Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдох,

“Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай “Ажлаас халах тухай” захирамж, Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулан, урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.У, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх шүүхэд гаргасан Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Яагаад гэвэл уг маргаан бүхий 33 дугаар тогтоол Увс аймаг дахь Захиргааны хэргийг анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр хүчингүй болсон байдаг. Миний бие Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2021 оны 01 сарын 05- ны өдөр хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гэтэл Төрийн албаны зөвлөл миний гомдлын хариуг шийдвэрлэсэн хариуг надад ирүүлэхгүй байсан тул тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан.

Би Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд өрсөлдөн 2016 онд "Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд" орж тэнцэн улмаар Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилогдон ажилласан ба 2017 оны 10 сарын 19-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Ажиллах хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм. Гэтэл аймгийн засаг дарга Ч.Ч нь 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай Дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэн 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар намайг ажлаас халсан.

Аймгийн засаг дарга нь захирамжаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасныг тус тус ундэслэсэн байна. Би Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан "албаны эрх мэдлээ хэтрүүлэх"-ийг хориглоно гэх төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно.

Мөн надад 2020 оны 12 сарын 25-ны өдөр мэдэгдэл ирүүлсэн ба тухайн мэдэгдэлд дурдсан миний гаргасан гэх зөрчлүүдэд тайлбар, мэдүүлэг гаргах боломж олгоогүй, сонсгох ажиллагаа зохион байгуулаагүй. Ямар хугацаанд хариу тайлбар гаргах, сонсох ажиллагааг хэзээ, хаана зохион байгуулах талаар дурдаагүй байсан ба 2020 оны 12 сарын 25-ны баасан гаригт мэдэгдэл өгөөд 2020 оны 12 сарын 28-ны өдрийн даваа гаригт ажлаас халах тушаал гаргасан байгаагаас харахад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Хэлбэрийн төдий мэдэгдэл хүргүүлж, миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсанд гомдолтой байна.

Иймд Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан Увс аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг  гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамжаар М.У-д ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ биелүүлээгүй мөн хуулийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” мөн хуулийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн нийтлэг үүргийг зөрчсөн, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх  гэсэн төрийн жинхэнэ албан хаагчид хоргилсон үйл ажиллагаа явуулсан гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамж гаргах үндэслэл болох Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр хүчингүй болж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. М.У-ийн үүргээ зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг нь Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж хариуцагчийн зүгээс үзсэн байдаг. Маргаан бүхий 33 дугаар тогтоол хүчингүй болсон. М.Уг төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдгийг шалгаж нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба зөрчил гаргасан гэдэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. М.У-ийн хувьд 2016 онд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт орж тэнцээд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/142 дугаар захирамжаар ажил албан тушаалд томилогдсон. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Увс аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл байгаа. М.У-д 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл ирүүлсэн. Тухайн мэдэгдэлд хариу тайлбар ямар хугацаанд гаргах болон сонсох ажиллагааг хэзээ хаана хэрхэн зохион байгуулах талаар мэдэгдээгүй. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нь баасан гариг байсан ба ирэх долоо хоногийн 1 дэх өдөр буюу 2020 онны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халах тухай маргаан бүхий захирамж гарсан байдаг. Тухайн өдөр хоногийг харвал сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой байтал нэгэнт гарсан шийдвэрийг дуулгах төдий байдлаар явагдах ёсгүй. Сонсох ажиллагаагаар тухайн хүний эрх ашиг хөндөгдөж болзошгүй байх тул ямар тайлбар, нотлох баримт гаргах талаар оролцогчийг сонсох ёстой байсан. Сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр оролцогчийг эрх ашиг хөндөх болон эс хөндөх талаар шийдвэр гаргах ёстой байсан. Мэдэгдэл ирүүлсэн боловч сонсох ажиллагааг явуулаагүй учир мэдэгдэл ирүүлснээр сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, .цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад хэлбэрээ зохион байгуулна гэж хуульд заасан байдаг. Хэзээ хаана сонсох ажиллагааг явуулах талаар мэдэгдэлд дурдаагүйгээс гадна 5 дахь өдөр мэдэгдэл өгөөд дараа долоо хоногийн 1 дэх өдөр ажлаас халах захирамж гарч байгаа тул сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна.

Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Батбаяр нарт холбогдох, Б.Год холбогдох, Ю.Са нарт холбогдох, Тэс дулааны станц болон Улаангомын 2-р Дулааны станцтай холбоотой шийтгэх тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Ю.С нарт болон Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт Орон нутгийн өмчийн газар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, тендер зохион байгуулахтай холбоотой асуудлаар гэм буруутай этгээдүүд нь хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаа хүлээсэн. Орон нутгийн өмчийн газар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон учир төрд учирсан хохирол бүрэн төлж барагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн шийтгэх тогтоолд М.Уг зөрчил гаргасан эсвэл төрийн албаны үүргээ зөрчсөн гэдэг зүйл байдаггүй. Гэм буруутай этгээдүүд нь тендер зохион байгуулахдаа хууль бусаар тендер зохион байгуулсан гэх албан тушаалын гэмт хэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг гэм буруутай этгээдүүд хүлээсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга, дотоод аудитын хорооны дарга Ч.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Г-ыг төрийн өмч хөрөнгийг шамшигдуулахад орон нутгийн өмчийн газраас хяналт тавиагүй гэдэг үндэслэлийг хорооны хурлын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн тул үндэслэлгүй гэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дотоод аудитын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг 5 удаа өөрчилсөн. Увс аймгийн Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнд А.Чыг сонгоогүй гэдэг үндэслэлээр Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Увс аймгийн Дотоод аудитын хорооноос авсан нотлох баримтаас харвал 2 удаа Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн шийдвэр гарсан. Сүүлд гарсан шийдвэрийг аваагүйгээс болж Увс аймгийн Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнд А.Ч-ын сонгоогүй гэдэг үндэслэлээр Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хүчингүй болгуулсан. 2016 оноос хойш А.Ч уг хорооны гишүүн байсан боловч байгаагүй гэдэг байдлаар баримтад дутуу тусгагдсан байсан”гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулахгүйгээр мэдэгдэл хийсэн гэдэг тайлбарыг гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Ч.Ч, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П.Н, Хэвлэл мэдээллийн дарга А нар М.У-д аймгийн Засаг даргын өрөөнд 10 цаг 25 минутад сонсох ажиллагаа явуулсан байдаг. Уг сонсох ажиллагаанд

Аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн зүгээс: Би шийдвэрээ гаргах гэж байна. Чамд мэдэгдэл өгөх гэж байна. Хэд хэдэн зөрчил гаргасан гэж үзэж байна. 1. Авилгын тухай хууль зөрчиж, худалдах худалдан авах ажиллагаа зарласан байна. 2. Өмчийн хяналт маш муу байна. Жишээ нь: УАЗ машин дурдсан байгаа. Таван тэсийн илчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм байна. Энэ компани дээр өмчийн худалдан авах ажиллагааны дотоод аудитаар тогтоосон зөрчил, шүүхийн шийдвэрээр тогтоосон зөрчлүүд байна. Таван тэсийн илч өмч хамгаалах зөвлөл ч байхгүй байж байдаг гэтэл ТУЗ-ийн дарга байдаг.

М.У: Би ТУЗ-ийг нь удирдаж үйл ажиллагааны чиглэлээр хангадаг болохоос биш дотоод үйл ажиллагаанд оролцож өмч хамгаалах зөвлөл байгуулаагүй. Тэр хүн нь хариуцлага хүлээгээд ажлаа өгөөд гараад явсан.

Ч.Ч: Аймгийн хэмжээгээр чи бүх байгууллагуудыг өмч хамгаалах зөвлөлтэй байлгах ёстой үүрэг хүлээсэн, арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах ёстой удирдах ажилтан хүн. Аймгийн өмчийн газар шүү дээ. Ийм ажлууд шаардлага хангахгүй байна.

М.У: Дулааны 2 дугаар станц ямар учиртай вэ? гэхэд

Ч.Ч: Дулааны 2 дугаар станц орон нутгийн өмчид байхдаа худалдах худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчлөөс болоод улсад тодорхой хэмжээний хохирол учруулсан. Өмчийн хяналт, худалдах худалдан авах ажиллагааны дотоод сахилга бат зөрчигдсөн байна. Энэ нь өмч худалдах худалдан авах ажил сул байсантай холбоотой. Энэ жилийн хувьд дотоод аудит 4 сум, 1 төрийн өмчит компанид хяналт шалгалт хийсэн байна. Эдгээрт нийтлэг худалдан авах, орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой зөрчлүүд байна. Анхан шатанд худалдан авах, орон нутгийн өмчийн газар хүрч ажиллахгүй байна гэсэн дүгнэлтүүд хийгээд Төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд гаргасан мэдэгдлийг албан ёсоор гаргуулж байна.

М.У: Би хариу тайлбар хийх шаардлагатай юу?

Ч.Ч: Болно. Өнөөдрөөр мэдэгдлийг өгөөд өнөөдрөөр ажлыг чинь дуусгавар болгоно.

М.У: Ажил дуусгавар болгож болохгүй байх, надаас тайлбар авах хэрэгтэй байхаа.

Ч.Ч: Өчигдөр 2 удаа дуудсан. Ирсэнгүй. Чамайг доор өрөөндөө байгааг чинь мэдсэн.

М.У: Би орой 19 цаг хүртэл ажилласан. Би орж ирээд 2 хүнтэй уулзаад гарсан. Дахиад газрын албан дээр хуралтай байсан.

Ч.Ч: Удирдах ажилтны хувьд тодорхой хэмжээний ёс зүйн соёлтой байх ёстой. Эдгээр хуулийн хүрээнд мэдэгдэл өгч байна. Хууль бус байвал дараа нь шүүх сэргийлэхээрээ явж болно.

М.У: Тэр тодорхой.

Ч.Ч: Ийм хууль зөрчсөн байна гэсэн үндэслэлээр ажлаас халах мэдэгдэл өгөөд албан ёсоор өгч байна.

М.У: Та шууд яллаж болохгүй ш дээ. Зүгээр мэдэгдэл өгч байна гэдгээ хэлэх ёстой.

Ч.Ч: Ялгаагүй мэдэгдлээ өгөөд би шийдвэрээ гаргаж байна. Ийм ийм хуулийн зөрчил байгаа учир ажлаас чөлөөлж байгаа мэдэгдэл байхгүй юу. Түүнээс би үндэслэлгүй мэдэгдэл тавьсангүй.

М.У: За за. Мэдэгдэл авлаа. Мэдэгдэлтэй танилцлаа. Ажил шууд хүлээлцэн гэж байхгүй байх би мэдэгдлээ авсан учир хариу тайлбараа өгнө гэх мэтээр ярилцсан.

/Мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгөхөөр дуудсан боловч ирээгүй учир 2020 оны 12 дугаар сарын 25-ны өглөө гардуулсан болно/ гэсэн мэдэгдлийг уншиж танилцуулав.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл, тайлбарын хувьд Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг зөрчсөн тухайд:

1. Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан М.У нь аймгийн Засаг даргын 2017 оны А/652 дугаар захирамжаар “Таван тэсийн илч ................- ын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдож ажиллахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ нь "Таван тэсийн илч" .........................-ын гүйцэтгэх захирал Ц.Б гэх этгээд албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, тендер шалгаруулалт. төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуупж их хэмжээний хохирол учруулж байхад мэргэжлийн байгууллагын удирдлагын хувьд, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд ч хяналт тавьж таслан зогсоогоогүй. энэхүү үйлдэл, эс үйлдэхүйг жирийн иргэний гомдлоор Авилгатай тэмцэх газар хэрэг үүсгэн шалган тогтоож, анхан болон хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн баримтаар нотлогдож байгаа юм.

2. Аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны төлөвлөгөөт хяналт шалгалтаар “Таван тэсийн илч” .................-ын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийсэн улсын байцаагчийн тэмдэглэлийн дүгнэлтээр тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудыг зөрчсөн, байгууллагын өмч хамгаалах зөвлөл байгуулаагүй, дотоод хяналтын нэгж байгуулсан боловч төлөвлөгөө гаргаж ажилладаггүй, худалдан авалтын гэрээ хийгээгүй гэх мэт олон ноцтой зөрчил байгааг тэмдэглэжээ. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2020 оны оны энэхүү шалгалтын мөрөөр “Таван тэсийн илч” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл дээрх зөрчлүүдийг арилгуулах, сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр ямар нэгэн шийдвэр гаргаж арга хэмжээ аваагүй байгаа нь М.Уг төрийн жинхэнэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

3. Мөн Увс аймгийн "Дулааны 2 дугаар станц" ............ нь өмчийн хяналт сул, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, сахилга бат зөрчигдсөнөөс улсад их хэмжээний хохирол учруулж 8 иргэн ял хүлээгээд байна. Энэ нь Орон нутгийн өмчийн газрын дарга М.У албан тушаалын тодорхойлолтын зорилго зорилтоо хангаагүй байгаатай холбож үзэх үндэслэлтэй юм. Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын зорилгыг “Орон нутгийн өмчийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээг хэрэгжүүлэх, аймгийн Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчтэй хуулийн этгээдэд бодлогын зөвлөгөө, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцан тайлагнана” гэсэн байдаг

Аймгийн ИТХ-ын 2020 оны 04 дүгээр сарын 30 ны өдрийн А/49 дугаар тогтоолоор Биеийн тамир спортын газрын данстай УАЗ-.............. маркийн ...-... У.. улсын дугаартай фургон автомашиныг акталж, Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэн дуудлага худалдаанд оруулах байсан боловч хяналт тавих, зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс уг тээврийн хэрэгслийг Биеийн тамир спортын газрын дарга Б.Г-д хууль бусаар завших боломж олгосон. Одоогоор энэ тээврийн хэрэгслийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учир шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дах заалт “Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн тухайд: Увс аймгийн Зүүнговь, Өлгий сумын Спорт заалны барилгуудын зураг төсөвт магадлал хийгдээгүй байхад нь албаны эрх мэдлээ хэтрүүлж, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.4-т заасныг зөрчин, үнэлгээний хороо байгуулж тендер зарлах ажлыг Орон нутгийн өмчийн газрын даргын хувьд зохион байгуулж, барилгын ажлын зөвшөөрөл олгуулсан байна. М.У-ийн энэхүү хууль бус үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, бусдад давуу байдал олгосон төдийгүй, дээрх барилгуудыг өнөөдрийг хүртэл Улсын комисс хүлээж авч чадахгүй зэрэг асуудал үүсээд байгаа юм.

 М.У-д сахилгын шийтгэл ногдуулсан тухайд: Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан М.У-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 1.3-д заасан үндэслэл, 1.4-д заасан зарчмыг баримталсан болно. Ингэхдээ Шүүхийн шийдвэр, Санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн тэмдэглэл, дүгнэлт, Увс аймгийн дотоод аудитын хорооны тогтоол зэрэг баримтуудаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсоныг 2020 оны 12 дугаар сарын 24 ний өдөр 5 зүйлийн үндэслэл бүхий мэдэгдлийг дарга М.Уд бичгээр өгсөн. Энэхүү мэдэгдэлд хариу тайлбарыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаартай албан бичгийг М.У ирүүлэхдээ сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд тодорхой тайлбар гаргаагүй тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын хяналт шалгалтын тухайд:

Аймгийн Аудитын хорооны даргын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан дагуу Увс аймгийн Тэс сумын "Таван тэсийн илч" ................-ын санхүүгийн үйл ажиллагаанд 2020 оны 06 дугаар сарын 30 наас 07 дугаар сарын 07 ны өдөр хүртэл хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд өмч хамгаалах зөвлөл байхгүй, дотоод хяналтын нэгж төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, Шилэн дансны хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг зөрчсөн хариуцлага, сахилгын олон зөрчил илэрсэн.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч П.Б, Д.З нарын 2020 оны 07 сарын 07 ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийн хуулбарт “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.У “Таван тэсийн илч” ....................-ын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, жил бүрийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэж, гүйцэтгэх захирлын гэрээг дүгнэж байгаагүйгээс хариуцлагын, сахилгын, санхүүгийн ноцтой зөрчлүүд гарсан" гэж дотоод аудитын хороо дүгнэж Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 21 ний өдрийн 28 дугаар тогтоол гарсан.

Аймгийн Биеийн тамир спортын газрын санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайланг хэлэлцсэн Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор "Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам", Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй "Орон нутгийн өмчийн газар" хэлтсийн дарга болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөмж болгосон.

Аймгийн ИТХ-ын 2020 оны 04 сарын 30 ны өдрийн А/49 дугаар шийдвэрийн хэрэгжилт Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн шалгалтаар хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүйгээс өмч хөрөнгө шамшигдсан, уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар хуулийн байгууллагад хүсэлт гаргаад байгаа.

4. М.У төрийн жинхэнэ албан хаагч болсон тухайд: М.У "Хөхтэй хан" санхүү мэдээлэл зүйн дээд сургуулийг Татварын эдийн засагч мэдээлэл зүйч мэргэжлээр төгссөн. Увс аймгийн ГХБХБГ-т 2008 онд 8 сар мэргэжилтнээр, Чингэлтэй дүүрэг ............... ХХК, СББ трейд XXК-д 2011 онд 4 сар, Увс аймгийн төрийн банкны зах тооцооны төвд 2012-2014 онуудад 1 жил 3 сар, нийтдээ улсад 2 жил 3 сар, үүнээс төрийн албанд 8 сар ажилласан байхдаа Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал буюу Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд 2016 оны 12 дугаар сард томилогджээ. Ингэж томилогдохдоо тухайн үеийн төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлага, 33 дугаар зүйлийн 33.5, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал буюу ахлах түшмэлийн ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагыг хангаагүй байхдаа 2016 оны 12 дугаар сарын 10-нд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад хууль зөрчин бүртгүүлж шалгалтад орсон болох нь М.У-ийн дээр дурдсан баримтуудаас гадна шалгалтын бүртгэлийн баримтууд, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолт, шалгалтын бүртгэл явуулах баримтад авагдаагүй зэрэг үйлдлүүдээр нотлогдож байна.

М.У нь Төрийн албаны шатлан дэвших зарчим хангагдаагүй байх үед уг ажил албан тушаалд томилогдсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.У шүүхэд анх Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдуулан “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлагаар нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “ Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагаа дэмжиж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагыг нэмэгдүүлэн оролцсон болно.

Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 337 дугаартай магадлалаар  шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Уг үндэслэлээр нэхэмжлэгч тал “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч М.У нь Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 01/398 дугаар албан бичгээр “шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар гомдлоо шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэн,  хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “ ... Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан...” гэж маргажээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ орон нутгийн өмчийн газраас хяналтаа тавьж ажиллагаагүй гэж дотоод аудитын хороо тогтоосон” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд “ М.У нь төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж, орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа хэд хэдэн барилгын зураг төсөвт магадлал хийгдээгүй байхад үнэлгээний хороо байгуулж, барилгын ажлын зөвшөөрөл гаргуулсан, санхүүгийн дотоод аудитын хорооноос шалгаж тогтоосон, М.У-ийн тайлбарыг бичгээр авч сонсох ажиллагааг зохион байгуулсан” гэсэн тайлбар тус тус гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Гуравдагч этгээдээр татагдсан Ё.М шүүхэд нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбарыг ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч М.У-г Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн Б/142 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилжээ.

М.У нь 2017 оны 10 сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь заалтуудыг үндэслэн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн М.У-г 2020 оны 12 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалаас халж шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд мөн зүйлийн 48.1.3-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохыг заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заан 2019 оны 04 сарын 04-ний өдрийн Монгол Улсын сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36, 32 дугаартай тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэд ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталжээ.

Уг журмын хоёр дахь хэсгийн 2.2-д “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж ,албан тушаалтан шалган тогтооно”, 2.4-д шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

2.4.1.гомдол,мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар гаргуулах

2.4.2 шаардлагатай бол гомдол гаргачтай уулзаж тайлбар,тодруулга авах

2.4.3 шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах

2.4.4 гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох

2.4.5 цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар заажээ.

Мөн журмын 2.5-д зааснаар Шалгагч сахилгын шийтгэл ногдуулах тухай эсхүл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй тухай дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна гэж, 2.6-д шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна гэжээ.

М.У-г ажлаас халах тухай Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзжээ.

Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Увс аймгийн Биеийн тамир спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцээд Орон нутгийн өмчийн газар, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон холбогдох албан тушаалтнуудад  хариуцлага тооцохыг зөвлөмжилсөн байна.

Хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулиар эрх олгогдсоны үндсэн дээр батлагдан гарсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэд ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Өөрөөр хэлбэл журамд заасан ажиллагаануудыг гүйцэтгээгүй, холбогдох дүгнэлт гараагүй байхад хариуцагчийг сахилгын зөрчил гаргасанд тооцож сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болсон байна. Хариуцагч нь М.У-д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, хариу тайлбар авсныг “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэд ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасан ажиллагааг хийсэн гэж үзэхгүй болно.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д зааснаар захиргааны актыг бичгээр гаргахад тус захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заасан байх шаардлагатай байдаг.

Маргаан бүхий актад нэхэмжлэгч М.У-г Биеийн тамир спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалттай холбогдуулан сахилгын зөрчил гаргасан талаар дурдсан байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс актад дурдагдаагүй үндэслэлүүдийн талаар тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

Шүүхээс маргаан бүхий актаар шийдвэрлэсэн асуудлын хүрээнд дүгнэлтийг хийх тул тухайн актад дурдагдаагүй асуудлаар хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан          “нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилогдсон” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгч М.У-г Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын  албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 , 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.У нь “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолын Орон нутгийн өмчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, Увс аймгийн Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.У-г Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-ийн 2020 оны 12 сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг  болон холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайю хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У-д олгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЛТАНЦЭЦЭГ