Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0696

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТБФ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж

Гомдол гаргагч: “ТБФ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0687 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0630/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “ТБФ” ХХК-аас Нийслэлийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч О.Бид холбогдуулан “2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011, 0056012 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0687 дугаар шийдвэрээр Автотээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21, 22 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь заалт, 9 дэх заалтуудыг тус тус баримтлан “Нийслэлийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч О.Бийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011, 0056012 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0687 дугаар шийдвэрийг шүүгч гаргахдаа Монгол Улсын шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж шийдвэрээ гаргасан.

            Тодруулбал, тус шүүхийн шүүгч нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж, хариуцагч тал хариу тайлбар гаргахаас өмнөх үе шатанд “нэхэмжлэгч компанийн төлөөлөгчийн итгэмжлэл нь тодорхойгүй байх бөгөөд уг итгэмжлэлээ давж заалдах журмаар гомдол гаргахдаа засаж авчрахгүй тохиолдолд давж заалдах гомдлыг нь хүлээн авах боломжгүй” гэж хэлсэн нь тус шүүгч хэргийг талуудын тайлбар, нотлох баримт судлуулах үеэс өмнө урьдчилан шийдвэрлэсэн бөгөөд энэ тухайгаа хэргийн оролцогч нарт урьдчилан мэдэгдсэн нь Монгол Улсын шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэж заасныг, 3.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэж заасныг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар болон гарах шийдвэрийн тухайд саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн болно.

            3.2. Түүнчлэн, тус шүүхийн шүүгч нь дээрх үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс дээрх хэсгийг хассан буюу, шүүх хуралдааны тэмдэглэлд оруулахгүй, дээрх үйлдлээ гаргаагүй мэтээр шүүх хуралдааны тэмдэглэлээс ус хэсгийг орхиж, тэмдэглэлийг баталсан үйлдэл гаргасан.

            3.3. Уг үйлдлийг нотлохоор тус өдрийн хурлын бичлэгийг СД-нд хуулж, нотлох баримтаар гаргуулан, хэрэгт хавсаргах, шүүх хуралдааны тэмдэглэлийг тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгтэй тулган, орхигдуулсан хэсгийг нэмүүлэх хүсэлт гаргасан боловч тус шүүгч нь шүүх хуралдааны бичлэгийг дахин сонсож, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах нь их цаг авах тул боломжгүй гэсэн байдлаар шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч талын эрх хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн үгүйсгэж, бидний эрхийг ноцтой зөрчиж байна.

            3.4. Түүнчлэн, тус шүүхийн шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т зааснаар шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн тул дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0687 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.3- т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцааж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийтийн тээврийн бодлогын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Б нь шугам замын хяналт шалгалт хийж байх явцдаа 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 09:00 цагт Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн замд “ТБФ” ХХК нь 242****улсын дугаартай, KIA маркийн Bongo загварын 76**** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар нь Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS 5343:2011 улсын стандартын 9.1, 7.2.2 дахь нөхцөл шаардлагыг зөрчин Ford маркийн Transit загварын 242****улсын дугаартай, KIA маркийн Bongo загварын 76**** улсын дугаартай, бүхээгтэй ачааны автомашинуудаар хөлдүү тахианы мах болон бусад бүтээгдэхүүн тээвэрлэж байсан зөрчил илрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдсэн /Хэргийн 82 дахь тал/ байх ба 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр холбогдогч “ТБФ” ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь болон 9 дэх хэсэгт зааснаар 2402000465 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна.

            2.2. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-д “Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 9-д “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

            2.3. Нийтийн тээврийн бодлогын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056012 дугаар шийтгэлийн хуудсаар[1] “Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын хөргөх төхөөрөмжөөр тоноглолгүйгээр тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэг мянга таван зуун нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгож, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011 дүгээр шийтгэлийн хуудсаар[2] “Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочоор, хөргөх төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх ажил гүйцэтгэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн хоёр зуун тавин нэгж буюу 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгохоор тус тус шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “ТБФ” ХХК-аас эс зөвшөөрч “... Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр болоод MNS 5343:2011 стандартын зорилго, хамрах хүрээг буруу тайлбарлан, үнэн бүрэн бодитой үнэлж дүгнэж чадаагүй бөгөөд зөрчлийг илрүүлээгүй, манай компанийн зүгээс гаргаж өгсөн тайлбарыг хүлээн авалгүй өөрийн газрын үндсэн чиг үүргээс гадуур үйл ажиллагаа явуулж, торгуулийн арга хэмжээ авсан нь илт хууль бус, ... компанийн өмчлөлийн бараа материал, эд хөрөнгийг, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр компанийн салбар нэгжид хүргэлт хийж байгаа бөгөөд ямар нэгэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажилладаггүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй ...” гэх үндэслэлээр “Нийтийн тээврийн бодлогын газрын улсын байцаагч О.Бийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056012, 0056011 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2.4. Анхан шатны шүүхээс “... “ТБФ” ХХК нь хэдийгээр тээвэрлэгч компанитай гэрээ байгуулаагүй, ажил үйлчилгээ аваагүй гэж маргах боловч нийслэлийн 6 дүүрэгт 19 салбартай бөгөөд хүн амд буюу олон нийтэд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг, энэхүү үйлчилгээгээ хэвийн явуулахын тулд агуулахаасаа хөлдүү мах махан бүтээгдэхүүн, бусад хүнсний бүтээгдэхүүн байнга тээвэрлэдгийн хувьд хууль, дүрэм, стандартыг чанд мөрдөж биелүүлэх үүрэгтэй, гагцхүү ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч биш, Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, ачаа тээврийн үйлчилгээ хэрэглэгч биш гэх үндэслэлээр дээрх хууль тогтоомжид заасан үүргээс чөлөөлөгдөх учиргүй, ... хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн агуулгахаас өөрийн салбарууд руу байнга тээвэрлэж байгаа ТБФ ХХК ачаа тээврийн үйл ажиллагаа явуулаагүй, тээвэрлэлт хийгээгүй гэж үзэх боломжгүй, ... ТБФ ХХК-ийн автомашиныг жолоодож явсан хоёр жолооч ачааны дагалдах бичгийг шалгуулсан энэ талаар талууд маргаагүй ... дүрмийн дагуу ачаандаа дагалдах бичиг баримттай атлаа дүрэм, стандартын бусад заалтыг мөрдөхгүй гэсэн нь ойлгомжгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хариуцагчид ингэж хяналт шалгалт хийх эрх байхгүй гэх үндэслэл мөн тогтоогдсонгүй. Хариуцагчийн үйл ажиллагаа Автотээврийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тус тус нийцсэн

...” гэх дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            3.  Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын хөргөх төхөөрөмжөөр тоноглолгүйгээр тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх зөрчлийн тухайд:

            3.1. Автотээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.4-т “"тээвэрлэлт" гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг” гэж, Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 стандартын 2.1-д “ Энэхүү стандарт нь хүнсний түргэн муудах, болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн түргэн муудах болон эмзэг ачааны тээвэрлэлт, ажил үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаанд хамаарна”, 2.3-д “Төрөл бүрийн бялуу болон гурилан бүтээгдэхүүн, жимс, мах махан бүтээгдэхүүн, хиам, өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн (банш, бууз котлет гэх мэт) жижиглэн савласан махыг үйлдвэр худалдааны газарт хадгалах савлах, тээвэрлэх борлуулахад мөрдөнө”, 6.1-д “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний болон экологийн аюулгүйн шаардлагуудыг бүрэн хангасан, тусгай зориулалтын битүү тэвш бүхээг бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх” гэж тус тус заасан.

            3.2. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж зааснаар дээрх Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 стандарт нь нийтээр дагаж мөрдөгдөх, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээний акт юм.

            3.3. Гомдол гаргагч “ТБФ” ХХК нь түргэн хоолны үйлчилгээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт, бэлэн хүнс, хоол үйлдвэрлэл, талх, нарийн боов үйлдвэрлэл, Автогражийн үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000305618 дугаар гэрчилгээгээр[3] тогтоогдож байна.

            3.4. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд гомдол гаргагч “ТБФ” ХХК нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд дээрх хууль болон стандартад заасан зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй, мах махан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн салбаруудад хүргэхдээ Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний болон экологийн аюулгүйн шаардлагуудыг бүрэн хангасан, тусгай зориулалтын битүү тэвш бүхээг бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр буюу хөргүүртэй шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулах хуулиар тогтоосон журмыг мөрдөх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн нь тогтоогдсон байна.

            3.5. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... MNS 5343:2011 стандартын зорилго, хамрах хүрээг буруу тайлбарлан, үнэн бүрэн бодитой үнэлж дүгнэж чадаагүй бөгөөд зөрчлийг илрүүлээгүй, ... компанийн салбар нэгжид хүргэлт хийж байгаа бөгөөд ямар нэгэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажилддаггүй ...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн “...ТБФ” ХХК нь хэдийгээр тээвэрлэгч компанитай гэрээ байгуулаагүй, ажил үйлчилгээ аваагүй гэж маргах боловч нийслэлийн 6 дүүрэгт 19 салбартай бөгөөд хүн амд буюу олон нийтэд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг, энэхүү үйлчилгээгээ хэвийн явуулахын тулд агуулахаасаа хөлдүү мах махан бүтээгдэхүүн, бусад хүнсний бүтээгдэхүүн байнга тээвэрлэдгийн хувьд хууль, дүрэм, стандартыг чанд мөрдөж биелүүлэх үүрэгтэй, ... хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн агуулгахаас өөрийн салбарууд руу байнга тээвэрлэж байгаа ТБФ ХХК ачаа тээврийн үйл ажиллагаа явуулаагүй, тээвэрлэлт хийгээгүй гэж үзэх боломжгүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

            4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочоор, хөргөх төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх ажил гүйцэтгэсэн гэх зөрчлийн тухайд:

            4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ТБФ” ХХК-ийн жолооч /агуулах/-ын ажлын байрны тодорхойлолтод[4] ажлын байрны үндсэн зорилгыг “Импортоор болон дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс ирсэн бараа материалыг хүлээн авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг баримтлан бараа материалын бүрэн бүтэн байдал, тоо ширхгийн дутагдалгүйгээр тээвэрлэх, агуулахад хүргэх, буулгах, өрөх, салбаруудад захиалсан бараа материалыг цаг хугацаанд нь бараа материалын тасалдал үүсгэхгүйгээр хүргэхэд уг ажлын байрны гол зорилго оршино” гэж, мэргэжлийн ур чадварт “бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, Жолооны эрхийн B, D ангилалтай, 2-оос дээш жил автомашин барьсан туршлагатай” гэж заасан байна.

            4.2. Автотээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.4-т “"тээвэрлэлт" гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг”, 3.1.5-д “"тээвэрлүүлэгч" гэж тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгчийг”, 3.1.6-д “"тээвэрлэгч" гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна” гэж, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ачаатээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Ачаа тээвэрлэлтийн үндсэн баримт бичиг нь ачааны дагалдах бичиг байна”, 7.1.2-д “Ачааны дагалдах бичгийг бүрдүүлснээр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсанд тооцно”, 7.1.5-д “Ачааны дагалдах бичиг гэдэгт тээвэрлэж буй ачааны талаарх зайлшгүй шаардлагатай мэдээллийг агуулсан, тухайн ачааг тодорхойлох боломжтой баримт бичгийг ойлгоно”, 7.1.8-д “Тээвэрлэгч нь тээвэрлэлт гүйцэтгэх тутамдаа тээвэрлэж буй ачааны талаарх мэдээллийг агуулсан дагалдах бичгийг авч явах үүрэгтэй” гэж, Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 стандартын  9.1-д “Тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын мэргэшсэн жолооч байна” гэж тус тус заасан байна.

            4.3. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэгч нь тээвэрлэж буй ачааны талаарх мэдээллийг агуулсан дагалдах бичгийг авч явах үүрэгтэй бөгөөд тус дагалдах бичгийг бүрдүүлснээр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байх бөгөөд  хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хийх тохиолдолд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулахаар хуульд тусгайлан заасныг мөрдөх үүрэгтэй байна.

            4.4. Энэ тохиолдолд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 09:00 цагт Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн замд “ТБФ” ХХК нь 242****улсын дугаартай, KIA маркийн Bongo загварын 76**** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар нь хариуцагчид ачааны дагалдах бичгийг шалгуулсан гэх үйл баримттай холбогдуулан талуудаас маргаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн агуулахаас өөрийн салбарууд руу байнга тээвэрлэж байгаа нь “ТБФ” ХХК нь ачаа тээврийн үйл ажиллагаа явуулаагүй, тээвэрлэлт хийгээгүй гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

            4.5. Хуульд тухайлан мэргэшсэн жолооч ажиллуулахаар заасан байхад хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохих ангиллын мэргэшсэн жолоочоор тээвэрлүүлээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011 дүгээр шийтгэлийн хуудсаар “Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочоор, хөргөх төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх ажил гүйцэтгэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгж буюу 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... компанийн өмчлөлийн бараа материал, эд хөрөнгийг, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр компанийн салбар нэгжид хүргэлт хийж байгаа бөгөөд ямар нэгэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажилддаггүй ...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            5. Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Нийтийн тээврийн бодлогын газрын дүрмийн батлах тухай” А/536 дугаар захирамжийн[5] хавсралтаар батлагдсан “Нийтийн тээврийн бодлогын газрын дүрэм”[6]-ийн  4.1-д “Газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.1.2-т “Нийтийн тээврийн, ачаа тээвэр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.1.2.8-д “Ачаа тээвэр, авто үйлчилгээ, логистикийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ачаа тээврийн үйлчилгээг зохион байгуулах, хөгжүүлэх”, 4.1.4-т “Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.1.4.4.-т “Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, ачаа тээврийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан байна.

            6. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн боломжтой, энэ тохиолдолд хариуцагч Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б нь Нийтийн тээврийн бодлогын газрын дүрэмд заасан чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...үндсэн чиг үүргээс гадуур үйл ажиллагаа явуулж, торгуулийн арга хэмжээ авсан нь илт хууль бус” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

            7. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхийн хяналтын цар хүрээ хязгаар нь маргаан бүхий Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011, 0056012 дугаар шийтгэлийн хуудсууд хуульд нийцсэн эсэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх байдлаар хязгаарлагдах тул нэхэмжлэгчийн “...шүүгч шийдвэр гаргахдаа Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж шийдвэр гаргасан” гэх гомдолд шүүх дүгнэлт хийх боломжгүй.

            Ийнхүү анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 95 дахь тал

[2] Хэргийн 96 дахь тал

[3] Хэргийн 6 дахь тал

[4] Хэргийн 60 дахь тал

[5] Хэргийн 108 дахь тал

[6] Хэргийн 109-114 дэх тал