Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа
Улсын яллагч Т.Эрдэнэбат
Шүүгдэгч С.Даваабаатарын хууль ёсны төлөөлөгч О.Дэшигжав
Шүүгдэгч Д.Хаянхярваагийн хууль ёсны төлөөлөгч М.Билэгт
Шүүгдэгч Б.Равжирын хууль ёсны төлөөлөгч Э.Энхтуул
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Очир овогт Сүнгүнжавын Даваабаатар, Боржигон овогт Билэгтийн Хаянхярваа,Жалайр овогт Баянмөнхийн Равжир нарт холбогдох 201607000160 дугаарын эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дэлгэр сумын 12 жилийн сургуулийн 10а ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн 2-11 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ДЕ01291214 регистрийн дугаартай, Жалайр овогт Баянмөнхийн Равжир гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дэлгэр сумын 12 жилийн сургуулийн 11а ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн  Үерт 2-3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ДЕ00211911 регистрийн дугаартай, Боржигон овогт Билэгтийн Хаянхярваа гэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дэлгэр сумын 12 жилийн сургуулийн 11а ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн  Сэрх 4-9  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ДЕ250818 регистрийн дугаартай, Очир овогт Сүнгүнжавын Даваабаатар гэв.

Шүүгдэгч С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын хуучин ашиглаж байсан байранд нэвтрэн орж иргэн Б.Мандахбаярын бичиг хэргийн өрөөнөөс НР-1102 маркийн принтер 1ш, 32 боодол бичгийн цаас хулгайлж 424.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Даваабаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Бид гурав Равжирын дүүг авчихаад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд хуучин захиргааны байр луу тамхи татах гэж орчихоод эргэж гарахдаа хаалгыг нь өшиглөчихсөн. Тэгтэл хаалга цөмөрчихсөн. Бид гурав орой эргэж ирээд нэг хүн хоёр хоёр боодол нийт 6 бичгийн цаас авсан. Энэ авсан 6 боодол бичгийн цааснаас тусдаа 2 боодол бичгийн цаас авч өөр өрөөнд хийчихсэн байсан. Зургаан боодол бичгийн цаасаа авч гараад хоёрыг нь хайсан дотор, дөрвийг нь номын сангийн дээр тавьсан. Тэгээд хайсан дотор байсан хоёр боодол цаасаа Хаянхярваагын гэрт аваачиж тавьсан. Тэгээд бид нар хоёр хоногийн дараа Цагдаад баригдсан гэв.
Шүүгдэгч Б.Хаянхярваа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Бид гурав Равжирын дүүг авчихаад гэрт нь байж байгаад 17 цагийн үед хуучин захиргааны байранд тамхи татах гэж орсон. Орой 21 цаг өнгөрч байхад бид гурав дахиж буцаж орсон. Эхлээд 2 боодол цаасыг өөр өрөөнд оруулж тавьсан. Тэгээд бид гурав, хоёр, хоёр боодол хайрцаг цаас авч гараад дөрвөн боодол цаасыг нь номын сангийн дээвэр дээр тавиад, хоёр боодол цаасыг нь хажуу талын хайсан дотор нуусан. Тэгээд хоёр хоногийн дараа Цагдаа дээр очсон гэв.
Шүүгдэгч Б.Равжир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тухайн өдөр хажуу айлынхаа дүүг цэцэрлэгээс авч байгаад Ханхярваа, Даваабаатар хоёртой тааралдсан. Тэгээд манай гэрт сууж байгаад хуучин захиргааны байранд 17 цагийн үед тамхи татахаар орсон. Дотор нь ороход онгорхой хаалга олон байсан. Нэг хаалга өшиглөсөн чинь цаашаа цөмөрч орсон. Тэгэхээр нь тухайн хаалгыг дахиж том цөмлөөд онгорхойгоор нь орсон чинь дотор нь бичгийн цааш, принтер байсан. Бид гурав дотор нь байсан эд зүйлийг авалгүй буцаж гарч явсан. Орой зааланд бэлтгэл хийж байгаад бид гурав уулзаад нөгөө хуучин байранд очиход хүн орж ирээгүй, хаалга цөмөлсөн талаар мэдээгүй байсан. Тэгээд 2 боодол цаасыг өөр өрөөнд оруулж тавьчихаад, хайрцгаар нь 2, 2-г буюу 6-г авч гарсан. Гадаа гарч 2 боодол цаасыг нь хайсан дотор хийж, 4 боодол цаасыг номын сангийн дээвэр дээр үлдээсэн. Түүнээс хойш хоёр хоногийн дараа Цагдаа дуудсан байсан гэв.

Улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б.Мандахбаярын мэдүүлэг /хх-41-рт/, шүүгдэгч С.Даваабаатараас бичгийн цаас авсан гэрэл зургий үзүүлэлт /хх-17-19-рт/, пирентер авсан тогтоол тэмдэглэл, гэрэл зураг /хх-20-23-рт/, 32 бичгийн цаас, принтер хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-рт/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-15-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-47-рт/,
шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирогч Б.Мандахбаярын мэдүүлэг /хх-41-рт/, гэрч Дашбатын мэдүүлэг /хх-47-рт/, гэрч Оюунчимэгийн мэдүүлэг /хх-46-рт/, гэрч Энхтуулын мэдүүлэг /хх-44-рт/, /хх-94-103-рт/, Шүүгдэгч Б.Равжирын ял шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-94-103-рт/, шүүгдэгч С.Давааабаатарын хувийн байлын тодорхойлолт, ял шалгах хуудас /хх-105-рт/, шүүгдэгч Б.Хаянхярваагын зан байдлын тодорхойлолт, ял шалгах хуудас /хх-120-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-47-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.

Шүүгдэгч С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын хуучин ашиглаж байсан байранд нэвтрэн орж иргэн Б.Мандахбаярын бичиг хэргийн өрөөнөөс НР-1102 маркийн принтер 1ш, 32 боодол бичгийн цаас хулгайлж 424.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.
Шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарыг бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тэдгээрийн эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. 
Шүүгдэгч С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тэдгээрийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж, тэдэнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нар цагдан хоригдоогүй,  шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  зэргийг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байх тул мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч С.Даваабаатарын хувьд ногдох 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 тоны хонь, 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 40  тооны ямаа, шүүгдэгч Б.Равжирын хувьд ногдох 990.000 төгрөгийн үнэлгээ бүхий 18 тооны хонь, 540.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12 тооны ямаа, шүүгдэгч Б.Хаянхярваагийн хувьд ногдох 1.980.000 төгрөгийн үнэлгээ бүхий 36 тооны хонь, 1.485.000 төгрөгийн үнэлгээ бүхий 33 тооны ямаа зэргийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Очир овогт Сүнгүнжавын Даваабаатар, Боржигон овогт Билэгтийн Хаянхярваа, Жалайр овогт Баянмөнхийн Хаянхярваа нарыг  бүлэглэн, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарын  хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 жил 1 сарын   хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарт оногдуулсан 2 жил 1 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарт 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  6 сар хүртэл хугацаагаар хойшлуулсугай.
5.Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нар нь сурч буй сургуулиа өөрчилбөл энэ тухайгаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарт, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт, С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарт шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд засарч хүмүүжихийг, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч О.Дэшигжав, М.Билэгт, Э.Энхтуул нарт тус,тус үүрэг болгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  ялтан нар цагдан хоригдоогүй,  ялтнуудаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтнуудын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  зэргийг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Даваабаатар, Б.Хаянхярваа, Б.Равжир нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА