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Буянт-Ухаагаар гарч, одоо Турк улсад байна. Яллагдагч А.Хайрат нь Турк Улсын Истанбул дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь дээр өөрийн биеэр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр очиж, Хан-Уул дүүргийн шүүхэд өөрийн гараараа тодорхойлолт бичиж ирүүлсэн байна. Уг тодорхойлолтыг иргэн А.Хайрат нь Турк дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ерөнхий Консулын газраар дамжуулж явуулсан бөгөөд Турк дэх Монгол Улсын Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Ерөнхий консулын газрын албан ёсны тэмдэг дарж хуулийн дагуу баталгаажуулсан болно.

Яллагдагч А.Хайрат нь Хан-Уул дүүргийн шүүхэд гаргаж ирүүлсэн тодорхойлолтдоо, “...А.Хайрат миний бие “Хотгор Зам" ХХК-ийн захирлын албан  тушаал хашиж байх үедээ тухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сд авилга өгсөн гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж Авлигатай тэмцэх газарт шалгагдсан. Энэ хугацаанд миний бие нь М.С болон өөрийн төрсөн ах А.Мурат нарын хоорондын тооцооны талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан. “Хотгор зам" ХХК нь миний төрсөн ах А.Мурат, эгч А.Лошин нарын анхны хөрөнгө оруулалтыг нь хийж үүсгэн байгуулсан компани бөгөөд миний бие төрсөн дүүгийн хувьд уг компанийн захирлаар ажиллах үедээ гарсан ашигаас анхны хөрөнгө оруулалтыг төлөх үүргээ биелүүлж ирсэн. Ах Мурат, М.С нар нэгэн үеийн Ардчилсан намын зүтгэлтэнүүд, УИХ-ын гишүүд байсан бөгөөд хоорондоо маш их нөхөрсөг дотно харилцаатай, хааяа мөрийтэй тоглож, хоорондоо үргэлж өгөө аваатай тооцоотой явдаг нөхдүүд гэдгийг гэр бүлийнхэн биднээс гадна гэрчлэх олон хүмүүс бий. Дээрх хэрэгт холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгагдах явцдаа миний бие болон ах Мурат нар энэ талаар удаа дараа гэрчлэн мэдүүлэг өгч ирсэн. Хэрэгт шалгагдаж байх явцад миний эрүүл мэнд эрс муудаж, 2018 оны 10 дугаар сарын 8-нд БНСУ-ын МҮОNHJI эмнэлэгт шинжилгээ өгөхөд нойр булчирхай хавдар, сахарын тун хордлого, уураг алдалт, элгэний өөрчлөлттэй зэрэг онош гарсан. Миний бие эмнэлгийн байнгын хяналтад орсон, өдөр тутам эмчилгээ хийлгэх, сэтгэл санааны хувьд аль болох тайван болох шаардлагатай, ингэхгүй тохиолдолд амь насанд минь аюул учирхуйц болсон тул яаралтай гадагшаа гарах шаардлага тулгарсан. Дээрх аргагүй шаалтгааны улмаас миний бие урьд өгсөн мэдүүлгээс буцаж 2018 оны 11 дүгээр сарын 7-нд М.С гуайд авилга өгсөн гэх худал мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын байцаагчид өгсөн юм. Миний бие өөрийн эрүүл мэндээ хамгаалах үүднээс хэн нэгний шахалтгүйгээр дээрх худал, өмнөх мэдүүлгээсэээ буцсан мэдүүлэг өгсөндөө Сономпил гуайгаас уучилт хүсэж байна. Мөн миний худал мэдүүлгийн улмаас хохирч болзошгүй байгаа Сономпил гуайн надтай хамааралтай асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг шүүгч та бүхнээс хүсэж байна. Жич: Миний эрүүл мэндийн байдалтай холбоотой бүх баримт бичгийг хавсаргав. Тодорхойлолт гаргасан А.Хайрат, Турк улс, Истанбул хот, 2018.12.13" гэж өөрийн гараар бичиж, гадаад паспортын хуулбарыг хавсаргасан.

1.2. Прокурорын яллах үндэслэл, шүүхийн нотлох баримт болгосон яллагдагч А.Хайратын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бэхжүүлж аваагүй хууль бус нотлох баримт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 1-д "Мэдүүлгийг 4 цагийн хугацаагаар тасралтгүй авч болох ба түүнээс илүү хугацаагаар авах бол 1 цагийн завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 8 цагаас илүүгүй байна.", 25.1 дүгээр зүйлийн 12-д "Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно." гэж заасан.

Уг мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар яллагдагч А.Хайратаас 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17 цаг 18 минутад авч эхэлсэн боловч хэдэн цаг үргэлжилсэн, дууссан цаг нь байхгүй байгаа нь мэдүүлэг авах ажиллагаа 4 цагаас дээш хугацаагаар үргэлжилсэн, завсарлага аваагүй, шөнийн цагаар үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хуульд заасан журмыг зөрчсөн буюу мэдүүлэг авч дууссан цаг хугацаагүй уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д "Нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.” гэж заасан.

1.3. Яллагдагч А.Хайрат нь Авлигатай тэмцэх газарт авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан бөгөөд А.Хайрат нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзвэл уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т зааснаар дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д "Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:

8.2.хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг;

8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;

8.4.өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг;

1.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Хүний халдашгүй байх эрхийг хангах, 1.9 дүгээр зүйлд “Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх” эрхийг хуульчлан баталгаажуулсан.

Уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д "Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.", 1.9 дүгээр зүйлийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.", 2-д "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаад хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно." гэж заасан.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагч А.Хайратын эрүүл мэнд, сэтгэл санааны байдал эрс муудаж, мөрдөн байцаалтын ажиллагаа нь А.Хайратын эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд нөлөөлж, халдашгүй байх эрх чөлөөг нь хязгаарлаж, хүнлэг бус байдал үүссэн, шахалт, дарамтад орсон байхыг үгүйсгэхгүй юм. Мөрдөн байцаалтын явцад

А.Хайратаас мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газар нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Хайратаас хэргийг нь хэрэгсэхгүй болгох амлалт өгч, гадаадад гарах боломж бүрдүүлж, хуурч мэхлэх замаар хуулийн заалтыг зөрчиж мэдүүлэг авсан байж болзошгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д заасныг зөрчиж нотлох баримт цуглуулсан эсэх нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж тогтоолгох хүсэлтэй байна. Энэ асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй асуудал байж болзошгүй талаар анхан шатны шүүх дээр хэлсэн боловч шүүх энэ асуудлыг шалгаж шийдвэрлээгүй орхигдуулсан. Иймд бид уг асуудлаар гомдол, хүсэлтээ гаргаж шалгуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11, 16.12-д заасан журмаар хууль зөрчиж авсан нь тогтоогдох юм бол яллагдагч А.Хайратын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх, нотлох баримтаас хасуулах үндэслэлтэй юм.

1.5. Яллагдагч А.Хайрат нь эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ буцсан, худал мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нь тодорхой болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1. 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал энэ удаагийн шүүх хуралдаанаар нотлогдох боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлага үүсч байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч яллагдагч А.Хайратыг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан гэж үзсэн, прокурорын зүгээс А.Хайрат нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Буянт-Ухаагаар гарсан, хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж хэргийг тусгаарласан. Яллагдагч А.Хайратын зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн нь тодорхой байхад хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй байхад шүүх үүнд дүгнэлт хийж шалгаж шийдвэрлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:

1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;

1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;

1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.", 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурорр хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж заасан. Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, гэтэл эргэлзээтэй шинэ нөхцөл байдал бий боллоо. Энэ эргэлзээтэй нөхцөл байдлыг зайлшгүй нягталж шалгах, тогтоох шаардлага үүссэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-д ''Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй." гэж заасан. Яллагдагч А.Хайратын "...Миний хувьд өмнөх мэдүүлгүүд дээр болсон зүйлийн талаар дутуу мэдүүлсэн зүйл байгаа, ... манай “Хотгор зам” ХХК нь Сономпилийн хүү Даян-Очирын "Залуу Монгол" ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний тендерт ялуулсны төлөө 266.000.000 төгрөгийг “Залуу Монгол” ХХК-руу болон С.Даян-Очирын данс руу шилжүүлсэн нь үнэн...” /14-р хх 13-14/ гэсэн прокурорын яллах үндэслэл болсон мэдүүлэг нь яллагдагч А.Хайратын Хан-Уул дүүргийн шүүхэд Турк улсаас ирүүлсэн тодорхойлолтдоо "...Хэрэгт шалгагдаж байх явцад миний эрүүл мэнд эрс муудаж 2018 оны 10 дугаар сарын 8-нд БНСУ-ын МҮОNHJI эмнэлэгт шинжилгээ өгөхөд нойр булчирхай хавдар, сахарын тун хордлого, уураг алдалт, элгэний өөрчлөлттэй зэрэг онош гарсан. Миний бие эмнэлгийн байнгын хяналтад орсон, өдөр тутам эмчилгээ хийлгэх, сэтгэл санааны хувьд аль болох тайван болох шаардлагатай, ингэхгүй тохиолдолд амь насанд минь аюул учирхуйц болсон тул яаралтай гадагшаа гарах шаардлага тулгарсан. Дээрх аргагүй шалтгааны улмаас миний бие урьд өгсөн мэдүүлгээс буцаж, 2018 оны 11 дүгээр сарын 7-нд М.С гуайд авилга өгсөн гэх худал мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын байцаагчид өгсөн юм..." гэсэн нотлох баримтаар үгүйсгэгдэж, эргэлзээтэй болж, нотлох баримтын ач холбогдлоо алдаж байна. Яллагдагч А.Хайратын мөрдөн байцаалтын шатанд хамгийн сүүлд өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.

Яллагдагч А.Хайрат нь 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, 2 дугаар сарын 8-ны өдөр, 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 8 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчийн мэдүүлэг, нийт 5 удаагийн мэдүүлэгтээ “...Энэ 60 сая төгрөг нь Мурат ах залгаад тоглож байгаад мөнгө алдчихлаа, чи 60 сая төгрөг өгч байгаач” гэсэн. Ах өөрөө дансаа өгөөд шилжүүлсэн байх, ... тариалангийн зам дээр манайд 3 ковш байсан юм. Ковш хэрэгтэй болоод асууж байсан чинь манай ах Мурат надад нэг шинэ ковш байна. 200 сая төгрөгөөр авах уу гэсэн. Түрээслэснээс ашигтай юм байна гэж үзээд авсан. Би ковшийн мөнгө 200 сая төгрөгийг шилжүүл гэсэн. ... Би Сономпилээс 200 сая төгрөгийн ковшийг ахаараа дамжуулж худалдан авсан. Мурат ах надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 60 сая, 6 сая төгрөг ч гэсэн мөн адил ах хүнд өгчих гэсэн болохоор нь өгсөн юм. ...” гэж удаа дараа мэдүүлж байсан.

1.6. Яллагдагч А.Хайратаас мөрдөн байцаалтад өөрийнхөө эсрэг сүүлд өгсөн, иргэн М.Сийг гэмт хэрэгт гүтгэсэн мэдүүлэг болон яллагдагч А.Хайратаас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, худал мэдүүлэг өгсөн асуудал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д заасан "Нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж мэдүүлэг авсан эсэх асуудлаар яллагдагч А.Хайратаас дахин мэдүүлэг авах, нотлох баримтын зөрүүг гаргах, яллагдагч А.Хайрат, М.С хоёрыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мөн гол гэрч А.Муратаас мэдүүлэг авах, иргэн А.Хайрат нь Турк улсад эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шаардлагатай бол гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүх дээрх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтыг бүрэн гүйцэд, зөв үнэлж дүгнэхгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Анхан шатны шүүх шийдвэртээ "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд
заасан үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцохоор, 3 дахь хэсэгт гэмт
үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэж дууссан үеийг гэмт хэрэг
үйлдсэн хугацаанд хамааруулахаар тус тус заажээ. "Залуу Монгол" ХХК болон "Хотгор
зам" ХХК-ийн хооронд Түншлэлийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
байгуулсан, улмаар "Хотгор зам" ХХК-ийн ерөнхий захирал А.Хайтараас С.Даян-Очирын
эзэмшлийн Хаан банкны 5085031818 дугаартай дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны
өдөр, Голомт банкны 2105103199 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр,
М.Сийн үүсгэн байгуулсан "Залуу Монгол" ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны
5043023012 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус тус гүйлгээ хийсэн
байх тул уг гэмт хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхэлж, 2015 оны 7 дугаар
сарын 10-ны гүйлгээ хийсэн өдөр гэмт хэрэг төгссөн байна гэж шүүх үзэв. Иймээс шүүх
бүрэлдэхүүн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил өнгөрөөгүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ..." гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зааж, 1.10 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй", 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно." гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт М.Сийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01/05 дугаартай Түншлэлийн гэрээг байгуулж, тус гэрээний үндсэн дээр гэрээгээр халхавчилж бусдаас 266.000.000 сая төгрөгийн хахууль авсан гэж ял оногдуулсан. Гэтэл дээрх хуулийн заалтаар хэрэв гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу уг гэрээг байгуулсан үеэс эхлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Шүүх уг гэрээг байгуулсны үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байж шийдвэртээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

3. Мөн шүүх шийдвэртээ "... Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, өмгөөлөгч нараас
М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан
гэмт хэргийг үйлдээгүй, Түншлэлийн гэрээг "Залуу Монгол" ХХК, С.Даян-Очир Хаан
банкнаас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2 тэрбум төгрөгийн зээл авахдаа зориулж
байгуулсан, "Залуу Монгол" ХХК-ийн Хаан банкны дансаар орж ирсэн 200 сая төгрөгийг М.С БНХАУ-аас 2012 онд Монгол Улсын хилээр оруулж ирээд 2013 онд
А.Хайратад зарсан ковшний үнэ, С.Даян-Очирын Хаан болон Голомт банкны дансаар
шилжүүлж авсан 66 сая төгрөгийг А.Муратаас М.Сд өгөх байсан өглөг байсныгаа дансаар шилжүүлж авсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн
санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь, хоёр жилийн хугацаатай
2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, 800 сая төгрөгийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хаан банкнаас авсан зээлийн баримтанд гаргаж өгч байгаа нь цаг хугацааны хувьд, мөн М.С нь өргөгч машин /ковш/-ыг БНХАУ-аас худалдан авч Монгол Улсын хилээр оруулж ирээд 2013 онд А.Хайратад зарж, төлбөрийг 2015 онд шилжүүлсэн гэдэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн А.Хайрат, М.С нарын мэдүүлгээр өргөгч машин /ковш/-ын үнийн дүн зөрүүтэй, М.С нь А.Муратаас авах ёстой байсан авлага байсныгаа шилжүүлж авсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүйгээр нотлож чадаагүйн дээр гэрч Х.Буджавын "...Би ковшийг бүртгэхийн тулд хэн нэгнээс асуусан байж таараа, энэ тоог агаараас авчираад тавиагүй, надад энэ ковш 70 сая төгрөг гэж анхан шатны баримт өгсөн хүн байхгүй. Энэ үнийг надад Хайрат, Хайратын эхнэр Гулназ, Мурат нарын нэг нь хэлсэн. Өөр надад хэлээд байх эрх бүхий хүн байхгүй. Сүүлд 137 сая төгрөгийг ковшийн үнэ гээд Муратын эхнэр рүү шилжүүлсэн болохоор 70 сая төгрөгийн өглөгөө хаагаад Муратад манай бүртгэл дээр өөр өглөг байхгүй байсан тул 67 сая төгрөгийг авлага гээд бүртгэсэн байгаа. Тэгсэн одоо надад Хайрат хэлэхдээ 70 сая төгрөгийг яагаад 2013 онд Муратаас авсан ковшны үнэ гэж хааж байгаа юм бэ, энэ чинь буруу байна, би “Хотгор зам” ХХК-ийг ах дүү нараасаа хөрөнгө авч байгуулсан, би 2010 онд ах дүү нараасаа ковш аваад төлбөрийг нь 2013 онд шилжүүлсэн, гэтэл чи буруу хаачихсан байна гэж хэлээд байгаа, би үүнийг мэдэхгүй..." гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна." гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал болон нотлох баримтыг бүрэн гүйцэт, зөв үнэлээгүй гэж үзэж байна. 10 дахь хавтас хэрэгт авагдсан "Залуу Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даян-Очирын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх 137-138/, гэрч Д.Мөнхцацралтын мэдүүлэг /хх 140-141/ зэргээр Хаан банкнаас зээл авах зорилгоор Түншлэлийн хуурамч гэрээ хийсэн болох нь нотлогдоно, мөн гэрч А.Хайратын мэдүүлэг /хх 163/ зээл авах зорилгоор ийм гэрээ хийсэн нь нотлогдож байгаа болно.

Мөн 13 дахь хавтас хэргийн 104-105 дугаар хуудаст авагдсан, Хаан банкны зээлийн мэргэжилтэн, гэрч Ч.Ганзоригийн мэдүүлгээр уг түншлэлийн гэрээг үндэслэн зээл олгосон нь тодорхой байдаг. Хавтас хэрэгт авагдсан Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ, тодорхойлолт зэргээр зээл авсан гэдэг нь тодорхой байгаа бөгөөд үнэн хэрэгтээ Түншлэлийн гэрээгээр халхавчлан авилга аваагүй, харин Хаан банкнаас зээл авсан нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Иймд Түншлэлийн гэрээ хийсэн зорилго, үр дагавар нь тодорхой байхад уг Түншлэлийн гэрээг яллагдагчийн эсрэг ашиглах хууль зүйн үндэслэл болохгүй.

Авилга авсан гэж буруутгагдаж буй 200.000.000 төгрөг нь ковш авто ачигчийн төлбөр бөгөөд нотлох баримтаар М.Сээс А.Муратаар дамжуулан "Хотгор зам" ХХК ковш авсан нь нотлогдож байгаа болно. Уг ковшны төлбөрийг "Хотгор зам" ХХК нь төлсөн болно. Гэтэл ковшны төлбөрийг авилга мэтээр үндэслэлгүй яллаж шийдвэрлэж байна. Харин үлдсэн 66.000.000 төгрөг нь хоорондын тооцоо гэдэг нь нотлогдож байгаа болно.

Яллагдагч М.С нь өөрийн "Милпорт" ХХК дээр "Жиншинь Жиншинь" компаниас С9010801 арлын дугаартай авто ачигчийг худалдан авсан нь 11 дэх хавтас хэргийн 28 дахь талд авагдсан тодорхойлолт, 29-30 дахь талд байгаа хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, "Жиншинь Жиншинь" болон "Милпорт" ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээ /11-р хх 33/ тодорхойлолт /11-р хх 34/, гэрч О.Сод-Эрдэнийн мэдүүлэг /11-р хх 48/ зэргээр хангалттай нотлогдож байгаа болно.  

Мөн мөрдөн байцаалтын явцад 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн "Хотгор зам" ХХК-ийн эзэмшлийн авто тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр /11-р хх 51-52/ М.Сээс худалдаж авсан С90Ю801 арлын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, шар өнгийн ачигч нь "Хотгор зам" ХХК-ийн эзэмшилд байгаа нь тогтоогдсон. "Хотгор зам" ХХК-иас 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр А.Муратын эхнэр С.Кулзадад 137 сая төгрөгийг ковшны үнэ гэж шилжүүлсэн байдаг. Харин С.Кулзада уг мөнгөнөөс 94 сая төгрөгийг "Залуу Монгол" ХХК-д ковшны үнэ гэсэн зориулалтаар биш, машины үнэ гэж өөр зориулалтаар шилжүүлсэн байдаг. Хэрвээ С.Кулзада нь ковшны төлбөр шилжүүлэх байсан бол ковшны төлбөр гэсэн зориулалтаар шилжүүлэх байсан, гэтэл төлбөр нь явцдаа зориулалт нь өөрчлөгдсөн байгааг шалгаж тогтоогоогүй. Энэ талаар С.Кулзада бодон М.С нараас тайлбар, мэдүүлэг аваагүй болно. Ковшны үнэ гэхэд 70 сая, 137 сая, 200 сая төгрөг гэх зэргээр илт зөрүүтэй байхад зөрүүг арилгаагүй, дутуу шалгасан гэж үзэж байна. Ковшны төлбөрт шилжүүлсэн 200 сая төгрөгийг авилга мэтээр харагдуулах гэж мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж дутуу явуулсан байхад энэ бүх нөхцөл байдлыг анхан шатны шүүх эргэлзээгүй болгосны дараа нотлох баримтаар тооцож шийдвэр гаргах ёстой байсан.

Иймд хэргийн бодит байдал нь шүүхийн тогтоолд заасан үндэслэлд нийцээгүй,
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг
ноцтой зөрчсөн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 тоот шийтгэх тогтоолын гомдол гаргасан хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье. ...” гэв. 

 

Шүүгдэгч М.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шийтгэх тогтоол Хотгор зам ХХК-д давуу байдал олгож, гэрээгээр халхавчилан Хайрат гэх хүнээс 266.000.000 төгрөгийг хахуульд авсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаад гомдолтой байна. Үүнд:

1. Миний бие нь төрийн алба хашиж эхлэсэн үеэс Залуу Монгол ХХК-ийн дотоод ажилд оролцохоо больсон бөгөөд компаний өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг бол бүүрч мэдэхгүй гэдгээ шүүхэд тодорхой тайлбарласан. Харин Хотгор зам ХХК-ийн захирал Хайратын ах Мураттай найз нөхөдийн харилцаатай бөгөөд 2013 онд ковш харилцан тохирч түүний дүүгийн компанид зээлээр өгсөн. Ковшний мөнгө удаасан тул Муратаас шаардахад Хотгор зам ХХК-иас манай хүүгийн Залуу Монгол ХХК-ийн дансанд ковшний мөнгийг шилжүүлсэн. Шүүхээс ковшний тухайн үеийн болон өнөөгийн зах зээлийн үнэлгээг огт хийгээгүй төдийгүй хохирол эсвэл хууль бусаар олсон орлогын үнийн дүнд оруулж эсвэл хасаж тооцох талаар үндэслэлтэй дүгнэлт огт хийж чадсангүй. Мөрдөн байцаалтын шатанд өнөөдрийн хахуулиар авсан гэх 266.000.000 төгрөгийн өглөг, авлага, шалтгааныг маш сайн мэдэх Муратыг хэрэгт гэрчээр оролцуулах талаар өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хуульд зааснаар бүрэн шийдвэрлэж, Муратыг Монгол Улсын хэмжээнд болон олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах арга хэмжээг аваагүй нь бас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. М.С миний бие нь төр нийгмийн зүтгэлтний хувьд шүүхийн аливаа шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа боловч анхан шатны шүүхээс нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлоогүй, хэрэгт хамааралтай бүх этгээдүүдийг бүрэн шалгаж тогтоогоогүй, хэт яллах байр сууринаас хандсанд сэтгэл дундуур байна.

Хоёр компаний хоорондох тооцоог үндэслэн хахууль авсан гэж дүгнэсэн хэт өрөөсгөл бөгөөд хавтас хэрэгт ковш Хотгор зам ХХК-нд хэвийн ашиглагдаж, хадгалагдаж байгааг нотолсон олон баримт байхад дээрх баримтуудыг шүүхээс цагаатгах талын баримтаар огт үнэлээгүй байна. Миний бие нь Монгол Улсын эрх ашиг, сонирхолын эсрэг ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй бөгөөд цаашид ч энэ байр сууриндаа баттай зогсох болно. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт найдаж байна. М.С миний хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/” (ХХYI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавыг томилуулж, улмаар түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн ерөнхий захирал А.Хайратын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Энхцэлмэг, Б.Баттөмөр, Г.Туяахүү, Б.Өрнөхбаяр, Р.Дорж нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014.05.16-ны өдрийн ЭХА-31/14/ гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас:

- өөрийн хүү Сономпилийн Даян-Очирын эзэмшлийн Хаан банкин дахь 5085031818 дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөг,

- мөн С.Даян-Очирын эзэмшлийн Голомт банкин дахь 2105103199 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, мөн өдрөө 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,

- мөн өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5043023012 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг, нийт 266.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Е.Ерболатын: “...Тухайн үед гишүүдэд ярьж хуралтай гэж мэдэгдэхэд “ажилтай байна” гээд ирж оролцоогүй байх гэж бодож байна. Яг хэн хэн нь тэгснийг санахгүй байна. ... Шалгаруулах 6 дугаар хурал ирц хүрээгүйгээс болоод болоогүй байж, би одоо хурал болсон үгүйг сайн санахгүй байна. 4 хүн ирээгүй бол ирц хүрэхгүй тул хурал болоогүй л гэсэн үг. Пүрэвжав дарга надад “чи үнэлгээний тайлан, хурлын протоколуудыг бэлдээд хуралд ирээгүй гишүүдээр нөхөж гарын үсэг зуруул” гэж хэлж байсныг санаж байна. Түүний дагуу 6 дугаар хурлын тэмдэглэлийг би Дорж, Туяахүү нараар нөхөж гарын үсэг зуруулсан. Дорж гуай “Таван толгой”-н цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж дээр байхад нь очиж гарын үсэг зуруулсан. Туяахүү өөрөө дараа нь манай Хөгжлийн төв дээр ирж гарын үсэг зурсан. Өмнө нь Эрчим хүчний яаман дээр очиж хурлын тэмдэглэлд нөхөж Энхцэлмэг, Баттөмөр хоёрын нэгээр нь гарын үсэг зуруулсан, эсхүл хоёулангаар нь нөхөж зуруулсан уу гэдгээ санахгүй байна. ...” /10-р хх-48/,

гэрч П.Энхцэлмэгийн: “... Би Пүрэвжав даргын өрөөнд хуралд суугаагүй. Би тендерийн баримт бичиг боловсруулах хуралд суугаагүй, суусан бол санана. Би Туяахүүтэй хамт нэг хуралд суугаагүй. Дорж гэдэг хүнийг санахгүй байна. Хурлын ирц бүрдэхгүй болоод Туяахүүг хуралд сууснаар тооцоод ирц бүрдүүлж байсан. ... Ерболат “тендерт “Хотгор зам” ХХК шалгарсан” гээд ирж надаар гарын үсэг зуруулсан. ... Пүрэвжав даргыг Сономпил сайдын компанид ажиллаж байсан гэж сонсож байсан. ... “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ёстой мэдэхгүй. ...” /10-р хх-68-69/,

 

гэрч Б.Баттөмөрийн: “... Би Үнэлгээний хороонд ажилласан. Нэг хуралд Энхцэлмэг эгчийн хамт суусан. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэнийг санахгүй байна. “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулах хуралд би суугаагүй. Сүүлд Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ерболат надтай уулзаад “энэ компани шалгарсан, гарын үсэг зуруулах гэсэн юм” гэхээр нь “яаж шалгарсан юм” гэхэд “... бусдаасаа бага үнэтэй байсан тул үнээр нь шалгаруулсан” гээд тендерт оролцогч нарын гаргасан үнийн жагсаалтыг үзүүлсэн. Тэрүүгээр “Хотгор зам” ХХК бага үнэтэй байсан. Тэгээд ... энэ талаар тодруулахгүйгээр гарын үсэг зураад явуулсан. ... Би Пүрэвжав даргын өрөөнд орж байгаагүй. ... Пүрэвжав дарга Сономпил сайдыг сайд болсны дараа дагаж ирж Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга болж байсныг мэдэж байна. Ямар холбоотойг мэдэхгүй. ... “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ёстой мэдэхгүй. ...” /10-р хх-70-71/,

 

гэрч Г.Туяахүүгийн: “... 3 дахь хурал нь тендерийг үнэлэх хурал байсан. Тэр хуралд дарга Пүрэвжав, нарийн бичгийн дарга нар оролцсон хурал байсан. Би хуралд ороод “Хотгор зам” ХХК-ийг дэмжсэн. Учир нь, компнанийн техникийн үзүүлэлт, ажил хийж гүйцэтгэх хугацааг нь хараад дэмжээд гарын үсгээ зураад гарсан. ... Пүрэвжав даргын өрөөнд хийсэн хуралд суусан эсэхээ санахгүй байна. “Хотгор зам” ХХК-ийг сонсоо ч үгүй компани байсан. ...“Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ёстой мэдэхгүй, сонсоогүй юм байна. ...” /10-р хх-72-73/,

 

гэрч Б.Өрнөхбаярын: “...Би Пүрэвжавын даргын өрөөнд хуралд сууж байгаагүй. ... Дээрх хүмүүстэй хамт тендерийн баримт бичиг боловсруулах хуралд сууснаа санахгүй байна. Би ерөөсөө баримтыг авч байгаагүй. “Хотгор зам” ХХК шалгарсан гэж сонсож байсан. “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулсан хуралд сууснаа санахгүй байна. Тухайн үед материалтай нь танилцаж байсныгаа санаад байна. ... Сономпил, Пүрэвжав хоёрыг найзууд гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. ...“Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ...хараад гайхаж байна. Арай хэтэрхий байна, арай дэндүү байна. ...” /10-р хх-77-78/,

 

гэрч Р.Доржийн: “...Би зөвхөн тендер нээх хуралд суусан. Би тендерийн баримт бичиг боловсруулах хуралд суугаагүй тул ямар ямар шаардлага тавьсан талаар мэдэхгүй. Миний хувьд нэг удаагийн хуралд материал нээхэд нь оролцоод явсан. Өөрөө хуралд ороогүй. Би “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулаагүй тул мэдэхгүй байна. ... Нэг мэдэхэд л Пүрэвжав дарга болчихсон байсан. ... “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ... анх удаа харж байна. Тендерийн үнэлгээний хуралд бүрэн суугаагүй. ...” /10-р хх-80-81/,

 

гэрч Я.Пүрэвжавын “...Намайг албаар захиалгаар үнэлгээний хорооны даргаар тавьсан талаар анх бол мэдээгүй. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайд М.С нар надад тендерт "Хотгор зам" гэж компани орж байгаа, анхаарч үзээд дэмжээрэй гэж хэлсэн. Тэгээд худалдан авах ажиллагаа явагдсан, гэхдээ би энд хурлыг зохион байгуулж явахаас биш, тэрнийг дэмж, үүнийг дэмж гэж чиглэл өгөөгүй. Би Ерболатад төрийн нарийн, сайд нар энэ тендерт Хотгор зам ХХК-ийг захисан шүү, тэгэхээр хууль журмынхаа дагуу асуудлаа хараарай гэж хэлсэн. Түүнээс биш чи Хотгор зам ХХК-ийг шалгаруул, би чамд тэдэн төгрөг өгнө гэдэг ч юм уу, ийм хуулиас гадуур чиглэл өгч байгаагүй. ...” /10-р хх 42-43/,  

 

гэрч С.Даян-Очирын: “...Түншлэлийн гэрээг өмнө нь үзэж байгаагүй. Миний гарын үсэг мөн байна. Гарын үсгийн дарц байдаг. Манай байгууллага Дархан ямар нэг ажил хийгээгүй. Юун үнсэн сан барих, тийм үйл ажиллагаа ч явуулж байгаагүй. ... Дардас нарийн бичигт байдаг. Тэр болгон гарын үсэг зураад байдаггүй. Намайг байсан байгаагүй дардаг. Энэ гэрээг надаас асуугаагүй. Би анх удаа харж байна. Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих тендерт оролцоогүй. Хайрат гэх хүнийг танихгүй, Хотгор зам ХХК сайн мэдэхгүй. Хайрат болон Хотгор Зам ХХК-иас мөнгө авсан асуудал байхгүй. Энэ гүйлгээний талаар мэдэхгүй. Гэрээний дагуу авсан мөнгө биш. Намайг байхгүй үед гэрээ хийсэн байх. 100.000.000 төгрөгөөс дотогш мөнгийг би шийддэг. Түүнээс дээш бол аав /Сономпил/ шийддэг. Хотгор Зам ХХК-иас 60.000.000 төгрөг шилжсэн нь ...зээл л байна. Зээлийг ер нь компанидаа авдаг. 260 сая төгрөгийг юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Хуулга харж байж мэдэх байх. Мөнгө буцаад Хотгор Зам ХХК-д орсон байх, 2 сая, 4 сая төгрөгийг мэдэхгүй. ...” /10-р хх-135-136/,

 

гэрч Х.Одончимэгийн “...Асуулт: "Хотгор зам" ХХК-иас "Залуу Монгол" ХХК-ийн Хаан банкин дахь данс руу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 200.000.000 төгрөгийг хоорондын тооцоо гэж шилжүүлсэн байна. Энэ ямар учиртай мөнгийг "Хотгор зам" ХХК-иас танай данс руу шилжүүлэх болсон юм бэ? гэхэд

Хариулт: Би үүнийг бол нарийн тайлбарлаж мэдэхгүй байна. Би захирал Даян-Очирын хэлснээр ойлгохдоо "Хотгор зам" ХХК нь Дарханд дулааны цахилгаан станцын үнсний сантай холбоотой ажил хийж байгаа, тэр ажил дээр нь манай компани хамтарч оролцож ажилласан, түүнээс орж ирж байгаа мөнгө гэж хэлж байсан. 200.000.000 төгрөг орж ирсний дараа Даян-Очир захирал надад "Хотгор зам" ХХК-иас үлдэгдэл мөнгө орж ирэх ёстой, тэдний компанитай холбогдоод энэ тухай асуугаарай гэхээр нь би "Хотгор зам" ХХК-ийн нягтлан гэж хүний утасны дугаарыг захирал Даян-Очироос аваад яриад үлдэгдэл тооцоотой байгаа гэсэн, тэр тооцоог хэзээ яаж хийх вэ гэхэд ажлаа хүлээлгэж өгч дуусаагүй байгаа, дууссан үед тооцоо хийнэ гэж хэлсэн. Дахиж би энэ талаар асууж яриагүй. ...” /10-р хх 133-134/,

   гэрч Х.Буджав “...Би 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр "Хотгор зам" ХХК-нд ажилд орсон. Би ковшийг бүртгэхийн тулд хэн нэгнээс асуусан байж таараа, энэ тоог агаараас авч ирээд тавиагүй л байх. Надад энэ ковш 70.000.000 төгрөг гэж анхан шатны баримт өгсөн хүн байхгүй. Энэ үнийг надад Хайрат, Хайратын эхнэр Гулназ, Мурат нарын нэг нь хэлсэн. Өөр надад үүнийг хэлээд байх эрх бүхий хүн байхгүй. Сүүлд 137.000.000 төгрөгийг ковшийн үнэ гээд Муратын эхнэр рүү шилжүүлсэн болохоор 70.000.000 төгрөгийн өглөгөө хаагаад Муратад манай бүртгэл дээр өөр өглөг байхгүй байсан тул 67.000.000 төгрөгийг авлага гээд бүртгэсэн байгаа. Тэгсэн одоо надад Хайрат хэлэхдээ 70.000.000 төгрөгийг яагаад 2013 онд Муратаас авсан ковшны үнэ гэж хааж байгаа юм бэ, энэ чинь буруу байна. Би Хотгор зам ХХК-ийг ах дүү нараасаа хөрөнгө авч байгуулсан. Би 2010 онд ах дүү нараасаа ковш аваад төлбөрийг нь 2013 онд шилжүүлсэн. Гэтэл чи буруу хаачихсан байна гэж хэлээд байгаа. Би үүнийг мэдэхгүй. Тайлан дээр өмнө нь Муратаас өглөг, авлага гэсэн юм байхгүй байсан. Намайг ажил авахад өмнө нь санхүүгийн баланс дээр техник байсан боловч ямар ямар техник байсан нь тодорхойгүй байсан. Тийм болохоор одоо би балансдаа 889.000.000 төгрөгийн техник гээд үнийг дүнгээр нь биччихсэн юм. ...” /10-р хх 148-149/,  

А.Хайратын яллагдагчаар өгсөн: "...Миний хувьд Дарханы цахилгаан станцын хаягдал үнсэн сан шинэээр барих ажлын тендерт шалгаруулсны төлөө Эрчим хүчний сайд М.Сийн хүү Даян-Очирын данс руу 66 сая төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд С.Даян-Очирыг огт танихгүй, одоо ч харвал танихгүй, миний төрсөн ах Мурат Даян-Очирын дансыг манай нябо Буджавт өгч уг 66 сая төгрөгийг шилжүүлсэн, үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Харин Залуу Монгол ХХК-ийн данс руу шилжүүлсэн 200 сая төгрөг бол тендертэй хамааралгүй, ковшны үнэ. Манай компани М.Сээс ковшийг 2013 онд бил үү, 200 сая төгрөгөөр худалдан авсан, ковш худалдаж авах асуудлыг ах Мурат Сономпилтэй ярьж худалдаж авсан, түүнээс худалдаж авсан ковшны мөнгө болох 200 сая төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн..." /13-р хх 93/, "...Хотгор зам ХХК нь Сономпилийн хүү Даян-Очирын Залуу Монгол ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний сайд М.С манай компанийг Дарханы дулааны станцын үнсэн сангийн тендерт ялуулсны төлөө 266 сая төгрөгийг Залуу Монгол ХХК-руу болон Даян-Очирын данс руу шилжүүлсэн нь үнэн. ..." /14-р хх 13-14/ гэх мэдүүлгүүд,

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №01/05 дугаартай “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ” /3-р хх 180-183/, /10-р хх 14-17/,

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №ЭХА-031/14 дугаартай Эрчим хүчний яам, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Дархан дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих гэрээ” /3-р хх 155-156/,

Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендерийн тодруулгад хариу өгөх тухай хурлын тэмдэглэл /10-р хх 53-54, 55-57/,

Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендерийг зарлах тухай хурлын тэмдэглэл /10-р хх 58-59/,

 

“Хотгор зам” ХХК-иас С.Даян-Очирын Хаан банкин дахь 5085031818 тоот дансанд 60.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /10-р хх 223/,

“Хотгор зам” ХХК-иас “Залуу Монгол” ХХК-ийн Хаан банкин дахь 5043023012 тоот дансанд 200.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /10-р хх 226/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч М.Сд холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Сийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Сийн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа, “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавыг томилуулж, улмаар түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн ерөнхий захирал А.Хайратын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Энхцэлмэг, Б.Баттөмөр, Г.Туяахүү, Б.Өрнөхбаяр, Р.Дорж нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс 800.000.000 /гэрээний үнийн дүнгийн 10 хувь/ төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас өөрийн хамаарал бүхий субьект болох хүүхдийнхээ банкны дансаар, мөн өөрийнхөө үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн компаний дансаар нийт 266.000.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн  нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Сийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

 

Өмгөөлөгч Д.Доржсүрэн “... 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Түншлэлийн гэрээ нь Хаан банкнаас зээл авахаар зориулан үйлдэгдсэн гэрээ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байтал хахууль авахын тулд халхавчилж хийсэн байна гэж үнэлсэнд гомдолтой байна.

... Талууд Түншлэлийн гэрээ байгуулах үндэслэлээ тодорхойлохдоо "... \

 

тендерт хамтран оролцохоор харилцан тохиролцож..." гэсэн байх ба гэрээний хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр тавьсан. Өмнө дурьдсанчлан тендерт шалгарсан компани ажил гүйцэтгэх гэрээгээ хэдийн байгуулсан байх тул тендерт хамтран оролцохоор гэрээ байгуулах ямар ч үндэслэлгүй юм.

... Мөн анхан шатны шүүхээс ковшийг 2013 онд зарж, төлбөрийг 2015 онд шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж дүгнэсэн байдаг ба иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 3 жилийн хугацаатай, хуулийн хугацааны дотор байтал зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн төлбөр 2 жилийн дараа шилжүүлсэн байж болохгүй мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

... Миний үйлчлүүлэгч М.Сийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Тендерийг зохион байгуулах үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжавт амаар "Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул" гэсэн хууль бус үүрэг өгсөн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

... Хотгор зам ХХК-ийн ерөнхий захирал гэх А.Хайрат нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө, М.Сээс худалдан авсан ковшийн төлбөрт 200,000,000 төгрөг шилжүүлсэн, харин 66,000.000 төгрөгийг ах Муратын гуйлтаар шилжүүлсэн гэж анхнаасаа мэдүүлдэг.

Харин анхан шатны шүүхээс А.Хайратын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгээр гэм буруутай гэж үзсэн нотлох баримтаар ач холбогдолтой гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн байна. А.Хайратаас хууль сануулан гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад зөвхөн гэм буруутай гэж үзсэн баримтыг авсан боловч бусад баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүйд гомдолтой байна.

... Мөн анхан шатны шүүх гэрч Х.Буджавын мэдүүлгээр ковшний мөнгө гэдэг нь няцаагдаж байна гэж дүгнэсэн байна. Гэтэл гэрч Х.Буджав нь техникийн мөнгийг 899 сая төгрөг гэж бичсэн гэж мэдүүлдэг.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,  

 

өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан хамтран оролцсон нөхцөл байдлыг тогтоох талаар мөрдөн байцаах шатанд болон прокурорын хяналтын шатанд ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй буюу Хотгор зам ХХК-ийн захирал Хайратын эрх ашигт нийцүүлэн тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйлдэлд үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ерболат нарын оролцоог хангалттай тогтоож, нотолж чадаагүй. Хайрат, С.Даян-Очир нар үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан хамтран оролцох ямар хэлбэрээр оролцсон эсэхийг тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

... Өмгөөлөгчийн зүгээс хахууль авсан гэх гэмт хэрэг анх үйлдэгдсэн буюу гэмт хэрэг төгссөн байж болох хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу Хотгор зам ХХК, Залуу Монгол ХХК-иудын хооронд байгуулсан Түншлэлийн гэрээ байгуулсан өдөр гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "хөөн хэлэлцэх" хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг үнэлэхийг хүссэн боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хор уршиг" гэсэн гэмт хэргийн улмаас үүсэх үр дагавартай хольж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэж байна.

... Мөн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, М.Сд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой болохыг дурьдаж байгааг анхаарч үзнэ үү. ...” гэсэн,   

 

өмгөөлөгч Д.Оросоо “... Яллагдагч А.Хайратын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн “...миний хувьд өмнөх мэдүүлгүүд дээр болсон зүйлийн талаар дутуу мэдүүлсэн зүйл байгаа, ... манай  Хотгор зам ХХК нь Сономпилийн хүү Даян-Очирын "Залуу Монгол" ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний тендерт ялуулсны төлөө 266.000.000 төгрөгийг “Залуу Монгол” ХХК-руу болон С.Даян-Очирын данс руу шилжүүлсэн нь үнэн /14-р хх 13-14/ гэсэн мэдүүлгийг прокурор яллах үндэслэл болгож, шүүх нотлох баримтаар тооцож, М.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна.

Гэтэл А.Хайрат нь уг мэдүүлгийг өгсөн өдрөөс хойш 36 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тухайн мэдүүлгээсээ буцсан байдаг. Яллагдагч А.Хайрат нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлах үүднээс, мөн хүнд өвчтэй улмаас Монгол Улсаас гарах зорилгоор худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Энэ байдлыг нотлох баримт, үүнийгээ хүлээн хүлээн зөвшөөрч нотлох баримтаар ирүүлсэн.

... Уг мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар яллагдагч А.Хайратаас 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17 цаг 18 минутад авч эхэлсэн боловч хэдэн цаг үргэлжилсэн, дууссан цаг нь байхгүй байгаа нь мэдүүлэг авах ажиллагаа 4 цагаас дээш хугацаагаар үргэлжилсэн, завсарлага аваагүй, шөнийн цагаар үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хуульд заасан журмыг зөрчсөн буюу мэдүүлэг авч дууссан цаг хугацаагүй уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д "Нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.” гэж заасан.

1.3. Яллагдагч А.Хайрат нь Авлигатай тэмцэх газарт авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан бөгөөд А.Хайрат нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзвэл уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т зааснаар дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д "Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:

8.2.хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг;

8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;

8.4.өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг;

1.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Хүний халдашгүй байх эрхийг хангах, 1.9 дүгээр зүйлд “Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх” эрхийг хуульчлан баталгаажуулсан.

Уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д "Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.", 1.9 дүгээр зүйлийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.", 2-д "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаад хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно. " гэж заасан.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагч А.Хайратын эрүүл мэнд, сэтгэл санааны байдал эрс муудаж, мөрдөн байцаалтын ажиллагаа нь А.Хайратын эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд нөлөөлж, халдашгүй байх эрх чөлөөг нь хязгаарлаж, хүнлэг бус байдал үүссэн, шахалт, дарамтад орсон байхыг үгүйсгэхгүй юм.

... Яллагдагч А.Хайрат нь эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ буцсан, худал мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нь тодорхой болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1. 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал энэ удаагийн шүүх хуралдаанаар нотлогдох боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлага үүсч байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч яллагдагч А.Хайратыг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан гэж үзсэн, прокурорын зүгээс А.Хайрат нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Буянт-Ухаагаар гарсан, хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж хэргийг тусгаарласан. Яллагдагч А.Хайратын зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн нь тодорхой байхад хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй байхад шүүх үүнд дүгнэлт хийж шалгаж шийдвэрлээгүй.

Яллагдагч А.Хайрат нь 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, 2 дугаар сарын 8-ны өдөр, 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн яллагдагчийн мэдүүлэг, нийт 5 удаагийн мэдүүлэгтээ “...Энэ 60 сая төгрөг нь Мурат ах залгаад тоглож байгаад мөнгө алдчихлаа, чи 60 сая төгрөг өгч байгаач гэсэн. Ах өөрөө дансаа өгөөд шилжүүлсэн байх, ... тариалангийн зам дээр манайд 3 ковш байсан юм. Ковш хэрэгтэй болоод асууж байсан чинь манай ах Мурат надад нэг шинэ ковш байна. 200 сая төгрөгөөр авах уу гэсэн. Түрээслэснээс ашигтай юм байна гэж үзээд авсан. Би ковшний мөнгө 200 сая төгрөгийг шилжүүл гэсэн. ... Би Сономпилээс 200 сая төгрөгийн ковшийг ахаараа дамжуулж худалдан авсан. Мурат ах надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 60 сая, 6 сая төгрөг ч гэсэн мөн адил ах хүнд өгчих гэсэн болохоор нь өгсөн юм. ...” гэж удаа дараа мэдүүлж байсан.

... 10 дахь хавтас хэрэгт авагдсан "Залуу Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даян-Очирын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх 137-138/, гэрч Д.Мөнхцацралтын мэдүүлэг /хх 140-141/ зэргээр Хаан банкнаас зээл авах зорилгоор Түншлэлийн хуурамч гэрээ хийсэн болох нь нотлогдоно, мөн гэрч А.Хайратын мэдүүлгээр /хх 163/ зээл авах зорилгоор ийм гэрээ хийсэн нь нотлогдож байгаа болно.

Авилга авсан гэж буруутгагдаж буй 200.000.000 төгрөг нь ковш авто ачигчийн төлбөр бөгөөд нотлох баримтаар М.Сээс А.Муратаар дамжуулан "Хотгор зам" ХХК ковш авсан нь нотлогдож байгаа болно. Уг ковшний төлбөрийг "Хотгор зам" ХХК төлсөн болно. Гэтэл ковшний төлбөрийг авилга мэтээр үндэслэлгүй яллаж шийдвэрлэж байна. Харин үлдсэн 66.000.000 төгрөг нь хоорондын тооцоо гэдэг нь нотлогдож байгаа болно.

... Иймд хэргийн бодит байдал нь шүүхийн тогтоолд заасан үндэслэлд нийцээгүй,
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг
ноцтой зөрчсөн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 тоот шийтгэх тогтоолын гомдол гаргасан хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье. ...” гэсэн,  

 

шүүгдэгч М.С “...Шийтгэх тогтоол Хотгор зам ХХК-д давуу байдал олгож, гэрээгээр халхавчилан Хайрат гэх хүнээс 266.000.000 төгрөгийг хахуульд авсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаад гомдолтой байна. 

Миний бие нь төрийн алба хашиж эхлэсэн үеэс Залуу Монгол ХХК-ийн дотоод ажилд оролцохоо больсон бөгөөд компаний өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг бүүрч мэдэхгүй гэдгээ шүүхэд тодорхой тайлбарласан. Харин Хотгор зам ХХК-ийн захирал Хайратын ах Мураттай найз нөхөдийн харилцаатай бөгөөд 2013 онд ковш харилцан тохирч түүний дүүгийн компанид зээлээр өгсөн. Ковшний мөнгө удаасан тул Муратаас шаардахад Хотгор зам ХХК-иас манай хүүгийн Залуу Монгол ХХК-ийн дансанд ковшний мөнгийг шилжүүлсэн. ... Хоёр компаний хоорондох тооцоог үндэслэн хахууль авсан гэж дүгнэсэн хэт өрөөсгөл бөгөөд хавтас хэрэгт ковш Хотгор зам ХХК-нд хэвийн ашиглагдаж, хадгалагдаж байгааг нотолсон олон баримт байхад дээрх баримтуудыг шүүхээс цагаатгах талын баримтаар огт үнэлээгүй байна. ... М.С миний хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ. 

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нийтийн албан тушаалтанд хамаарагдаж байх бөгөөд шүүгдэгч М.С нь гэмт хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарагдах тул  нийтийн албан тушаалтан гэж үзнэ.   

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан албан тушаалтан гэх ойлголтод төрийн улс төрийн албан тушаалтан хамаарч байсан бөгөөд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч М.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4  дүгээр  зүйлийн  4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Сийн 266.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан онц их хэмжээний гэсэн шинжээр зүйлчлэх тохиолдолд ялын хувьд хүндрэх эрх зүйн үр дагавар үүсэх байдлыг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч М.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4  дүгээр  зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны 306 дугаартай “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар Я.Пүрэвжавыг үнэлгээний хорооны даргаар томилсон бөгөөд шүүгдэгч М.С нь “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Хотгор зам” ХХК-ийг оролцож байгаа талаар хэлж байсан тухай Я.Пүрэвжав нь гэрчээр өгсөн “...Намайг албаар, захиалгаар үнэлгээний хорооны даргаар тавьсан талаар анх бол мэдээгүй. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайд М.С нар надад тендерт "Хотгор зам" гэж компани орж байгаа, анхаарч үзээд дэмжээрэй гэж хэлсэн. ...” /10-р хх 42-43/ гэж, гэрч Б.Баттөмөрийн: “... Пүрэвжав дарга Сономпил сайдыг сайд болсны дараа дагаж ирж Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга болж байсныг мэдэж байна. Ямар холбоотойг мэдэхгүй. ...” /10хх-70-71/, гэрч Б.Өрнөхбаярын “ ... Сономпил, Пүрэвжав хоёрыг найзууд гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. ...” /10хх-77-78/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч М.С нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгохын тулд урьдаас төлөвлөж Я.Пүрэвжавыг  үнэлгээний хорооны даргаар томилсон гэж үзэхээр байна.

М.Сийн  “Хотгор зам” ХХК-ийг дэмжээрэй” гэж хэлсний дагуу Я.Пүрэвжав нь үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа үнэлгээний хорооны гишүүдийн ирц бүрдээггүй байхад “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааныг хийж, тус хуралдаанд суугаагүй Үнэлгээний хорооний гишүүд болох П.Энхцэлмэг, Б.Баттөмөр, Г.Туяахүү, Б.Өрнөхбаяр, Р.Дорж нарыг  оролцсон мэт ирц бүрдүүлж, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчин хурал явуулж, “Хотгор зам” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулсан нь гэрч П.Энхцэлмэгийн “...Би Пүрэвжав даргын өрөөнд хуралд суугаагүй. Би тендерийн баримт бичиг боловсруулах хуралд суугаагүй, суусан бол санана. Би Туяахүүтэй хамт нэг хуралд суугаагүй. Дорж гэдэг хүнийг санахгүй байна. Хурлын ирц бүрдэхгүй болоод Туяахүүг хуралд сууснаар тооцоод ирц бүрдүүлж байсан. ...“Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ёстой мэдэхгүй” /10хх-68-69/ гэх, гэрч Б.Баттөмөрийн “... Би Үнэлгээний хороонд ажилласан. Нэг хуралд Энхцэлмэг эгчийн хамт суусан. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэнийг санахгүй байна. “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулах хуралд би суугаагүй. Сүүлд Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ерболат надтай уулзаад “энэ компани шалгарсан, гарын үсэг зуруулах гэсэн юм” гэхээр нь “яаж шалгарсан юм” гэхэд “... бусдаасаа бага үнэтэй байсан тул үнээр нь шалгаруулсан” гээд тендерт оролцогч нарын гаргасан үнийн жагсаалтыг үзүүлсэн. ...” /10-р хх-70-71/ гэх, гэрч Г.Туяахүүгийн “... Пүрэвжав даргын өрөөнд хийсэн хуралд суусан эсэхээ санахгүй байна. “Хотгор зам” ХХК-ийг сонсоо ч үгүй компани байсан. ...”/ 10-р хх-72-73/ гэх, гэрч Б.Өрнөхбаярын “... Би Пүрэвжав даргын өрөөнд хуралд сууж байгаагүй. ... Дээрх хүмүүстэй хамт тендерийн баримт бичиг боловсруулах хуралд сууснаа санахгүй байна. Би ерөөсөө баримтыг авч байгаагүй. “Хотгор зам” ХХК шалгарсан гэж сонсож байсан. “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулсан хуралд сууснаа санахгүй байна. ...” /10-р хх-77-78/ гэх , гэрч Р.Доржийн “... Би зөвхөн тендер нээх хуралд суусан. Би тендерийн баримт бичиг боловсруулах хуралд суугаагүй тул ямар ямар шаардлага тавьсан талаар мэдэхгүй. Миний хувьд нэг удаагийн хуралд материал нээхэд нь оролцоод явсан. Өөрөө хуралд ороогүй. Би “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулаагүй тул мэдэхгүй байна. ... Нэг мэдэхэд л Пүрэвжав дарга болчихсон байсан. ...Тендерийн үнэлгээний хуралд бүрэн суугаагүй.” /10-р хх-80-81/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Хавтас хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /12х-73-75х/ байх ба энэ баримтаар “Залуу Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Мишигийн Сономпил, одоо уг компанийг удирдаж байгаа захирал нь Сономпилийн Даян-Очир байх бөгөөд С.Даян-Очирын гэрчээр өгсөн мэдүүлгээр шүүгдэгч М.С нь уг компаний үйл ажиллагаанд буюу хөрөнгө, санхүү, мөнгөний зарцуулалтын байдалд хяналт хэрэгжүүлдэг нь тогтоогджээ.

"Залуу Монгол" ХХК болон "Хотгор зам" ХХК-ийн хооронд Түншлэлийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, улмаар "Хотгор зам" ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас С.Даян-Очирын эзэмшлийн Хаан банкны 5085031818 дугаартай дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Голомт банкны 2105103199 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М.Сийн үүсгэн байгуулсан "Залуу Монгол" ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5043023012 дугаартай дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус тус гүйлгээ хийсэн байх тул шүүгдэгч М.Сийн хахууль авсан гэмт хэргийг  2015 оны 7 дугаар сарын 27-нд гүйлгээ хийсэн өдөр гэмт хэрэг төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.  

 

"Залуу Монгол" ХХК болон "Хотгор зам" ХХК-ийн хооронд байгуулагдсан Түншлэлийн гэрээний гол зорилгыг “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих тендерийн ажлыг хийж гүйцэтгэх Монгол улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлан түншлэгч А болон Б талуудын хамтран хэрэгжүүлэхтэй холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх бөгөөд тус гэрээний 3.2 дахь заалтад “... тендер зуучлалын хөлс гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөг, хөрөнгө оруулалтын 1.200.000.000 төгрөгийн ашгийн 50 хувийн хамт, нийт 2.600.000.000 төгрөгийг авна” гэж үнийн дүнг тохирчээ. Үүнээс үзвэл, шүүгдэгч М.С нь сайдаар ажиллаж байхдаа ашиг сонирхолын үүднээс хууль бусаар “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулж, улмаар өөрийн хамаарал бүхий компани болох “Залуу Монгол” ХХК-ийн зүгээс тодорхой хувийн хөрөнгө оруулалт хийж ашиг хүртэх, түүнчлэн тендерийн үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон, улмаар 266.000.000 төгрөгийг хамаарал бүхий компаний болон хүүхдийнхээ дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Дээрх түншлэлийн гэрээг Хаан банкнаас зээл авах зорилгоор хийсэн байдал тогтоогдоогүй бөгөөд тус банкнаас уг гэрээг үндэслэн мөнгө зээлсэн  баримт байхгүй байна.

 

Мөн “Хотгор зам” ХХК-иас “Залуу Монгол” ХХК-руу шилжүүлсэн 266.000.000 төгрөгийг “Залуу монгол” ХХК-иас худалдан авсан “Ковш”-ний үнэ гэж тайлбарлаж байгаа боловч  хавтас хэрэгт:

Жиншинь жиншинь ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17/439 дугаартай “Мил порт” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус компанитай 00015 тоот гэрээ байгуулж, 2 ширхэг LG953 маркийн С9010801 болон С9010487 тус тус арлын дугаартай авто ачигчийг нэг бүрийн үнэ 337.000 юаниар худалдан авч, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад боомтоор хүлээн авсан нь үнэн болно.” гэх тоот бичиг /11-р хх 40/,

2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл:

“Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: "Хотгор зам" ХХК-ийн эзэмшлийн хашаа нь Улаанбаатар хотын төвөөс баруун зүг рүү явах засмал замын хойд талд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Зүүн туруун 1 дүгээр гудамжинд байрлах ба уг хашаанд байх "Хотгор зам" ХХК-ийн эзэмшлийн авто ачигчуудад үзлэгийг хийв.

Уг хашаа нь ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан хаалгатай, блокоор /цементэн/ барьсан байв. Хашаан дотор олон тооны тээврийн хэрэгслүүд байх ба хашаанд байх 3 авто ачигчид үзлэг хийв.

  1. L0802079 арлын дугаартай 2008 онд үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, шар өнгийн авто ачигч байв. "Хотгор зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Буджав, менежер Т.Аманбол нар хэлэхдээ энэ авто ачигч 9140 УБ дугаартай, улсын дугаарыг дээр нь бэхлээгүй байна гэж хэлж тайлбарлаж байв.
  2. ZL50CL1206108 арлын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн, 2015 УБ улсын дугаартай, шар өнгийн авто ачигч байв. "Хотгор зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Буджав, менежер Т.Аманбол нар 2015 УБ дугаар нь энэ ачигчийн өөрийнх нь дугаар биш, энэ ачигч 1742 УБ улсын дугаартай, энэ ачигчид 2015 УБ гэсэн дугаарыг манай жолооч нар сольж тавьсан байна, яагаад сольсон болохыг нь мэдэхгүй байна.
  3. С9010801 арлын дугаартай, 2012 онд үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, шар өнгийн авто ачигч байв. Энэ ковшийг М.Сээс худалдаж авсан ковш байгаа юм, энэ ковшод улсын дугаар аваагүй байгаа гэж хэлж тайлбарлаж байв. Уг ковшийн аккумулятор байхгүй байгаа тул асаах боломжгүй байв.” гэсэн баримт байна. /нийт 15 ширхэг фото зураг 11-р хх 51-60/

 

Дээр дурдсан 2 баримтыг “Залуу Монгол” ХХК нь “Хотгор зам” ХХК-нд ковш худалдсан талаарх гол баримт гэж шүүгдэгчийн өмгөөлөгчид тайлбарлаж байгаа боловч 2015 оны 5 дугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Цагаан хад боомтоор “Мил порт” ХХК-нд шилжихээр орж ирсэн ачигч машинууд “Хотгор зам” ХХК-нд худалдагдсан талаарх баримт болж чадахгүй байна.

“Хотгор зам” ХХК-ийн “Залуу монгол” компанид хахуульд өгсөн 266.000.000 төгрөгийн эхний мөнгө болох 60.000.000 төгрөг 2014 оны 11 дүгээр сарын 18-нд Хаан банкны дансаар орж иржээ.  

2018 оны 6 дугаар сарын 6-нд Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд буй  С9010801 арлын дугаартай, улсын дугааргүй шар өнгийн авто ачигч нь С.Сономпилээс худалдаж авсан ковш гэж байгаа боловч уг ковш нь улсын дугаар авагдаж байгаагүй,  аккумулятор байхгүй, асааж хэрэглэх боломжгүй эд зүйл байх бөгөөд “Мил порт” ХХК-ийн гэрээ хийсэн ковшийг 266.000.000 төгрөгөөр “Хотгор зам” ХХК худалдан авахаар БНХАУ-аас Монгол Улсын хилээр орж ирэхээс жилийн өмнөөс “Залуу Монгол” ХХК-нд мөнгө шилжүүлэн өгч байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн гэрч А.Хайратын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Хотгор зам ХХК нь Сономпилийн хүү Даян-Очирын Залуу Монгол ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний сайд М.С манай компанийг Дарханы дулааны станцын үнсэн сангийн тендерт ялуулсны төлөө 266 сая төгрөгийг “Залуу Монгол“ ХХК-руу болон С.Даян-Очирын данс руу шилжүүлсэн нь үнэн..." /14-р хх 13-14/, 

   гэрч Х.Буджавын “...Би 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр "Хотгор зам" ХХК-нд ажилд орсон. Би ковшийг бүртгэхийн тулд хэн нэгнээс асуусан байж таараа, энэ тоог агаараас авч ирээд тавиагүй л байх. Надад энэ ковш 70.000.000 төгрөг гэж анхан шатны баримт өгсөн хүн байхгүй. Энэ үнийг надад Хайрат, Хайратын эхнэр Гулназ, Мурат нарын нэг нь хэлсэн. Өөр надад үүнийг хэлээд байх эрх бүхий хүн байхгүй. Сүүлд 137.000.000 төгрөгийг ковшний үнэ гээд Муратын эхнэр рүү шилжүүлсэн болохоор 70.000.000 төгрөгийн өглөгөө хаагаад Муратад манай бүртгэл дээр өөр өглөг байхгүй байсан тул 67.000.000 төгрөгийг авлага гээд бүртгэсэн байгаа. Тэгсэн одоо надад Хайрат хэлэхдээ 70.000.000 төгрөгийг яагаад 2013 онд Муратаас авсан ковшний үнэ гэж хааж байгаа юм бэ, энэ чинь буруу байна. “Би Хотгор зам” ХХК-ийг ах дүү нараасаа хөрөнгө авч байгуулсан. Би 2010 онд ах дүү нараасаа ковш аваад төлбөрийг нь 2013 онд шилжүүлсэн. Гэтэл чи буруу хаачихсан байна гэж хэлээд байгаа. Би үүнийг мэдэхгүй. ...би блансдаа 889.000.000 төгрөгийн техник гээд үнийг дүнгээр нь биччихсэн юм. ...” /10-р хх 148-149/ гэх мэдүүлгүүдээр ковшний үнэд мөнгө шилжүүлсэн гэдэг нь няцаагдаж байна.

А.Хайратаас мөрдөн шалгах ажиллагааны үед тайлбар, мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтаар нотлогдсон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуульчилжээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Сийн үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулахгүй болно.

Иймд шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ